2018 оны 10-р сарын 21
13 цаг 14 минут

Р.Оюун: Өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнох зам

Жижиг, дунд бизнес эрхлэгч, бизнесийн удирдлагууд, бизнес эрхлэхийг хүсч буй хэн бүхэн хийх гэж байгаа ажлынхаа талаар зураглал хийж, ямар ажлыг шат дараатай хийвэл үр ашгаа өгч хөгжих боломжтой гэдгийг төлөвлөдөг. Энэхүү бизнесийн стратеги төлөвлөлт, маркетинг харилцаа, удирдлагын чиглэлээр жижиг, дунд аж ахуйн нэгжүүд болон ашгийн бус байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлнэ гэдэг маш  чухал ажил билээ. Энэ удаагийн VIP зочноор 2009 оноос эхлэн тухайн харилцагчийн онцлогт тохируулсан бизнесийн оновчтой шийдлийг олж, стратегийг тодорхойлж, гүйцэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд тусалж ирсэн “Өү Ар Ди Би Консалтинг” ХХК-ний Ахлах зөвлөх Р.Оюуныг урьж ярилцсан билээ. Таалан болгооно уу.

-Бизнес эрхлэгчдэд тусалж, стратегийг нь тодорхойлж, гүйцэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд туслах зорилготой энэ компанийг яагаад байгуулахаар шийдсэн юм бэ?

-2005 оноос хувиараа бизнес эрхлэх сонирхол төрж эхэлсэн. Гэхдээ ямар бизнес хийх вэ гэдгээ тухайн үедээ мэдээгүй. Тэгээд л  сургууль төгсөөд надад юу хийвэл сонирхолтой, хэн нэгэнд хувь нэмэр болох ямар бизнес хийвэл дээр вэ гэж сурах хугацаандаа боддог байсан. Ингэж явсаар өөрийн чадвар, сонирхол, тухайн үеийн боломжоо ашиглаад л энэхүү компанийг байгуулж байсан. Эхний захиалагч “Надад бизнес төлөвлөгөөг минь гүйцээж өгөөч, санхүү болон маркетинг дээр ажиллаад өгөөч” гэж хүссэн. 2008 оны үед АНУ эдийн засгийн уналттай байсан. Тэр нь ч гэсэн миний бизнесийг эхлүүлэхэд нөлөөлсөн болов уу.

Стратеги гэдэг нь компанийн оршин тогтнох зүй тогтол, зорилго,

 зорилгоо хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстойг гаргаж ирдэг

-Тухайн үед АНУ-ын компаниудад мөн бизнесийн зөвлөгөөг өгч явж байсан уу?

-Тийм. Зөвлөгөө өгсөн байгууллагуудад ашгийн болон ашгийн бус байгууллага аль аль нь байсан. Ер нь бол зөвлөх үйлчилгээгээ 2009 оноос эхлэн, 2010 онд компаниа албан ёсоор бүртгүүлж байсан. Анхлан бизнес төлөвлөгөө боловсруулах, онлайн маркетинг, ялангуяа, сошиал маркетинг зөвлөгөө, програм төлөвлөлт гэх мэт тодорхой чиглэлээр зөвлөж байгаад, 2011 оноос стратегируу орсон.

Стратеги гэдэг нь компанийн оршин тогтнох зүй тогтол, зорилго, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстойг гаргаж ирдэг юм л даа.  Өргөн мэдлэг шаарддаг, компани бүрт өөр өөр гарах ёстой зэрэг нь надад сорилт байж, хөгжихийг шаардан, тэр хэмжээгээрээ маш таалагдсан. Тэгээд л энэ чиглэлээр дагнаж эхэлсэн дээ.

-Яагаад Монголдоо эргэн ирж ажиллахаар болсон бэ. Хэзээнээс эх орондоо ажиллаж эхэлсэн бэ. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд АНУ-аас асар их ялгаатай. Өнгөрсөн хугацаанд АНУ-ыг хөгжүүлж байсан байна шүү дээ.

-Бaярлалаа. Аягүй томоор хэлчих шиг боллоо. АНУ-ыг хөгжүүлж шалиагүй ээ /инээв.сур/ Нэг л бичил бизнес байсан.

Ер нь бол би магистраа хийхээр явахдаа л “Монголдоо ирж ажиллана, эх орондоо ямар нэг зүйл хийнэ” гэсэн бодолтой байсан. Тэгэхийн тулд тэндээс сурах зүйлээ сурчихаад ирнэ гэж боддог байсан. Миний хувьд сурах, хөгжих, нийгэмд нь байх, бизнесийн түвшинд очиж нүдээр харах хэрэгтэй байсан юм. Тэгээд тодорхой хэмжээгээр үзчихээд ирсэн. Өөр гоц зүйл байхгүй ээ /инээв.сур/

Монголдоо ирээд дасан зохицох хугацаа нэлээд шаардсан. Мэдээж ирэнгүүтээ консалтинг хийнэ гэж байхгүй. Зах зээлээ мэдэхгүй учраас хэцүү. Тэгэхээр би өөрөө улс төр, эдийн засаг, нийгмийн байр байдал, хүмүүсийн соёл боловсрол ямар түвшинд байна гэдгээс эхлээд мэдэхгүй зүйлүүд бий болж, эргээд суралцах шаардлага гарсан.

Тиймээс 2013 ондоо дасан зохицох, зах зээлээ мэдэх, судлах зэрэг түвшинд байж байгаад, 2014 оноос Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээндэх, холбоодын менежментийг сайржуулах төслийн ажлыг хийснээр компанийнхаа үйл ажиллагааг идэвхижүүлсэн. Ямартай ч чадавхижаад явж байгаа гэж боддог, Цаашид ч энэ чиглэлээрээ тууштай явна гэж төлөвлөж байгаа.

Манай залуучууд маш хурдацтай, сайн хөгжиж байгаа нь анзаарагддаг

-Таныг эх орондоо ирээгүй байх хугацаанд улс төр, эдийн засаг, нийгэм гээд бүх зүйл өөр өөрийн шатандаа хөгжсөн байгаа. Энэ бүхэн танд хэр ажиглагдаж байв?

- Яг үнэн. Би 2002 онд АНУ-д баклавараар төгсчихөөд буцаад ирэхэд, манай улсын хөгжил тодорхой түвшинд их л удаан хөгжил мэдрэгддэг байсан. Тэрний дараа 2012 онд ирэхэд манай улс нэлээд хөгжсөн, шинэ шинэ барилга байгууламжууд баригдсан, бараг л хотод дотроо “төөрөх” шахуу болж байлаа /инээв.сур/. Тухайлбал, нийслэлийн урд хэсгээр бараг л хоосон, цөөн тооны барилга байгууламж байсан. Энэ чинь л манай улсыг хөгжиж байгааг харуулж байгаа гадаад орчны ерөнхий хандлага, миний хувьд улсынхаа нийгэм, эдийн засгийг судлах, суралцах хэрэгтэй сануулга байсан.

-Монголын компаниудтай ажиллахад ямар санагддаг вэ. Тэднээс ихэнхдээ ямар сонирхол, хүсэлт ирдэг вэ. АНУ-ын компаниудаас юугаараа ялгаатай байна вэ?

-Манай залуучууд маш хурдацтай сайн хөгжиж байгаа нь надад анзаарагддаг. Бизнесүүд ерөнхийдөө шинэлэг менежмент рүү хандаж эхэлж байна. Монголд ажиллаад тав, зургаан жил болох хугацаанд нүдэн эрс хөгжиж байгаа нь харагддаг. Мэдээж хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад харьцангүй байх. Яг л алим, жүрж хоёрыг харьцуулж байгаа шиг. Гадаад орны хүмүүс багаасаа л мэдээлэл, техник технологи, нийгмийн соёл дунд өссөн учраас харьцуулашгүй.

Манайхны хувьд сүүлийн хэдэн жилд эрчимтэй хөгжиж байгаа учир бизнесийн харилцаа, соёл арай дутмаг байгаа нь үнэн. Нэг үеэ бодвол стратеги, стратегийн арга хэрэгсэл гээд ярихад ойлгодог болчихсон, мөн мэдэх сонирхолтой болчихжээ. Энийг би хувьдаа хурдацтай хөгжил гэж харж байгаа.

-Стратеги гэдгийг бид нар “алсын хараа” гэсэн нэр томъёонд ойлгоод байгаа. Монгол компаниуд “алсын хараа”-гаа хэрхэн тодорхойлж байна вэ. Мөн түүнийгээ хэрхэн биелүүлж, гүйцэтгэж чадаж байгаа вэ?

-Яг үнэнийг хэлэхэд, манай компаниуд энэ асуудлын хувьд дутмаг санагддаг. Зарим нэг компаниуд стратеги,  зорилго, төлөвлөгөөг гаргасан харагддаг. Энэ сайн хэрэг. Гэвч энэ нь байгууллагад байх ёстой зүйл гэдэг утгаар бус бэлэг тэмдэгийн чанартай гаргасан байх нь олонтоо.

Уг нь бол алсын хараа, үнэт зүйл, эрхэм зорилго нь тухайн компанийн хэн бэ, ямар амбицтай, яах гэж оршин тогтнож буй гэдгийг ойлгуулах түвшинд байх ёстой. Энэ манайханд дутмаг байдаг.

“Copy//paste” хийгээд байгаа бизнес амжилтанд хүрэхгүй гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй

-Танайхыг ЖДҮ-үүдэд зөвлөгөө өгдөг гэж сонсож байсан. Манайд худалдан авах чадвар харилцан адилгүй хэрнээ, гадны хүчин зүйлээс болоод ч тэр үү үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ авъя гэхээр хамгийн үнэтэй нь болчихоод байдаг. Тиймээс Монголчуудад зориулсан өөр төрлийн стратеги байж болдог уу. Эсвэл яг нэг хэв загвартай байдаг уу?

-Стратеги нь тухайн компанийн нөхцөл байдал, тухайн компанийн зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнтэй холбоотойгоор гардаг. Тиймээс компани болгон дээр өөр. Манай үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд үнэтэй байхаас өөр аргагүй. Учир нь манай компаниуд бөөнөөр нь үйдвэрлэх, зардлыг нь бууруулах түвшиндөө хараахан хүрч хөгжиж амжаагүй байгаа.

Тиймээс стратегиар тухайн компаний маркетинг, санхүү гэх мэт дотоод үйл ажиллагаа болон гадаад зах зээлтэй олон зүйлийг уялдаа холбоотойгоор зохицуулах зорилготой. Өөрөөр хэлбэл, адилхан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниуд өөрсдийн стратегийг тодорхойлсноор өөр хоорондийн ялгаа, давуу талыг бусдад илүү таниулна.

Тэрийгээ тодорхойлоогүй болохоор өрсөлдөөний давуу талаа бий болгож чадахгүй, бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй, бараа бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг сайжруулж чадахгүй эргээд л нөгөө циклдээ ороод байгаа хэрэг юм.

Ер нь бол жижиг ч бай, том ч бай компаниуд яагаад энэ бизнесийг хийх ёстой, цаашид юунд хүрэх гэж энэ бизнесээ хийж байгаа юм гэдэг нь стратегийн суурь ойлголт. Манайхан нэг нэгнийхээ бизнесийг дууриах хандлага нэлээд их байдаг. Ингэж “copy//paste” хийгээд байгаа бизнес амжилтанд хүрэхгүй гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй санагддаг.

-Шууд даган дууриахаасаа илүү өөрийн онцлог, мөн чанарыг гаргах ёстой гэсэн үг үү?

-Яг үнэн. Стратеги хийх гээд байгаа эцсийн үр дүн бол өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой компани болох байгаа. Энэ чинь л компанийн оршин тогтнол. Хаашаа зорих гээд байгаа, үүндээ хүрэхийн тулд нэгж хэсгүүдээ хэрхэн хооронд нь уялдаа холбоотой ажиллуулах, эцсийн үр дүнд хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн ямар бараа бүтээгдэхүүн гаргах, өөрийн зах зээлд хэрхэн оршин тогтнохыг зэргийг стратегаар тодорхойлдог. Тиймээс л өрсөлдөөний давуу талаа тодорхойлох нь оршин тогтнохын үндэс.

