О.Эрдэнэ-Очир: Бүжгээр дамжуулан нийгэмд соёлын довтолгоог ч хийх боломжтойг ойлгосон

Олон нийтийн өгсөн урмын үгс бүхэн бидэнд “цалин” болдог

Шарка барка, журай гэлдэн зэрэг ардын дууны цохилтот аялгуун дээр эхлүүлсэн шинэлэг бүжгийн чалленжээр үзсэн хэн бүхний сэтгэлийг хөдөлгөхийн сацуу сошиал орчинд эерэг хандлагыг давалгаалж чадаж буй залуусын төлөөлөл болгож “Royal dance” бүжгийн клубийн ерөнхий дасгалжуулагч, “Dance chance” контентыг санаачлагч, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Очирхүүгийн Эрдэнэ-Очиртой ярилцлаа. 

-Сайн байна уу, юун түрүүнд өөрийгөө уншигчдад маань товчхон танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Очирхүүгийн Эрдэнэ-очир гэдэг. Эрх зүйч мэргэжилтэй. Чөлөөт цагаараа бүжгийн спортоор хичээллэдэг. Сүүлийн долоон жил тасралтгүй бүжиглэсэн байна. Бүжгийн “Royal dance” клубийг үүсгэн байгуулаад ажиллаж байгаа. Мөн би “Moon dance” хамтлагт бүжиглэдэг. Эх орноо төлөөлж зургаан жил дараалан ДАШТ-д оролцож, амжилт үзүүлж байсан. Сүүлийн үед “Dance chance” буюу бүжгийн боломж ТББ-ыг байгуулж, бүжгээр дамжуулан залууст зөв зүйлийг уриалж, нийгэмд эерэг хандлагыг түгээх зорилготой контент нэвтрүүлгийг бэлтгэж байгаа юм.

-Royal dance клубээ хэзээ байгуулсан бэ?

-Клубээ 2017 онд байгуулснаасаа хойш одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Манай клуб нь бүжгийн спортын латин америк болон үндэсний бүжиг заадаг.

-Цахим орчинд “Dance chance” контентийг олон нийт сайшаан хүлээж авч байна шүү дээ. Контент хийх санаа анх хэрхэн төрсөн талаараа хуваалцаач?

-Энэхүү контентийг нийгмийн захиалга ч гэж тодорхойлж болох юм. Олон нийтийн сүлжээнд чалленжүүд хүч түрэн орж ирсэн гэхэд хилсдэхгүй байх. Урьд өмнө нь хэдий бид цахим сүлжээг ашигладаг байсан ч чаллэнж гэх ойлголтыг хүмүүс тэр бүр мэддэггүй байсан. Харин энэ зунаас чалленжүүд хүчээ авч байгааг хүн бүр л харж байгаа болов уу. Гэхдээ тухайн чалленжүүд нь тийм ч хүнд үр өгөөжтэй, даган дууриах хандлагыг нийгэмд буруу байдлаар дэлгэрүүлж гаргаж ирж байгаа нь ажиглагдсан. Магадгүй бидний эхлүүлсэн чалленжүүдийг хүлээж байсан хүмүүс ч бий байх. Учир нь цар тахлаас үүдэн танхимын сургалт хориотой байсан тул бид өглөө бүр  цэцэрлэгт хүрээлэнд масктайгаа гүйхийн хажуугаар латин америк ч юм уу бүжгийг бүжиглэсэн бичлэгээ цахимд байршуулахад хүмүүсийн хандлага эерэг байсан. Ийм ч учраас бид бүжгээр дамжуулан нийгэмд соёлын довтолгоо хийх боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Тэр дундаа үндэсний бүжгээ сурталчилсан, таниулсан контент, чалленжээ эхлүүлснээр цахим сүлжээн дэх хэрэггүй чалленжүүдэд цэг тавих боломжтой болсон.

-Таны хэлсэнчилэн цахим орчинд төрөл төрлийн чалленжүүд ихээр зарлагдах болсон. Гэхдээ монгол бүжгийн чалленж явж байсныг төдийлөн харж байгаагүй юм байна. Эхний чалленжийн хоёр бүжгээ хэрхэн сонгож бүжиглэсэн бэ?

