2020 оны 10-р сарын 2
11 цаг 00 минут

“Пароди” хамтлаг: С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэгээс дээлийг нь гуйтал аваарай гэсэн, өмсөж байгаад л элэглэнэ дээ

Элэглэлийн урлагийг Монголд хөгжүүлж яваа хошин урлагийн “Пароди” хамтлагийн залуус энэ сарын 6-ны өдөр “Томчуудын тоглоом” тоглолтоо хийх гэж байгаа билээ.  Тоглолтыг үзэгчид “Unilive 888”, “DDISH Live 900”,  “Look Tv”-гээр үзэх боломжтой. Тэгвэл 10 жилийн ойн тоглолтоо хийх гэж байгаа “Пароди” хамтлагийнхан буюу жүжигчин Ж.Булган-Эрдэнэ, Т.Анхбаяр, Б.Нямхүү нартай ярилцлаа.

Б.Нямхүү: Тайзан дээр элэглэл хийж үзүүлэхээрээ л сэтгэл ханамж, сайхан мэдрэмжийг авдаг

-10 жилийн ойн тоглолтоо хийх гэж байна. 10 жилийн өмнө хамтлаг байгуулж байсан түүхээр нэг аялъя. Багагүй хугацаа өнгөрсөн байна?

Т.Анхбаяр: 2010 онд хамтлаг байгуулах санаачилгыг би гаргаж байсан юм. Булгаа ах руу утсаар яриад, хамтлаг байгуулах санал тавьсан. Санал тавьснаас хойш уулзалгүй нэлээд удсан. Дараа нь уулзаад, ярилцтал Булгаа ах /Ж.Булган-Эрдэнэ/ “Хамтлаг байгуулна гэхээр хоёулаа болохоор учир дутагдалтай байна. Ядаж л гурвуулаа байхгүй бол болохгүй. Буянгийн Жагааг элэглээд байгаа нэг залуу бий. Хоёулаа тэр залуу руу ярья” гэсэн. Тэгээд л Б.Нямхүүтэйгээ нийлээд, хамтлагаа байгуулсан. Энэ хоёр өмнө нь тайзан дээр хамт гарч байсан юм билээ. Би Галаа гэдэг залуутай хамт элэглэл хийдэг байлаа. Галаа маань сүүлдээ Хөвсгөлийн театрт ажиллахаар болоод явсан, би Улаанбаатар хотдоо үлдсэн дээ.

Ж.Булган-Эрдэнэ: 2010 оны аравдугаар сарын 10-ны өдөр Анхаа бид хоёр ярилцаад, хамтлагаа байгуулсан. Тэр өдрөө Нямка руу яриад, бид гурав нэгдэхээр болсон. Нямка маань ч их сайхан уриалгахан хүлээж авсан. Хамтлагтаа  ямар нэр өгөхөө ярилцтал элэглэл гэсэн санал гарлаа. Элэглэл гэхээр нэг л эвгүй сонсогдоод байсан юм. Хошин урлагийн Элэглэл хамтлаг гэхээр тийм ч сонсголтой биш байсан. Тэгэхээр нь дэлхий нийтийн хэллэг нь пароди юм чинь хамтлагаа ингэж нэрлэе гэж тохироод, нэрээ өгч байлаа. 

Т.Анхбаяр: Булган-Эрдэнэ ах чинь тэр үед бидний дэргэд олны танил болчихсон жүжигчин байлаа шүү дээ.

-Олны танил хүмүүсийг дуурайж элэглэл үзүүлдэг жүжигчин гэхээр Ж.Булган-Эрдэнэ л байсан байх. Би Чапи, Суурь хоёроос ч өмнө олонд танигдсан гэж санаад байна?

Ж.Булган-Эрдэнэ: Би чинь 1997, 1998 оны үед элэглэл сонирхож, оролдож байгаад орхичихсон юм. Сургууль номоо илүүтэй анхаарсан юм. Харин сургуулиа төгсөөд идэвхтэй бэлтгэл хийж, элэглэлийн төрлийг хөгжүүлэхийн төлөө хичээсэн дээ.

Б.Нямхүү: 2002 онд Булгаа ахыг нэг тоглолтод оролцож байсан, би тааралдсан юм. Тэр үед уран бүтээлээ идэвхтэй хийгээд эхэлчихсэн байсан.

-Элэглэлийн төрөл Монголд нэлээд хурдацтай хөгжиж байна. Танай хамтлаг байгуулагдаж байх үед. Та нарыг тус тусдаа элэглэл хийж байсан тэр үед бол хөгжиж эхэлж л байсан. Анх элэглэл хийж болох юм байна гэдэг санааг хаанаас олж авсан бэ?

Ж.Булган-Эрдэнэ: 2010 оноос бид нийлээд, хамтлаг болчихоор хүмүүсийн анхаарлыг илүү татаж эхэлсэн. Дээр үед “Андууд” хамтлаг гэж байлаа. Д.Сосорбарам ах тэргүүтэй элэглэл хийдэг хүмүүс цөөнгүй байсан. Тоглолтын дундуур л ганц нэг үзүүлбэр үзүүлээд орхичихдог. Харин бид хамтлаг байгуулаад ажиллахаар хүмүүсийн анхааралд илүү өртөөд байна гэсэн үг. Санааг хаанаас олж авсан бэ гэж асуусан. Сууж байгаад л гэнэт элэглэл хийе гээд хийчихдэггүй. Миний хувьд оюутан байхдаа найз нөхдөө бага сага элэглэдэг, шооч хүүхэд байсан. Тэр үедээ багш нарын анхааралд өртөж байсан болов уу. Тайзны ярианы н.Уртнасан багш “Элэглэлийн пароди гэдэг урлаг байдаг юм. Чи түүгээр явбал зүгээр шүү” гэж хэлж байсан. Тэгэхээр нь сонирхоод, оролдож эхэлж байлаа. Гэхдээ хэлэхээр нь л шууд судлаад, дайраагүй. Бага сагаар суралцаад эхэлсэн. Нөгөө талаар элэглэлийн урлагийг өгөгдөлтэй хүн илүү үзүүлж чадна гэж боддог. Өндөр хүн сагс сайн тоглоод сурчихдаг. Бяртай, бөхийн удамтай бол сайн барилддагтай л адилхан байгалийн өгөгдөл, авьяас хэрэгтэй. Түүнээс биш хүн бүр л элэглэл хийж үзүүлнэ гэвэл хэцүү шүү дээ.

Б.Нямхүү: Бид гурав тусдаа уран бүтээл хийдэг байхдаа шоу тоглолтоос эхлээд янз бүрийн л үйл ажиллагаанд оролцоно. Тийм үед өөрийн эрхгүй л элэглэлээ л хийдэг. Тайзан дээр элэглэл хийж үзүүлэхээрээ л  сэтгэл ханамжийг, сайхан мэдрэмжийг авдаг. Ингээд бодохоор яг л тэр чиглэлээр л ажиллах ёстой юм шиг санагддаг. Өөрийнхөө хийж, үзүүлж байгаа элэглэлээс сэтгэл ханамж, сайхан мэдрэмжийг авна гэдэг чинь нэг өгөгдөл байгааг илэрхийлж буй хэрэг биз дээ.

Т.Анхбаяр:  Миний хувьд хэн нэгнийг дуурайгаад, элэглэл хийхэд үнэхээр адилхан болж чадвал надад маш гоё санагддаг. Өөр юунаас ч аваагүй сэтгэл ханамж, мэдрэмжийг өөртөө авч чаддаг.  Адилхан болохгүй байхаар уурлаад, шатаад, дотроо бухимддаг. Харин элэглэл хийгээд хүнд үзүүлэхэд “Яг адилхан болж байна. Янзын байна” гээд хэлэхээр л гайхалтай мэдрэмжийг авч чаддаг. Толинд хараад элэглэлээ хийгээд, утсандаа биччихээд үзнэ. Тэр хүнтэйгээ төстэй л болж байвал өөртөө сэтгэл ханамж авдаг.

Ж.Булган-Эрдэнэ: Элэглэл гэдэг нарийн, байнгын бэлтгэл шаарддаг урлаг

 -Аравдугаар сарын 6-ны өдөр “Томчуудын тоглоом” тоглолтоо хийх гэж байна. “Unilive 888”, “DDISH Live 900”,  “Look Tv”-гээр шууд дамжуулж, үндсэндээ цахим тоглолт хийнэ гэсэн. Манай үзэгчид урлаг соёлын тоглолтоор “цангасан” байгаа. Яагаад цахим тоглолт хийхээр болчихов?

