Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Японы Элчин сайд Кобаяши Хироюкиг "Юуны өмнө танд УИХ-ын ээлжит сонгуулиар гишүүнээр, Ерөнхий сайдаар улиран сонгогдсон чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Бид хамтарч ажиллаж байсан хүмүүстэйгээ үргэлжлүүлэн ажиллах болсондоо баяртай байна. Ерөнхий сайд танд ажлын улам их амжилтыг хүсье" хэмээлээ.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Тантай өнөөдөр уулзаж байгаадаа би баяртай байна. Намайг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо халуун дотно үгтэй захидал илгээсэнд би баяртай байгаа. Ковид-19 цар тахлын үед Япон улсын зүгээс манай улсад тусламж дэмжлэг үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Өнөөдөр улс эх оронд маань коронавирус дэгдээгүй байгаа. Гэхдээ бид гаднаас иргэдээ татаж авч байна. Японд манай улсын олон мянган иргэн оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа. Манай улсын иргэдийг аюулгүй амьдарч, ажиллахад тусалж дэмжихийг хүсэж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол-Японы харилцаа улам гүнзгийрч байгаа. Японы ард түмэн манай улсын шилжилтийн үеийг даван туулахад бүх талаар тусалж дэмжсэн. Үүнд манай ард түмэн байнга талархдаг. Хоёр орны сайн харилцааны илрэл болсон Олон улсын онгоцны буудал, Анагаахын их сургуулийн дэргэдэх Монгол-Японы эмнэлэг зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болж байгаа. Аравдугаар сарын 1-ний өдрөөс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал нээлтээ хийнэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.
Мөн Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2022 онд болно. Энэ ойг хоёр тал хамтарч, сайхан тэмдэглэх ёстой гэж үзэж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих