Хүүхдийн хүчирхийлэл жил ирэх тутам нэмэгдсээр байна. Хэдхэн хоногийн өмнө хойд эцгийнхээ зодуурыг даалгүй есхөн настай охин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь хүн бүрийн зүрх сэтгэлийг өвтгөж байна. Хүчирхийллийн улмаас хүүхэд амиа алдах тоолонд УИХ-ын эмэгтэй гишүүд, хууль хяналтын байгууллага, хүчирхийллийн эсрэг ТББ-ууд хурал цуглаан хийж, сүр бадраадаг ч хэдхэн хоногийн дараа мартаад хүчирхийллийн улмаас хүүхдүүд амиа алдсан тохиолдол бүртгэгдсээр л байдаг. Он гарсаар "Хүүхдийн тусламж 108" утсанд 51600 дуудлага иржээ. Энэ бол маш аймшигтай тоо баримт юм.
Хүүхдүүд хүчирхийлэлд өртвөл дуудлага өгдөг "Хүүхдийн тусламж 108" утсыг 2014 оноос хойш ажиллуулж байгаа. Тэгвэл хүүхдүүд "Хүүхдийн тусламж 108" гэх утасны талаар хэр мэдлэгтэй байгааг асууж сонирхлоо.
"Өсвөрийн зохион бүтээгч Лаборатори" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч "Хүүхдийн тусламж 108 утасны талаарх мэдээллийг телевиз үзэж байхдаа зөндөө сонсож байсан. Хүүхэд эцэг эхээсээ тусламж авч чадахгүй бол хүүхэд хамгааллын 108 утсанд хандаж болно. Энэ утасны талаарх мэдээллийг хичээлийн агуулгад оруулж өгвөл зүгээр санагдсан. Эцэг эх нь байнга зоддог, дэргэд нь архи ууж, дарамт үзүүлдэг хүүхдүүд хандах ёстой юм байна гэдгээ сайн ухаарах хэрэгтэй. Хүүхдийн хүчирхийлэл гэдгийг бид зөвхөн зодох гэж ойлгоод байдаг. Гэтэл хүсээгүй зүйлийг нь хийлгэх, бие махбодид нь зөвшөөрөлгүй хүрэхийг ч мөн хэлнэ гэж боддог.
Гэхдээ надад 108 утас руу залгах шаардлага гарвал би өөртөө итгэлтэйгээр залгаж чадахгүй байх. Учир нь би тэр хүнийг хүчирхийлэлд өртөж байна гэж бодоод залгатал нөгөө хүн маань 108-д хандахыг хүсээгүй, хүсэхгүй байж болно. Тиймээс сэтгэлийн хөдлөлөөр биш сайтар ажиглаж байгаад тэгээд 108 утас руу залгах эсэхээ шийднэ"
-"Үй цай" сургуулийн 7 дугаар ангийн сурагч "108 утасны талаар сонсож байгаагүй. Сайн мэдэхгүй байна"
-"Оюунлаг" сургуулийн 7 дугаар ангийн сурагч "108 утасны тухай зурагтаар реклам явж байхыг нь харсан. 108 утас руу зөвхөн хүүхдүүд хэрэгтэй үедээ тусламж гуйж залгана гэж ойлгосон. Энэ утасны талаар хүнтэй ярилцаж, асууж байгаагүй юм байна"
-"Ирээдүй цогцолбор" 86 сургуулийн 11 дүгээр ангийн сурагч "Миний болон насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх зөрчигдсөн үед 108 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл, тусламж авах ёстой гэж боддог"
-84 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч "Хүүхдийн тусламжийн 108 утасны талаар сайн мэднэ. Хүүхдүүд энэ утас руу залгаж өөрт тохиолдсон хэцүү явдлыг сэтгэл зүйчтэй ярилцаж, зөвлөлдөж шийдэж болно. Манай сургуульд энэ талаар заадаг. Мөн цахим хуудаснаас 108 дуудлагын утасны талаарх мэдээллийг авч байсан. Хэрвээ надад 108 утсанд хандах тохиолдол үүсвэл маш удаан бодно. Хурдан хугацаанд шийдвэр гаргаж чадна гэдэгтээ итгэлгүй байна"
-21 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч "108 утасны талаар сонсож байсан. Хүүхдүүдийг хүчирхийлэл, гэмт хэргээс хамгаалдаг газрын утас. Хүмүүс 108 утсанд хүүхдүүдийг том хүн хүчирхийлж байвал хандах хэрэгтэй. Миний эргэн тойронд энэ утсанд хандах үе гарвал би маш хурдан хугацаанд хандана. Хүчирхийлэл гэдэг нь ээж, аав нь хүүхдээ зодохыг хэлнэ. Энэ талаарх мэдээллийг зурагтаар гарч байхыг нь харж байсан"
-"Оюунлаг" сургуулийн 7 дугаар ангийн сурагч “Дүү нар нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар 108 утсанд мэдэгдэхэд энэ хэргийг манайх хариуцахгүй” хэмээн хэлсэн талаарх мэдээллийг үзэж байсан. 108 утасны тухай телевизийн сувгуудаар их гардаг. Мөн манай багш хичээлийн бус цагаар бидэнд хүүхдийн тусламжийн утасны талаар ярьж, зөвлөж байсан. Миний эргэн тойронд 108 утсанд хандахыг хүсдэг хүүхдүүд байдаг. Тэд өөрсдийгөө хүчирхийлэлд өртөж байгаагаа сайн мэдэхгүй ч гэсэн хүчирхийлэлд өртөж байдаг. Хэрвээ надад энэ утсанд хандах хэрэг тохиолдвол би заавал хандана. Учир нь надад хэрэгтэй учраас өөрийнхөө төлөө айхгүй"
-"Үй цай" сургуулийн 8 дугаар ангийн сурагч "108 утасны тухай өглөө хөтөлбөрөөр гарч байхыг үзэж байсан. “Хүүхдийн хүчирхийлэл-108 руу залга” гэж хэлдэг. Миний бодлоор аав, ээж нь хүүхдээ дандаа зодож, тайван орчинд өөрийнх нь хүслээр байлгахгүй байхыг хүүхдийн хүчирхийлэл гэж хэлэх байх. Хэрвээ надад эдгээр зүйл тулгарвал 108 эсвэл цагдаад хандах байх. Миний найзууд гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл 108 утас руу ярихыг зөвлөнө. Гэхдээ энэ талаар эцэг, эх багш нар найзуудтайгаа ярилцаж байгаагүй"
-"Ирээдүй цогцолбор" 86 сургуулийн 11 дүгээр ангийн сурагч "108 утсанд хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлууд гарвал хандаж болно. Би болон миний эргэн тойронд байгаа хүмүүсийн эрх зөрчигдсөн бол 108 утсанд мэдээлэх боломжтой. Манай хөрш хүүхдээ байнга зоддог байсан. Тиймээс би нэг удаа 108 утсанд холбогдож мэдээлэл өгч үзсэн. Тэр үед надтай холбогдсон хүн “Та хэдэн хоног чагнаад үзээрэй. Ахиж зодвол бид очиж арга хэмжээ авна” гэж хэлсэн. Тухайн үед шуурхай арга хэмжээ авч чадахгүй бол энэ утас байгаад хэрэггүй мэт санагдаж байсан"
Спортын төв ордны биеийн тамирын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч "108 утасны тухай сонсож байгаагүй. Хүүхдийн тусламжийн төв байх"
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
utas ruu zalgana gej baihgvi bolowsroliin baiguullagiin ajlaa hiideggvi menge bodson nehdvvd uridchilan sergiileh ajil geed hiih ym ih bna da mengeer garsan chadwargvi nehdvvdee zailuulwal ajil hiih hvn garna da zasag ter mini