2020 оны 10-р сарын 6
10 цаг 47 минут

Ж.Сүххуяг: Намайг траншейнд амьдарч байна гэж шуугисан, хуцав аа, хэзээ ч тэгж амьдрахгүй шүү

Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлчдийн сор нь болж гялалзаж явсан нэгэн гайхалтай уран бүтээлч тэнгэрт дэвшлээ.  Батмөнх даян хааныг амилуулж, Чилүгэний дүрийг ч амьдруулж явсан агуу жүжигчин. Павел Корчагины дүрийг театрын тайзнаа авчирч, шагшуулж явсан гайхалтай уран бүтээлч бурханы оронд одлоо.  Түүнтэй 2012 онд "Ээжээ" кинонд тоглосных нь дараахан гэрт нь очиж авч байсан ярилцлагаа хүргэж байна.  

-Та нэг хэсэг чимээ алдар­сан. Харин сүүлийн үед кино урлагтаа эргэн ирээд байгаа. Ямар уран бүтээл хийгээд байна вэ?

-Намайг чимээгүй байлаа гэж хүмүүс их ярьдаг. Яагаад чимээгүй байснаа би тайлбарлах албагүй. Хүмүүс ахмад үеэ мартдаг болжээ. Гэхдээ би ерөөсөө чимээгүй байгаагүй шүү дээ, уг нь. Өөрийнхөө дуу хоолойг хүмүүст хүргэж байсан. Хэвлэлээр миний тухай янз бүрээр л бич­лээ. Муу дүрд тоглосон гэж ч муу хэлүүлж байлаа. Би амьдардгаараа амьдраад, үр хүүхдийнхээ төлөө зүтгээд, хүнээрээ байсан л гэж боддог.  Ха­рин  урлагаас хөндийрсөн нь үнэн. Урлаг гэдэг өөрөө их хатуу. Болж өгвөл хүнийг тогоо­ноос гаргаж хаях гээд л байдаг юм. Гэхдээ  Авьяас хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Би кинонд тоглож чадна, авьяастай хэвээрээ байгаа. Гэхдээ  заа­вал хаанд тоглох албагүй. Зү¬гээр л энгийн дүрд тоглож болно. Би сая “Ээжээ” гэдэг кинонд өвөө болж тоглосон. Энэ үеэр миний зээ төрж, би жин­хэнээсээ өвөө болсон.  Зээ маань төрөөд сар болж байхдаа энэ кинонд бас тоглосон.  Тийм болохоор “Ээж ээ” гэдэг кинонд тоглосондоо их бэлгэшээж бай­гаа.

-Уран бүтээлчээс ард түмэн үргэлж шинийг нэхэж байдаг. Тийм болохоор Ж.Сүххуяг гэдэг жүжигчнээс олон гоё дүр хүлээж л байсан байх даа?

-Намайг кинонд тоглоосой гэж олон хүн хүсч байсан байх. Би кинонд тоглохгүй удаж бай­гаад “Суудал” гэдэг жүжигт тоглосон. Б.Галааридын зохио­лоор бүтсэн энэ жүжгийг Б.Мөнхдорж багш маань най­руулж, намайг Их нирун улсын хаанд тоглуулсан юм. Жүжигт тоглочихоод гарч ирэхдээ  их баярласан.  Би баярлахаас гад­на ард түмэн баярласан юм шүү.  Тэр үед ядарсан нэг эмгэн дугтуйд 100 төгрөг хийж өг­чихөөд миний өмнө сөхрөхөд их гайхсан.  Ард түмэн намайг ингэтлээ хүлээж байж дээ л гэж бодсон. Би тэр үеийг хэзээ ч мартдаггүй юм.

-Та зээгээ кинонд тоглуулах хүсэлт тавьсан уу. Эсвэл тохиолдлоор кино хальсанд үлдчихэв үү?

-Ерөөсөө л нялх хүүхдийн зураг авах хэрэгтэй болсон юм. Тэгээд л би зээгээ зураг авалтад нь оруулсан.  Энэ киног хийж байгаа хүүхдүүд надад санал тавьсан. Би өөрөө залуу, оюутан байсан. Ки­но урлаг гэдгийг ойлгодог учраас туслахыг зөвшөөрсөн. Би хэзээний л урлагийн сэтгэлгээтэй хүн.  Багш нар маань надад  “Чи нэгдүгээр дамжаандаа жүжигчин,  хоёрдугаар дамжаандаа гавьяат, гуравдугаар дамжаан­даа Ардын жүжигчин, дөрөв­дүгээр дамжаандаа хүн болоо­рой” гэж хэлж байсан. Тийм зарчмаар би хүн сэтгэлээ гар­гаж, энэ залууст тусласан. Мөн­гө төгрөг нэхээгүй. Намайг урь­санд баярлаж байгаа. Би кинонд тоглооч ээ гэж урьсан хүн бүрт баярладаг. Тийм нэг жүжигчний сэг дээ.

-Одоо кинонд жижиг гэлтгүй дүрд тоглоход гайгүй мөнгө өгчихдөг болсон юм биш үү?

-Тийм байх аа. Би ерөөсөө шаг­нал мөнгө боддоггүй. Гэхдээ надад тодорхой хэмжээний цалин мөнгө өгөлгүй яах вэ. Харин хийх юмаа хийчихээд хүнээс мөнгөө нэхэх хэрэгтэй биз дээ. Хийгээгүй байж хүнээс мөнгө нэхнэ гэдэг чинь ариун явдал уу. 

-Та кино урлагаас  хэсэг хугацаанд хөндийрсөн. Тэр үедээ юу хийж байв даа?

-Би урлагаасаа хөндий байгаагүй. Зах зээлийн нийгмийн эхэн үед урлаг талхны үнэ хүрэх­гүй  байсан. Тэр үед би “Ши­нэ кино” компанийн най­руу­лагч Ж.Отгонбиндэртэй нийлж найман кинонд туслах най­руулагчаар ажилласан. Хөдөө гадаа их явсан. Киногоо гар­гах гэж ч бөөн юм болно. Тийм ажил хийж л ар гэрээ тэжээж байлаа. Амьдрал гэдэг үнэхээр хэцүү байсан. Урлаг тэр үед нэг хэсэг золиосонд гарсан шүү дээ. Тиймээс л ард түмэнтэйгээ уулзаж, ойр байж чадаагүй байхгүй юу.  Гэхдээ би урлагаас хөндийрч чадахгүй юм билээ.  Манайх 11 дүгээр хороололд байхад би 100 айлын урланд орж будаг үнэртдэг байсан. Гипс үнэртэж, төмөр яаж хөөхийг харна. Тэгж өөрийгөө тайвшруулдаг байлаа.  Харин 1985 онд нэг удаа тайлан тоглолт хийсэн шүү.  Одоо намайг тайлан тоглолт хийвэл хэн ч тоохгүй байлгүй дээ.

-Хуучны хүмүүсийг тоглолт хийгээсэй гэж хүсдэг хүмүүс олон байгаа байх?

-Ний нуугүй хэлэхэд хүсэл байгаа. Ганцхан ивээн тэтгэгч л олдохгүй байна. Би чинь хоёр нийгмийн завсар амьдарсан хүн.  Тийм болохоор тоох хүн алга байна шүү дээ.

-Одоо амьдрал ямар байна. Энэ байр таных биз?

-Би Мандухайд тоглоод хоёр өрөө байраар шагнуулсан.  Одоо ч хоёр өрөө хэвээр нь хадгалаад л амьдарч байна. Намайг Мандухайд тоглосны дараа “Гавьяат авах уу, байр авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Хашааны үнэгүй гавьяатаар яах вэ, байр авъя” гэж хэлээд л хоёр өрөө байр авсан. Түүнийгээ алдчихалгүй амьдарч байгаа. Эхнэр, хүүхэдтэйгээ сайхан л аж төрж байна.

-Түүнээс чинь болоод танд гавьяат өгөлгүй их удсан юм биш үү?

-Мэдэхгүй л дээ. Ноднин л гавьяат авсан. Ленин хүртэл шагналгүй байхад би шагналаар яах вэ дээ.  Би Б.Лхагвасүрэнгийн “Шагнал” шүлгэнд дуртай. Хүн тэр шүлгэнд гардаг шиг л олон шагнал авдаг юм. Тэр хүнийг би шүтдэг. Хэлсэн үг бүрийг нь сонсдог. Өөрийгөө нэг эд эс нь юм шиг санадаг. Түүнээс гадна би ахмадаа хүндэлдэг. Миний багш Д.Сэдэд, Б.Мөнхдорж, Б.Балжинням, Ж.Бунтар гээд олон хүн байгаа. Би тэр алтан үеийн мундагуудын хормойноос нь зүүгдсэн л жаахан хүүхэд байхгүй юу. Түүнээс биш би киноны од биш шүү дээ. Зүгээр л энгийн жүжигчин.

-Та чинь 11 дүгээр хороололд байртай байгаагүй бил үү. Түүнийгээ яасан юм бэ?

-Тэр чинь л “Мандухай цэцэн хатан” кинонд тоглосны дараа өгсөн шагнал байхгүй юу. Намайг архинд ороод, байраа алдсан гэж ярьдаг юм билээ. Тийм юм байхгүй. Нэг удаа хөдөөгүүр кино зурганд яваад ирсэн чинь цахилгааны мөнгө хуримтлагдчихсан байна. Төлбөр нэхэгдээд л байж байсан. Тэгэхээр нь гэнэт нүүмээр санагдаад. Би насаараа л Кино үйлдвэр, Улаанхуаранд амьдарсан болохоор тэр зүгт нүүмээр санагдсан. Ламаас асуусан чинь болох юм гэсэн.  Тэгээд л байраа үнэтэй зараад  энд адилхан хоёр өрөө байр хямдхан авсан. Би чинь гурвын гурван оюутан тэжээж байгаа шүү дээ. Нэг өрөөгөө хөлслүүлээд л амьдарч байна. Түүгээрээ оюутныхаа төлбөрийг төлдөг юм. Намайг 11 дүгээр хорооллын байраа зарсны дараа сонин хэвлэлээр нэг хэсэг худлаа цуурсан. Шар хаданд траншейны нүхэнд байна гэж ч бичиж байлаа. Хуцав аа. Хэзээ ч тэгж амьдардаггүй байхгүй юу.

-Кинонд тоглохгүй үедээ гэр зуураа л байна уу. Хувиараа жаахан юм хийж байгаа юу?

-Ерөнхийдөө гэр зуураа, энэ 16-р хороололдоо л байдаг юм. Уг нь янз бүрийн юм хийх санаа байх л юм. Гэхдээ тэр болгон чадахгүй л байна. Завтай үедээ энэ хавиараа даалуу тоглочихно. Тиймэрхүү л ажилтай байна шүү дээ.

-Та чинь жүжиглэхээс гадна уран зураг сонирхдог  байх аа?

-Миний аав уран Гомбожав гэдэг хүний удам юм билээ. Аав маань гэсэн гарын дүйтэй хүн байлаа. Түлээний мод аваад л боовны хэв хийчихдэг байсан. Тийм болоод ч тэр үү зураг зурдаг, сонирхдог байлаа. Багадаа зургийн дугуйланд явдаг байлаа. Янз бүрийн зураг зурдаг байсан. Гэхдээ одоо надад нэг ч байдаггүй юм. Зураг надад урлагийн амтыг анх мэдрүүлсэн. Гэхдээ урлагт дуртай болоход ном их нөлөөлсөн. Багадаа ном их уншдаг хүүхэд байлаа. Мянга нэгэн шөнийн үлгэрийг дөрөвдүгээр ангидаа уншсан. Дэлхийн сонгодог зохиолуудтай их нөхөрлөж байсан. Харин тоондоо муу байлаа.

-Хүмүүс урлагаас хөндийрөөд, нас жаахан ахиад ирэхээр жүжиг, зохиол оролдож эхэлдэг юм билээ. Та ядаж дурсамжийн ном ч болов бичиж байгаа биз дээ?

-Үгүй үгүй. Би юугаа бичих вэ дээ. Уг нь хуучин би “Хуягийн хувь заяа” гэдэг зохиол бичиж байлаа. М.Бааст гуайн ийм нэртэй өгүүллэгээс сэдэвлэсэн кино зохиол байсан юм. Кино хийх гэж ч нэг хэсэг хөөцөлдсөн. Гэхдээ бүтээгүй л дээ. Түүнээс хойш больсон. Зүгээр л мөрөөрөө амьдарч байсан нь дээр.  

-Та сүүлийн үед “Хэцүү анги”, “Ээжээ” хоёроос өөр кинонд тоглоогүй байх шүү?

-Энэ хоёр киноноос гадна “Тусгаар тогтнол” гэдэг кинонд тоглолоо. Наадмаас өмнө нээлтээ хийх байх. Маршал Х.Чойбалсангийн хэлмэгдүүлэлтийн тухай кино. Би зураачийн дүр бүтээсэн. Түрүүн чамд хэлсэндээ.  Зураг сонирхдог гэж. Гэхдээ надад нэг хүн “Урлаг бол шорлог биш, урлан бол жорлон биш” гэж хэлж байлаа. Тийм болохоор би шорлог, жорлон болохыг хүсдэггүй. Тэгээд л уран зураг зурах гэж хичээгээгүй юм.
 

Одоо намайг Чилүгэн, Батмөнх даян хаанд тоглосныг хэн мэдэх юм,
таньдаггүй л байхгүй юу

-Чилүгэн нэг талаараа “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног “алчихсан” юм шиг санагддаг. Бусад том дүрүүдээс илүү товойсон гэдэг утгаараа шүү?

-Тэр бол найруулагчийн ухаан. Би хэзээ ч Ц.Гантөмөр, Л.Жамсранжав гуайн дээр гарч чадахгүй. Багш нарынхаа дээр гарч чадахгүй. Гэхдээ дээр нь гарахын төлөө тэмцсэн сэтгэл минь тэндээс харагддаг байх. Би Чилүгэндээ дэндүү  хайртай. 

-Чилүгэнд таныг шууд тоглуулсан уу. Пробонд орсон юм уу?

-Би Мандахуйд тоглосны дараа “Хайрыг хайрла” жүжигт тоглосон. Тэр үедээ би тайзан дээрээс унаад бэртчихсэн юм. Тэгэхэд И.Нямгаваа намайг айхтар гомдоосон. Яг яасныг нь би яриад яах вэ. Харин  нэг жил гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад Б.Балжинням, Б.Мөнхдорж, Н.Сувд гээд миний багш нар энэ хүн Монголын кино урлагт хэрэгтэй шүү гэдэг сэтгэлээр эргэж ирж байлаа. Монголын урлагийнхан бүгд л эргэж очдог байлаа. Бүгд “Чи босно шүү, кино урлагт хэрэгтэй  байна” гэдэг байсан болохоор сэтгэлийн тэнхээтэй байж чадсан.  Тэр үед л Б.Балжинням найруулагч “Энэ дүрд чи л тоглоно. Миний хүү л гаргаж чадна” гэж хэлсэн. Тэгж л би тоглосон юм. Гэхдээ багшийнхаа сэтгэлд хүртэл тоглож чадаагүй байх гэж дотроо боддог. Харин өөрийнхөө сэтгэлд хүртэл тоглосон.

-Яагаад багшийнхаа сэтгэлд хүрээгүй гэж боддог юм бэ. Б.Балжинням найруулагч муу тоглосон гэж хэлсэн юм уу?

-Тэгж хэлээгүй л дээ. Гэхдээ л би дотроо “Би багшийнхаа сэтгэлд хүртэл тоглож чадсан болов уу” гэж одоо болтол бодож явдаг. Одоо би 52 настай.  Үнэндээ би багшийнхаа хайрыг дааж, хүлээж явах ёстой. Яагаад гэвэл би Кино үйлдврийн хажууд өсч торнисон. Киног яаж хийдэг юм бэ гэдгийг багаасаа мэддэг байсан. 16 настайдаа “Давааны цаана даваа” кинонд тоглож байсан. Киноны плёнкоор нь жааз хийдэг байлаа. Плёнк шатах үнэрийг мэдэрч өслөө. Алтан үеийн жүжигчдийг хараад яаж ийм жүжигчин болно доо гэж боддог байсан болохоороо тэгж боддог юм.

-Гэхдээ л та Чилүгэний дүрийг бүтээснээрээ алтан үеийн жүжигчдээс илүү гарч, ачийг нь хариулсан хүн. Би тэгж боддог?

-Үгүй. Тэгж хэлж болохгүй л дээ. Дүр хэзээ ч давтагддаггүй. Одоо Цогт тайжийн дүрийг Ц.Цэгмид гуай шиг бүтээх хүн нэг ч байхгүй. За яах вэ дууриаж болох юм. Харин Батмөнх даян хааны дүрийг надаас илүү бүтээх хүн гараад ирвэл би баярлана.  Чилүгэний дүрийг ч бүтээх хүн гарч ирж болох юм. Залуу уран бүтээлчид чадалтай, авьяастай болж.  Үүгээрээ л ялгаатай. Тэр мундагуудыг давтах хүн байхгүй байхад надаас илүү тоглох хүн байхыг үгүйсгэхгүй.

-Гэхдээ л тань шиг бүтээнэ гэж байхгүй?

-Яах вэ дээ, тухайн үедээ л үзэгчид үнэлсэн юм байгаа биз. Хүмүүсийг үе үеэр нь ялгаж, зааглаж байна. Одоо намайг Чилүгэн, Батмөнх даян хаанд тоглосныг хэн мэдэх юм. Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг гэж таньдаггүй л байхгүй юу. Автобусанд суухад надаас мөнгө нэхдэг. Би гавьяатын тэмдгээ зүүгээд явахыг хүсдэггүй. Хүнээрээ л байхыг хүсдэг. Бидний мэргэжил чинь хүн судлал  шүү дээ. Бид чинь зүгээр л энгийн ард түмний нэг хэсэг. Барилгачинтай л ялгаагүй. Барилгачин энэ барилыг би барьсан шүү гэж үр удамдаа хэлнэ биз дээ. Түүн шиг би тэр кинонд тоглосон гэж хэлнэ биз дээ. Амьдрал чинь ийм л энгийн. Өнөөдөр од гээд л яриад байна. Тэнгэрт л од байхаас газарт над мэтийн хүн л байдаг юм.

-Сүүлийн үед телевизээр солонгосын савангийн дууриас өөр кино гарахаа больсон болохоор алтан үеийн жүжигчдээ автобусны кондуктор хүртэл танихаа байсан юм байлгүй дээ?

-Хүн нас ахина, өөрчлөгдөнө. Тэгээд л таньдаггүй юм байлгүй дээ. Гэхдээ би урлагт бүтээсэн дүрүүдээрээ  л бахархаж, баярлаж явдаг. Дүрээрээ л үлдэнэ дээ гэж боддог болохоор хүмүүст гомддог  юм байлгүй дээ. Би Ардын жүжигчин Ц.Гантөмөртэй таарахдаа өвдөгнөөс нь адис авдаг. Н.Сувдаа багшдаа үнсүүлдэг. Ард түмэн тэднийг над шиг л хүндэлдэг байх. Харин намайг хүмүүс танихгүй бол “Яах вэ, онгироо бацаанууд л явж байгаа юм байлгүй” гэж боддог.  Би группт байдаг болохоор үнэмлэхээ үзүүлээд л автобусанд явчихдаг. 

-Та олон сайхан багшийн тухай л ярих юм. Өөрт чинь олон сайхан шавь бий биз?

-Би нэг ч удаа багшилж үзээгүй. Харин Д.Сэдэд багшийнхаа отгон шавь. Багш маань олон шавьтай байсан. Ц.Төмөрбаатараас эхлээд л. Гэхдээ л намайг сүүлчийн шавиа гэж хэлдэг байсан. Би багшаасаа их юм гуйдаг байсан. Тайзан дээр гарчихаад “Багшаа та өөрөө тоглоод үзүүлчих” гэхээр “Чи Сэдэдийн сармагчин болох гээ юү” гэж хэлдэг байсан. Тэгээд  би хүн өөрөөрөө л байх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тиймээс нэг ч удаа багшилж үзээгүй. Яах юм бэ. Баахан Сүххуягын сармагчин гараад ирэх ч юм бил үү.

-Хүн түүх бүтээж болно. Тэр дундаа та бол түүх бүтээсэн хүн шүү?

-Хүний амьдрал өөрөө түүх байдаг. Дүрүүд бол зохиол. Би амьдрал дээрээ бас өөрийнхөө түүхийг бүтээсэн. Тэр 13 дугаар зууны түүхийг тухайн үед ард түмэнд хүргэж чадсанаараа би мөнхөрч болно. Тухайбал А.Очирбат гуайг Итгэлт баян гэдэг биз дээ. Түүн шиг л намайг Батмөнх даян хаан гэдэг. Энэ түүх бүтээсэн юм биш. Миний мэргэжлийн онцлог юм даа.

Сүүлдээ  тэр явдаг газар руу нь явъя даа гэж бодсон


-Таныг нэг хэсэг архичин боллоо гэж ярьсан. Янз бүрээр алдаж онож дээ?

-Тэр яах вэ. Монголын урлагийн бүх л хүмүүс тийм замаар замнадаг юм шиг байна билээ. Би архи уусан. Алдсан. Гэхдээ л амьдралаа эргүүлээд олоод авсан. Одоо сайхан л амьдарч байна.

-Яагаад тэр зам руу  хальтираад орчихсон юм бэ. Нэг шалтгаан байсан л байлгүй?

-Би байтугай л хүмүүс хальтирсан шүү дээ. Ардчилал ялсны дараа урлаг, театр ямар байдалтай боллоо. Энэ бол нийгмийн байдлаас л болсон. Хүн нийгэмдээ зохицож амьдрах ёстой. Тэр үед архи уугаагүй хүн байхгүй дээ. Нэг шалтаг нь тэр байх. Түүнээс гадна өнөөдөр надад машин, студи байна уу, үгүй. Зальтай хүмүүс нь бүгдийг нь аваад идчихсэн. Зальгүй нэг нь гудамжинд хаягдчихсан байж байгаад гэнэт гараад ирэхээр хүмүүс сонирхоод байгаа юм байна л даа. Жүжигчин хүний нэг онцлог байна. Бид чинь нэг жүжиг, кинонд тоглохдоо л ухаарал олж авдаг. Нэг зүйлийг ойлгодог.  Тийм учраас, сэтгэлийн тэнхээтэй байсан болохоор тэр хүнд хэцүүг давсан байх.

-Таныг эхнэрээ хорлосон гэж нэг хэсэг шуугисан.  Түүнээсээ болоод архинд орсон ч гэж ярих л юм билээ?

-Тэр юу ч биш. Түүнээс илүү муу хэлж байсан. Тэр дундаа энэ шар сонин гэдэг чинь ямар муухай юм бэ гэдгийг тэр үед л мэдэрч байлаа. Талийгч Гандаваа “Дээдсийн хүрээлэн” сонинд ажиллаж байхдаа “Батмөнх даян хаан Авдрантад 2.6 жилийн ял эдэлж байна” гэж бичиж байсан. “Хонгор азарга” компанийг дампууруулсан хэргээр ял эдэлсэн гэж бичиж байгаа юм аа, тэр чинь. Би асууж л байлаа. Чи яагаад ингэж бичиж байгаа юм бэ гэж. Зүгээр л гарчигаар нь тоглосон юмаа гэсэн. Гэхдээ амьдралын үнэнийг бичээгүй л дээ.  Эхнэрээ алсан гэдгийг ч сонинууд л дэвэргэж бичсэн. Үнэндээ би тийм хэрэг хийх хүн мөн үү. Хүнийг арай ч тэгж “алж” болохгүй л дээ.  Цагдаа нар ч тэгж буруутгаж, шалгасан.

-Таныг ямар үндэслэлээр буруутгаж байсан юм бэ?

-Тэрийг хамаагүй задлаад хэрэггүй ээ. Хэтэрхий хувийн асуудал. Миний хань өөд болчихсон нь үнэн. Би тэрийг дотроо хадгалдаг юм. 

-Ганцхутагт ороод гарсан байх аа?

-Би тэрийг задалж яримааргүй байна. Гэхдээ тэр газарт чинь жинхэнэ хүмүүс,  амьдрал, хүнтэй зөв харьцах соёл байдаг юм билээ. Гадаа байгаа орчныг хүн тэнд дотроо тээж байх ёстой юм билээ гэдгийг мэдэрсэн. Түүнээс биш танхайраад, солиороод, орилоод байсан бол хэцүүдэх байсан биз. Хүнийн амьдралд гомдол, шаналал хоёр цуг явдаг юм гэдгийг тэнд байх даа л мэдэрч байлаа.

-Та Ганцхудагт хэр удаан суусан юм бэ?

-Хоёр сар л болсон. Би энэ сониноор дамжуулаад Ерөнхийлөгч П.Очирбатын эхнэр Ш.Цэвэлмаа гуайн эгч Ш.Итгэл гэдэг өмгөөлөгчид баярлалаа гэж хэлмээр байна. Хүн бүр намайг эхнэрээ хөнөөсөн гэж бодож байхад тэр хүн л “Сүххуяг хэзээ ч хүн алахгүй. Яагаад гэвэл миний хүргэнээс Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон авч байсан юм” гэж хэлээд намайг өмгөөлж байсан. Тэр хүнийг би ээж шигээ хүндэлдэг.  Гэр бүл, үр хүүхдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Өнөөдөр тэр хүний хүчээр би зээгээ харлаа, өвөө боллоо. 8-15 жилийн ял төлөвлүүлчихсэн байхад бүх үнэн мөнийг нь ялгаж салгаж өгсөн.

-Танд өмгөөлөгч авах мөнгө байгаагүй юм уу?

-Байгаагүй. Хэн ч намайг өмгөөлөхгүй, би өөрийгөө өмгөөлнө гэж байхад тэр хүн хүрч ирээд би чамайг үнэгүй өмгөөлнө гээд л өмгөөлсөн.

-Мөрдөнд байхад тантай хүмүүс яаж харьцаж байв. Бас нэртэй жүжигчин болохоор арай гайгүй хандана биз?

-Цагдаа нар хуулийнхаа дагуу, хүмүүс хүн ёсоор харьцаж байсан. Даян хаан, Чилүгэн гэж харьцаж байгаагүй. Цагдаа нар намайг баривчлаад, гар дээр юм бичээд л оруулсан. Би долоо хоног нойргүй байсан. Ном уншиж л өнгөрөөдөг байлаа. Ж.Пүрэв гуайн “Манан будан” роман хэсэг хэсгээрээ л олддог байлаа. Бүхнийг мартахын тулд л тэр номоо уншина. Сүүлдээ за за тэр явдаг газар руу нь явъя даа гэж бодсон. Яг итгэл алдраад 45 хонож байхад Ш.Итгэл эгч ирж уулзсан. Тэгээд л жаахан сэтгэл сэргэсэн. Тэнд байхад долоо хоногт гурван удаа гадаа гаргадаг байсан. Д.Хишигээ, Я.Баярсайхан гээд хүмүүс надад тусалж байсан. Хүн хуулиа л дагавал болдог юм билээ. Гадаа гараад л тамхи татна. Зогсохоор өвдгөөр хатгуулдаг байсан. Тэр үед Дамбын Хишигээ “Сүхээ ах, та битгий “Алтан навч” татаад бай. Биед чинь муу. Та “Kent” тат гээд л блокоор нь өгдөг байсан. Хоёр охиндоо өгөөрэй гээд л мөнгө өгнө. Тамхи татаад зогсч байхдаа “Хүн амьдралдаа иймэрхүү юм үзэх хэрэгтэй. Тэгж байж л хат сууна” гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа. Гэхдээ л шүүх хурал дээр айсан шүү. Хоёр охиндоо санаа зовсон, айсан, хямарсан. Харин өнөөдөр үр хүүхэддээ харагдаад сайхан амьдарч байна. Энэ бол Ш.Итгэл өмгөөлөгчийн гавьяа.

-Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Таныг мандаж явахад найзалж байсан андууд ядрах цагт яаж хандаж байх юм?

-Би өөрийгөө ядарсан гэж хэлэхгүй. Хүмүүсийн хэлдэг шиг архинд живээд, сүйрсэн ч юм байхгүй. Намайг театрт байхад “ТАС” корпорацийнхан “Сансар” кино театрыг авчих гэж байсан. Тэгэхэд нь би урлагтаа үнэнч гээд аваагүй. Түүний дараа  “Чилүгэн” гэж компанитай байсан. Захирлаар нь Мандухай, Чингисийн бүх хувцсыг хийсэн Оргодол гэдэг хүн байлаа. Сайхан залуу. Одоо хүртэл байгаа. Түүний үр хүүхдүүд манайхаар орж гардаг.  Би тэр хүмүүстэй нийлээд багшдаа зориулж “Эргүнэ хунгийн домог” гэдэг кино хийсэн. Бүгд дархан. Хүнийг мартдаггүй, хаядаггүй найз нөхөд гэж байдаг юм. Өөр бусдын тухай яриад яах вэ. Хэрвээ би тэр үед “Сансар” кино театрыг авчихсан бол яана аа. Өдийд задарчихсан баян байхгүй юу. Хүмүүс ч арай өөр хандах байх.

Хатуу амьдрал намайг уяхан болгосон байх аа

-Одоо та элэг бүтэн сайхан амьдарч байна. Энэ бүхэн одооны ханьтай чинь салшгүй холбоотой байх. Энэ хүнтэй яаж танилцсан юм бэ?

-Би Багшийн дээдэд сурч байхдаа ханиа таньдаг байсан. Энэ хүн чинь ханиа алдаад найман жил болсон байлаа. Би талийгчаа алдчихаад гурван жил болсны дараа  утсаар ярьж, учир байдлаа хэлсэн.  Гэтэл миний хоёр хүүхдийг гэртээ аваачаад л ээж шиг нь хандаж, тусалсан.  Ний нуугүй хэлэхэд  ханиа алдсаны дараа би  архи их уусан. Тэр үед л одооны хань минь “энэ хүн яг үхэх гэж байгаа юм байна” гэж бодсон байх. Тэгээд л хүүхдүүдийг өөр дээрээ авсан.  Тэгж явж байгаад л нэг нэгэндээ түшиг болж явъя гээд л нийлсэн. Ханилаад гурван жил болчихож.  Би  хоёр хоёр хүүхэдтэй нийлсэн.  Намайг хэвлэлээр өөрөөсөө олон дүү эхнэртэй боллоо гээд л байсан. Уг нь бид хоёр ганц насны л зөрөөтэй юм шүү дээ.

-Одоо найз нөхөдтэйгээ таарахаараа хааяа нэг татаж байгаа биз дээ?

-Ах нь нэг их уухгүй байгаа. Бие муу болохоор. Хааяа л нэг татах юм даа. Миний эхнэр сайн хүн. Анхаарал халамж ч сайн тавьдаг. Тэр хүнийг бодсон ч архи уугаад яваад байх учиргүй. Гэхдээ би их давруу хүн юм шиг байгаа юм. Заримдаа үгэнд нь орохгүй, архи уух гээд байна аа.

-Түрүүнд эмнэлэг орж сахарын эм авлаа гэж байсан. Бие тэнхээ гайгүй биз дээ?

-Миний бие зүгээр. Тал харваад гурван жил болж байна. Ханийнхаа буянаар одоо сайхан л болж байна.  Түүнээс биш нэг өвдөөд байхгүй шүү. Харин ч шөнө дөл болтол кино үзээд эхнэртээ загнуулна шүү дээ.

-Та амьдралын хатуу хүтүү, зөөлөн зөвийг туулж ирсэн хүн. Таныхаар аз жаргал гэж юу вэ. Энэ олон жилийн дараа бодоход шүү дээ?

-Зээгээ харах л аз жаргал юм билээ. Би хараад л уйлсан. Зээдээ Есү гэдэг нэр өгсөн.  Одоо зээгээ харах болгондоо  уйлдаг.  Амьдралын аз жаргал бол үр удмаа харах л юм билээ.  Би охиноо хараад, зээгээ хараад л хамгийн их баярлаж байсан даа.  Ах нь долоон жил хүүхэдгүй явсан. Тэгээд асрахаас хүүхэд өргөж авч байлаа. Тэр охин маань намайг өвөө болгосон. Гурван охин маань бүгд л мэргэжилтэй болчихлоо. Том охин минь Богд хааны тухай кинонд тоглохоор боллоо. Би баяртай байгаа. Энэ чинь л аз жаргал. 

-Тэгвэл юунд хамгийн их харамсдаг вэ?

-Хүн амьдралдаа нэг л шулуун шугамаар явах ёстой. Миний аав, Д.Сэдэд багш хоёр ч хэлдэг байсан. “Чи амьдралын нэг л шугамаар яв. Явах замдаа согтуу хүн шиг гуйваж болох юм. Гэхдээ хазайсан ч гэсэн шугамдаа орж, амьдралаа эргүүлж авах нь чиний ухаанаас шалтгаална” гэж. Би амьдралдаа алдаж, онож явсан. Гэхдээ тэр бүхнийг тоодоггүй. Хамгийн харамсдаг зүйл нь аавыгаа баярлуулж чадаагүй дээ л өөртөө гомддог.

-Яагаад. Харин ч олон сайхан дүр бүтээж баярлуулсан юм биш үү?

-Үгүй. Аав минь баярлаагүй. Ээж минь ч баярлаж чадаагүй байх гэж боддог. “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Корчагины дүрд тоглочихоод гараад ирэхэд ээж минь “Би арай ч ийм тахир дутуу хүүхэд төрүүлээгүй дээ” гэж хэлж байсан. Аав минь ээжийг дагуулаад юу ч хэлэлгүй автобусанд суугаад л явж байсан. Тэр явдлыг бодохоо л нулимс гардаг юм.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.20Зочин   • 2020, 10 сарын 6. 15 цаг 26 минут

Нээрээ л үнэн хэлж ярьжээ одоо энэ хүнийг танидаг хүн ч ховорхон болж. Ум мани бадми хум . Хийсэн бүтээсэн юмтай хүн шүү.Эх орныхоо алтан хөрсөнд тайван нойрс доо.

103.212.118.146Болд   • 2020, 10 сарын 6. 13 цаг 43 минут

Тэр бол үнэхээр сайн жүжигчин байсан. Түүний бүтээсэн дүр монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөрнөө. Одод тэнгэрт л байдаг, газарт над шиг нь байдаг гэж тэр хэлжэээ. Их даруу эгэл хүн байж дэ. Ум сайн амгалан болтугай.

202.21.127.183Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 51 минут

Жинхэнэ хүн л байсан да. Павел Корчагин

66.181.180.62Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 33 минут

тэр үе үнэхээр хүнд үе байсан даа тэгээд л архинд орсон байх даа

202.9.46.112Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 08 минут

хөөрхий дөө амьдрал дардан бишээ сайн жүжигчин байсан юм даа хайран сайхан хүмүүс архинаас л болж богино насалж байна даа залуугаасаа биеэ бодож явсангүй ээ

202.21.108.52Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 02 минут

Hoshin shogii hedees l iluu jujigchin dee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.