-Монгол түмэндээ хамгийн ойр гэж үзсэн учраас монгол үндэстэн, угсаатан, ястны бүжгээ сонгосон. Эхний Шарка барка чалленж нь халимаг үндэсний бүжиг. Харин үүний дараагаар хотон ардын журай гэлдэн бүжгээр хийсэн. Харин гурав дахь бүжгийн чалленжээ Хатариш буюу буриад ардын бүжгээр үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ жилийн наадмын нээлт бидэнд маш их таалагдсан. Нээлтийн өмнөхөн хүлээлт ч ихтэй байсан юм. Наадмын нээлтийн аянууд, түүний найруулга, зохиомж зэрэг нь яг л бидний хүсэж, урьдаас өгсөн захиалга мэтээр таарч зохицсон. Үүнийг нь ч бид маш олзуурхан хүлээн авч, шарка барка аяыг эхний чалленж дээр сонгож авсан юм. Мэдээж контент маань богинохон, хэн ч үзсэн уйдхааргүй байх ёстой. Шарка барка нь хамгийн богино ая байснаас гадна хэн ч сонссон дагаж бүжиглэх сэдэл төрүүлэх хэмжээний санагдсан тул аяаа сонгосны дараагаар чалленжийн бүжгээ би дэглэж эхэлсэн. Ингэхдээ бүжгийн хүнд хөдөлгөөн гэхээсээ илүүтэй хэн ч дагаж хийх боломжтой, хөнгөхөн хөдөлгөөнүүдийг оруулж өгсөн. Энэ нь ч хүмүүс чалленжэд нэгдэхэд дөхөм болсон байх.

-Цахим орчинд контент, видео хийдэг залуус нэмэгдсэн байна. Гэвч зарим контент бэлтгэгчид маань видеогоо давтамжтай оруулж, идэвхтэй байх тал дээр сул байх шиг санагддаг. Эхэндээ идэвхитэй байснаа нам гүм болчихдог шүү дээ. Та бүхэн энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Энэ тал дээр би өөрийгөө тодорхой хэмжээнд туршлагатай гэж боддог. Учир нь Moon dance хамтлагт байх үеэс л контентоо өөрөө бэлтгэдэг байсан. ДАШТ-ийн бичлэгүүд цахим орчинд нэлээн явж байгааг харсан байх. Тэр бүр дээр би өөрөө ажилладаг байсан юм. Энэ жилээс Royal dance бүжгийн клубынхээ шинэ үеийн залуучуудыг гаргаж ирж, өөрийн сурсан мэдсэнээ хуваалцаж байгаа учраас бүжгийн гэлтгүй бусад маш олон контент бичлэгийн уралдаануудад оролцож төрөл бүрдээ амжилт гаргасан. Ийм ч учраас бид бүжгийн спортоороо контент бэлтгэж хийе гэж бодсон. Контентоо зогсолтгүйгээр илүү идэвхжүүлж хийхийн тулд өөрийн чадах хэмжээнд ажиллаж байгаа.

-Dance chance чалленж хүлээлтээс давсан үр дүнг үзүүлсэн байх?

-Бичлэгээ оруулж суух үедээ тодорхой хэмжээнд хүмүүст хүрэх байх гэж бодсон. Гэхдээ бидний хүлээлтээс ч давсан үр дүнг харуулсанд маш их баярласан. Би аялалаар явж байхдаа чалленжээ эхлүүлсэн юм. Завхан аймгийн Яруу суманд эхний бичлэгээ оруулчихаад хоёр хоног сүлжээгүй газраар явж таарсан. Гар утсанд маань сүлжээ оров уу үгүй юу мэдэгдлүүд ирж, утас хэдхэн минут гацаад ч амжсан. Тэгтлээ хүмүүст хүрнэ гэж бодоогүй. Хүмүүс сошиал орчинд биднийг цаашид илүү их зүйлийг хийхэд урам өгсөн сэтгэгдлүүдийг үлдээж байгаа. Хүүхдүүд маань ч түүнийг уншаад маш их урамшиж байгааг харахад сайхан санагддаг. Олон нийтийн өгсөн урмын үгс бидэнд “цалин” болдог. Бид буруу биш зөв зүйлд уриалж, эерэг хандлагыг түгээж байгаа учраас баг хамт олны маань уур амьсгал нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж байгаа байна гэж харж байна. Яг үнэндээ манай пэйж хуудасны хандалтын тоо нэмэгдэх нь чухал биш. Хамгийн гол нь цахим орчин дахь хэрэггүй чалленжүүдэд цэг тавьж, залуусын хүчээр нийгэмд зөв уриалгыг хүргэж чадаж л байвал бидний контентийг хэн ч ашиглаж болно.

“Шарка барка” бүжгийн чалленжид нэгдсэн 68 настай эмэгтэй бол миний ээж"

-Та Moon dance хамтлагт олон жил бүжиглэсэн. Одоо бол клубдээ багшилж байгаа юм байна. Бүжиглэх бус өөрөө багшлахад ямар мэдрэмж төрж байна вэ?

