2020 оны 7-р сарын 6
8 цаг 00 минут

Р.Сампилдондов: Засуул хүн хоёр бөхийн барилдаан доторх өвөрмөц ертөнцийг харж чаддагаараа гайхалтай

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа Улсын ахлах засуул, монгол гутал урлаач Р.Сампилдондовыг урьж, ярилцлаа.

-Хэдхэн хоногийн дараа наадам болох гэж байна. Энэ жил дэлхий дахиныг цочроосон коронавирус гарсан ч гэсэн монголчууд үндэсний их баяр наадмаа тэмдэглэхээр болсон. Энэ цаг үед Улсын ахлах засуул хүнтэй ярилцаж байна. Та засуул хийгээд 24 жил болж байгаа юм билээ. Тэртээх 24 жилийн өмнөх түүх, дурсамжийг нэг дурсвал. Засуул хийх болсон шалтгаан нь монгол гутал урладагтай чинь холбоотой гэсэн үү?

-1996 онд анх улсын наадамд бөх засаж эхэлж байсан. Улсын наадамд бөх засахын өмнө бөхийн засуулын шалгаруулалтад орж байлаа. 80 гаруй залуучуудаас 20 орчмыг нь шалгаруулж авсан. Тэр шалгаруулалтад орж, бөхийн засуул болж байлаа даа. Одоо 20 гаруй жилийн дараа эргээд харахад, засуул болохоор тэнцсэн 20 орчим залуугаас гурав нь л энэ ажилдаа үнэнч үлдэж дээ.  Анх засуул хийж байхад Анагаахын дээд сургуульд бүтэн сайн өдөр болдог аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд очиж, үнэ хөлсгүйгээр бөх засдаг байсан юм. Тэр үед Бөхийн өргөө ашиглалтад ороогүй байсан. Бөхийн холбоо 1990 онд байгуулагдаж, 1996 онд засуул шалгаруулж авч л байсан үе. Бид чинь хэдийгээр засуул ч гэсэн Спортын төв ордонд болж байгаа барилдааныг үзэхдээ тасалбар авч ордог байлаа шүү дээ.  Түүнээс хойш 24 жилийн хугацаа өнгөрч дээ.

Анх засуул болсны зорилго нь монгол гутлаа бөхтэй холбох байсан. Би чинь монгол гутал хийдэг шүү дээ. Монгол бөхчүүдийнхээ гутлыг хийдэг болъё ч гэж бодож байсан юм. Засуул хийхээр барилдаан болохоор л ажиллана. Бусад үед монгол гутлаа хийнэ. Хувиараа аж ахуй эрхлээд явж байгаа жирийн нэг иргэн байна даа.

-Шалгаруулалт гэхээр мэдлэг чадвар, туршлага гээд олон зүйлийг нь хардаг. Бөхийн засуулыг шалгаруулна гэхээр юуг нь харж авдаг байсан юм бол?

-Дуу хоолой сайтай, жудагтай, бие хаа өндөр сайхан залуучуудыг шалгаруулж авдаг. Биднийг шалгаруулалтад оруулахдаа, уртын дуу дуулуулж, цол дуудуулаад л 20 орчим залууг засуулаар авч байсан. Хүнийг хүндэлж харьцаж чаддаг, ёс жудагтай нь илүү харьж байсан ч гэж болох юм шиг санагддаг. Тэднээс одоо гурав нь засуул хийж үлдсэн байна даа.

-Заалны барилдаанд засуул хийж, аймаг, цэргийн цолтой бөхийг мөрөн дээрээсээ гаргах. Улсын наадамд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнд улсын цолтой бөхийг мөрөн дээрээсээ гаргах арай өөр байдаг уу. Илүү сайхан сэтгэгдэл төрөх ч гэдэг юм уу?

-Заалны барилдаанд бид суралцах, бэлтгэл хангах зорилгоор засуул хийдэг байсан. Гэхдээ сайхан залуучуудыг мөрөн дээрээсээ гаргах сайхан сайхан. Гэхдээ наадам гэдэг арай өөр. Бүтэн жилийн хугацаанд хүлээсэн, хамгийн чухал барилдаанд бөхчүүд ч нэлээд төвлөрч, хариуцлагатай барилдах ёстой болдог. Тийм үед бөхчүүдийг засна гэдэг маш том хариуцлага. Бөх хүн хамгийн хариуцлагатай үед зөв шийдвэр гаргахгүй бол болохгүй. Зөв шийдвэр гаргахад засуул тодорхой хэмжээнд дэм болох ёстой. Тиймээс засуул гэдэг мэдрэмжтэй, хараа хурц байх ёстой юм. Ерөөс мэдрэмж, хараа их шаарддага ажил шүү дээ. Гурван бөх засаад, малгайг нь бариад явж байлаа гэж бодъё. Хэн нь түрүүлээд давах бол гэдгийг мэдэрч, сонгох ёстой. Тэгээд тэр бөхөө сонгож, илүү анхаарал хандуулна. Нөгөө хоёр нь барьц сонгож магадгүй шинжтэй нь гэвэл алсаас хараад л явчихдаг.

-24 жил тасралтгүй засуул хийсэн. Тэр олон залуучууд шалгаруулснаас гурав нь үлдсэн байна. Түүний нэг нь та. Өнөөдрийн хүртэл засуулын ажлыг тасралгүй дурлаж хийсний шалтгаан нь юу байв?

-Би түрүүнд хэлсэн дээ, эхлээд хийж байгаа ажилтайгаа холбоотойгоор засуул хийж эхэлсэн гэж. Түүнээс гадна, өөрөө бөхөд дуртай. Намайг анх засуул хийж байх үед тийм ч олон бөхтэй байгаагүй. Одоо бөхийн тоо маш их болсон. Тэр үед наадамд 512 бөх барилдахад чинь 100 гаруй цэрэг ирнэ. Одоо цэргүүд барилдах нь ховор болсон. Тэгэхээр бөх 20 гаруй жилийн хугацаанд үнэхээр их хөгжиж. Хүмүүс наадмыг тавын даваанаас эхэлж үзэх гээд байдаг. Би хувьдаа хоёрын давааг хамгийн гоё нь гэж хардаг. Улсын цол горьдож байгаа аймгийн цолтнууд хоёрын давааны төгсгөлд хоорондоо барилддаг. Нар шингэх дөхөөд, орой сэрүүн дөхсөн үед Төв цэнгэлдэхэд аймгийн цолтой бөхчүүдийн барилдааныг ажиглаад явж байхад үнэхээр сайхан.

Тэд чинь ухаан санаагаа уралдуулж, уран мэхээ хийж, ижил тэнцүү хүчтэй бөхчүүдээ давдаг. Тиймдээ ч хоёрын давааны төгсгөлийн барилдааныг үзэх үнэхээр урамтай. Засуул хүний баяр баясгалан гэж байна. Зассан бөх нь цол аваад туг тойрох сайхан. Харин гурвын даваанд зассан бөх дөрвийн даваанд нөгөө талын засуул дээрээс гардаг. Бид чинь өөрийнхөө мөрөн дээрээс боссон бөхөө л дэмжинэ шүү дээ.  Тэгэхээр зарим бөхчүүд “Түрүүний даваанд намайг дэмжээд, зөвлөөд байсан байж одоо өөр бөхийг дэмжлээ” гэх хандлага гаргах тохиолдол байдаг нь жаахан хэцүү. Бид чинь мөрөн дээрээс гарч барилдаж байгаа бөхөө л давуулах, цолонд хүргэхийн төлөө л хичээж, чадлаараа хянаж, харилцаж, заавар зөвлөгөө өгдөг.  Хүмүүс харахад, зүгээр л нэг малгай барьсан хүн яваад байдаг байж магадгүй.  Гэтэл бид бөхчүүдийг барилдаж байхад нь амьсгаадалт, нүдний цавчилт, анхаарал төвлөрч байгааг нь ажиглаж, харна. Бөхчүүдээ маш их ажигладаг.

Бөх гэдэг чинь маш гоё ертөнц. Хүмүүс тэрийг нарийн ойлгохгүй байх. Зүгээр л хоёр бөх барилдаад, нэг нь давахад дэмжээд л өнгөрдөг. Засуул бол барилдаан доторх өвөрмөц ертөнцийг харж чаддагаараа гайхалтай. Нүд цавчих хооронд мэх хийдэг шүү дээ. Анхаарал алдахыг нь л хүлээж байдаг. Тэгэхээр л бөх гэдэг чинь маш гоё ертөнц.

