Өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарлаа. Хашааны буланд хэн нэгэн тортой хогоо орхисон байв. Тухайн үед олон юм бодсонгүй. Орой 19:00 цагийн үед эргээд ирэхэд ууттай хог нэг биш хоёроор үржсэн байв. Маргааш хогны машин ирэх нь дээ гэж бодоод гэртээ орлоо. Дараагийн өглөө нөгөөх ууттай хогнууд илүү олноор нэмэгдэж хажуугаар нь хуванцар сав болон архины шил задгай хөглөрч харагдах нь тэр. Нар жаргах үеэр л хэн нэгэн хогоо авчирч хаяад байгаа нь ойлгомжтой байв. Эсвэл хашааны буланд хог хаях зориулалтай гэж ойлгосон байж болох юм. Магадгүй энд хэн нэгэн хогоо хаячихсан байхад бусад хүмүүс хаяж болно гэсэн хандлагай хүмүүс ч олон байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн гудамж, талбай гэлтгүй орон сууцнуудын хонгил, буланд хүртэл хур хогыг овоолчихсон байхтай олон удаа таарсан байх. Тухайн орон сууцанд амьдардаг өрхүүд энэ үйлдлээ СӨХ-ын зохион байгуулалт, цэвэрлэгээтэй холбож өөрсдийгөө өмөөрнө.
Үүний оронд бусдын дутагдлыг даган дуурайж, өөгшүүлэхийн оронд хаясан хогийг нь хогийн саванд хаях ухамсар, соёлтой байх хэрэгтэй. Хотын соёл гэдэг ойлголтыг хүн бүр өргөн утгаар өөрсдийнхөөрөө ойлгодог. Харин соёлыг түгээж, бусдыг зөв дадалд уриалахад бидний ухамсар хамгийн чухал. Ядаж л “Хог хаяхыг хориглоно” гэсэн тэмдгийн доор ууттай хогоо овоолохгүй байх хэрэгтэй. Цаашлаад ил задгай хог хаяхаас гадна, хийхийг хориглосон уриалга, санамжуудыг үргэлж зөрчих хандлага бусдын дунд ажиглагдах юм. Жишээлбэл, захын их дээд сургуулийн оюутны ширээн дээр доорх дүр зураг үзэгдэнэ.
Энэ хандлага нийгмийн аль ч шатанд байдаг. Балчир хүүхдээс эхлээд, ахмадууд, оюутан залуус, охид бүсгүйчүүдээс эхлээд зохисгүй үйлддүүдийг буруутгаж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэхийн оронд өөрсдөө түгээдэг. Жишээлбэл, хогны машин ирэхээс өмнө хогоо хашаанаасаа гаргахгүй, ширээн дээр балаар бичиж болохгүй, автобусны зогсоол дээр машин зогсоохыг хориглоно гэх мэт маш олон анхааруулга, уриалгыг мэргэжлийн байгууллага, зохих удирдоагууд өдөр шөнөгүй түгээсээр байхад л үргэлж үл тооцгооно. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ. Алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг зүйр цэцэн үг байдаг даа.
Сэтгэгдэл бичих