-Би өөрийгөө бүжгийн урлагийн гайхамшгийг биеэр мэдэрч яваа хүн гэж боддог. Эрх зүйч мэргэжлээр суралцах хичээлийн хажуугаар сонирхлоороо бүжгээ бэлдээд л явдаг байлаа. Манай гэр бүлд ч бүжигт өөрийгөө зориулж яваа хүмүүс бий. Ээж маань бүжигчин. Гурван эгч маань ч бас бүжигчин. Та бүхэн анзаарсан бол “Шарка барка” бүжгийн чалленжид 68 настай ээж гурван охины хамтаар нэгдлээ гэх бичлэг тавигдсан. Тэд бол миний ээж, бас гурван эгч маань. Миний эхлүүлсэн чалленжэд ээж, эгч нар маань хүртэл дэмжиж нэгдсэнд маш их баярласан. Шарка барка чалленжэд нэгдсэн хамгийн ахмад нь манай ээж байх шиг байна. /инээв/. Энэ мэтчилэн миний бүжигт хайртай, дуртай болоход миний гэр бүл ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Хэдий би бусад шиг мундаг бүжигчин биш ч гэлээ өөрийн сурсан мэдсэнийг бусдад зааж сургана гэдэг үгээр хэлшгүй мэдрэмжийг авч басхүү үүрэг хариуцлагыг хүлээж байгаа гэж боддог.

-Бүжгийн хөдөлгөөн бүр өөрийн гэсэн утга санаа, өөрийн гэсэн өгүүлэмжтэй байдаг байх. Монгол бүжгээр дагнаж бүжиглэж байсан уу?

-Би багаасаа бүжгээр хүмүүжсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь манай ээж Хөвсгөл аймгийн хөгжим бүжгийн театрт гоцлол бүжигчнээр ажилладаг байлаа. Ээжийнхээ бүжиглэж байхыг өдөр бүр харж өссөн. Мөн 2014 онд Монгол Улсаа төлөөлж 24 бүжигчин Европын холбооны улсуудаар тойрон аялан тоглолт хийсэн юм. Би тэдний нэг нь болж явж байсан. Тэгэхэд монгол үндэсний бүжгийг дэлхийн үндэсний бүжгийн холбооны 66 дахь орон болгож бүртгүүлэхэд гар бие оролцож явсан. Манай бүжгийн багшаар зууны манлай бүжиг дэглээч С.Сүхбаатар гуай ажиллахад тэр хүнээс багахан болов хугацаанд суралцах боломж олдсонд баярлаж байлаа. Тэр үед монгол үндэсний бүжиг, хоорондын ялгаа, хөдөлгөөний талаар мэдэж авч байсан. Багахан сурсан зүйл маань одоогийн ажилд маань ч тус дөхөм болоод явж байгаа гэж боддог. Гэхдээ би бол бүжгийн урлагийг сонирхогч болохоос миний үндсэн мэргэжил бүжигчин биш шүү дээ. Харин бүжгийн спортыг ямар гаргалгаагаар хүмүүст хэрхэн хүргэх вэ гэдэг тал дээр түгээх ажлыг хийж байгаа хүн гэж өөрийгөө хардаг.

-Их сургуулиа төгссөнөөсөө хойш эрх зүйч мэргэжлээрээ ажилласан уу?

-Эрх зүйч мэргэжлээрээ ажиллах зав зай одоохондоо гарахгүй байна. Намайг эрх зүйч мэргэжлээрээ яагаад ажиллахгүй байгаа юм гэж их сургуулийн багш нар, найзууд маань ч их асуудаг. Гэхдээ миний мэргэжил өдөр тутам надад хэрэг болж байдаг. Гэхдээ би ихэнх цагаа бүжгээр хичээллэж өнгөрөөж байна. Учир нь манайд бүжигчин мэргэжлийн үнэлэмжийг доогуур үнэлдэг. Чи бүжгээр яваад хоолоо олж идэж чадах юм уу гэж хүүхдийнхээ урам зоригийг мохоож, эрч хүчийг нь унтраадаг эцэг эх ч их бий. Гэхдээ би ойр дотнын хүмүүстэйгээ хамтдаа бүжгийг тойрсон маш олон боломж байдгийг харуулахыг хүсэж байна. Бүжигчин хүний үнэлэмжийг ч багахан хэмжээнд ч болтугай дээшлүүлэх нь чухал байна. Ний нуугүй хэлэхэд мэргэжлийн бүжигчний ангийг дүүргэсэн залуус ихэнх нь өөр улсууд руу очиж гэрээгээр ажиллаж байна. Үнэлэмж доогуур байдгаас авах цалингийн хэмжээ ч бага байдаг гэсэн үг. Иймд эхлээд олон нийтэд бүжигчин гэх мэргэжил тэр дундаа бүжгийн спортын үнэ цэнэ, үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй байх. Гэхдээ сүүлийн үед бүжгийн спорт нь хүүхэд залууст ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгох хүмүүс нэмэгдсэн гэж харж байгаа.