 Наадам дөхөхөөр сэрүү татаад, омогшмоор санагддаг

-Олон жил уралдсан морь наадам дөхөхөөр өөрийгөө сойдог гэдэг дээ. Түүнтэй адилхан олон жил засуул хийчихээр долдугаар сар өнгийгөөд ирэхээр өөрийн эрхгүй сэтгэл догдолно биз?

-Наадам дөхөхөөр бие сэтгэлээ бэлтгэнэ ээ. Хэрүүл тэмцэл, хэл амнаас хол байхыг хичээдэг. Засуул хүн ариун байх ёстой. Уур уцаартай, омог бардам байх тийм ч сайхан биш. Ахмад засуулуудыг харж байхад, бөх засахынхаа урд өдөр бариачид очиж, хуянгаа тараалгадаг. Цол дууддаг нь болохоор хоолойгоо бэлтгэнэ. Хамгийн гол нь хэл амнаас хол, бие сэтгэлээ л цэгцлэх ёстой.

-Та яаж бэлтгэдэг вэ?

-Би өөрийгөө хүнтэй нэг их муудалцаад байдаггүй хүн. Наадам дөхлөө гээд айхтар догдлоод байх нь хаашаа юм. Гэхдээ л наадам дөхөхөөр л сэрүү татаад л. Наадмын өдөр хоёр бөх хүчээ үзэн барилдах нь яруу хөгжим шиг сайхан. Зүүн талын засуул байх их сайхан. Зүүн талд суухаар бөхчүүд ам авахаар ирнэ. Ам авч буй бөхчүүдийн яриа хөөрөөг сонсоод суух сайхан. Тэр мөч юу юугүй ойртож байгаа учраас сэтгэлд сайхан зүйл ургаад л байна. Монгол хүн бөх, морио харахаар омогшдог. Тэр омогшил ч бидэнд байдаг.

-Олон жил засуул хийхээр 11-ний өглөө бөхчүүдийн өнгө төрхийг хараад, “энэ хүү л дээшээ барилдах нь дээ” гэдэг ажиглалт өөрийн эрхгүй суучихдаг байх?

-Өвөлжин заалны барилдаанд барилдахыг нь хараад, энэ л сайхан байсан даа гэж хардаг. Харцага цол анх удаа олгодог жил Увсын Батбаатар начин өвөлжингөө заалны барилдаанд барилдаж байгаад хавар нь хүрээд ирсэн чинь өндөр ч болчихсон юм шиг харагдаж байсан. Тэгж л хувирдаг юм билээ, бөхчүүд. Уяачид улсын наадамд уясан морины хондлой дээр хэдэн үс боссон байдаг гэж ярьдаг даа. Түүнтэй адил наадмын эхний өдөр харж байхад, жаахан бөгтөрдүү алхдаг бөх өндөр ч болчихсон юм шиг. Гуя нь шуудайнд юм чихчихсэн юм шиг л болчихсон байдаг. Гэх мэтээр өөрчлөлт мэдэгдэнэ. Би Д.Цэрэнтогтохыг, А.Алтанхуягийг харж л байсан. А.Алтанхуяг өндөр болчихсон юм шиг харагдаад, дуу алдаж байсан шүү дээ. Жаахан бөгтөрдүү алхдаг хүн чинь өндөр харагдаад, арай өөр юм билээ.

Ерөнхийдөө ажиглалт хийнэ ээ. Гэхдээ би тийм сайн ажигладаг хүн биш.  Д.Цэрэнтогтох, А.Алтанхуяг хоёрыг хараад, сайн барилдах нь гэж бодож, түүнийгээ хүмүүст хэлж байлаа.  Мундаг ажигладаг багш нар байна. Жишээлбэл, нэг бөхийг хараад “Энэ залуу шөлтэй хоол иддэггүй юм байна” гэлээ. Тэгэхээр нь би очоод асуулаа, манай Өвөрхангайн бөх байсан юм. “Чи шөлтэй хоол иддэг үү” гэтэл “Иддэггүй ш дээ ах аа” гэж байна. Тэгээд юу иддэг юм гээд асуутал “Цуйван л иддэг” гэж байсан. Тэгэхээр би шөлтэй хоол идэж, ясны шөл их уу гэж зөвлөж байсан удаатай. Зааланд их очиж бөх засдаг, үздэг, барилдаж байсан хүмүүс сайн ажигладаг юм билээ.

