2020 оны 5-р сарын 5
10 цаг 40 минут

Г.Ононмөрөн: Илбээ сурчихаад хүмүүст үзүүлэх үгээр хэлшгүй мэдрэмж байдаг

Хүний хүсэл сонирхол ямар чухал болохыг өөрийн уран бүтээл бүхнээрээ харуулж яваа залуус их. Тэдний бусдад баяр баяслыг бэлэглэх гэсэн зорилго бүхэн утга учиртай. Сүүлийн үед залуусын дунд илбийн урлагийг сонирхох залуус нэмэгдсэн. Сэтгүүлч мэргэжилтэй ч илбийн урлагийг хөгжүүлэхээр таван жилийн турш тасралтгүй хичээж яваа нэгэн залууг энэхүү ярилцлагаар онцолж байна. Түүний сошиал орчин дахь бичлэгүүд олон олон хүний гайхшрал, бишрэлийг төрүүлж, амыг нь ангайлгаж чадсан юм.

-Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулаач?

-Zaluucom сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Г.Ононмөрөн гэдэг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Одоогоор өөрийн илбэ хийх сонирхлоо хөгжүүлэн суралцаж яваа бие даасан уран бүтээлч.

-Илбийг хүмүүс ид шид, сонирхолтой хууралт гэх мэтээр өөр өөрөөр ойлгодог. Өөрийн тань хувьд илбийг энгийнээр юу гэж тодорхойлох вэ?

-Илбийг хүмүүс хуурах, мэхлэх гэдгээр илүүтэй хардаг. Гэвч яг үнэндээ илбэ бол бие даасан урлаг. Бүтээлч байдал, сэдэв, санаа, олон нийтэд хүргэх, шүүмжлэл, урам гээд л урлагт байж болох бүхий л шалгуур, чанарыг өөртөө багтаасан нь бий. Харин түүний эцсийн мөн чанар  нь хүмүүст баяр баяслыг бэлэглэхэд оршдог гэж би боддог юм. Дуучид, репперүүд дууныхаа үг, аяаа өөрсдөө бичдэг шиг хөзөр гарт нь байгаа тохиолдолд илбэчний хувьд тэр нь үзэг гэсэн үг. Түүгээрээ юу ч бичиж, найруулж болно.

-Илбийг анх хэзээнээс сурсан бэ, сонирхох болсон шалтгаан бий юу?

-Намайг 2012 онд арван жилийн сурагч байх үед ээж маань гадаадаас  бэлэг болгож илбийн DVD хичээл, ном зэргийг явуулж байлаа. Тухайн үедээ харах төдий л өнгөрсөн. Би бүжгийн спортоор хичээллэдэг байлаа. Их сургуулиа төгсөх жил бүжиглэж байгаад хүнд бэртэл авсны улмаас гэртээ нэг хэсэгтээ хэвтрийн дэглэмд байж, элдэв хөдөлгөөн хийх хориотой байсан юм. Харин тэр үед миний өмнө нь сонирхоод орхисон илбийн DVD, ном зэргээ эргүүлж харж, сонирхож эхэлснээр ойлгох, илүү сонирхох, суралцах алхмаа тавьж байсан гэхэд хилсдэхгүй.

-Хамгийн анхны хийж сурсан илбэ юу байв?

-Хөзрийн илбэ байсан. Эмээ, өвөөдөө үзүүлсэн. Гэхдээ тухайн илбэ хийгээд бүтэлгүйтсэн юм. Бүтэлгүйтэл гэхээсээ илүү инээд наргиа болоод өнгөрсөн дөө.

-Танд илбэтэй холбоотой сонирхолтой, мартагдахааргүй дурсамж бий юу?

-Илбэ сурсан шалтгаан маань нэг хүнтэй холбоотой. Тэр хүн миний хамгийн анхны эмэгтэй үзэгч байлаа. 2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр гэнэтийн байдлаар түүнд хамгийн анх илбэ үзүүлсэн. Тэгэхэд түүний хүлээж авч байгаа байдал, сэтгэл хөдлөлийг нь хараад илбээр дамжуулан бусдад  баяр баяслыг хүргэж болох юм байна гэдгийг надад ойлгуулсан юм. Ийм учраас тэр хүнд маш их баярлалаа гэж хэлэхийг хүсдэг.

-Нэг илбийг хийж сурч, бүрэн гартаа оруулахад хэдий хэр хугацаа шаардагддаг вэ?

-Илбийг хийхэд хамгийн түрүүнд сэдэв, санаа маш чухал. Яаж, ямар байдлаар, хэрхэн хүнд хүргэх вэ гэдгээ тодорхойлсны үндсэн дээр төдий хэмжээний цаг хугацааг зарцуулдаг. Хамгийн багадаа нэг сар, ихдээ бол 1-2 жил ч байдаг. Өөрсдийн бүтээлч байдлаас шалтгаалдаг ч гэж хэлж болох юм.

-Өөрийн илбийн үзүүлбэрүүдийг бичлэг хэлбэрээр хийхэд хүндрэлтэй зүйл гарч байсан уу?

-Анх надад маш олон хүндрэл гарч байсан. Жишээлбэл, 2018 оны хавар бичлэг хийхээр шийдэхэд чанарын шаардлагатай камер, түүнийг худалдаж авах санхүү, хүмүүсийн хэрхэн хүлээж авах бол гэх хүлээлт гээд л. Гэхдээ тэр бүхнийг өөрийн чадах чинээгээрээ зориглоод зохицуулж чадсан учраас одоо өөрийн бичлэгүүдийг өмнөх өмнөхөөсөө илүү сайжруулах, хөгжүүлэх чиглэлдээ л анхаардаг даа.

-Илбэ хийж сурчихаад хүмүүст хүргэх үедээ ямар мэдрэмжийг авч чаддаг вэ?

-Илбийг хүмүүст хүргэхээс өмнө маш том шат байдаг нь практик дээр туршиж, гартаа оруулах үе. Заримдаа илбээ ойлгохгүй шантрах үе бий. Тэр үед өөртөө багахан амралт өгсний дараагаар дахин дахин оролдож байж бүрэн эзэмшдэг. Харин илбээ сурчихаад хүмүүст үзүүлнэ гэдэг нь өөрөө үгээр хэлшгүй мэдрэмж байдаг. Хамгийн эхлээд гэрийнхэндээ үзүүлнэ. Гэрийнхэн бол хамгийн хүнд шүүгч нар. Гэрийнхэн маань гайхширч, миний илбийг сонирхож байвал бусад хүмүүст хүргэж, үзүүлж болох юм гэдэг шат руу шилждэг. Одоо цагт хаашаа ч харсан, юу ч хийсэн стресс гэдэг зүйл маш их болчихсон. Хүн хүнээсээ ч тэр, бусад зүйлсээс ч тэр. Харин бусад хүмүүсийн стрессийг өөрийн сурсан зүйлээрээ тайлж, багахан ч болов баяр баясгалан, инээд хөөр бэлэглэж байгаа гэдгээсээ л бүхий л эрч хүч, үгээр хэлшгүй мэдрэмжийг өөртөө  авч чаддаг.

-Таны хувьд сошиал орчинд Onon пэйж хуудсаараа дамжуулан хүмүүст илбийн гайхамшгийг хүргэдэг. Яагаад илбэ хийж буй бичлэгээ цахим орчинд тавих болсон бэ, үүнийгээ дагаад маш том хариуцлага ирж байдаг шүү дээ?

-Аливаа уран бүтээлч урам авч түүгээрээ эрч хүч, энергиэр цэнэглэгдэж цаашид илүү хичээхэд нь ташуур болж өгдөг шүү дээ. Миний хувьд ч ялгаагүй. Гэнэтийн байдлаар танилцсан хүмүүстээ илбэ үзүүлэхэд өмнө байсан уур уцаар, сөрөг хандлага зэрэг нь эерэг болж байгаа нь харагддаг. Басхүү нийгэмд эерэг байх, миний хийсэн илбийн бичлэгийг үзээд илүү олон хүн баяр баяслыг аваасай гэж бодсон учраас цахим орчинтой илбээ холбосон.

- Илбийн нууцыг тайлах хэцүү юу, аль эсвэл сурах нь хэцүү юу?

-Сурахад хамгийн хэцүү байдаг. Нууцыг нь тайлсны дараагаар тухайн илбээ өөрөө хийж, гартаа бүрэн оруулах нь амаргүй.

-Өөрийн тань оруулсан бичлэгийн сэтгэгдэл хэсэгт нууцыг нь тайлж бичиж байсан тохиолдол бий юу, энэ тохиолдолд ямар алхам хийдэг вэ?