Ж.Булган-Эрдэнэ: Бид хамтлагийнхаа 10 жилийн ойн баяраа яаж тэмдэглэх гэж энэ оны 7, 8 дугаар сараас эхлээд л ярьсан.  “Улаанбаатар палас” ч юм уу Бөхийн өргөөнд тоглолт хийе гэхээр болохгүй байсан. Гэхдээ цахим тоглолтууд хийгээд эхэлчихсэн байсан, бусад уран бүтээлчид. Тиймээс бид ч гэсэн цахим тоглолт хийчихье гэж шийдээд, хүмүүстэй уулзаж, гэрээ байгуулаад ажилласан. Ингээд л байж байтал хөл хориог Засгийн газраас цуцалчихлаа. Гэхдээ хорио цуцалсан гээд бүх хүн “Улаанбаатар палас”-т цугларахгүй шүү дээ.  Гурван том хот, аймгууд, 330 гаруй сумын үзэгчид бүгд нийслэлд ирэхгүй нь ойлгомжтой. Тэгвэл тэд зурагтаараа л бидний тоглолтыг үзэх боломжтой гэсэн үг.

Т.Анхбаяр: Одоо чинь бүх зүйл амар болчихож ээ. Гэртээ сууж байгаад, сувгаа солиод л бүтэн тоглолт үзнэ гэдэг чинь амар биз дээ.  Нөгөө талаар бид нэг дор олон хүн цуглуулаад яах вэ гэсэн бодолтой ч байгаа.

Б.Нямхүү: Хөл хориог цуцлахтай зэрэгцээд танхимын тоглолт хийх талаар бодож, ярилцсан. Гэхдээ хүртээмжийн хувьд маш бага шүү дээ. 21 аймаг, 330 гаруй суманд манай хамтлагийн тоглолтыг үзэх хүсэлтэй хүмүүс бий. Тэд гэрээсээ л зурагтаараа бидний тоглолтыг үзэх боломжтой болно. Улаанбаатар хотод, аль нэг заалан тоглохоор 2, 3 мянган хүн л үздэг, бусад нь үзэх боломжгүй. Тиймээс бид ярьснаараа лайв тоглолт хийж, 10 жилийн ойгоо тэмдэглэхээр болсон юм.

-“Томчуудын тоглоом” гэдэг нэр их сонирхолтой татаж байна. Тоглолтын сурталчилгааг үзэхээр улстөрчид голдуу хүмүүс суугаад, тоглоом тоглоод байгаа шүү дээ.  Нэрнээс нь харахад, элэглэлийнх нь гол цөм улстөрчидтэй холбоотой байх юм уу гэж санагдлаа?

Т.Анхбаяр: Хүмүүс өөр өөрийнхөөрөө л ойлгох байх гэж бодож байна. Тоглолт үзсэний дараа нэг дүгнэлт гарах байх.  “Пароди” хамтлагийнхан “Томчуудын тоглоом” гэж юуг хэлээд байсан юм бэ гэдгийг өөрсдийнхөөрөө л дүгнэх нь зөв. Одоо энд задлаад, “Бид тэрийг л хэлээд байгаа юм, тэгэх гээд байна” гээд хэлчихвэл учир дутагдалтай.

Ж.Булган-Эрдэнэ: 10 жилийн ойн баяр болж байна. Тиймээс хүмүүсийн анхаарлыг татаж, сонирхолтой шийдэл гаргаж ирэх ёстой. Ямар нэг зар сурталчилгаа чинь хүмүүсийн анхаарлыг татах ёстой биз дээ. Энэ талаас нь бас бодох хэрэгтэй.

-2012 онд анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Түүнээс хойш нэлээд хэдэн тоглолт хийсэн санагдаж байна. Тэгвэл 10 жилийн ойн тоглолт өмнөхүүдээс тодорхой хэмжээнд шат ахисан, олон гэнэтийн бэлэгтэй байх болов уу гэж үзэгчийн хувиар хүлээж байна?

Ж.Булган-Эрдэнэ: Ямарваа зүйл, жишээ нь машин үйлдвэрлэл ямар хэмжээнд хөгжиж байгаа билээ. Компьютер, гар утас ямар хэмжээнд хүрч байна. Түүнтэй адилхан бид ч гэсэн туршлага сууж, хөгжиж байгаа. Хамгийн анх тоглолт хийхэд их сандарч байсан бол дараа нь гайгүй болсон. Одоо ямар ч сандралгүй болчихоод байна. Ингэвэл хүмүүст илүү хүрдэг гэдгийг ч туршлагаараа олж мэдсэн учраас хөгжиж, сайжралгүй яахав. Дээрээс нь, үзэгчдийн хүлээж байгаа зүйлүүд байгаа байгаа.

Т.Анхбаяр: Би нэг зүйлийг нэмж хэлэхийг хүсэж байна. Хошин урлагийн хамтлаг, продакшнууд маш олон хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Тэд бүх сумаар тойрч тоглох чаддаггүй. Яагаад гэвэл тэр олон хүмүүсийн хоол, байрны зардлаас эхлээд амар биш шүү дээ. Түүнээсээ шалтгаалаад хамтлагууд тэр болгон явж чаддаггүй. Харин манай хамтлаг Монголын бүх аймаг, ихэнх суманд тоглолт хийсэн байдаг. Цөөхүүлээ учраас давуу талтай. Хамт явдаг дуучид, уран бүтээлч залуучууд бий л дээ. Тэгсэн ч бид цөөхүүлээ учраас бүх суманд очиж тоглох боломжтой. Монголд 330 гаруй сум байдаг. Бидний тооцоогоор 280 суманд очиж тоглолт хийсэн байдаг юм.  Хөдөө байгаа хүмүүс тэр болгон хотод ирээд, хошин урлагийн тоглолт үзээд байх нь ховор шүү дээ. Тэр хүмүүст бид гурав хүрч, урлаг соёлыг түгээж чадсандаа өөрсдөөрөө бахархдаг юм.

-Ямар ч уран бүтээлчдээс үззэгчид байнга шинэ зүйлийг хүсдэг. Т.Анхбаяр гэдэг жүжигчин тэр тэрийг дуурайдаг, элэглэдэг. Одоо шинээр хэнийг дууриах бол гэж байнга хүлээдэг.  Энэ тоглолтод шинээр хүн дууриасан үзүүлбэрүүд багтаж байгаа юу. Б.Нямхүүгээс гэхэд л Б.Жаргалсайхан, Ерөнхийлөгч Х.Баттулгаас гадна өөр хэнийг шинээр дуурайх бол гэдэг хүлээлт байгаа шүү дээ?

Т.Анхбаяр: Тоглолтод шинэ үзүүлбэрүүд зөндөө байгаа. Гэхдээ 10 жилийн хугацаанд яг хэдэн хүнийг элэглэсэн юм бэ. Тэднийг нэгтгэнэ гэсэн үг. Бидний байнга тоглодог Буянгийн Жагаа, Ерөнхийлөгч Х.Баттулга, Д.Сосорбарам гавьяатаас гадна олон удаа үзүүлээгүй номерууд зөндөө бий. Мэдээж шинэ номерууд байгааг дахиад хэлье. Гэхдээ 10 жилийн хугацаанд “Пароди” хамтлагийнхан юу хийсэн бэ гэдгээ тайлагнаж байгаа юм.

Ж:Булган-Эрдэнэ: Миний хувьд оюутан байхаасаа л элэглэл хийж байсан болохоор дуу хоолой нь ард түмний дунд үлдчихсэн ч өөрөө бурхны оронд очсон хүмүүс олон байна.  Тийм болохоор бид ярилцаад, зарим номероо хасахаар ярьсан. 10 жилийн хугацаанд бид маш олон хүнийг элэглэсэн, тоолбол маш их тоо гарна. Гэхдээ тоглолт гэдэг чинь цагтай, тиймээс базна. Гурвуулаа өөр өөр хүнийг элэглэх учраас зохицуулна. Дунд хувцас солих цаг гаргахдаа яаж зохицуулах уу. Шинээр юу нэмэх вэ гээд янз бүрийн л найруулга хийж байна.

Б.Нямхүү:  Гурван цагийн тоглолт хийх учраас бид аль чанартай гэсэн уран бүтээлүүдээ, номеруудаа оруулъя гэж шийдсэн. Маш их номерууд байгаа учраас сонгох шаардлагатай. Одоо сонголт дээрээ ажиллаж байна. 

Ж.Булган-Эрдэнэ: Элэглэл гэдэг маш хэцүү урлаг. Бусад хошин урлагийн хамтлагууд голлох 3-4, тэгээд туслах жүжигчидтэй. Олны хэсэгт тоглодог залуучууд гээд олуулаа нийлж тоглодог.  Гэтэд бид ердөө л гурвуулаа учраас их хэцүү. Дээрээс нь дуу, хоолойгоо маш сайн гамнаж, үргэлж формтой байхгүй бол болдоггүй. Нөхөр Булган-Эрдэнийн хоолой сөөчих юм бол ямар “Хоолой нь сөөчихсөн юм аа” гээд тоглолтод гарахгүй байлтай биш. Тиймдээ хэцүү, нарийн, байнгын бэлтгэл шаарддаг урлаг.  Энэ талаас нь ойлгож хүлээж авах хэрэгтэй юм.

-Та хэд “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон Т.Ганбүргэд, Б.Буяндэлгэр гэх зэрэг элэглэлийн төрөлд хүч сорьж байгаа залуучуудтай хамтарч тоглож байсан. Энэ удаагийн тоглолтод оролцох уу?

Ж.Булган-Эрдэнэ: Монголд эмэгтэй элэглэгч цөөхөн. Б.Буяндэлгэрийг бид тоглолтод оролцооч гэсэн хүсэлт тавьсан, зөвшөөрсөн. Т.Ганбүргэд манай хамтлагт байсан юм. Бид “Авьяаслаг монголчууд” шоунд бэлтгэж оролцуулж байсан.  Одоо уран бүтээлийн харилцаа байхгүй.

Т.Анхбаяр: 2014 онд элэглэгчдийн нэгдсэн тоглолтыг Чапи, Суурь, манай хамтлаг хамтраад хийж байлаа. Тэр үед элэглэл сонирхдог залуучуудад нээлттэй гэсэн. Тэгэхэд элэглэл сонирхдог гээд Т.Ганбүргэд ирж байлаа. 2014 оноос манай хамтлагт дагалдангаар явж байсан. 2015 онд жинхэлсэн. 2016 онд “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон, бид бэлтгэсэн. Түүний дараа 2017 оноос тусдаа уран бүтээл хийгээд, хамтлагаасаа гарсан байдаг юм.

Т.Анхбаяр: Ш.Гүрбазар гуайг дууриаж элэглэх маш хэцүү байдаг, одоо ч гэсэн амар биш байгаа

 -Та гурвын элэглэл хийх өөр өөрийн онцлог байна. Дуулахаараа дуурайж байгаа хүнтэй яг адилхан дуугардаг. Дуу хоолойгоороо яг адилхан ярьж чаддаг. Би Т.Анхбаярыг дуулахаараа олон хүнийг маш адилхан дуурайж чадаж байна гэж хардаг. Харин Б.Нямхүүг ярихаараа илүү дуурайгаад байх шиг. Жүжигчин Ж.Булган-Эрдэнэ хоёуланг нь зэрэгцүүлж чадаад байна уу гэж анзаардаг?

Ж.Булган-Эрдэнэ:  Өнгийг янз бүрээр л тодорхойлдог доо. Дулаан өнгө гэх мэт. Түүнтэй адилхан хоолойны өнгө ч өөр өөр. Б.Нямхүү баритон хоолойтой. Анхаа маань тенор, дээшээ илүү дуугардаг. Би дунд хавьд нь байх жишээтэй. Б.Нямхүү драм талдаа илүү. Т.Анхбаяр бүдүүн, нарийн хоолойтой хүмүүсийн аль алиныг нь элэглэчихдэг. Бид элэглэдэг хүмүүсээ сольж, дуурайж чадах нь уу гэж үзсэн. Би морины Г.Батбаяр ахыг дуурайх гээд яаж ч оролдоод сайн болохгүй юм билээ. Т.Анхбаяр гэхэд миний юм уу, Нямкагийн дуурайдаг хүний элэглэх гэхээр бас болохгүй. Хэдийгээр бид хоолойгоо эвдэж, өөр хүн дуурайж байгаа ч гэсэн ойролцоо хоолойны өнгөтэй байвал элэглэхэд илүү амар.

Манай Б.Нямхүү чинь бид хоёрыг бодвол УДЭТ-т дадлага хийгээд, тэр чиглэлээр илүү сайн суралцаж байсан. Олон кинонд тоглосон учраас драм талдаа илүү. Би болохоор дуулаачийн анги төгссөн, драм талдаа тааруухан гээд онцлогууд байгаа.

Б.Нямхүү: Намайг зарлахаар л гэнэт л нэг хүн ороод ирэх шиг болдог. Үс цагаарчихсан юм шиг болоод, өөрийн эрхгүй хоолой өөрчлөгддөг. Онгод байдаг юм болов уу ч гэж бодогддог. Их хурдан орж ирнэ. 

Ж.Булган-Эрдэнэ: Орж ирэх гэснээс бид чинь элэглэл хийгээд л байхаар сүүлдээ нөгөө хүнээ дотроос нь харж эхэлдэг. Гадна хэлбэрээр биш. Биеийн хэлэмж, хөдөлгөөн, онцлог зүйлсийг нь дуурайж, элэглэж байгаа л даа. Гэхдээ тэр хүнээ дотроос харж дуурайдаг болдог юм байна.

-Та гурвын дууриаж элэглэдэг хүмүүсийг ерөнхийд нь тоолж үзлээ. Хамгийн олон хүн дуурайдаг нь жүжигчин Ж.Булган-Эрдэнэ байна. Жүжигчин Б.Нямхүү болохоор 3-4 хүн л дууриаж, элэглэдэг юм байна. Илүү олон хүн дуурайдаг болох талаас нь судлаад, ажиллаж байгаа юу?

Б.Нямхүү: Уг нь нэлээд хэдэн номер байдаг. Дуулдаг ч номерууд байгаа. Гэхдээ яг Э.Бат-Үүл гуай шиг, Б.Жаргалсайхан шиг дууриадаггүй болохоор тоглолтдоо оруулахгүй хасчихдаг юм. Тухайлбал, хип хоп холбооны Баавар, Ноён Бондгор, дуучин Болд гэх мэт хүмүүсийг дуурайна. Гэхдээ хүмүүст тас гээд л очдоггүй юм уу гэж бодоод тоглолт хийхдээ хасчихдаг юм. 

Ж.Булган-Эрдэнэ: Тоглолт болоход үзэгчид Ардын жүжигчин А.Долгорыг “Бодлын цагаан хун”-аа дуулаач гэдэг. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг “Цэнхэрийн голоор нутагтай” дуугаа дуулаад өгч гэж хүсдэг дээ. Яг түүнтэй адилхан  эрийг дуурайдаг даа, түүнийгээ үзүүлчих гээд байдаг. Тэгэхээр бидний хамгийн сайн хийдэг үзүүлбэрүүд хүмүүст маш сайн хүрсэн байдаг юм болов уу гэж боддог. Аравдугаар сарын 6-ны тоглолын үеэр Б.Нямхүүг үзээрэй, олон гайхалтай үзүүлбэр үзүүлнэ. Бүр номертоо зориулж хувцас оёулсан, үс хийлгэсэн байгаа.

-Нэг хүнтэй адилхан хоолойгоор дуугарч ярих нэг өөр. Тэгвэл яг тэр хоолойны өнгийг гаргаад дуулах бүр ч өндөр зэрэглэлийн авьяас шаардсан ажил. Бид Э.Бат-Үүл гуайг дуулж байхыг нь сонсоогүй шүү дээ?

Б.Нямхүү: Манай хоёр гоё дуулдаг болохоор шаардлага тавьсан, тиймээс би өдөр болгон бэлтгэл хийж байгаа. Тоглолтдоо улстөрчдийг дуулуулбал яах вэ гэдэг санал гаргасан. Э.Бат-Үүлээрээ ч юм уу, Ерөнхийлөгчөөр ч юм уу дуулуулбал гоё гэсэн. Дуулна даа.

-Нэг сурталчилгааг чинь үзэхэд “Хар хархан харц” дууг С.Жавхлан, Г.Эрдэнчимэг хоёрыг дуурайж дуулаад байсан. Тэр номерыг тоглолтод оруулах уу. Их адилхан дуулж байсан. Тэр дундаа жүжигчин Ж.Булган-Эрдэнэ дуучин Г.Эрдэнэчимэгийг их адилхан дуурайж байна билээ?

Ж.Булган-Эрдэнэ: Би Г.Эрдэнэчимэгийг элэглэж байгаа. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг элэглэхдээ  бальцат хоолойгоор элэглэдэг байхгүй юу. Т.Анхбаярын дуучин С.Жавхланг элэглэж буй нь яг болж байгаа. Минийх төстэй, дөхөж очиж байгаа юм.  Тоглолтын сурталчилгаанд Т.Анхбаяр С.Жавхланг элэглээд ярьж байгаа биз дээ. Яг тэр ярьж байгаа шигээ л адилхан дуулж чадаж байгаа юм. Би Г.Эрдэнэчимэг рүү утсаар яриад, “Чамайг элэглэж байгаа. Дээлийг чинь авмаар байна” гэсэн. Гэтэл “Хар хархан харц” дууны клипэнд тоглохдоо өмссөн дээл байгаа, ирээд аваарай” гэж хэлсэн. Тэр дээлийг нь өмсөөд л элэглэлийг нь хийнэ гэж бодож байгаа даа.

Т.Анхбаяр: Тэдний өмсдөг дээл, хувцас чинь маш гоё юм билээ. Бид чинь тэр болгон анзаарч хардаггүй. Хийц нь их гоё. Яг тийм хийцтэй дээл хайгаад явахаар олдохгүй. Аргаа бараад Булгаа ах өөр рүү нь ярьсан. “Ах аа, та аваарай” гэж хэлсэн. Өгөх байлгүй дээ.

Б.Нямхүү: Элэглэл хийгээд, хүн дуурайгаад ярих чинь нэг өөр. Дуулах бүр өөр байдаг юм. Тэр хүний хоолойгоор өнгөө аваад, дуулна гэдэг чинь амар биш. Чи тэрийг сайн анзаарсан байна. Анхаа тоглолтын сурталчилгааны үеэр С.Жавхлан болоод ярихаар нэг өөр. Дуулахаар бас өөр байгаа биз.

-Яг тийм. Э.Бат-Үүл, Б.Жаргалсайхан гуайн хоолойны өнгийг дуурайж, адилхан ярих нэг өөр. Яг тэр адилхан дуугарч байгаагаа хадгалаад, дуу дуулна гэхээр л бүр сонихролтой санагдаад, асуугаад байгаа нь энэ . Ийм хэмжээнд хүрэхийн тулд маш удаан хугацаанд бэлтгэл хийсэн үү?

Б.Нямхүү: Б.Жаргалсайхан гэдэг хүнийг дуурайгаад, элэглээд ярьж байгаа биз. Тэгж адилхан ярихыг бүр өөртөө суулгаж, баруун, солгойгүй болгож байж дуулж байгаа юм. Түүнээс биш олж аваагүй байж шууд дуулна гэж байхгүй. Олдохгүй шүү дээ. Заавал техникийг нь бүрэн олоод авчихсан хойноо дуулна. Одоо би Б.Жаргалсайхан гуайн хоолойгоор ямар ч дууг дуулж чадна.

Ж.Булган-Эрдэнэ: Энэ чинь бас хоёр талтай. Дууриаж ярьж чадаж байгаа хүнийнхээ хоолойгоор дуу дуулах нэг өөр. Гэтэл дуулахдаа яг адилхан дуурайгаад хүнтэйгээ ижилхэн ярих хэцүү. Т.Анхбаярынх их амжилттай болж байсан, жишээ татвал. Морины Г.Батбаяр ахыг элэглэж байгаад ярьж үздээ гээд дууриаж үзсэн. Эхлээд жаахан эвгүй байж байгаад сүүлдээ олчихсон. 

Т.Анхбаяр: Би дуучны мэргэжлээр суралцаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ СУИС-д ороход нь л хоолой тавилт гэж хийдэг юм билээ.  Бэлтгэл хийгээд, суралцаад ирэхээр шингэндүү хоолойтой хүн бүдүүн хоолойтой болчихсон байдаг. Гэтэл ярихаараа дуулж байгаагаасаа огт өөр болчихдог гэх мэт асуудал бий. Тэр ялгааг нь маш сайн олж элэглэхгүй бол болохгүй. Дуулахдаа бараг л баритон өнгө гаргадаг. Гэтэл ярихаараа шингэн хоолойтой байх жишээтэй. Тийм хүмүүсийг элэглэхэд маш хэцүү. Г.Батбаяр гавьяат болохоор унаган авьяастай, сургуульд суралцаж байгаагүй. Тийм болохоор дуулах, ярих хоёр нь нэг их хол зөрүүгүй, дуурайхад дөхөм байгаа юм. 

Ж.Булган-Эрдэнэ: Жишээлбэл, би “Чингис хаан” хамтлагийн дуучин Жагаа ахыг дуурайж дуулж л элэглэнэ. Баярлалаа гэх мэт ганц нэг л үг хэлбэл хэлнэ. Олон үг хэлээд ярих гэхээр болохгүй байгаа юм. 

-Өнгөрсөн хугацаанд элэглэсэн хүмүүсээс чинь дуурайхад хамгийн хэцүү, бэлтгэл их шаардсан нь хэн бэ?

Т.Анхбаяр: Миний хувьд СГЗ Ш.Гүрбазар ахыг дуурайхад хэцүү байсан. Маш удаан бэлдсэн. Одоо ч бэлдсээр л байгаа. Өөрөө маш их цацаа залгиатай гэдэг шиг хүн шүү дээ. Тайзан дээр гарч асаад, бадраад ирэхээрээ маш сонин болдог. Ямар нэг үйл ажиллагаа хөтлөх, дэвтрээ бариад шүлгээ уншихдаа нэг өөр. Янз бүр байдаг. Тэр бүх зан, илэрхийллийг цуглуулж авч, өөртөө тохируулж “өмсөнө” гэдэг их хэцүү. Одоо болтол хэцүү л байгаа.

Ж.Булган-Эрдэнэ: “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нарыг дуурайхад их хэцүү байсан. Нэг бариад авчихаар учиртай л даа. Баригдталаа хэцүү байдаг байхгүй юу. Жагаа ахыг яг яаж элэглэх юм бол гэж бодож, ойлгохгүй л 2-3 жил болсон. Сүүлдээ учрыг нь олсон. Лхагваа ахыг элэглэхдээ учрыг нь олчихсон ч гэсэн хоолойгоо сайн бэлтгэлтэй л байлгахгүй бол гараад явчих гээд хэцүү. Би чинь “Харанга”-ын Лхагваа ахын хоолойг л дуурайж дуулж, адилхан л дуугарч байгаа болохоос дээд өнгийг нь авна гэдэг хэцүү юм билээ. Үндсэндээ л аргалж элэглэж байгаа юм. Ер нь бүгдээрээ л хэцүү байдаг.

Б.Нямхүү: Буян Жагаа ахыг элэглэхийн тулд эхлээд нэлээд удаан дагаж явсан.  Одоо бол Ерөнхийлөгч Х.Баттулгыг элэглэхийн тулд байнга сонсдог. Одоогоороо л сонсоод, байнга л бэлддэг юм. 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.178.237Зочин   • 2020, 10 сарын 4. 2 цаг 39 минут

Woow woow woow

66.181.178.237Зочин   • 2020, 10 сарын 4. 2 цаг 38 минут

Chadwarlag yumaa.bvh aimag sumaar toiron gedeg bol bas l hvch hodolmor shvv.

66.181.178.237Зочин   • 2020, 10 сарын 3. 16 цаг 41 минут

Shuud toglolt gej bgaa n goe yumaa.neg gert bgaa bvh hvn vzne. Bayriin mend hvrgie 10 jiliun oin.

66.181.178.237Зочин   • 2020, 10 сарын 3. 16 цаг 39 минут

Амжилт амжилт мундаг залуучууд шүү. Үзнээээ.

122.201.19.99зочин   • 2020, 10 сарын 2. 16 цаг 33 минут

Монголоор дүүрэн алиа салбадаанууд одоо арай өөр юм сэтгэж мөнгө хийцгээ хошин шог нэр одоо хол явхаа бсан бна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.