Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийг өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар гадаадаас эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийн тоо 10803 болж буураад байна. Хоёр, гурван хоногийн өмнө 11800 орчим байсан. Энэ сард бид буцах хүсэлтэй хүмүүсийн тал нь буюу 5028 хүн байгаа Солонгос улс руу 4 удаагийн нислэг үйлдэж, 1000 орчим иргэнийг эх оронд нь авчирна.
Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өндөр байгаа таван улсыг нэрлэе. Солонгост 5028, АНУ -д 2128, Казахстанд 826, Турк улсад 794, Австралид 480 нутаг буцах хүсэлт гаргасан хүн байна. Энэ сард транзит нислэгийг 3 удаа хийнэ. Сарын сүүлчээр АНУ-ын Сиатл хот руу нисэж, нийтдээ 850 орчим иргэнийг АНУ-аас авчирна. Нутаг буцах хүсэлтийн иргэдийн дунд санхүүгийн хүндрэлд орчихсон, тийзээ худалдаж авч чадахгүй хүмүүс бий. Тэдгээр иргэдийн мэдээллийг Элчин сайдын яамнаасаа авч байгаа. Үнэхээр санхүүгийн хүндрэл орсон иргэдийн асуудлыг Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн шугамаар шат дараатай шийдвэрлэнэ.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хамтарч ажиллаж байгаа. Тус байгууллагаас манай улсын 80 орчим иргэнд тусламж үзүүлж, манай Засгийн газартай хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Энэ ажлыг тун ойрын хугацаанд хийнэ гэдгийг та бүхэндээ мэдэгдье.
Хятадын Гадаа хэргийн сайд Ван И манай улсад айлчлал хийж байна. Өчигдөр /2020.09.15/ Гадаа харилцааны сайд Г.Энхтайван Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээр хийсэн. Сайд нарын хэлэлцээрийн үеэр Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах гэх мэт олон асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрсэн. Мөн зарим баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Бид дэлгэрэнгүй мэдээллийг маргааш олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах болно.
Короанвирусийн улмаас цахим худалдаа нэмэгдсэн. Манай иргэд гадаад улс руу цахим худалдаа, гүйлгээ хийхдээ залиланд өртөх тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Ялангуяа БНХАУ руу шилжүүлэг хийгээд, бараа, материалаа авч чадахгүй байна. Тайланд, Индонез руу захиалга хийгээд, авч чадахгүй байна гэх гомдол ирж байгаа. Энэ гомдлуудын мөрөөр бид Элчин сайдын яамтайгаа хамтраад ажиллана. Гэхдээ цахим залиланг илрүүлэхэд, хохирлыг барагдуулахад хүндрэлтэй байдаг. Тиймээс иргэд гадаад улсаас худалдан авалт хийхдээ баталгаатай, албан ёсны байгууллагаас авахыг анхааруулж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих