Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж, Монгол Улсын Их Хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Хууль баталсны 10 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр (2022.03.29) “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” сэдэвт онол практикийн бага хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Бага хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи нар болон хуулийг хэлэлцүүлэн батлуулахад оролцсон салбар салбарын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд хурлын чиглүүлэгчээр нь Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр ажиллав.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монголын түүх, уламжлалд төр, нийгэм, гэр бүлийн амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг тэгш бус байсан хэдий ч эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг үнэлэшгүй их гэдгийг тодотгоод монголчууд тэртээх 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “... тус улсын харьяат иргэдэд угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй гэж ялгаварлахгүйгээр нэгэн адил эрхийг эдлүүлэх, хүн бүр чөлөөтэйгөөр үг хэлэх, хэвлэх, жагсах, хуралдах, эвлэлдэх, эрдэм боловсролыг үнэ төлбөргүйгээр олж авах, бусдын хөдөлмөрийг мөлждөггүй 18 нас хүрсэн иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй” хэмээсэн нь хүний эрх, эрх чөлөөг цогц утгаар нь анх удаа хуульчилж, иргэдийн ардчилсан эрх чөлөөг тунхаглан баталгаажуулж, эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй хэмээн тунхагласан нь Монгол Улсад төдийгүй Ази тивд анх удаа жендэрийн эрх тэгш байдлыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан шийдвэр байсныг онцолсон.
Сэтгэгдэл бичих