-Таны мөр дээрээс хамгийн анх цол авсан бөх хэн бэ. Тэр дурсамжийг эргээд нэг дурсвал?

-Засуулууд номероороо зогсдог юм.  Нэг талд 16 засуул зогсоно. Эхний 8 засуул дээр дандаа улсын том цолтой бөх гарч ирж зогсоно. 9, 10-аас доошоо амлагдсан буюу угтуул бөхчүүд гарч ирнэ. Нэг удаа би 13 дээр зогсож байсан юм. Гэтэл миний дээр зогсож байсан хоёр ах “Чи дээшээ гараад ес дээр зогсчих” гэж байна. Тэгэхээр нь би их баярлаж байлаа. Бушуухан л эхний 1-8 номерт зогсдог засуул болох гээд яараад байсан. Тэгээд ес номерт зогсчих гэхээр баярлаад сольчихсон юм. Тэр жил миний мөрөн дээрээс бөх даваагүй. Тэгсэн чинь есөн номерын засуулын зассан бөх баруун талын тэргүүн магнайд гарч буй бөхтэй барилдана. Дандаа л томчуудтай барилдах ам бөхийг засаж байхгүй юу. Тэгээд л тэр жил миний мөр дээрээс бөх даваагүй. Урамгүй юм билээ. Их ч ядарсан.

Засуулууд чинь нэг бөх дагаад хэдэн км ч алхдаг юм. Тооцоолбол овоо хэдэн км болох байх. Тэгж л нэг жил их урамгүй наадаж билээ. 9 номерт зогссон засуулын мөр дээрээс бөх давдаггүй гэдгийг тэр жил тэгж мэдэрсэн дээ. Гэтэл 13 номерт зогссон ах маань улсын цолтой бөх төрүүлчихсэн. Улсын начин төрж байсан даа. Хамгийн түрүүнд миний мөрөн дээрээс төрсөн цолтон бол улсын начин н.Намдаг. Сүүлдээ жаахан гундуухан явсан даа, хөөрхий. Хааяа нэг тааралдахаар “Энэ ахын мөрөн дээрээс би начин болсон” гээд л үнсүүлдэг юм. Тэгээд 200 төгрөг өгөөч гэнэ. Би 1000 төгрөг өгөхөөр бараг л ихэдлээ гэж ярьдаг. Манай нийгэмд ихэнх хүмүүс 100 төгрөгийг үл тоодог болсон. Гэтэл тэр хүн 1000 төгрөгийг их байна гэж хэлтлээ мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн байх. 

 Зургаан залуу зааныг хоорондоо яс үзэж байхад бөх засах сонирхол маань дээд цэгтээ хүрч явлаа

 -Одоо та ахлах засуул болчихсон болохоор дандаа л улсын том цолтой бөхчүүд мөрөн дээрээс чинь гарч байгаа биз дээ?

-Одоогоор зүүн талын хоёр номерт зогсдог болсон. Тэгэхээр дандаа л аварга, арслан, гарьд, заанууд л миний мөрөн дээрээс гарч барилдана. Тэд маань даваад, цол нэмээд, сайхан барилдаад л явчихдаг.

-Э.Оюунболд арслан түрүүлдэг жилээ таны мөрөн дээрээс голчлон гарч барилдсан байдаг байх аа?