-Таны найз бүсгүй тань бас бүжигчин юм билээ. Хамтдаа бүжиглэж, цаг хором бүр хамтдаа байж бүжгийн спортын хүнд хэцүү, бас сайханыг нь хамтдаа мэдэрч явахын давуу тал байдаг байх?

-Тэгэлгүй яахав. ДАШТ-д орох үед бид хоёр анх танилцаж байсан. Байнгын бэлтгэл сургуулилттай байдаг байсан болохоор өглөө гэрээсээ гараад орой гэртээ орж ирдэг хэв маягт нэг хэсэг дасчихсан байлаа шүү дээ. Энэ жилийн хувьд амьдралын хэв маяг жаахан өөрчлөгдсөн байна. Зав чөлөө ч их гарч байгаа. Түүнийгээ шинэ контент бэлтгэхэд зарцуулж байна даа. Бүжигт хоёргүй сэтгэлээр өөрсдийгөө зориулж байгаагийн үр дүн нь ард олонд хүрэх гүүр болж өгч байгаа болов уу гэж боддог. Гэхдээ гэнэт л бүжиглэдэг залуучууд гарч ирээд чалленж, контент хийгээд байгаа зүйл огт биш гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Бид долоон жилийн турш бүжгийн спорт, түүний ач холбогдлыг олон нийтэд хүргэхийн төлөө хичээсээр ирсэн.

-Нууц биш бол Dance chance контентийн залуус дараагийн удаад юу хийхээр төлөвлөсөн бол гэж хүмүүс сонирхож байгаа байх?

-Манай чалленжүүдэд Монгол орон даяар төдийгүй дэлхийгээр таран суугаа Монголчууд нэгдэж эхэлсэнд маш их баяртай байна. Тун удаагүй #dancechance #challenge-үүд маань Нийслэл хотод бүх нийтэд хүрэх болно. Хотын даргын түр орлон гүйцэтгэгч болон чалленжэд нэгдэх хүсэлтэй хүн бүхнийг урьж төв талбай дээр хийх эрхээ нийслэлийн соёл урлагийн газраас авчихсан. Тухайн чалленж зарлагдах үед төв талбай дээр бүжгийн чалленжэд нэгдэх хүсэлтэй хүн бүр ирж хамтдаа сурч, идэвхтэй оролцохыг уриалмаар байна.

Хотын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг удахгүй хийхээр төлөвлөсөн чалленжэд маань ч нэгдэж, ирж оролцоосой гэж хүсэж байгаагаа энэхүү ярилцлагаар дамжуулан уламжилъя.

Мөн дараа дараагийн товлох чалленжүүдэд урлаг соёлынхон маань ч бас нэгдээрэй гэж хүсмээр байна.  

Та бүхэн тэдэнтэй холбогдохыг хүсвэл https://www.facebook.com/Royal-Dance-Mongolia-551098031701011 хаягаар зочлоорой.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.94.208Зочин   • 2020, 7 сарын 31. 9 цаг 46 минут

Amjilt saihan challenge bn

66.181.188.31MtdupS0gRt0   • 2020, 7 сарын 29. 22 цаг 30 минут

reality

192.82.77.25Зочин   • 2020, 7 сарын 29. 12 цаг 22 минут

Чиний ээж Д.Нарантуяа бол Естой ясны бужигчин хун шуу дээ, унэхээр бахархалтай бужигчин, байгалийн авъяастай бужигчин шуу, Ер Ховсгол аймаг алдартай олон бужигчинтэй, Бужгийн Хатан хаан Долгорсурэн гуай, алдарт бужиг дэглээч АЖ Нанжид, за гавъяат байтугай АЖ байхаар байсан жужигчин Ардын эрч киноны Дарьбазар Занабазар гуай, Дулзэнд тоголсон Учиртай 3 ын Балганы дурийг дахин давташгуй бутээсэн Дуурийн дуучин Готов гэх мэт Монголын одуудыг дурсаж сууна

202.21.113.238Зочин   • 2020, 7 сарын 29. 11 цаг 46 минут

амжилт

202.9.40.165Уншигч   • 2020, 7 сарын 29. 10 цаг 10 минут

Бүгдэд нь талархал илэрхийлье. Амжилт хүсье. Хувцаслалт их нөлөөлсөн. Хэрвээ үндэсний хувцас өмсөөд бүжиглэсэн бол бүжигчид бүжигээ л хийж байна гээд төдийлөн анзаарахгүй байх байсан .

202.179.27.204Мэндээ   • 2020, 7 сарын 29. 10 цаг 06 минут

Монгол залуус сайн байна.

202.126.92.99Зочин   • 2020, 7 сарын 29. 8 цаг 32 минут

Мундаг залуу байна амжилт хүсье

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.