Сурвалжилга: Түгжрэлийн үеэр зам засварын ажлаа давхцуулж, зам хааж байгаад иргэд бухимдаж байна

Хэдхэн хоног хүлээчихвэл шинэ замаар сэлүүхэн зорчих байх гэсэн иргэдийн хүлээлт байсаар л...

      Өглөөнөөс шөнийн бүрий хүртэл тасралтгүй хангинах дуут дохио. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан, үзүүр нь үл харагдах уртаас урт машины цуваа. Өнөөх л түгжрэлд гацаж цагаа барсан өдрүүдээр нийслэл хот амь орох шиг. Гэвч нийслэлийн шугам сүлжээ, зам засвар шинэчлэлийн ажлуудыг хийж буйтай холбоотойгоор хэдэн хэдэн байршилд зам хаагаад буй. Хэдхэн хоног хүлээчихвэл шинэ замаар сэлүүхэн зорчих байх гэсэн иргэдийн хүлээлт байсаар л. Зам хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж эхэллээ, тухайн замуудыг ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө нээнэ хэмээн удаа дараа мэдээлж байсан. Гэвч хичээл, сургууль эхэлж, хөл хөдөлгөөн ихэссэн энэ үеэр хаалттай хэвээр. Иргэд шинэ замаа хурдан ашиглалтад өгч, хөдөлгөөний ачааллыг бага ч болтугай бууруулах хэрэгтэй байна хэмээн ихээр шүүмжилж, байр сууриа ч илэрхийлсээр байна. Иймд бид зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаж, замын ажлыг гүйцэтгэж буй үйл явц хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжиллаа.

 “Дарь-Эхийн замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг ойрын өдрүүдэд нээнэ”

Бид шинэчлэлийн ажил хийгдэж буй авто замуудын үйл явц тэр дундаа олон нийтийн дунд хамгийн их шүүмжлэлийг дагуулаад буй Дарь-Эхийн авто замын асуудлаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индрагаас тодруулав. 

-Нийслэлийн хэмжээнд хичээл сургууль эхэлж хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Мөн зам засварын ажлаас үүдэн хэд хэдэн замыг хааснаас замын хөдөлгөөний ачаалал, түгжрээ их байна. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар хичнээн байршилд зам засвар, шинэчлэлийн ажлуудыг хийж байна вэ?

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2020 онд  нийт 65 мянган ам.метр замд нөхөөс ажил хийхээс  95 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин заадасны ажил 100, арчлалтын ажлууд график төлөвлөгөөний дагуу 80  хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийт ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байгаа. Зам засварын ажлыг замын хөдөлгөөний ачаалал ихтэй өдрийн цагаар хийдэггүй.  Оройн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хийж гүйцэтгэдэг. Харин өнөөдрийн байдлаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хоёр байршилд авто замын шинэчлэлт хийж байгаа нь эрчим хүчний гудамжны 6 км, Дарь - Эхийн 3.3 километр авто зам юм.

-Авто замын шинэчлэлийн ажилд улсаас хэр хэмжээний хөрөнгийг зарцуулахаар төсөвлөсөн байдаг вэ. Дарь-Эхийн замын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгах талаар өмнө мэдээлж байсан. Замын ажил яагаад удааширалтай байна вэ?

-2020 онд нийт 15.8 тэрбум төгрөг зам засварын ажилд зарцуулахаар батлагдсан байгаа. 2020 оны есдүгээр сарын 01-нээс өмнө шинэчлэлт хийгдэж буй авто замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажилласан боловч үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажлууд төлөвлөгөөт хугацаанаас хойшилсон. Энэ нь технологийн горимыг алдагдуулахгүй төсвийн мөнгийг үргүй зардал болгохгүй чанар стандартыг хангах  үүднээс хүлээхээс өөр аргагүй нөхцөл байдал юм. Дарь-Эхийн замтай холбоотой асуудлаар тухайн суурьшлын бүсэд амьдарч буй иргэдийн зүгээс хамгийн их гомдол санал ирдэг тул замд нөхөөс хийхгүйгээр их засвар хийе гэсэн шийдвэрийг дэвшүүлснээр шинэчлэлийн ажил хийгдээд явж байна. Улсын төсөвт өртөгт Дарь-Эхийн замын борооны ус зайлуулах, шугам сүлжээний хөрөнгө өмнөх онд тавигдсан байсан хэдий ч тухайн тендэрт ААН ороогүй учраас замын ажлыг эхлүүлэхэд хүндрэл үүссэн. Сонгон шалгаруулалтад тэнцсэн ААН өмнө нь байсан долоон шүүрт худгийг 21 болгож нэмэгдүүлсэн. Мөн замын ажил эхлүүлэхээр геологи, геодизийн ажил хийгдэх явцад гол хэсгээс шаварлаг хөрс гарч ирсэн. Уг зам дээгүүр хүнд ачаа тээврийн машинууд их зорчдог учраас шаварлаг хөрсийг нь сольж, чанартай авто зам хийхийг зорьсон.

-Зам засварын ажлын хуваарийг эрт гаргах боломж байгаагүй юм болов уу?

-Бид жил бүр авто замын төлөвлөгөөт урсгал засварыг хийж Нийслэл хотын авто замын арчлалтын ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэ жилийн зам засварын ажил 2020 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Технологийн горим алдагдуулахгүйн улмаас цаг агаар дулаарахыг хүлээдэг. 

 “Бороо орох үед замын ажлыг үргэлжлүүлвэл техникийн горим алдагдана”

Манай сурвалжилах баг шинэчлэл хийгдэж буй замын ажил яагаад удаашралтай байгааг газар дээрээс нь тодруулахаар Дарь-Эх орчимд хүрч очив.  Нийслэлийн Баянзүрх дүүргийн II болон XXVII хорооны нутаг дэвсгэрийг хамрах Дарь-Эхийн гудамжны 3.3 километр авто замд ус зайлуулах шугам угсрах, замыг шинэчлэх болон бусад ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар хамтран хийж, гүйцэтгэгчээр “Зэст хөлөг” компани ажиллаж байгаа билээ. Ийнхүү долдугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг хааж, ажлаа эхлүүлсэн ч төлөвлөгөөт хугацаанаасаа аль хэдийн өнгөрөөд буй.

Дарь-Эх чиглэлийн авто замын ажлын хариуцаж буй “Зэст хөлөг” компаний ерөнхий инженер С.Батхишиг “Зорчих хэсгийг яаралтай нээхээр ажиллаж байна. Замын ажлыг эхлүүлэхээс өмнө авсан байх ёстой зөвшөөрөл, бичиг цаасны асуудал удааширалтай байснаас шинэчлэлийн ажил оройтож эхэлсэн бөгөөд 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө төсөвлөгдсөн. Цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалж удаашрал үүссэн тал бий. Учир нь асфальтан хучилтыг хуурай нөхцөлд хийх ёстой байдаг. Хэрвээ бороо орох үед ажлаа үргэлжлүүлвэл техникийн горим алдагдана гэсэн үг” гэв.  

Биднийг очих үед Дарь-Эхийн замын хучилтын ажил эхэлсэн байв. Хучилтын ажлыг хийсний дараагаар ойрын өдрүүдэд Дарь-Эхийн шинэ замын зорчих хэсгийг нээх гэнэ. Харин бусад тохижилтын ажлуудыг хөдөлгөөнд саад болохгүйгээр үргэлжлүүлэх аж. Ямартай ч ид түгжрэлийн үеэр замын урсгалыг сааруулах нэг ч болтугай замыг ойрын өдрүүдэд нээнэ гэдгээ албаны хүмүүс хэллээ. Харин одоо уг замаа хэзээ нээхийг харах л үлдлээ.   

"Их хэмжээний усархаг бороо орсны улмаас 20 болон түүнээс дээш жилээс дээш насжилттай авто замуудад эвдрэл үүссэн"

Жилийн жилд үерийн ус авто зам дээр хамгийн их тогтоолдог гэх шүүмжлэл дагуулсаар ирсэн Дарь-Эхийн замд эвдрэл ихээр үүссэн байсан тул шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр болсон нь лавтай. Тэгвэл үерийн ус авто замын зорчих хэсгээр урсаж замын элэгдэл, эвдрэлийг бий болгосоор байгаагийн шалтгаан юунд байгааг бид албаны эх сурвалжаас тодруулахад “Сүүлийн 6-8 дугаар саруудад их хэмжээний усархаг бороо орсны улмаас 20 болон түүнээс дээш жилээс дээш насжилттай авто замуудад эвдрэл үүссэн. Улаанбаатар хотын 1100 гаруй километр автозамын 65-70 орчим хувь нь 15 болон түүнээс дээш насжилттай авто замууд байдаг.

Зам эвдэрч буй үндсэн хоёр хүчин зүйл бий. Үүнд, иргэн ААН зөвшөөрөгдсөн газраа буухгүйгээр үерийн жалга сувгийг хааснаар гэр хорооллын дундах замыг дамжин хотын төвийн замууд руу их хэмжээний ус орж ирдэг. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд гэр хороолол дундуур авто замыг түлхүү шинээр тавих болсон. Ингэхдээ гэр хорооллын бүсэд борооны ус зайлуулах төвийн шугам сүлжээ байхгүйтэй холбоотойгоор замын хажуу хэсгээр үерийн жалга, суваг ухаж шийддэг. Гэтэл зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд хашаагаа явган хүний зам руу тулган барьж, үерийн даланг хааж барилга, байгууламжаа барьснаас үүдэж үерийн ус авто зам руу орж ирж урсах нөхцөл үүсэж буй юм. Гэр хорооллын өндөрлөг газраас орж ирсэн үерийн ус хотын төвийн шүүрт худгуудыг бөглөдөг асуудлууд ч бий. Харин дараагийн хүчин зүйлд нийслэл хотод урин дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор барилгын ажил ихээр хийгддэг. Барилгын компаниуд барилгын материалын жин тонноо хэтрүүлж зөөвөрлөснөөс насжилттай авто замууд дээр эвдрэл үүсдэг” гэж байлаа.

“Зам засвар, шугам сүлжээний ажил давхцаж замуудыг хаасан нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна”

Саяхан автобусанд явсан хүмүүс элдвийг ярилцаж явах зуур 3, 4-р хорооллын замын дундуур байрлах явган хүний зам дагуу хэсгийг ухаж, шугам угсрах ажил эхлүүлснийг хараад “Энэ доороос алт гарч ирнэ гэж боддог юм байх даа. Жил бүр л шугам холбоно гээд л газар ухаж харагдах юм” хэмээн ярьж байлаа.

Шугам сүлжээний ажлыг хийхийн тулд нийслэлийн замыг хайр найргүй хуулж, барилгын ажил явуулдаг болсоор удсан. Харин энэ байдлыг шийдэх гарц гаргалгаа байдаг нь олон улсад хонгилын систем гэж нэрлэгддэг байна. Энэ нь шугам, сүлжээнд эвдрэл гарсан тохиолдолд хонгилоор дамжин орж, үүссэн асуудлыг шийдэх, засвар хийх боломж аж. Ихэнхдээ Европын орнуудад энэ системийг ашигласан байдаг байна. Хот төлөвлөлтийг анх хийхдээ газар доогуур хонгил гарцуудыг хийж өгдөг бөгөөд түүгээр засвар хийх машинууд орох боломжтой байдаг гэнэ. Гэхдээ олон улсын энэ жишгийг манайд хэрэгжүүлэхэд тун хэцүү. Тэгвэл одоо байгаа нөхцөлдөө тохируулан хийгдэж буй шугамын ажлууд эхлээд буй билээ. Бид Баянбүрд-Дөлгөөн нуур зочид буудал хүртэлх авто замын хэсгийг хааж, шугам угсрах ажил үргэлжилж буй талбайд очив.

Шугамын ажил хийгдэж буй талбайн хажуугаар ногоон өнгийн хамгаалах торыг татжээ. Ногоон тороор заагласан замын хажуугийн нарийхан хэсгээр иргэд нааш цааш холхиж байв. Баянбүрдийн замын хааснаар тухайн хэсэгт үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлдэг ААН, хувь хүмүүст хүндрэл үүсэж, ажилдаа ирэхдээ тойруу замаар ирж байгаагаа ч учирлаж байв.

Иргэн Г.Мягмардулам:  Хүүхэд байтугай том хүн ч хажуугаар нь өнгөрөхөд хэцүү байна

-Би Баянбүрдийн уулзварын хажууханд ажилладаг. Өглөө бүр ирэхдээ тойруу замаар явж ирж байна. Энд шугам сүлжээний ажлаа өдийд хийдэг нь ямар учиртай болохыг сайн мэдэхгүй юм. Мөн энэ хавиар алхах үед  аюулгүй байдлаа хангаж чадахгүй байна. Бага насны хүүхэд ганцаараа явах эрсдэл ч их харагдаж байна шүү дээ. Зарим үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудад ч хүндрэл үүсэж байгаа байх. Тоос шороо манарах асуудал бол энүүхэнд. Эртхэн л энэ засвар, шинэчлэлийн ажлаа хийж байхгүй дээ гэж бодох юм. 

 

Иргэн С овогтой М: Хөдөлгөөн бага байх үеэр засвар, шугам сүлжээний ажлаа хийх хэрэгтэй байсан

-Би нэг л зүйлийг гайхаж байна. Долдугаар сард наадам, амралт зугаалга гээд нийслэлийн хөл хөдөлгөөн бага байх үеэр энэ шугам, сүлжээ, засварын ажлуудаа яагаад хийж болоогүй юм. Заавал хөл хөдөлгөөн оргилдоо хүрсэн энэ үед зам хааж хүмүүст хүндрэл үүсгэж байгаа хэрэг вэ. Би энэ хавьд ажилладаг юм. Бас хүүхдээ ч сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх ажил их. Гэтэл энэ орчмын зам маш их түгжрээтэй байгаагаас алхахаас өөр аргагүй байна. Хажуугаар нь явах үед тоос манарах, дуу чимээ их гээд л асуудал их шүү дээ. Жил бүр давтагддаг асуудлынхаа зохицуулалтыг  хавар эртнээс хийхээр зохицуулдаг байвал зүгээр санагдаж байна.  

 “Баянбүрд-Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх шугам хоолой угсралтын ажил гурав хоногийн дараа дуусах ёстой”

Тэгвэл Баянбүрд-Дөлгөөн нуур хүртэлх шугамын ажил хэзээ дуусах вэ. Тухайн хэсэгт хийж буй инженерийн шугам, сүлжээ угсралтын ажлын үйл явцыг тодруулахаар “Грийн ресорс” компаний ерөнхий инженер С.Ганбаатараас тодрууллаа. Тэрбээр “1973-1978 онд ЗХУ-ын тусламжтайгаар 900-гийн ган хоолойг угсарсанаас хойш Улаанбаатар хотын хэмжээнд байх хоёр усан санг холбосон нэмэгдэл цэвэр, бохир усны шугам хоолойг угсрах ажил явагдаж байгаа юм. Нийтдээ 4 мянган метр газарт хоолой угсрах төлөвлөгөөтэй. Уг угсралтын ажилтай зэрэгцэж Улаанбаатар хотын хойд бүс дэх гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор ес болон 25-р коллекторуудыг хооронд нь холбох 600гийн зөөлөн ширмэн бохир усны шугамын угсралт нэг сувагт явагдаж байгаа юм. Угсралтын ажил нь үндсэндээ Баянбүрдийн уулзвараас 100 айлын уулзвар хүртэл үргэлжилнэ. Бид энэ ажлыг хийх явцад технологийн нэг хүндрэл гарч ирсэн нь хөрсний усны асуудал. 2015 онд хийгдсэн хөрсний усны судалгаагаар хөрсний усыг 3.2 метрийн гүнд байх ёстой гэж тооцож байсан боловч угсралтын явцад уг усны төвшин нь 2.6 буюу 60-70 см зарим газраараа нэг метр өндөрт гарч ирсэн учраас ажил удааширалтай явагдаж байгаа тал бий. Гэхдээ одоогийн явж байгаа Баянбүрдийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх ажил ойрын долоон хоногт дуусах юм. Долдугаар сарын 04-ны өдрөөс ажлыг хэсэгчлэн эхлүүлсэн байдаг. Эхэн үедээ бид амралтын өдрөөр шөнийн цагаар ажлаа эхлүүлэх гэж оролдсон боловч хөрсний усны байдлаас шалтгаалан нуралт үүсч байсан тул боломжгүй байдал үүссэн. Иймд нийслэлийн зохих хүмүүс ажлын графикийг эргэн харж үзээд төлөвлөгөөг дахин гаргасан.

Шугам хоолой угсралтын ажил гурав хоногийн дараа дуусах ёстой. Гэхдээ нэг шинэ байдал үүссэн байгаа. Ухсан байгаа газрын нүхийг гарсан шороогоор нь эргүүлэн булж, замаа тавих ёстой. Гэтэл шавартай, нойтон барилгын хаягдалтай муу хөрс шороо байгаа тул хөрсийг 100 хувь солихоос өөр аргагүй болсон учраас хайрга, зориулалтын дайрга шороогоор хучилт хийж байгаа нь нөлөөлөх болов уу. Өмнө нь зам дээрээ  хайрга дэвсэж, асфальт тавьдаг байсан бол энэ замд гурван метрийн зузаан дайрга,  хайрга дээр асфальт тавьж байгаа учраас Улаанбаатарт сайн зам тавьж байгаа.

Замын хөдөлгөөнд саад учруулж, хүүхэд багачуудыг хичээл сургуульд нь хүргэж өгөх, авах зэрэгт хүндрэл үүсгэж байгаад хүлцэл өчье. Гэхдээ эцсийн дүндээ энэхүү ажил бол ирээдүйн Улаанбаатар хотын усны нөөцийг нэмэгдүүлж, усан санг томруулахад зайлшгүй шаардлагатай цэвэр усны шугам, хойд зүг дэх гэр хорооллын айлуудын дахин төлөвлөлтийг хийж орон сууцжуулахад зайлшгүй шаардлагатай бохир усны шугамыг угсарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэлээ.

Зам шинэчлэлийн ажлаас үүдэж зам хаах нөгөө талдаа шугам сүлжээний ажлыг давхцуулсанаас нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл хөл толгойгоо олохоо больсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Харин энэ асуудал улс ажлаа хийж дууссан цагт л эмх цэгц, эрэмбэ дараалалдаа орох шинжтэй. Хэдий иргэдийн зорчих орчин нөхцлийг сайжруулж, үр дүнтэй олон боломжоор хангаж чадах ажил боловч ямар ч ажлыг цагт нь тулгаж хийдэг “ЗАН”-гаа хэзээ тавих вэ, түшээд ээ.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.67Зочин   • 2020, 9 сарын 7. 13 цаг 05 минут

Arai 90-eed ony zuragnuud bish bgaa daa? Arai muuhai bna shuu

192.82.70.120Зочин   • 2020, 9 сарын 7. 12 цаг 39 минут

suirtsen hot yumaa

58.109.221.157Зочин   • 2020, 9 сарын 7. 11 цаг 46 минут

Mashinii toog bagasga Ih deed surguuli tom zahuudiig hotoos garga Tegvel tugjrel baihgui bolno zasvaraa taivan hii

150.129.140.151Зочин   • 2020, 9 сарын 7. 11 цаг 25 минут

MAN ZASAGLAHAARAA L ZAM,SANGIIN AJILUUDIIG 9N SARD HIIJ EHELDEGEE BOLIMOOR YUMAA AN-N UED 5N SARAAS HIIJ BOLOOD L BAISAN SHDEE HICHEEL SURGUULI EHELHEER L ZEREGTSEED ZAMUUDAA ZASAAD EHLEH YUM ZUNJINGAA HIIJ BOLNODOO

202.126.89.67Зочин   • 2020, 9 сарын 7. 13 цаг 06 минут

Songuuliin mungo hereggtei shuu dee

182.160.33.124Зочин   • 2020, 9 сарын 7. 11 цаг 04 минут

8 сард хийж болох юмыг 9 сард хийж түгжрэлийг улам галзууруулж байна даа

103.57.93.156Зочин   • 2020, 9 сарын 7. 10 цаг 17 минут

Жил жилд л ийм байдаг. АН ч тар МАН ын үед ч тэр ийм л байсан

66.181.168.131   • 2020, 9 сарын 7. 8 цаг 43 минут

Haashaach nertein dari eh

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.