-7, 8-ын даваанд миний мөр дээрээс гарсан.  Шөвгийн дөрөвт үлдэхэд нь би авч гарсан. Тэр жил их ч омголон байсан, даваад л ухасхийж гүйгээд байсан. 8-ын даваанд давчихаад усасхийх гэхээр нь би зогсоогоод “За чи зогсож бай, жаахан тогт. Одоо хариуцлагатай барилдаж түрүүлнэ шүү” гэж хэлсэн. Бөх хүнийг даваад, хөөрөөд ирэх үед нь тогтооход хэцүү шүү. Яг тийм үед нь туршлагатай засуул татаж зогсоогоод, ирийг нь дарж өгдөг. Би ч тэр  жишгээр зогсоод байгаад, ирийг нь дараад, зөвлөж байсан юм. Засуул хүн бөхчүүдтэйгээ их зөв харилцах ёстой.   Нэг удаа залуу бөх надад “Тэр засуул ах намайг тэгж хэлснээс хойш бяргүй болчихсон юм шиг санагдаад байх юм” гэж ярьж байсан. Тэгэхээр засуул бөхчүүдэд хэлэх үгээ хүртэл сайн бодож байх хэрэгтэй. Урамшуулж байх ёстой юм. Сайн барилдаарай, дараа заавал даваарай гэх ч юм уу. Тэгж урамшуулж явах хэрэгтэй.

-Намайг бага байхад бөхийн дурсамжтай нэг ном байдаг байлаа. Их уншина. Тэр номонд засуул нь зөвлөсөн тухай гардаг. “Учраа бөх чинь ногоон нүдтэй хүн байна. Наран талаас нь дайраад, мэхээ хий” гэж зөвлөсөн. Тэр дагуу барилдаад учраа бөхөө давсан тухай гардаг. Та түрүүнд засуул гэдэг зүгээр нэг малгай бариад явж байдаг хүн биш гэж хэлж байсан. Манай бөхчүүд зөвлөгөө авна биз засуулуудаас?

-Дээр үед бөхчүүд нутаг, хошуунаасаа ирээд л барилддаг байсан. Хэн нь  яаж барилддаг талаар тэр бүр мэдэхгүй. Одоо бол бүх бөхчүүд заалны барилдаанд хүртэл байнга барилддаг. Тиймээс тэр бөх ийм талтай, ингэж барилддаг гэдгийг мэддэг болчихсон.  Түүнээс гадна, дээр үед барилдаж байгаа бөхийг бөхчүүд нь өөрсдөө засдаг. Их Монгол Шаравжамц гуайг Буурт Н.Жамъян гуай засаад зогсож байх жишээтэй. Тэгэхээр Буурь Н.Жамъян гуай зөвлөгөө өгч чадна. Та тэр бөхтэй барилдахад тийм мэх хийнэ шүү гэдгийг нь сайн хэлж өгнө. Одоо бид тийм зөвлөгөө өгөхгүй. Аль болохоор дүрмийн дагуу л бөхтэйгээ харилцана. Барилдааны хугацааг харна. Өмсгөл нь болж байна уу гэдгийг нь бас харна даа.

Зөвлөгөө хүсдэг бөхчүүд бас байна. М.Мөнгөн арслан гэхэд “Энэ бөх чинь ямар талтай, яаж барилддаг билээ” гэж асуудаг байсан. Сүүлийн үеийн бөхчүүд дундаас Т.Өсөх-Ирээдүй засуултай ярилцаж, “Энэ бөх чинь яаж барилддаг билээ ах аа” гэж асуудаг юм. Ерөнхийдөө бөхчүүд чинь дэм авна шүү дээ. Золгуулчихаач ах аа гэдэг ч юм уу. Гэхдээ бид дүрэм, хугацаагаа л харж барилдуулдаг. 

-1996 оноос хойш 24 жилийн хугацаанд засуул хийх хугацаанд бөхийн хэчнээн ч үе солигдчихов. Энэ хугацаанд таны бодлоор хамгийн уран барилдаантай, жудагтай бөхийг хэн гэж бодож явдаг вэ та?

-Хурдан шаламгай барилддаг, мэхний олон хувилбартай бөхчүүд зөндөө л байна. Намайг анх засуул болж эхэлж байхад Б.Ганбат аймгийн цолтой ирж байлаа. Зааланд барилдана. И.Доржсамбуу гарьд ч аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол барилддаг байсан. Сүүлд улсын цол авсан ч гэсэн аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг тогтмол үздэг. Б.Адъяахүү начин байна, зааланд сууж байнга бөх үзнэ, ажиглалт сайтай. Судалгаа сайн хийдэг байж гэж боддог. Одоо ч гэсэн тийм л байдаг. Б.Бат-Өлзий байна, аймгийн цолтой байхдаа зааланд тогтмол барилддаг байсан. Улсын цол авснаасаа хойш амралтын өдрүүдээр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг тогтмол үздэг. Тэндээс барилдаан ажиглаж, суралцаж байна гэсэн үг.

