Г.Мягмарсүрэн: Нөхөн үржихүйн эрүүл мэндэд анхаарал хандуулах тохиромжтой арга нь "ОХИДЫН ҮЗЛЭГ" биш

“Охидын дуу хоолой” судалгаагаар охидын үзлэг нь хүний эрхийн зөрчил мөн болохыг бодитойгоор тайлбарлахыг зорьсон"

Монгол улсад өсвөр насныханы нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих зарим ажлууд хийгддэг нь сайшаалтай. Гэвч сүүлийн жилүүдэд ЕБС-иудын сурагчдыг охидын үзлэгт хамруулах болсон нь охидын бие махбод, нэр төр, хувийн нууцтай байх, халдашгүй байх эрхийг зөрчиж байна хэмээн олон улсын байгууллагууд үзсэн. Тэгвэл өсвөр үеийнхэн хамтран хүүхэд удирдлагатай “Охидын дуу хоолой” судалгааг хийсэн байна. Тэд охидын үзлэг, түүний өсвөр үеийнхэнд үзүүлэх нөлөөлөл, байр суурийг судалгааны ажлын сэдвээ болгосон аж. Бид “Охидын дуу хоолой” судалгааны удирдагчтай уулзаж, хийсэн судалгааны ажил болон охидын үзлэгтэй холбоотой сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Гансүхийн Мягмарсүрэн гэдэг. Би Баянгол дүүргийн 73-р сургуулийн 12Б ангид суралцдаг.

-Саяхан “Охидын дуу хоолой” судалгааны ажлыг хийж дуусгасан гэсэн. Судалгааныхаа талаар ерөнхий мэдээллийг өгөхгүй юу?

-Миний хувьд 2019 онд Азийн долоо дахь удаагийн хүний эрхийн шагналтан болж, “Охидын дуу хоолой” төслийг санаачлан, эх орондоо энэхүү судалгаагаа удирдан явуулсан. Энэхүү судалгаа нь Ерөнхий боловсролын сургуулиуд дээр хийгддэг охидын үзлэгийн талаар охид өөрсдөө ямар бодолтой байгааг мэдэх, энэ нь яагаад охидын эрхийн зөрчил болж буйг тайлбарлахыг зорьсон юм. Ингэхдээ охидын үзлэг нь тэднийг аливаа эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тохирсон арга мөн эсэх талаар нарийвчилсан мэдээллийг бэлтгэж, энэ хүрээнд шинэ мэдээ, мэдээллийг тодруулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, охидын үзлэг гэсэн сэдвээр хийгдэж буй анхны судалгаа болж байгаа юм.

-Мэдээж өсвөр үеийнхэнд тулгамддаг асуудлууд маш их. Тэр дундаас охидын үзлэгийг судалгааны ажлынхаа сэдэв болгож авсан нь анхаарал татаж байна?

-Судалгааг хийх боломжийг олгосон  “Гүнж” ТББ-аас 2019 оны аравдугаар сард “Биднийг сонс” охидын эрхийн гуравдугаар чуулганыг хийсэн. Энэхүү чуулганд оролцсон охидын олон талт төлөөллүүд өнөөгийн нийгэмд охидын өмнө тулгамдаж буй хүний эрхийн зөрчил юу байна вэ гэх асуултад охидын үзлэг гэх ялгаварлан гадуурхалтын шинжтэй хүний эрхийн зөрчил одоог хүртэл байсаар байгаа нь бидний эрхийн хэрэгжилтэд саад учруулж байна гэж үзсэн. Иймд “Охидын дуу хоолой” судалгааны хүрээнд охидын үзлэг гэсэн сэдвийг сонгон авч, судлахаар шийдсэн.

-Судалгааны хүрээнд охидын үзлэгтэй холбоотойгоор ямар, ямар асуудлуудыг хөндөв. Ингэхдээ судалгааны цар хүрээгээ хэрхэн тавьсан бэ?

-Судалгаанд Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 7 - 12 дугаар ангийн 370 охидыг (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулан) түүврийн журмаар хамруулсан. Судалгаа авах сургуулиудыг тухайн сургуульд суралцагч хүүхдүүдийн төлөөллөөс ирсэн “Сурч буй сургуульд нь охидын үзлэг хийгддэг” гэх мэдээллийн дагуу сонгосон. Судалгааны асуулга, зорилготой танилцсаны дараагаар маш цөөхөн сургуулиуд судалгаа авахыг зөвшөөрсөн. Ингэхдээ судлаачдаас судалгааг авах явцдаа сургуулиудын нэрсийг нууцлах буюу бөглүүлэхгүй байхыг хүссэн юм. Иймд судалгааны цар хүрээндээ тохируулан судалгаагаа чанартай хийхийг зорьсон.

Бид охидын үзлэгтэй холбоотойгоор мэдэхийг, тандан судлахыг хүссэн зүйл олон. Нэгдүгээрт, охидын үзлэг хийж байгаа нь тэднийг эрсдэлээс хамгаалж чадах тохиромжтой арга эсэх. Өөрөөр хэлбэл, “Охидын дуу хоолой” судалгааны үр дүнгээр дамжуулан сургуулиудад хийж буй охидын үзлэг нь хүний эрхийн зөрчил мөн юм гэдгийг үзлэгийн явц дахь бүхий л үе шатаар нь тайлбарлахыг зорьсон. Басхүү нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой охидын үзлэг хийдэгт охид өөрсдөө ямар байр суурьтай байдаг, дэмждэг эсэхийг судлах шаардлага үүссэн. Аливаа хүүхдийн төлөөх байгууллагууд хүүхэд рүү чиглэсэн аливаа төрлийн ажиллагаа явуулахдаа тэдний эрх, эрх чөлөө, дуу хоолойг сонссоны дүнд хийх ажлаа төлөвлөх ёстой. Тэгвэл охидын үзлэг нь хүүхдүүдийн санал, үзэл бодлыг сонссоны дүнд хийсэн ажил мөн эсэх асуудлыг ч хөндөн гаргасан. 

-Судалгааны онцлох үр дүнгүүдээс уншигчдад маань хүргэхгүй юу?

-Мэргэжлийн эмч нар нь үзлэгийн талаар тайлбарлахдаа охидыг эрсдэлд орсон эсэхийг шалгах, хохирогч болон үйлдэгчийг илрүүлэх мөн өсвөр насны хүүхдүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд санаа тавих зорилготой хэмээн тайлбарладаг. Гэвч охидын үзлэг яагаад явагддаг талаар судалгаанд оролцогчдоос асуухад дийлэнх нь охидыг бэлгийн харилцаанд орсон эсэхийг шалгах үзлэг хэмээн хариулсан нь бидний анхаарлыг татсан.

НҮБ-аас охидын онгон хэсгийг шалгах үзлэг байж болшгүй зүйл хэмээн зарлачихаад байхад манай оронд хийгдсээр байгаа нь хүний эрхийг дээдэлсэн улсын хувьд маш том дутагдал гэж бид харж байна

-Дэлхийн олон оронд охидын үзлэг явагддаг. Манайд ч ялгаагүй охидын үзлэгийг нөхөн үржихүйн эрүүл мэнд түүнтэй холбоотойгоор хийгдэж буй үйл ажиллагаа гэж хардаг. Тэгвэл охидын үзлэг хийж байгаа байдал, түүнээс гарах үр нөлөө зэргийн талаар судалгаанд оролцсон охид ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Охидын үзлэг нь Судан, Сир гэх мэт исламын шашинтай улс оронд их хийгддэг юм билээ. Гэтэл хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улсад ийм зүйл байж болох уу гэдэгт эргэлзээ төрж эхэлсэн. Судалгаагаар охидоос охидын үзлэгийн дараа таны сэтгэл санаанд өөрчлөлт ордог уу гэж асуухад "Тухайн үедээ эвгүй байсан, хурдан дуусаасай гэж бодсон, хааяа бодоход хэцүү санагддаг" хэмээн хариулсан. Мөн судалгаанд оролцсон охидын талаас илүү хувь нь охидын үзлэгийг дэмждэггүй болохоо илэрхийлсэн.

-Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн агуулгаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээллийг хангалттай авч чаддаг уу?

-ЕБС-иудад эрүүл мэндийн хичээл зааж байгаа багш нар тийм ч нээлттэй биш.  Хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийг заахаас ичдэг, санаа зовсон байдалтай харагддаг. Үүнээс болж сурагчид хоорондоо чөлөөтэй ярилцах, хүйсийн олон талт ялгаатай байдлыг мэдэхийг хаагаад байна гэж хардаг . Судалгаанд оролцсон охидууд ч эрүүл мэндийн хичээл болон энэ чиглэлийн сургалт мэдээллийн давтамж, чанар ойлгомжтой байдал нь сэтгэлд бүрэн хүрдэггүй хэмээн ихэнхи хувь нь хариулсан байсан. Судалгааны хүрээнд гол зорьж байгаа зүйл нь урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл буюу хүүхдүүдийг өөрсдийгөө хамгаалах чадвартай болгох, өөрсдөө хэрхэн эрсдэлд орохгүй байх вэ гэдгийг сургалтаар эрчимжүүлээсэй гэж хүссэн.

-Охидын үзлэгт мөрдөгдөх журам, стандарт манайд хэр байдаг талаар судалж үзсэн үү. Жишээлбэл, үзлэг хийхдээ зөвшөөрөл авах, зориулалт бус орчин, нарийн мэргэжлийн эмч биш сургуулийн эмч үзлэг хийх, үзлэгт эрэгтэй эмч байх тохиолдол ч нэлээдгүй гарсан гэж сонсож байсан?

-Журам, стандартын хангалтгүй байдал нь хүний эрхийн зөрчил болоход хүргэж буй юм. Жишээлбэл, охидын үзлэг хийх талаар урьдчилсан мэдээллийг өгдөг үү. Энэ асуултад судалгаанд оролцсон охидын 46 хувь нь урьдчилсан мэдээлэл аваагүй, үлдсэн 54 хувь нь мэдээлдэг гэж хариулсан. Харин нэг хүүхэд багш нар үзлэг болох өдөр нь л хэлдэг хэмээсэн. Өөрөөр хэлбэл журам, стандартад урьдчилсан журмыг хэрхэн өгөх талаараа дутмаг санагдсан. Мөн судалгаанд оролцсон охидын 72 хувь нь өөрөөс нь ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэж хариулсан. Харин зөвшөөрсөн, зөвшөөрөхгүйгээс үл шалтгаалан хүчээр үзлэгт оруулна гэсэн байна. Ийнхүү үзлэгийн үед охидыг тусгаарласан, тусгаарлаагүйгээс үл шалтгаалан тэд ичиж санаа зовдог, хурдан дуусгахыг хүсдэг юм байна гэх үр дүнд хүрсэн. Мөн үзлэг хийхэд сургуулиас зориулалтын бус сул анги танхимыг гаргаж  өгдөг нь алдаа болдог.

Охидын үзлэгийг хийх эмч нь бакалавраас доошгүй зэрэгтэй, өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан эмч байх ёстой байтал энэ журам огт мөрдөгддөггүй болохыг судалгаагаар олж мэдсэн. /дэлгэрэнгүйг судалгаанаас үзэх боломжтой/

-Охидын үзлэг, түүнээс гарсан үр дүн хувь хүний нууцад багтах ёстой гэвч багш, эмч нар үзлэгт орсон хүүхдүүдийн талаар мэдээлэл задруулсан асуудлыг хүүхдүүд болон эцэг, эхчүүд ярьж байсан. Тэгвэл охидын үзлэгийн үр дүнг багш, ажилчид сайн хадгалдаг эсэх дээр ямар бодолтой байна вэ?

-Үзлэг хийхэд хамт байсан хүн, эсвэл эмч чиний хувийн нууцыг хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна уу гэх асуумжид охидын 52 хувь нь “сайн хэлж мэдэхгүй байна, энэ бол баталгаагүй зүйл” гэж хариулсан байдаг. Магадгүй багш ажилчид нууцыг хадгалсан хэдий ч хүүхдүүд хоорондоо цуу яриа үүсгэж ч болно. Цуу ярианаас болж сургуулиасаа гарсан, шилжсэн охид тохиолдлыг судалгаанд оролцсон хүүхдүүд мэднэ гэж хариулсан байдаг. Үүнээс үзэхэд эрүүл мэндийн байдлаас болж хүүхэд сурах эрхээ хязгаарлуулах нь байж болох зүйл мэтээр нийгэмд ойлгогдоход хүрч байгаа юм.

-Мэдээж өсвөр үеийнхэн жирэмслэлт, үр хөндүүлэх, хүчирхийлэл гэх мэт зүйл дээр түүнийг үр дүнг л шууд ярихаас биш асуудал үүсэх суурь шалтгааны талаар тодорхой ярьж асуудал болгодоггүй юм шиг санагддаг. Тэгвэл охидын үзлэг ч борооны дараа цув нөмрөхтэй адил болчихож байгаа юм?

-Тийм ээ. Охидын үзлэг урьдчилан сэргийлэх арга хэлбэрийн нэг мөн. Гэхдээ өсвөр үеийнхэнд тохиромжтой арга биш. Үзлэг нь охидыг айлгаж, ичээх, цаашилбал үе тэнгийнхэн хооронд таарамжгүй байдал бий болох, ялгаварлан гадуурхалтын хохирогч болох вий гэдэгт санаа зовоож байгаа асуудал юм.

-Тэгвэл аливаа эрсдэлээс урьдчилсан сэргийлэх нөгөө талдаа хүний эрхэнд халдахгүй байх тохиромжтой аргыг судалгааны үр дүнд юу гэж тогтоов?

-Нэгдүгээрт, өсвөр үеийнхэнд сургуулийн орчинд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндэд хүүхдүүд өөрсдөө хэрхэн анхаарал хандуулах ёстой, өөрийгөө хэрхэн эрсдэлээс хамгаалах талаар хичээлийг чанартай бөгөөд тогтмол заах, энэ үедээ хүүхэд бүрийг тэгш хамруулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, охидод эрсдэл тохиолдвол ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг таниулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн сүүлийн үед зөвхөн охидод охидын үзлэг хийх бус хөвгүүдэд ч хийх хэрэгтэй гэж үзэж байсан хүмүүс бий. Гэхдээ үүнтэй өсвөр үеийнхэн огт санал нийлэхгүй байгаа. Учир нь охидын онгон хэсгийг үзэх үзлэг хийж байгаа нь өөрөө хүний эрхийг зөрчсөн үйлдэл байтал түүнийг илүү өргөн хүрээнд хамруулах нь хүний эрхийн зөрчлийг гаргах, өөгшүүлж байгаатай ялгаагүй. Иймд нөхөн үржихүйн чиглэлээр хүүхдэд чиглэсэн ямар нэгэн шийдвэр гаргахын тулд өөрсдөөс нь үзэл бодлыг сонсож, ярилцсаны дүнд тодорхой шийдэлд хүрдэг байх хэрэгтэй гэдгийг судалгаагаараа гаргахыг зорилоо.

"Охидын эрхийн төлөө хөвгүүд ч нэгдсэн"

-Судалгааны багт өсвөр үеийнхэн түлхүү оролцсон гэж сонссон. Ер нь хэзээнээс судалгаагаа эхлүүлсэн бэ, судалгааны багийн талаар товч мэдээллийг өгөөч?

-Судалгааны багт “Өсвөр үеийнхний дуу хоолой” бүлэг болон Японы “Хүүхэд Ивээх сан”-аас арга зүйн зөвлөмж өгч ажилласан. Харин мэдээлэл цуглуулах ажилд Баянгол дүүргийн хүүхдийн холбоо, “Хүчирхэг хөвгүүд” ТББ-ын хүүхдүүд оролцож ажилласан. Охидын эрхийн судалгаанд эрэгтэй хүүхдүүд оролцож, дуу хоолойгоо нэгтгэснээрээ онцлог байлаа.

-Мэдээж өсвөр үеийнхний асуудлыг насанд хүрсэн эрдэмтэн, судлаачид судлах нэг өөр байх. Харин үе тэнгийнхэндээ тулгамдаж буй асуудлыг өөрсдөө судлаад явахад ямар санагдав?

-Үе тэнгийнхэнд үүсч буй хүний эрхийн зөрчлийн талаар судлахад давуу болон сул тал их байсан. Бид судалгааны асуумжаа өөрсдөө бэлдсэн. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн насанд хүрсэн хүн биш хүүхэд хүүхдэдээ тохирсон сэтгэхүйгээр бодож асуултаа бэлтгэсэн гэсэн үг. Мөн өсвөр үеийнхний сэтгэлзүй, тэдэнд үүсч буй асуудлын талаар ярилцаж ойлголцоход ч амар байсан. Харин судалгааг хийх үед уйлмаар санагдсан зүйл байсан нь зарим хүмүүсээс бидэнд “Та нар яасан болоод охидын үзлэгээс айгаад байгаа юм” гэх хандлага гаргасан. Үүнийг хараад хүний эрхийн төлөө дуугарч байгаа хүмүүсийг нийгэм ямар байдлаар хүлээж авдаг, хүүхдийг дутуу үнэлэх байдал байсаар байгааг ажигласан. 

-Өөрийн чинь хувьд Азийн хүний эрхийн шагналтан болж, олон улсын хэмжээнд хүрч чадах судалгааны ажлыг удирдан ажиллахад хэр байв.  Ахлах ангийн сурагч гэхэд ийм том хэмжээний судалгаа, шинжилгээ хийнэ гэдэг хэр баргийн хүний хийх зүйл биш шиг санагдаж байна?

-Анх Азийн хүний эрхийн шагналтан болно гэдэг миний хувьд хэзээ ч бүтэшгүй зүйл мэт санагдаж байсан. Энэ нь хүний эрхийг хамгаалах үйл хэрэгт оролцож байсан хүүхдүүдийг урамшуулах байдлаар олгодог олон улсын шагнал юм. Миний өмнө нь хүний эрхийн чиглэлээр хийж байсан ажлууд "Баянгол дүүргийн охидын холбоо", "Гүнж" төв, "Хүүхдийг Ивээх сан", "Өсвөр үеийнхний дуу хоолой" бүлэг тэдгээрийн үнэт зүйл, үзэл бодол, үйл хэрэгтэй салшгүй холбоотой байдаг. Хэдий хүүхэд удирдлагатай төсөл ч гэлээ томчуудын арга зүйн зөвлөмж их хэрэг болсон. Мөн судлаачдын багт ажилласан "Өсвөр үеийнхний дуу хоолой" бүлгийн чадварлаг гишүүд, "Охидын манлайллын хөтөлбөр"-ийн 2019 оны төгсөгчид, судалгаанд хамрагдсан хүүхдүүд гэх мэтчилэн маш олон хүний хүч, хөдөлмөрөөр судалгаа маань амжилттай дууссан.

-Энэ жил төгсөх анги юм байна.  Цаашид ямар чиглэлээр суралцах бодолтой байна. Мэргэжлээ сонгож амжсан уу?

