Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа билээ. Энэ үед иргэд хөдөө амралт, зугаалгаар явахдаа сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй. Хөдөө орон нутгаар усархаг, ширүүн орсон борооны улмаас үер бууж иргэд осолдох тохиолдол их гарч байна. Зарим нутагт осолдсон иргэдийг өнөөдрийг /07.01/ хүртэл эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгааг албаныхан хэлж байлаа. Энэ талаар болон үер усны аюулаас хэрхэн сэргийлэх талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Сүүлийн үед орон нутаг нийслэлд олон хүн усанд осолдож, амь насаа алдсан. Та нөхцөл байдлын талаар танилцуулаач?
-Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэн энэ өдрүүдэд иргэд гол усанд орох, голын эрэг дагуу амарч зугаалах нь ихэссэн. Үүнтэй холбоотой эрсдэл их гарч байна. Гол усанд осолдох эрсдэлд орох иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг анхааруулъя. ОБЕГ-аас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гол усанд осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор завьт эргүүл арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил цагдаа, хүүхдийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хөдөлгөөнт, морин эргүүлийн ажлын зохион байгуулж байна. Гол мөрний дагуу эрсдэл өндөр иргэдийн хамгийн их осолддог газрын байршлыг тогтоож, үзлэг шинжилгээ хийж хяналтыг байршуулах ажлыг зохион байгуулсан.
-Иргэд гол усанд амь насаа алдах гол шалтгаан юу вэ?
- Иргэд гол усанд осолдож байгаа шалтгаан, нөхцөл нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орж, өөрийн хяналт сонор сэрэмжээ алдсан байдаг. Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол мөрний дагуу тоглуулдаг. Хараа хяналт сул байгаагаас болж бага насны хүүхдүүд гол усанд орж эрсдэх аюул өндөр байна. Мөн иргэд гэр бүл, хамт олноороо агаар салхинд гарахдаа нэгдсэн зохион байгуулалтгүй явцгаадаг. Хамт явсан нэгнийгээ хаана юу хийж байгааг бүртгэдэггүй. Мөн хүүхдүүд хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй чанарын баталгаагүй хийлдэг гудас, барилгын хөөсөнцөрөөр хөвж тоглож байгаа нь амь насаа алдах эрсдлийг дагуулж байна. Зургадугаар сард ихэнх нутгаар бороо их орсноос болж гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэсэн байгаа.
-Энэ жил улсын хэмжээнд үер усны ноцтой аюул хэр их тохиолдсон бэ?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд усны ослын гурван удаагийн тохиолдлоор үерийн хамгаалалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Одоогоор Хэнтий аймгийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг иргэнийг эрэн хайж ажил явагдаж байна.
-Үерийн аюулд өртсөн аймаг, сумдуудын сэргээн босгох ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Эдгээр ажлууд нь манай байгууллага хариуцдаггүй учраас мэргэжлийн албаны хүнээс тодруулсан нь дээр байх. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Нийслэлийн хэмжээнд үер усны ноцтой аюул, хохирол учраагүй ч гэсэн үерийн аман дээр буусан олон өрхүүд эрсдэлтэй нөхцөлд байгаа байх. Энэ тал дээр ОБЕГ ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Жил бүр Нийслэлийн Онцгой байдлын алба, газрын албатай хамтран үерийн аман дээр буусан, үерт өртөх магадлалтай айлуудад албан шаардлага хүргүүлдэг. Энэ жил гэхэд 3000 айл үерийн аман дээр бууж, үерт автах болзошгүй аюулд өртөх магадлалтай гэсэн тоо баримт байна. Мөн бид жил бүр газар олголтын асуудлыг судалдаг.
-Үерийн аман дээр буусан айлууд үерт автвал нөхөн олговор болон бусад хариуцлагыг хэн хүлээдэг вэ?
-ОБЕГ-аас жил бүр шаардлага хүргүүлдэг. Ингээд байхад л иргэд хариуцлагыг өөрсдөө хүлээхэд бэлэн гэх мэтээр эрсдэлтэй газруудад амьдарсан хэвээр л байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Голын эрэг орчимд зугаалгаар очоод бие биендээ анхаарал тавихгүй бол гол уснаас холхон амрах хэрэгтэй.