Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар 13-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Клечески Парламентын ээлжит сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах гэж байгааг дурдав. Мөн Монгол, Америкийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд Ковид-19 цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай Замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эрхэм хүндэт Элчин сайдтайгаа өнөөдөр дахин уулзаж байгаадаа баяртай байна. Уулзалгүй багагүй хугацаа өнгөрлөө. УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль амжилттай болсон. Сонгуулийн дараа улсын хэмжээнд судалгаа хийж, 28 хүн хамруулсан. Судалгаанд оролцсон хүмүүсийн 75 хувь нь УИХ-ын энэ удаагийн сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлсэн. Энэ судалгаагаар монголчууд сонгуульд сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байгаа.
Монголчууд тогтвортой төр засгийг хүссэн байна. Мөн ковид-19 цар тахлын үед Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг ард иргэд ихээхэн дэмжсэн. Дэлхийн 216 оронд цар тахал тархсан ийм цаг үед та бид амьдарч байна. Олон сая хүн өвчин тусаж, олон мянган хүмүүсийн амь эрсэдлээ. Энэ бол ганц хоёр улсын биш дэлхий нийтийн асуудал болсон. Манай гурав дахь хөрш болсон АНУ-д байдал хүнд байгаа ч бүхий л боломжоо дайчилж ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Монгол Улсын хувьд харьцангүй амгалан, дотооддоо өвчин алдаагүй. Гадаадаас иргэдээ үе шаттайгаар татан авч байгаа. АНУ-д Монголын олон мянган иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байна. Манай улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах, иргэдээ татан авахад танай зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлэхийг та бүхнээс хүсье" хэмээлээ.
Харин АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байгаад баяр хүргэж, АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй хоёр талын хамтын ажиллагааны зарим төсөл, санал, санаачлагын талаар танилцуулж, хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид-19 цар тахалтай тэмцэхэд АНУ-аас манай улсад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, тус улсад амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдалд анхаарч, тусалж дэмжихийг хүсэв.
Талууд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь Компакт гэрээ, Америкийн хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн шугамаар хэрэгжиж буй сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Дэмий юм хийж явхын ядарсан ард чинь монголд бна Баячуулал гадаадад явж хүүхдүүдээ тэндээ үлдээдэг биз дээ Огцор малаа
хөгжилтэй тэнэг шүү
Айлын хүнээс асууж байхаар та өөрөө л тэр Монголын иргэддээ туслалцаа үзүүлэлдээ
Ok ok ok saidaa