Миний бодлоор хамгийн сайхан барилдааныг зургаан залуу зааны үед тэд үзүүлж байсан гэж боддог. Бөх засах сонирхол ихтэй, залуувтар байхад амжилт нь ид тодорч байсан үе. Тэдний барилдааныг үе үеэрээ л дурсаж ярьдаг. Зургаан залуу заан хоорондоо яс үзэж байхад л бөх засах сонирхол маш их төрдөг байлаа. Манай А.Сүхбат, Д.Сумъяабазар сайхан барилдана. Ц.Цэрэнпунцаг ямар иртэй байлаа даа. Б.Гантогтохын долоогийн даваанд заан цол авч байгаа барилдаан үнэхээр агуу шүү дээ.   

 -Таны оролцсон нэг нэвтрүүлгийг үзэж байхад, Д.Азжаргал арслангийн монгол гутлыг засаж өгч байсан тухайгаа ярьсан байсан. Өхийлдөх мэхийг сайн хийдэг. Тэр нь дархан мэх нь болчихсон байсан даа. Ямар ч бөхийг өхийлдөөд суулгачихдаг. Тэр жилийн наадмын өмнө “Миний өхийлдөх мэх сайн орж өгөхгүй байна, та монгол гутлыг минь янзлаад өгөөч” гээд ирж байсан гэсэн. Гутлаа янзлуулсан тэр жилийнхээ наадмаар Д.Сумъяабазар аваргатай түрүү, үзүүр булаалдаж, арслан цол хүртсэн байдаг. Энэ дурсамжийг дахиад нэг яриач?

-Д.Азжаргал Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутан байсан юм даа, дотуур байранд нь амьдардаг. Нэг өдөр монгол гутал хийлгэе гээд ярьж байна. Жаахан хүүхэд байсан, аймгийн цолтой. Тэгээд нэг гутал хийлгэлээ. Цаашлаад 2, 3 дахь гутлаа ч хийлгэсэн.  Азаа чинь гутлаа хажуугаар нь гишгэдэг, гутал тэсгээдэггүй. Тиймдээ ч олон гутал хийлгэсэн байх. Олон аймгийн арслан ахтай, аав нь ч бас арслан цолтой байсан. Тэдэндээ ч өгдөг байсан байлгүй. Хамгийн сүүлд надаар гутал хийлгэхдээ “Ах аа миний өхийлдөх мэх орохгүй байна” гэлээ. Өмнө нь гутал хийлгэхдээ бас тэгэхээр нь би өсгийг нь арагш нь тавьж өгсөн юм. Гэтэл өхийлдөх мэх нь бас л сайн орж өгөхгүй байсан юм билээ. Тэгээд ахиж гутал хийлгэхдээ надад хэлсэн нь тэр.

Хоёулаа ярьж сууж байгаад, өсгийний наалтаа наахдаа шаталсан маягтай, конус гаргаж өгсөн. Тэр жилийн наадмаар Б.Бат-Эрдэнэ аваргыг өхийлдөх мэхээрээ давж, улмаар үзүүрлэн, арслан цол авч байсан түүхтэй. Бөхчүүд өмсгөлөө өөрийнхөө барилдаанд тохируулж хийлдэг байхгүй юу. Улсын харцага Г.Ганхуяг гэхэд далбаагаа сул хийдэг. Далбаа нь сул болохоор бөхчүүд барьж болмоор санагдаад ухасхийдэг гэж байгаа. Тэгэхээр нь зөрөөд хөлийг нь авдаг. Энэ мэтээр барилдаандаа тохируулаад зодог, шуудаг, гутлаа хийлгэдэг. А.Сүхбат аварга тэр жил Б.Бат-Эрдэнэ аваргыг өхийлдөх мэхээр унагаж байсан удаатай. Өвөрхангайн Д.Эрдэнэбат заан их бярдаж барилддаг. А.Сүхбат аварга Д.Эрдэнэбат заантай барилдахдаа таллаад татахаар нь өхийлдөнө дөө гээд бэлтгэчихсэн байсан юм билээ. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга татаад гэдийхээр нь өхийлдчихсөн байгаа юм.  Наадамд хүмүүс онцгой зүйл бэлтгэдэг. Хүч тэнцүү бөхөө яаж давах вэ гэдэг бэлтгэлийг байнга хийдэг. А.Сүхбат аварга Д.Сумъяабазар аваргыг яаж гар ачлаа. Тэр мэхийг хэдэн жил ч бэлтгэдэг юм. Удаан бэлтгэж байгаад наадмаар хийхэд чимэг болдог. Б.Гантогтохын улсын гарьд П.Сүхбатыг, А.Сүхбат аварга Б.Бат-Эрдэнэ аваргыг давсан, Д.Азжаргал арслан Б.Бат-Эрдэнэ аваргыг давсан барилдаанууд бас л наадмын чимэг шүү дээ.

