Сүүлийн үед эзэнтэй, эзэнгүй тэнэмэл ноход олширсон. Золбин нохой гэдэг тодотгол эзэнгүй нохдод зохимжтой бол эзэнтэй ноход гадуур тэнэж, хүүхэд хөгшдийг айлгаж, 5-6-лаа сүрэглэн иргэдийг өглөө эрт ажилдаа явахад нь үргэлж тааралддаг. Зарим нь тэдгээр нохойноос айж, зугтаж явсаар ажлаасаа хоцрох тохиолдол ч их байдаг. Түүнчлэн сургуулийн сурагчид гудамжны гэх тодотголтой нохойнуудаас сэрэмжилж хашаа, байшингийн булангаар сүүтгэнэж гүйж байгаа харагдана. Ялангуяа, гэр хорооллын иргэд нохойгоо хараа хяналтгүй дэл сул орхисноос болж олон хүн эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч их гардаг.
Энэ тохиолдолд анхаарал, болгоомжгүй байсан гэдэг нэрийдлээр нохойны эздэд загнуулна. Цаашлаад хаа сайгүй сүлжилдэх эзэнтэй үгүй нь мэдэгдэхгүй “Золбин”нохойд хазуулбал ёстой л өөрийнх нь буруу болоод өнгөрөх байх. Манай улсад золбин нохдын тоо толгойг өсгөхгүй байхын тулд буудах эсвэл торлох ажлыг хийдэг. Энэ ажил хэр үр дүнтэй байдаг талаар Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа.
-Эзэнгүй нохой, муур устгалын ажлыг хэзээнээс эхлүүлсэн бэ. Өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа хэвээрээ юу?
-Захирагчийн ажлын албаны чиг үүрэг нь нохой муур устгалын ажлыг хариуцдаг. Энэ ажлын хүрээнд 2017 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах нохой муурны худалдаа аж ахуй эрхлэх журмыг батлуулсан. Уг тогтоолыг хууль зүйн яаманд бүртгүүлэхээр өгсөн боловч уг тогтоолыг хууль зүй яам бүртгэж аваагүй буцаасан байдаг. Учир нь бусад галт зэвсгийн хуультай нийцэхгүй гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй. Тиймээс энэ жил дахин боловсруулж нэмэлт өөрчлөлт боловсруулж байна. 2021 онд журмыг шинэчлэн батлуулж, бүртгүүлэх төлөвлөгөөтэй байна. Эзэнгүй нохой, муур устгалын ажлыг жилд 100 мянган нохой, муур устгах төлөвлөгөө батлуулж, мэргэжлийн гурван байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна.
-Тодруулбал, ямар учиртай тогтоол билээ?
-Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах, нохой, муурны худалдаа аж ахуй эрхлэх журам юм. Эзэнгүй нохой, муур устгалыг манайх жилд 100 мянган нохой, муур устгах төлөвлөгөө батлуулаад гурван мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна.
-Энэ жилийн хувьд хэчнээн эзэнгүй нохой, муур устгасан бэ. Эзэнгүй нохдыг устгах ажлыг хэрхэн яаж хийдэг вэ. Жишээлбэл, улирал харгалзах гэм мэт зүйл байдаг уу?
-Өдөр тутмын хийдэг аж ахуйн нэгжийн ажилтай уялдуулан гурван компанийн улирал харгалзахгүй тогтмол хийдэг. Харин дүүргүүдэд гэрээт гурван компанийг ажиллуулах хуваарь батлуулж, тухайн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран ажилладаг.
-Гудамжаар сүрэглэн явах нохойнуудыг эзэнтэй эсвэл эзэнгүй гэдгийг нь хэрхэн яаж таньдаг вэ?
-Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 2016 оноос хойш нохой, муурыг бүртгэлжүүлэх ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран хийж байгаа. Энэ ажлын хүрээнд муур, нохойг бүртгэлжүүлж, пайз зүүлгэх нэгдсэн систем болох “SMART DOG” гэдэг цахим хуудсанд бүртгэлжүүлэх ажлыг хийж байгаа.
- Нохойг бүртгэх, смартжуулах гэж юу гэсэн үг вэ?
-Эзэнтэй нохой муурыг вакцин хийлгэсэн байна уу, пайзтай нохой бүр бүртгэлийн дугаартай байдаг. Тэнд бичигдсэн тоог цахим хэлбэрээр “SMART DOG” түлхүүр үгээр хайхад тухайн нохой хэний эзэмшил, ямар хаяг дээр байдаг, вакцинд хамрагдсан эсэх талаарх мэдээлэл гарч ирэх юм. Пайз, зүүлгэж бүртгэлжүүлсэн нохойнуудыг танихад тусална. Энэ ажлын талаар гэр хорооллын иргэд ам сайтай байдаг.
-Тэгэхдээ гэр хорооллын гудамжаар ихэвчлэн ямар ч хүзүүвчгүй нохойнууд байдаг. Тэдгээр нохойнууд хүн рүү дайрч, гэмтээх магадлал маш өндөр. Үүнд ямар хяналт тавьж ажилладаг вэ?
-Бид иргэдийн гомдлыг өдөр бүр хүлээж авдаг. Энд дуудлагын 3 оператор ажиллаж байгаа. Иргэдээс ирсэн гомдлын дагуу маргааш нь очиж асуудлыг шийдвэрлэдэг. Гудамжаар явж байгаа золбин нохойнуудыг бид хуваарийнхаа дагуу тогтмол буудах болон тороор барих ажлыг өдөр тутам зохион байгуулж байна.
