Эдийн засагч Х.Батсуурь "Эрдэнэс Таван толгой" компанийн хувьцаа болон тус компанийн дэлхийн зах зээлд гаргах гэж буй IPO анхнаасаа олон хууль, тогтоомж зөрчсөн хэмээн сошиал хуудастаа нэлээд шүүмжлэлтэй постууд хийж буй. Тухайлбал, "Хэрвээ та 1072 хувьцааны ногдол ашгаа шууд банкны дансаараа авбал 96480, үнэт цаасны компани брокероор дамжвал 69684 төгрөг авах юм байна" гэх пост оруулсан байв. Өөрөөр хэлбэл, брокероор дамжиж мөнгө авбал дундаас нь шимтгэл авна гэсэн байлаа.
Үүнээс болж маш олон хүн брокероор дамжуулахгүйгээр шууд банкаар дамжуулж дансаараа авч болох нь гэсэн ойлголттой болов. Тиймээс бид хувьцааны ногдол ашгаа брокероор дамжуулахгүйгээр банкаар дамжиж авах боломжтой эсэх, мөн брокер дундаас нь шимтгэл авах эсэхийг “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.
-Хувьцааны ногдол ашгийг брокероор биш банкаар дамжуулж авах боломж бий юу?
-Брокер гэдэг нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, хөрөнгийн зах зээлд хувьцаа зуучилж, арилжаалдаг, зуучлагч хуулийн этгээд. Банк гэдэг бол тухайн мөнгийг хадгалдаг, зээл өгдөг хуулийн этгээд юм. Хөрөнгийн зах зээлд хувьцаат компани хувьцаагаа иргэддээ өгч байгаа бол брокерийн компаниар л дамжуулна. Брокерийн компаниар дамжуулахдаа иргэд өөрсдийн хувьцааны данстай брокерийн компанидаа очоод, банкныхаа дансыг холбох юм. Өөрөөр хэлбэл, байнга ашигладаг банкныхаа дансыг холбоно гэсэн үг.
-Брокер дундаас нь ямар нэг шимтгэл авах юм уу?
-Иргэний хүсэлтийг нь хүлээж авсан брокерын компани цаашаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү дансны дугааруудыг явуулна. Ингэснээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжаас тэр данс руу нь хувьцааны ногдол ашиг шилжүүлнэ. Түүнээс биш брокер дундаас нь шимтгэл, мөнгө авах гээд байгаа зүйл огт байхгүй. Харин ямар татвар байдаг вэ гэхээр, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу ногдол ашгаас улс өөрөө 10 хувийн татвар авдаг. Энэ бол брокерийн компани авч байгаа татвар биш.
-Өмнө нь 2016 онд иргэд хувьцаагаа банкаар дамжуулж шууд зараад, 300 мянган төгрөг авсан. Энэ үед яагаад банкаар дамжуулсан юм бэ?
-2016 онд "Сайн хувьцаа" нэрээр хувьцааны мөнгийг шууд банкуудаар шилжүүлсэн тохиолдол байгаа. Гэхдээ цаг хугацаа нь тулчихсан байсан учраас иргэн банкинд өөрөө очиж хүсэлт гаргасан тохиолдолд 300 мянган төгрөг авч байсан. Тухайн үед банкууд харин 9000 төгрөгийн шимтгэл авч байсан юм билээ. Яагаад гэвэл өндөр ачаалалтай ажиллаж байсан учраас ажиллах хүчний зардал гэж тооцож авч байсан. Одоо тийм өндөр шимтгэл банкинд өгөх шаардлагагүй. Данс нээлгэх үсэлтээ брокерын компанид тавина. Харин мөнгө шилжих үед банк өөрөө банк хоорондын шимтгэл гэж 500 төгрөг авдаг. Төв банкны журмаар зохицуулдаг юм билээ. Үүнийг бууруулах талаар ярилцаж байгаа.
-Х.Батсуурь гэдэг хуульч брокерын компаниар дамжвал шимтгэл авна гэж фэйсбүүк хуудастаа бичсэн байсан шүү дээ?
-Х.Батсуурь гэж хүн юу яриад байгааг ойлгохгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 52 брокерын компани 1991 оноос хойш хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байхад тэр байгууллагуудын үйл ажиллагааг үгүйсгээд яриад байгааг нь ойлгохгүй байна. Х.Батсуурь гэдэг хүнээр дамжуулаад мөнгө олгох юм уу. Эсвэл банкуудыг дэмжээд байгаа юм уу.
-Цахимаар дансаа нээлгэхэд тухайн брокерын компани хоёр хувийн шимтгэл авна гэсэн зүйл байсан. Энэ ямар учиртай вэ?
-Арилжааны гүйлгээ хийх бүрт шимтгэл гэж авдаг юм. Брокерын компанийн үйлчилгээ, үйл ажиллагааны хөлс. Хэрвээ брокерын компаниасаа очиж арилжаа хийсэн мөнгөнөөсөө авах юм бол хоёр хувийн шимтгэл авдаг. Харин энэ ногдол ашгийн мөнгийг авахдаа дансаа шууд холбуулж байгаа учраас брокерын компани шимтгэл авахгүй. Данс руу чинь 10 хувийн шимтгэл авсан үнийн дүнгээрээ мөнгө шилжиж орно гэсэн үг.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Оюутны холбооныхон яаралтай ажлаа........, тэр хүүхдүүдийн билетийг луйвардсан чинь хангалттай...