-Анхандаа тийм тохиолдол цөөнгүй байдаг байсан. Нууцыг нь тайлж бичсэн тохиолдолд эхэндээ шууд л устгачихдаг байсан юм. Харин сүүлийн үед ирэх нь багассан. Магадгүй илбээ илүү чанаржуулж, хэцүү зүйлсийг туршиж байгаатай холбоотой болов уу. Миний хувьд шүүмжлэлийг хүлээж авахаас хэзээ ч татгалзахгүй. Гэхдээ хэчнээн тухайн илбийн нууцыг олж мэдсэн, мэддэг бол илбэчний хөдөлмөр, түүнд зориулсан цаг завыг хормын дотор утгагүй болгох хэмжээний соёлгүй бүү байгаасай гэж хүсдэг.

-Илбийг хийж сурахад танаас ямар чадваруудыг шаардаж байна вэ?

-Хийж сурахад хамгийн чухал зүйл бол тэсвэр хатуужил мөн тууштай байдал. Зарим үед эвлэхгүй, ойлгохгүй зүйл зөндөө тохиолдоно. Тэр болгонд энэ миний хийх зүйл биш байна гээд шантраад байх нь буруу. Хэсэгхэн зуур амраад буцаад оролдоод үзэх хэрэгтэй. Олон удаагийн оролдлого өөрт чинь илбээ улам сайн сурахад тус болохоос ус болохгүй.

 -Хөзрийн цуглуулгатай байсан. Хөзрүүдээ хаанаас авдаг вэ.  Одоогоор хэчнээн хөзөр байна?

-Одоогоор 100-аад хөзөр байгаа. Захиалж авсан мөн найзууд, гэр бүлийнхний бэлэглэсэн хөзөр ч үүнд багтдаг. Хөзрүүдээ өрөөнийхөө нэг хэсэг болгож, өвөрмөц байдлаар тохижуулахаар хичээж байгаа.

-Илбийн урлагийг хөгжүүлэхээр зүтгэж буй олон алдартнууд бий. Хэнээс илүү үлгэр дууриалал авч, илбийг нь үзэх дуртай вэ?

-Миний хувьд Оросын илбэчдийг үзэх сонирхолтой. Би өөрөө орос сургуульд сурч байсан болохоор арай ойр санагддаг. Гэхдээ Монголд илбэ хийдэг үлгэр дууриалал авахаар мундаг хүмүүс бий. Оросын илбэчдийн гол чанар нь тухайн илбээ хүмүүст хүргэж байгаа байдал нь таалагддаг. Ямар ч энгийн илбэ байсан түүнийг яаж урлаг болгох, бусдыг хэрхэн хөгжөөх нь онцгой санагддаг юм.

-Цаашид илбээ сонирхол чиглэлээр хөгжүүлэх бодолтой байдаг уу, аль эсвэл мэргэжлийн төвшинд хийхийг зорьдог уу?

-Би илбэ гэх зүйлд бүх цаг зав, хөдөлмөрөө зориулж байгаа учраас хобби гэхээс илүүтэй илүү мэргэжлийн төвшинд хийж, олон хүнд хүргэх зорилго тавьж байгаа. Хийсэн зүйл, хэлэх үгтэй байна гэдэг хожмоо маш чухал. Иймд ажил хэрэг болгох талаасаа илүү хөгжүүлэх бодол байгаа юм.

-Хүүхэд, залуус илбийн урлагийг ихээр сонирхох болсон. Шинээр илбэ хийж сурах хүсэлтэй байгаа залуус, дүү нартаа юуг зөвлөх вэ?

-Юуны өмнө тэсвэр хатуужилтай, тууштай байх хэрэгтэй. Шантрах үедээ хүүхдүүд хаячихдаг тохиолдол бий. Харин түүний оронд илүү хичээх нь чухал. Басхүү илүү бүтээлч байгаарай. Аливаад дуураймал биш өөрийн мөн чанарыг илбэдээ шингээсэн байдал нь бусад хүмүүс тухайн хүнийг үнэлэхэд маш том үнэлгээ болдог. Илбийн нууцыг сонирхсон хүн бүрт хэлэхээс илүүтэй маш сайн хадгалах хэрэгтэй гэдгийг ч захимаар байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.20.152.50Зочин   • 2020, 5 сарын 5. 9 цаг 55 минут

" Аймаар гоё " гэдэг үг нь энэ хүүхдийг гутаачихлаа.. Дахиж ийм муухай үг бүү хэлж байна уу ?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.