Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюүкигийн урилгаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тэргүүтэй төлөөлөгчид тус улсын ЭСЯ-нд бараалхан , "Токио 2020" олимпийн наадмын бэлтгэл ажил , Монголын багийн хөгжөөн дэмжигчдийн визний асуудал, олон жуулчдын сэтгэлийг татдаг Токио цамхагийн гадна талбайд байгуулах "Mongolian House" төсөл, их спортын карьер нь өндөрлөсөн тамирчдыг Япон улсад суралцуулах боломж , өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал бодлоо нухацтай солилцов.
Уулзалтад ОУОХ-ны гишүүн,"Токио 2020" Монголын багийн ахлагч ( Шеф-де-миссион ) Б.Баттүшиг, МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничиро, Соёлын хэлтсийн дарга Ичиока Акира нар оролцлоо.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюүки "Бээжин 2008" олимпийн наадмаас Монголын баг анхны алтан медаль хүртсэн үеийг эргэн дурсахад таатай буйгаа илэрхийлээд "Олон улсын тавцанд амжилт үзүүлсэн тамирчин нь спортын замналаа дуусгасны дараа нийгмийн амьдралд шилжих асуудал маш чухал сэдэв бөгөөд цаашид бид энэ чиглэлээр тухайн тамирчныг хэрхэн дэмжих арга замыг тууштай судалж, мэдээлэл солилцох болно. Токиогийн Олимпийн наадмын үеэр дэлхийн олон орноос спортын жуулчид, хөгжөөн дэмжигчид Япон улсад очно. Тэдгээр жуулчдыг Монгол улсад мөн аялуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Монголын баг тамирчдад олимпийн өндөр амжилт хүсье" хэмээн ерөөлөө.
Элчин сайд Кобаяаши Хироюуки нь Монгол хэл судлаач мэргэжлээр АНУ-ын Индианагийн их сургууль, МУИС-д тус тус суралцсан бөгөөд 1986 онд Монгол дахь Японы ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга, 2005 онд Монгол дахь Японы ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Дипломат байгууллагын дэд тэргүүнээр ажиллаж байсан ба 2019 оны 11 дүгээр сараас Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих