Трампын тангараг өргөх ёслол ойртож байгаа энэ үед гал зогсоох яриа хэлэлцээ ахиж байна

| Батжаргал Сэнгэдорж

Израиль болон Газад төвтэй “Хамас” террорист бүлэглэл гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Jerusalem Post даваа гарагт мэдээлэв. Санал болгож буй хэлэлцээрийн дагуу Хамас 33 амьд барьцаалагчийг нэн даруй суллах бол Израиль Газын зурваст явуулж буй зарим цэргийн ажиллагаагаа зогсоох юм. Дараа нь Хамас бусад барьцаалагдсан хүмүүсийг үе шаттайгаар суллахыг үргэлжлүүлэх бол Израиль Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа зохих үе шаттайгаар зогсоох болно.

АНУ оролцсон уу? Энэхүү урьдчилсан хэлэлцээр нь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг албан тушаалдаа орохоос долоо хоногийн өмнө хийсэн юм. Хэрвээ түүнийг албан тушаалдаа орох хүртэл Газад барьцаалагдсан бүх хүмүүсийг суллахгүй бол Хамас бүлэглэлийг шийтгэнэ гэж Трамп амласан. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Газын зурваст барьцаалагдсан 98 хүнийг суллах талаар хэлэлцээчдийн хүчин чармайлтын талаар ярилцжээ. Нетаньяху Газын зурваст олзлогдсон иргэдээ эргүүлэн авчрах Израилийг дэмжсэн Байден болон шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп нарт талархаж байгаагаа илэрхийлэв.