-Д.Азжаргал арслан тэр жилийн наадмын дараа тантай уулзаж байсан. Гутлаа янзлуулсан маань үр дүнд хүрлээ гээд?

-Наадмын дараа ч уулзаагүй л дээ. “Чингис” зочид буудалд цолныхоо цайллагыг хийхдээ урилгаа өгсөн, би очсон. Азаа бид хоёр олон жил сайхан харилцаатай байсан. Одоо ч гэсэн ялгаагүй. “Худгийн ус, бөхийн нас хоёр хязгаартай” гэдэг үг бий. Намайг ид насны залуу байхад барилдаж байсан олон бөх зодог тайлсан байна. А.Сүхбат, Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр аваргууд барилдахаа больчихож. Д.Азжаргал арслан улсын наадмаар гарч барилдаж байна.

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.117.194Зочин   • 2020, 7 сарын 7. 8 цаг 37 минут

Эрдэнэбат заанд бэлдсэн этэх мэхээ Бат-Эрдэнэ аваргад хийж давсан хүн бол П.Сүхбат гардь шөө. А.Сүхбат гэсэн байна.

126.78.48.176хм   • 2020, 7 сарын 7. 7 цаг 12 минут

***** НАР МОНГОЛ БӨХ ЗАСДАГ БОЛОО ЮУ

126.78.48.176Зочин   • 2020, 7 сарын 7. 7 цаг 13 минут

хятадууд, эрлийзүүд монгол бөх засдаг болоо юу

98.253.30.34Goe iymaa   • 2020, 7 сарын 6. 22 цаг 38 минут

Budlian hiih, davaa ogj avaltsah geh met ovortots ertontsiig yag haraad bj bdg gerch l gesen ug.

59.153.87.171Зочин   • 2020, 7 сарын 6. 19 цаг 21 минут

ямар их будилуу ярьдаг нөхөр вэ зөнөчихсөн юмуу

202.179.21.214Зочин   • 2020, 7 сарын 6. 15 цаг 24 минут

Намдаг агсаны ясыг бүү өндөлзүүл

202.179.21.214Зочин   • 2020, 7 сарын 6. 14 цаг 56 минут

Зодог , далбаа 2оо ялгахгүй улсын ахлах засуул бн. Цогтбаатар тэргүүтэй Өвөрхангайн хэдэн халтруудд их мэдэмхийрнээ бас

202.126.88.232Зочин   • 2020, 7 сарын 6. 10 цаг 47 минут

Хуцдаг халтар вэ? Хэнд ч хэрэггүй нохойн баас шүү дэ

139.5.219.133Зочин   • 2020, 7 сарын 6. 10 цаг 42 минут

Чам шиг нөхөр бас шалгардаг юмуу

202.9.40.91Зочин   • 2020, 7 сарын 6. 10 цаг 26 минут

Энэ жил наадмаа болиочээ

202.21.108.183нохойн баас   • 2020, 7 сарын 6. 8 цаг 11 минут

Үхсэн нохойн баас шээс, ямарч үүрэггүй ямарч эрх мэдэлгүй зүгэээрл малгай барьж дэлгэц хаагчид, халж сольвол таарна. Энэ ява а насандаа засуул тэгж шийдлээ засуул тэгж зохицууллаа гэж үхсэн заяандаа харж сонссонгүй, хуцаад бай муу баас

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.