Дэлхий нийтэд тархсан коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор оюутан сурагчдын дунд тогтоосон хөл хориог ирэх хичээлийн жил буюу есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газар, УОК-оос гаргасан. Тухайн шийдвэр гарсантай холбоотойгоор БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэхдээ “Оюутнуудын дотуур байрны төлбөрийн асуудалд уян хатан хандаарай. Төгсөх курсийн оюутнуудын дотуур байрны төлбөрийг бүрэн эргүүлж өгөх ёстой. Харин дэвших курсийн оюутны төлбөрийг ирэх улирлынхад оруулж тооцож болно” хэмээн үүрэг өгсөн. Энэ нь оюутан залуусын эргэлзээтэй асуултад цэг тавьсан гэхэд хилсдэхгүй. Гэвч хагас жилийн хугацаанд дотуур байранд амьдраагүйн төлбөрөө хэрхэн, яаж авах талаарх мэдээлэл оюутан залуусын дунд дутмаг байгаа юм. Иймд бид төрийн өмчит зарим их, дээд сургууль дотуур байрны төлбөрийг ямар журмаар буцаан олгох гэж буй талаар сурвалжиллаа. Их сургуулиудын үүдээр орох үед орж гарч буй хүмүүсийн халууныг шалгаж, гараа ариутгахыг хүсэв. Ямар ч үед оюутны инээд, дуу шуугиан үл тасрах сургуулийн орчинд нам гүм байдал ноёрхжээ. Эль хуль оргиж, хуваарийн дагуу ажилчид хааяахан нэг орж гарч харагдлаа. Хөл хорионы энэ үед үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлэн зогсох харуул хамгаалалтын ажилчид биднийг хүлээн авч, холбогдох хүмүүстэй холбож өгөв.
МУИС: Бид оюутнуудаа хохироохгүй
Бидний эхний очсон газар МУИС байв. Тус сургуулийн зүгээс ямар зохицуулалтыг хийж байгаа талаар санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Бурмаагаас тодруулав. Тэрбээр “Бид мэдээж оюутнуудаа хохироохгүйн үүднээс дотуур байрны асуудлыг шийдвэрлэх болно. Сургуулийн удирдлагууд хуралдаж, шийдвэрээ эцэслэн гаргасан үед төлбөрийг буцаан олгох юм. Ингэхдээ төгсөх ангийн оюутнуудад дотуур байранд амьдраагүй үеийн төлбөрийг тооцон олгоно. Мөн 1-3 курсын оюутнуудын хүсэлтийг харгалзан үзэж, ирэх жилийн төлбөр рүү шилжүүлэх, буцаан олгох байдлаар зохицуулалт хийн ажиллана” хэмээв.
Бидний мэддэгчлэн МУИС оюутны таван дотуур байртай. Оюутны 4-р дотуур байр нь зөвхөн гадаад оюутныг хүлээн авдаг. Энэ жилийн хувьд таван дотуур байрандаа 1500 гаруй оюутан хүлээн авсан бөгөөд 250 орчим нь гадаад оюутан байжээ. Оюутны амьдрах нөхцөл хэр зэрэг хангагдсан, засвар үйлчилгээ хийсэн эсэхээс шалтгаалж дотуур байрны төлбөрийг 600 мянгаас 1 сая 550 мянган хооронд тогтоодог аж. Бид сургуулийн зүгээс хөл хорионы үед дотуур байранд амьдарч байгаа оюутнуудад ямар дэглэмийг сахиулж байгаа талаар МУИС-ийн оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Манайх дотроо эмнэлэгтэй. Одоогоор дотуур байранд зайлшгүй шаардлагаар амьдарч буй 71 оюутан байна. Түүний тав нь ахисан түвшний магистр, докторын дипломоо хамгаалах, судалгааны ажил бичих зайлшгүй шаардлагатай монгол оюутан байгаа. Харин үлдсэн 66 гадаад оюутан нь хорио цээрийн дэглэмийг чанд сахин амьдарч байна. Тэдэнд эмнэлгийн үзлэг, эмчилгээг хөл хорио тогтоосон үеэс эхлэн одоог хүртэл тогтмол хийж байгаа. Өдөр бүр эмчийн үзлэгт оруулах, ямарваа нэгэн зовиур үүсэх бүрт эмчийн хяналтад оруулдаг. Эмч, эмнэлгийн ажилтнууд маань өдөр тутам байруудаар явж, халдваргүйжүүлэх, ариутгалын ажлыг хянадаг” хэмээв.
