Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын зах зээлд хуурамч шатахуун худалдаалж байгаа талаар мэдээлэл өгч байлаа. Тэгвэл сарын дараа дахин хэвлэлийн хурал хийж хуурамч шатахууныг шинжилгээгээр тогтоосон тухай мэдээлсэн юм. Түүнээс гадна, Монгол Улсын хэмжээнд 2016 онд 34 мянга гаруй тонн, 2017 онд 16 мянган тонн керосин, нафта, техникийн керосин, алкилате зэрэг 22 нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирсэн. Эдгээр бүтээгдэхүүнд гаалийн албан татвар ногдуулаагүй. Керосин, нафта зэрэг бүтээгдэхүүн нь хагас боловсруулсан нефтийн нэмэлт бүтээгдэхүүн учир онцгой албан татвар ногдуулах нь зөв. Татвар ногдуулсан тохиолдолд 2016 онд 27 тэрбум төгрөг, 2017 онд 30 тэрбум төгрөг тус тус онцгой албан татварын орлогод төвлөрүүлэх боломжтой байсан гэдэг тооцоог гаргасан талаараа ч ярьж байв.
Үүнээс хойш хуурамч шатахууны хэл ам тасраагүй дээ. 2017 онд Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хуурамч шатахуун байгаа эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулж байсан удаатай. Мэргэжлийн хяналт тэргүүтэй байгууллагууд тухайн үедээ шалгалт хийгээд, тийм тийм байгууллага ийм ийм бодисыг хольж байна. Стандартын шаардлага хангахгүй хуурамч шатахуун хийж байна гэж тогтоосон талаар ч мэдээлэл гарч байсан. Гэвч ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд нь ажлаасаа халагдаад, шалгалтын ажил зогссон байдаг. Бүр Мэргэжлийн хяналтын дүгнэлт нь солигдчихсон байсан талаар Шатахуун хэрэглэгчдийн холбооныхон энэ оны нэгдүгээр сард мэдээлж байлаа.
Уг нь УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ажлаа авснаасаа хойш хуурамч шатахуун хийж байж болзошгүй завсрын бүтээгдэхүүнээс татвар авдаг болгож, Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт гурван ч удаа албан бичиг явуулж, саналаа хэлж байж. Гэвч Сангийн сайд хариуд нь хяналт, шалгалтаа нэм гэж байсан гэх мэдээлэл ч бий. Өдөр болгон хуурамч шатахуун байна уу гээд шалгаад байлтай биш, татвараар зохицуулах асуудал шүү дээ, уг нь.
2018 онд Шатахуун хэрэглэгчдийн холбооны хүсэлтээр Ерөнхий сайд захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Бас л хуурамч шатахуунтай тэмцэх чиглэлтэй. Гэвч энэ ажлын хэсэг одоо болтол ямар нэг ахиц гаргаагүй. Харин сая л нэг ахиц гарч, энэ хэл ам намжих боломж үүсэх нь, хуурамч шатахууны аюулыг зайлуулах боломж гарах нь гэж бодож байлаа. Учир нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн мягмар гарагт ТББХ-гоор хэлэлцэв.
Хуурамч шатахууны асуудал нь 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг тогтоосон үеэс эхтэй юм. Түүнээс хойш завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн байдаг. Урьд нь 20, 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянган тонн, 2017 онд 150 мянган тонн орж ирсэн мэдээ байна. Завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл байхгүйг төслийн танилцуулгад дурджээ. Энэ тоонуудаас л асуудал байгаа нь харагдана.
Иймд төсөл санаачлагч гишүүн Онцгой албан татварын тухай хуулийн 6.2-т керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц зэрэг бүтээгдэхүүнийг оруулж, 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулсан юм билээ. Харамсалтай нь ТББХ-ны гишүүдийн олонхи нь хуурамч шатахуун үйлдвэрлэж байж болох нефть нэрлэгийн татвартай болгохыг дэмжсэнгүй. УИХ-д шатахуун импортлогчдын төлөөлөл болсон хэдэн гишүүн сууж байгаа. Тэдний лобби орно гэж баймааргүй юм.
Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр манай сайтад ярилцлага өгөхдөө "Татварыг нь тэглэчихсэн учраас бизнес эрхлэгчид оруулж ирээд, коктейль найруулаад байна. Хольж хутгаад л. Керосин бол дээр үед трактор, дэнлүү асаадаг байсан бодис. Түүн дээр бага зэргийн хэдэн бодис холиод дизель түлш гаргаад авчихдаг. Нафтад бас л хэдэн бодис холиод шатахуун гаргаж авдаг" хэмээж байсан. Мэдээж энэ бодисуудыг хэрэглэх ёстой газар нь хэрэглэнэ. Гэхдээ татваргүй болохоор хэт ихээр оруулж ирээд, энэ мэтээр хуурамч шатахуун үйлдвэрлэж, ард иргэдэд асар их хэмжээний хохирол учруулаад байгаа юм биш үү. Гэтэл гишүүд татвартай болгохыг дэмжсэнгүй.
Бүх зүйл дуусчихаагүй байгаа. Одоо чуулганаар хэлэлцэхгүй гэснийг нь дэмжихгүй бол парламентын шүүлтүүрээр оруулах боломжтой. Хуурамч шатахуун үйлдвэрлэлийн цаана УИХ-ын гишүүд байгаа л биш бол татвартай болгох байлгүй дээ. Чуулганы хуралдааны үеэр хэлэлцэхгүй гэж шийдвэл дэмжсэн гишүүд нь хуурамч шатахуун үйлдвэрлэлд гар дүрдэг гэж хардахаас өөр яалтай. Ерөөс хоёр ч удаа хуурамч шатахууны асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулаад, үр дүнд хүрээгүй, тарсан. Одоо татвартай болгох гээд хууль оруулж ирэхээр унагаж байгаа нь хардахгүй байх арга үлдээсэнгүй.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ийм л хулгайчууд их хуралд сууж байгаа юм шүү дээ. Хуулийг өөрсөддөө тааруулж батлана. Ард иргэдийг зөвхөн ингэж шулж байгаа биш л дээ. Зүйл бүрээр ард иргэдээ дарлаж мөлжиж байгаа ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУД
Энэ хуурамч шатахуун гэж луйвар хэдэн жил ард түмнээ шулах юм бэ. Юм бүхэн хэмжээ хязгаартай шүү
Татвар нэмэхгүй ,гээд ,амлалт ,авчихсан ,нам ,хэцүү ,байгаа. Дараачийн парламент эхний ээлжинд шийд.
Керосин гэх мэт бүтээгдэхүүн оруулж ирж бензинтэй хольж ашиг олох нь Шатахуун 100 импортолдог эздэд ашигтай бөгөөд Эзэд нь УИХ-д байдгаас ийм шийдвэр гаргаж байна гэж хардахаас яахав.
Энэ малуудыг дахин бүү сонго. Хуурамч шатөахууны лоббигоор сонгуулийн зардлаа босгоно гэ тооцсон бололтой.