-Миний хувьд олон улсын харилцаа чиглэлээр суралцах бодолтой байгаа. Тэр дундаа хүний эрхийн хуульч мэргэжлийг сонирхон судалж байна. Дэлхийн хүн амд хүний эрхийн зөрчигдөхгүй байх талаас анхаарч ажиллахыг хүсдэг. Учир нь хүний эрхийг хамгаалж, өөрөөсөө өөр нэгний төлөө дуугарсан хүн бүр ямар нэгэн байдлаар халдлагад өртөж байна. Тэр тусмаа хүүхдүүд. Энэ нь цаашид нийгэмд зөв өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлэхэд саад тотгор болж байгаа юм гэдгийг ойлгуулмаар байна. Нөгөө талаас хүний эрх, түүний зөрчлийн талаар зоригтой дуугардаг хүмүүс олон байгаасай гэж хүссэн учраас энэ мэргэжлийг сонирхож байгаа юм.

-Судалгааг хийх явцад  шантрах, хэцүү санагдах үе тохиолдож байв уу?

-Шантрах гэхээсээ илүүтэй мэдэхгүй зүйлс маш их гарч ирж байсан. Жишээлбэл, хүүхдүүд тухайн судалгаанд яагаад ингэж хариулах боловч гэдгийг тэнцвэртэй байдлаар хэрхэн тайлбарлах ёстой вэ гэдэг хугацаа их шаардсан. Мөн судалгааны ажил хийх явц коронавирусийн хөл хорионоос шалтгаалан хойшилсоор байсан юм. Зарим үед хэсэг бүлэг томчууд бидний хийж буй судалгааг үл ойшоох хандлага гаргаж байсанд эмзэглэх үе байсан. Гэхдээ үл ойшоохоосоо илүүтэй дэмжих хүмүүс нь их байсан учраас хэцүү санагдсан бүхнийг хамтдаа давж гарсан. Харин судалгаа бэлэн болсон энэ үед олон хүүхдийн хүч хөдөлмөр, хүч шингэсэн судалгааны бүтээл маань олон хүнд хүрч чадахгүй байх вий гэдэгт л санаа зовж байгаа.

-Одоо судалгааг хийж дууссан байна. Цаашид судалгааны үр дүнг олон нийтэд хүргэх, мэдээлэх нь чухал байх. Энэ чиглэлд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?

-Бид судалгааны ажлаас гарсан үр дүнд суурилж шийдвэр гаргагчдаас хүсэх  бодлогын шийдвэрүүдийг гаргахыг зорьсон байгаа. Охидын үзлэгийн тал дээр хүний эрхийн зөрчлийг байхгүй болгохын тулд бодлогодоо өөрчлөлт оруулсан байх шаардлагатай гэж үзсэн. Харин энэ асуудалд олон нийт санал нэгдэж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төрөөс бодлогын шийдвэрүүдээ эргэн харж, өөрчлөх нөхцөл бүрдэх юм. Үүний тулд бидний зүгээс хийх ёстой зүйл бол охидын үзлэгийн судалгаа байсан. Мөн төслийн үр дүнг илүү өргөн хүрээнд таниулах зорилгоор ойрын хугацаанд хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байгаа. Хэвлэлийн хуралд сэтгүүлчид болон энэ чиглэлийн асуудлаар нийтлэл бичих сонирхолтой нийтлэлч нарыг нэгдээсэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Охидын Дуу Хоолой судалгаа Монгол хэл дээр: https://savethechildren.mn/uploads/publication/202008/Охидын_дуу_хоолой_судалгаа_2020.pdf
 
-Охидын Дуу Хоолой судалгаа Англи хэл дээр: 
 
 
-Өсвөр Үеийнхний Дуу Хоолой бүлгийн цахим хуудас: 
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.246Зочин   • 2020, 9 сарын 19. 16 цаг 23 минут

uswur uyiinhen oorsdoo hiisen sudalgaa ghed sain boljee mundag

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.