ШУТИС: Тодорхой шийдвэр гараагүй байгаа тул зохицуулалт хийж эхлээгүй байна
Харин ШУТИС ямар зохицуулалт хийж байгаа талаар Санхүүгийн албаны дарга Д.Барсболд “Бид оюутны байрны төлбөрийг ирэх жилийнх рүү шилжүүлж зохицуулж байгаа. Төгсөх курсийн гадаадад суралцах гэж байгаа оюутнууд өргөдлөө өгвөл төлбөрийг нь буцаан олгох боломжтой. Одоогоор салбар яамнаас тодорхой журам гаргаагүй байна. Журам гарсны дараа төлбөрийг ирэх жилийнх рүү шилжүүлэх, буцаан олгох зохицуулалтыг хийнэ” гэв.
МУБИС: Шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ
Тэгвэл МУБИС-ийн Санхүүгийн албанаас уг мэдээллийг тодруулахад, “Албан ёсны шийдвэр одоохондоо гараагүй байна. Захирлуудын хурлаар албан ёсны шийдвэр гаргасны дараа дотуур байрны төлбөрийг буцаан олгох журмыг сургуулийн сайтад ойрын өдрүүдэд байршуулах болно. Харин шийдвэрийг уншиж танилцсан өдрөөс эхлэн оюутнууд материалаа бүрдүүлж өгөөд, дотуур байранд амьдраагүй үеийн төлбөрөө тооцуулан авч болно. Харин 1-3 курсийн оюутнууд дараа жилийн төлбөртөө суутгуулах замаар шилжүүлэх боломжтой. Иймд оюутнууд удахгүй сургуулийн сайтад орох дотуур байрны төлбөрийн талаарх шийдвэр, мэдээллийг олж уншаарай” гэсэн юм.
СУИС: Төгсөх ангийн оюутнуудад дотуур байранд амьдраагүй үеийн төлбөрийг буцаан олгоно
Тус сургуульд оюутан хүлээн авах дотуур байр нэг байдаг. Жилд 220 гаруй оюутныг оруулдаг ажээ. Мөн оюутны өргөөнд жилд 72 оюутан оруулах квот байдгаас энэ хичээлийн жил 56-г оруулжээ. Харин дотуур байрны төлбөрийн хувьд мөн л бусад сургуулийн адил шилжүүлэх, буцаан олгох зохицуулалтыг хийж байгаа учраас албан ёсоор мэдээллийг хүргэхээ хэлсэн юм.
Оюутнууд өөрийн биеэр болон биет төлөөлөгчөө явуулж дотуур байранд үлдээсэн эд зүйлээ авахуулах боломжтой
БСШУЯ-ны 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А/195 тоот тушаалаар хэд хэдэн үүрэг өгсний дотор “Оюутны дотуур байранд амьдардаг оюутан, суралцагчдын эд зүйлсийг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөрт багтаан тухайн оюутанд хүлээлгэн өгөх” гэх шийдвэр гарчээ. Харин тухайн шийдвэрийн биелэлт ямар шатандаа явааг зарим сургуулийн албан хүмүүсээс асуухад, “Оюутнууд тодорхой хуваарийн дагуу өөрийн биеэр болон биет төлөөлөгчөөрөө дамжуулан эд зүйлсээ авч байгаа” гэх хариултыг өглөө. Иймд оюутнууд тавдугаар сарын 15-ны өдрөөс өмнө дотуур байранд үлдээсэн эд зүйлсээ очиж авах шаардлагатай болж байгаа юм.
Оюутны дотуур байрны төлбөрийг буцаах чиглэлийг БСШУСЯ-наас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр өгчээ. Гэтэл одоог хүртэл төрийн өмчийн зарим их, сургуулиуд шийдвэрээ тодорхой гаргаагүй байгаагаас оюутнууд хэнд, юу гэж хандахаа яаж мэдэхгүй байсаар л байна. Төлбөрөө цаг тухайд нь төлж буй оюутнууддаа шийдвэрийг нь ч бас цаг алдалгүй гаргаж өгдөг байвал хаана хаанаа хэрэгтэй биз ээ.
Ц.Янжиндулам
Сэтгэгдэл бичих