Өнгөрсөн даваа гаригт УОК, Засгийн газар хуралдаж, энэ сарын 21-нээс эхлэн хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргав. Энэхүү шийдвэр гарсанаар цэцэрлэггүй үлдсэн 77 мянган хоёр настай хүүхдийн асуудал нааштайгаар эргэж, хүүхдээ хараад гэртээ сууж байсан эцэг эхчүүдийн асуудал шийдэгдэхээр болсон юм. Харин одоо засгийн газрын шийдвэр хэзээ биеллээ олж, хоёр настнуудаа цэцэрлэгт хамруулах вэ гэдэг нь эцэг, эхчүүдийн дунд хүлээлт үүсгэж эхэллээ.
Иймд манай сурвалжлах баг цэцэрлэгүүд хоёр настнуудаа хүлээн авахад бэлэн байгаа эсэхийг сурвалжиллаа.
Бид эхлээд Баянзүрх дүүргийн 147-р цэцэрлэгт очив. Биднийг очих үед тус цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар сургалтад явсан байлаа. Харин цэцэрлэгийн үүдэнд бага насны бяцхан охиныг хөтөлсөн эмэгтэй цэцэрлэгийн жижүүрээс “Танай дарга хэзээ ирэх вэ. 2 настай хүүхдүүдийг хэзээнээс эхэлж авах уу. Яаж бүртгүүлэх үү” гэдгийг тодруулж байв. Цэцэрлэгийн жижүүрт “Дарга нар мэднэ” гэдгээс өөр хариулт үл олдоно. Бид хүүхдээ хөтөлсөн эмэгтэй О.Мөнхжаргалтай цөөн хором хөөрөлдөв.
-Хүүхдээ үлдээгээд буцах хамгийн найдвартай газар бол улсын цэцэрлэг-
Тэрбээр “Хоёр настнуудыг бүртгээд эхэлчихвэл хурдан хүүхдээ бүртгүүлмээр байна. Ер нь хүүхдээ үлдээгээд буцах хамгийн найдвартай газар бол улсын цэцэрлэг. Би Баянзүрх дүүрэгт 30 гаруй жил амьдарсан хүн. Одоогоор энэ хавьдаа Хүүхэд харах үйлчилгээ байдаг эсэхийг мэдэх ч үгүй юм байна. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсанд маш их баярлаж байгаа. Гэхдээ бүртгүүлж чадах болов уу гэсэн айдас байна" гэв.
Хүүхдээ цэцэрлэгт бусдаас амжиж бүртгүүлэх гэсэн эмээ охиноо хөтөлсөөр яаран ирсэн нь энэ байж. Түүний дагуулсан хоёр настай охины ээж, аав нь гадаадад ажиллаж яваад хил хааснаас болж одоог хүртэл Монголдоо ирж чадахгүй байгаа аж. Бид дараа нь тус цэцэрлэгийн арга зүйчээс дараах тайлбарыг авлаа.
-Анги дүүргэлтийн асуудлаас болж хоёр настай хүүхдүүдийг авах боломжгүй байна-
Баянзүрх дүүргийн 147-р цэцэрлэгийн арга зүйч Н.Алагцэцэгээс “Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын шийдвэр гарсан ч одоогоор бидэнд ямар нэгэн үүрэг, чиглэл ирээгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдээс чиглэл ирнэ. Энэ жил таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах ёстой гэсэн учраас бага ангийн бүлгүүдийн анги танхимд 80 гаруй хүүхэд авчихсан байна. Нэг анги дүүргэлтийг 40 хүүхдээр барих чиглэл ирсэн учраас хоёр настнуудыг авах боломжгүй байгаа. Одоо ч гэсэн анги дүүргэлтийн хэмжээ хэтэрсэн. Нэг ангид 40 хүүхэд байх ёстой бол манайд нэг ангид 50 хүүхэд байна. Тиймээс хоёр настнуудыг авах боломжгүй гэдэг судалгаагаа удирдах байгууллагад хүргүүлсэн" гэлээ.
-Холимог бүлэг үүсгэх чиглэл ирвэл 2, 3, 4 настай хүүхдүүд нэг ангид хичээллэнэ-
Харин 129-р цэцэрлэгт очих үед цэцэрлэгийн эрхлэгч эзгүй байсан тул арга зүйч Т.Сайнжаргалаас тодруулга авлаа.
Тэрбээр “Одоогоор хоёр настнуудыг авах ямар нэгэн үүрэг, чиглэл ирээгүй байна. Үүрэг, чиглэл ирсэний дараа л хүүхдүүдээ хамруулж эхлэх байх даа. Хуучин нэг ангид 50 хүүхэд хамруулдаг байсан бол одоо 25-аар нь хоёр бүлэгт хуваасан. Харин өнөөдрийн байдлаар хоёр бүлэгт хуваасан хүүхдүүдээ нэгтгээд нэг бүлэг болгоод байж байна. Энэ жил 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах шаардлагатай учраас хоёр настнуудыг авдаг бүлэгтээ 5 настай хүүхдүүдийг хамруулаад байсан. Тэгэхээр одоо хоёр настнуудыг нэмж авах боломжгүй л байдалтай байна. Манай цэцэрлэгт 14 бүлэгт 728 хүүхэд хамрагдаж байгаа. Хоёр настай хүүхдүүдийг авахад ямар чиглэл ирэхийг сайн мэдэхгүй байна. Холимог бүлэг үүсгэх болвол тэр чиглэлийг баримтлан ажиллана. Холимог бүлэг гэдэг нь 3-4 настай хүүхдүүдтэй нэг ангид хамт хичээллэнэ гэсэн үг юм” хэмээв.
-Эцэг, эхчүүд хоёр настай хүүхдүүдийг хэзээнээс хамруулж эхлэх талаарх мэдээллийг маш их асууж байна-
Бидний дараагийн очсон цэцэрлэг бол Баянзүрх дүүргийн 204 дугаар цэцэрлэг байлаа. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунчимэг “Ямар нэгэн чиглэл ирээгүй байна. Өнөөдөр энэ талаар 11:00 цагийн үед биднээс судалгаа авсан. Энэ судалгааг үндэслэн БШУЯ, Нийслэлийн боловсролын газраас үүрэг ирэх болов уу. Манайх бага ангид хүүхэд элсүүлэх боломжгүй байгаагаа мэдэгдсэн. Цэцэрлэг бүр өөрсдийн онцлогтой байдаг учраас манайхаас гадна өөр олон цэцэрлэг хүүхдүүдийг хамруулах байх. Хоёр настнуудыг авах цэцэрлэгүүд байгаа ч эсрэгээрээ авах боломжгүй газрууд ч байна. Манай цэцэрлэг дөрөвхөн бүлэгтэй. Тиймээс одоогоор хоёр настнуудыг хүлээж авах орон тоо байхгүй байна. Эцэг, эхчүүд энэ асуудлыг маш их асууж, ирцгээж байна. Бид БШУЯ-наас ирэх зөвлөмжийн дагуу зарлал хүргүүлэх талаарх мэдээллийг тэдэнд өгөөд буцаасан ”гэсэн юм.
Очсон цэцэрлэгийн бүрийн үүдэнд хоёр настнуудыг хэзээнээс бүртгэж эхлэх талаар сураг тавьсан эцэг, эхчүүд цөөнгүй байлаа.
-Цэцэрлэгийн бүртгэлийн талаарх мэдээллийг авахаар ирсэн-
Тэдний нэг нь Сүхбаатар дүүргийн иргэн н.Баянмөнх байв. Тэрбээр “Энэ сарын 21-нээс хичээл, сургууль хэвийн горимоор ажиллах гэж байхад цэцэрлэгийн бүртгэл хэзээнээс эхлэх талаар тодорхой мэдээлэлгүй байна” хэмээсээр бидэнтэй зөрөн, цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөг чиглэн алхав.
Хоёр настнуудаа цэцэрлэгт хамруулахыг хүссэн эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүдийг сахиж тэр бүү хэл мэдээлэл авахаар зорин ирэх болжээ. УОК-оос шийдвэр нь гарсан хэдий ч эцэг, эхчүүдэд цэцэрлэгт хэрхэн хамруулах талаарх мэдээллийг шуурхай хүргэж ажиллах шаардлага үүсээд байна. Цэцэрлэгүүд хоёр настнуудыг бүрэн хамруулах боломжгүй байгаад ямар зохицуулалт хийх хэрэгтэй вэ. Ихэнх цэцэрлэгүүд хоёр настай хүүхдүүдийн анги танхимд ахлах бүлгийн хүүхдүүдийг хамруулсан учраас анги танхимын хүрэлцээ, багш ажилчдын орон тоо гээд олон асуудал дахин хөндөгдөх бололтой.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
2 настай хүүхэд баас,шээсээ ч удирдаж чадахгүй гэдгийг эрхэм Ерөнхий сайд мэддэг боловуу
bolovsroliin yamni erguu oron garan maluud mergejlin hund zaigaa tavij ug
Цэцэрлэг сургууль барилаа л гэх юм тэгээд яагаад ачаалал багасдаггүй юм бэ боловсролын мэргэжилтэнгүүд гэж малнууд багшид хүүхдүүдэд ямар их ачаалал өгдөг юм бэ хорь гаран хүүхэд байх нооромтой ангид дөч тавин хүүхэд өгчихөөд юу бодож суудаг юм бол до өөрсдийг нь ингэж ажил гэвэл яаж хачин царайлах бол до салбарын сайд нь энэнд анхаарлаа хандуулмаар юмаа олон хүүхэд бужигнаад хүүхэд юу сурах вэ дэ зайлуул .