-Эзэнгүй “Золбин” нохдын тоо толгой жил бүр өсөх хандлагатай байдаг гэж үнэн үү?
-Сүүлийн үед эзэнгүй нохой, муур маш ихээр өсөх хандлага байгаа. Энэ нь иргэдийн ухамсраас бүрэн шалтгаалдаг. Иргэд муур, нохойг замбараагүй хээлтүүлж, энэ үйлдлээ үл тоох хандлагатай. Хашааныхаа нохойг гөлөглөх үед ч гөлөгийг нь хаа хамаагүй хаядаг асуудлууд их байна.
- Та бүхэн жил бүр нэмэгдэж байгааг нь мэддэг бол анхнаас нь нохойн үржүүлгэд анхаарч, спэй тарилгыг иргэдтэй хамтран хийж болдоггүй юм уу?
-Манайхаас нохойг бүртгэлжүүлэхийн хамт 2016 оноос эр нохойн үржлийг боох, эм нохойн өндгөвчийг авах спэй ажил хийгдэж байна. Энэ нь төсвийн хувьд өндөр тусдаг. Спэй нэг нохойд 26 мянган төгрөгөөр хийгддэг. Харьцангуй үнэтэй. Харин хотын төсвөөс 10-50 мянган нохойг хамруулах боломжгүй. Харин жилд дунджаар 6-7 мянган нохойн дээр л хийгддэг ажил байгаа.
-Тэгвэл одоогийн байдлаар энэ жил хэчнээн эзэнгүй нохойг устгасан байгаа вэ?
- Манайхаас жилд 100 мянган нохойг устгах төлөвлөгөөтэй ажилладаг.
- Төлөвлөгөөгөө биелүүлж чаддаг уу?
-Төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
-Тэгвэл эзэнгүй нохойд хазуулсан хүн хаана хандаж, ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Цагдаагийн байгууллагад хандахаас гадна Нийслэлийн захирагчийн ажлын албаны хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэст хандаж болно. Бид устгалыг бүрэн хариуцдаг учраас иргэдийн гомдлыг нээлттэй хүлээж авч, асуудлыг шийдвэрлэдэг.
-Эзэнгүй нохойг буудаж, устгах нь хэр зөв арга вэ. Эзэнгүй нохойг устгах, тоо толгойг нь хянах өөр аргыг нэвтрүүлж болох болов уу?
-Манай оронд санхүүгийн хувьд хямд, хамгийн боломжтой арга нь буудах. Спэйгээр тооцвол спэй нь хувийн болон улсын эмнэлгүүдэд харьцангуй үнэтэй хийгддэг. Гэр хороололд нохой тэжээдэг айлуудад өөрсдийн санаачлагаар спэй хийлгэх боломжтой нь хэд байгаа билээ. Эзэнгүй ноход өсөж, үржиж байгаа асуудал нь иргэдийн ухамсаргүй үйлдэлтэй холбоотой. Бид эрх жилээс нохой, муурны бүртгэлжүүлэлттэй холбоотой иргэд руу чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
иргэд нохой муурыг замбраагүй хээлтүүлдэг гэнээ мөн ху ...а
Нохой муурны арьсаар нь бүтээгдэхүүн хийж махыг нь боловсруулж хүнсний болон амьтны тэжээл, бордоо үйлдвэрлэвэл маш их ашиг олно доо. Тиймээс золбин нохойг барьж нийлүүлдэг аж ахуй байгуулж ажиллуулах хэрэгтэй. Нохойны арвсаар гутал хувцас хийж якут зэрэг хүйтэн газруудад үнэтэй зарж болно. Монголд нохойн арьсан гутал цааны гутлаас хамаагүй дулаан, эдэлгээ сайтай, хөнгөн байдаг
Нохой муур устгах ажлыг Хотын захирагчийн алба харицдаг аж. Тэр алба үнэн муу ажиллаж байна. Бас иргэдийн ухамсар дорой учраас зеолбин нохдын болон муурны хээлтүүлэг замбараагүй байгаа нь нөлөөлсөн гэнэ. Эднийх жилд зургаан тэр бум төгрөгөөр нохой муур устгадаг гээ биз дээ. Хийсэн ажил хэлсэн үг чинь ир зөрж байна даа. Ер бол Ажлаа маш муу хийдэг газар даа.
Нохойны хажуугаар муур бас асар их болчихжээ
ene huitend zovoj baigaashd tanuus shig yamar dulaan gert baigaa bish.
Хотод хаа сайгүй золбин нохой муур байна. Бэлхийн зуслангуудад өдрийн цагаар ч нохой муур хүүхэд хөгшид явуулахгүй ээрээд байна. Энэ асуудлаа хурдан шийдээч
Аль эрт яриад шийдэж чадахгүй юм. 10 жилд сая нохой буудах мөнгөөр асуудлыг шийдэж болно. Торгуулийн мөнгө хэдэн тэрбумаар байна. Хувь хүн айл өрхийн асуудал биш ээ.Хойшлуулдагийн гай
Чингэлтэй дүүргийн 19-р хороо Жигжидийн зуслан орчмоор эзэнгүй нохой,муур маш ихээр олширч хүн барихад ойрхон байна.Яаралтай устгах арга хэмжээ авна уу
Устгаач хот нийслэлийн удирдлага уудаа
наад золбин ноходыг чинь алаад махыг нь ресторан хоолны газарт хэрэглэдэг байх өндөр магадлалтай