ЭМЯ-ны өдөр бүрийн 11:00 цагийн мэдээллийг хийлээ. Хуралд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү оролцож, мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Юуны түрүүнд Франц иргэнтэй ойрын хавьталд орсон 126 иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг хэлье. Гуравдугаар сарын 10-ны өдөр ХӨСҮТ-д 4 хүнийг тусгаарлаж, хянасан. Тэднээс вирус илрээгүй.
Гуравдугаар сарын 11-нд ХӨСҮТ-д 8 сэжигтэй тохиолдлыг хяналтад авч, хянаж байна. Мөн нийтдээ 149 хүнийг ажиглалтад авч, тусгаарласан. Франц иргэний хувьд эмчилгээ хийж байгаа. Давтан шинжилгээг өнөөдөр өглөө авсан. Хамгийн гол нь сэтгэл санааны хувьд тогтворгүй байна. Түүнийг Франц улсад Монголд очиж халдвар тараасан гэж бичиж байгаа болохоор сэтгэл нь нэлээд тавгүй байгаа юм. Мөн монголчууд ч гэсэн янз бүрээр хэлж, ярьж, бичиж байгаад нэлээд тавгүйрхсэн. Харин эмчилж байгаа эмч нь сэтгэлийг нь засаж, монголчууд таныг ойлгож байгаа хэмээн нарийн зөвлөгөө өгч, ойлгуулж байна.
Сэтгэл хямрахаар дархлал унадаг. Тиймээс сэтгэл санааг нь засах талаас нь хичээж ажиллаж байна. Энэ хүний биеийг маш нарийн ажиглаж, нягталж хонолоо. Өглөө наашаа гарахаас өмнө уушигны рентгэнд оруулж байна гэсэн. Бид эмчилгээтэй холбоотой мэдээллийг үргэлж өгнө. Хамгийн гол нь тэр хүн бидэнд итгэж, хамтарч ажиллавал үр дүн гарна" хэмээлээ.
Мөн тэрбээр "Англи хүн Увсад тусгаарлагдсан. Тэр хүний шинжилгээний сорьц наашаа явж байгаа. Баруун хязгаар шүү дээ. Бид тэр хүнд зөвлөгөө өгсөн. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Одоогоор ойрын хавьтлын хүмүүсийг тогтоогоод, хянаж эхэлсэн. Маргааш нарийн тоог өгнө, одоо нэгтгэж байгаа. Хамгийн гол нь Франц иргэний ойрын хавьтлын 126 хүнээс халдвар илрээгүй нь бидний сэтгэлийг амрааж байна. Цаашид хяналтаа сулруулахгүй, хянаж дуусгахын төлөө эмч нар маань цаг наргүй ажиллаж байгаа.
Францын талаас хүнээ авах яриа гарсан. Өвчтөн ч өөрөө ийм санал гаргасан. Гэхдээ одоо эндээ эмчлүүлэх нь зөв гэж шийдсэн байгаа. Энэ нь хамгийн зөв хувилбар" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих