Английн премьер лигийн 5 дугаар тойргийн ихэнх тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө "Тоттенхэм" клуб талбайдаа "Вест Хэм"-ийг хүлээж авч, 3:3-аар тэнцлээ. Ингэснээр 8 оноотой болж, хүснэгтийн 6 дугаар байрт бичигдэж байна. Харин "Вест Хэм" 7 оноотой наймдугаар байрт бичигдэж эхлэв.
Тоглолтын 1 дэх минутад Сон энэ улирлын 7 дахь гоолоо оруулсан. Түүний араас 8, 16 дахь минутад Харри Кейн хоёрыг оруулж, премьер лигт энэ улиралд 5 гоолтой боллоо. Тоглолтын эхний 20 минутад авсан тэргүүллээ "Тоттенхэм" хадгалж чадалгүй, төсгөлийн 10 минутад гурван гоол алдчихсан. Бальбуэна 82 дахь минутад тооны харьцааг ойртуулж, Санчес 85 дахь минутад өөрийнхөө хаалганд нэгийг оруулсан юм. Улмаар 90+4 дэх минут буюу шүүгчийн мэдлийн цаг дуусаж байхад Лансини 16-гийн гаднаас цөм цохиж, багтаа 1 оноо авчирлаа.
Тэгвэл улирлын эхний 3 тоглолтдоо хожоод байсан. Тэр дундаа "Ливерпүүл"-ийг 7:2-оор буулгаж авсан "Астон Вилла" зүгээр ч нэг азаар хожоогүй гэдгээ дахин баталж, "Лестер"-ийг талбайд нь 0:1-ээр буулгаж авав. Ингэснээр 4 тойрогт 4 хожиж, 12 оноотой хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Тэдний дутуу нэг тоглолт нь "Манчестер Сити"-гийн талбайд зочлох тулаан юм.
Энэ удаагийн тоглолтын цорын ганц гоолыг Баркли 90 дэх минутад оруулж, шинэ багтаа том бэлэг барилаа. Тэгвэл "Лестер" хожигдсоноор 9 оноотой хэвээр үлдэж, 4 дүгээр байрт бичигдэж байна.
Сэтгэгдэл бичих