Монгол компаниудыг ажиглаад байхад, бүх хүмүүс манай хэрэглэгч, бид бүх зах зээлийг хангана гэдэг. Үнэндээ том ч бай, жижиг ч бай ямар ч компанид ийм боломж байхгүй. Тодорхой зах зээлийг зорих ёстой. Тухайн компанийн өвөрмөц онцлог хэсэг бүлэг хэрэглэгчдийн сонирхол татаж буй учраас үйлчлүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

“Та хэрэглэгчээ тодорхойл, бүтээгдэхүүний чанараа сайжруул,

хэрэглэгчиддээ үнэнч үйлчил, хэрэглэгчдийн хайрыг тат”

-Монголчууд эдийн засгаа аврахын тулд үндэсний үзлээр үнэтэй ч гэсэн зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваасай гэж зарим хүмүүс ярьдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Тухайн хүний хэрэглээнээс л шалтгаална. Өрсөлдөөнт зах зээл дээр улсын бодлогоор ч юм уу хавчигдмал юм хийхийг би ерөөсөө дэмждэггүй. Ер нь бол  аливаа худалдан авалт тухайн хэрэглэгчийн сонголт тул тэр түвшинд хүртэл нь харин манай компаниуд хөгжих хэрэгтэй л гэж би боддог. Түүнээс биш албадангын юм байж болохгүй.

“Та хэрэглэгчээ тодорхойл, бүтээгдэхүүний чанараа сайжруул, хэрэглэгчиддээ үнэнч үйлчил, хэрэглэгчдийн хайрыг тат” гэж л хэлмээр байдаг. Ингэсэн цагт бусад компаниудын адил бараа бүтээгдэхүүнээс танай барааны үнэ хэдэн төгрөгөөр илүү байсан ч хэрэглэгчид тань худалдан авсаар байх магадлалтай.

-Манайд одоогоор зах зээлийн боломж олгосон ямар бүтээгдэхүүн байдаг юм бол. Танай байгууллагад бүхий л талын тандалт, судалгаанууд бий байх?

-Хүмүүс энэ асуултыг надаас их асуудаг. Өөрөөр хэлбэл, ямар бизнес рүү орвол ашигтай байх вэ гэдэг. Үнэндээ ямар ч бизнесийн орлого тодорхой түвшинд л байдаг. Зах зээлээ судалж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийвэл орлогоо нэмэгдүүлэх арга. Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид экспортыг нэлээд сонирхож байна. Хамгийн гол нь тэр улсынхаа зах зээл, хэрэглээг сайн судлах нь хэрэгтэй. Ер нь бол гадаад, дотоод аль ч зах зээлд өөрийн онцлогоо харуулж чадвал бизнес байгаа л гэсэн үг.

-Дотоод зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний чанар тэгш бус байдаг. Ер нь бизнес хийхээр зорьж буй хүмүүс эхлээд монголдоо чанар стандартыг таниулах нь чухал уу эсвэл шууд дэлхийг зорих ёстой юу?

-Эхний ээлжинд бүтээгдэхүүнийхээ чанарыг тогтмолжуулаад, дотоодын зах зээл дээр өөрсдийгөө танилцуулаад, хэрэглэгчдээ бий болгоосой гэж боддог. Ингэлээ гээд мэдээж экспортоо хаяхгүй, судлах ажлуудаа хийсээр байх хэрэгтэй. Тухайн улсын соёл, нийгэм эдийн засаг улс төрийн байдлыг судлаж байж экспорт хийвэл илүү үр дүнтэй. Ядаж аливаа нэг гадаад улсын иргэн Монгол хүнээс тухайн бүтээгдэхүүний талаар асуухад тодорхой хэмжээний мэдээлэлтэй байвал гадаадынхан үнэлж хүлээж авах магадлалтай. Энэ надад хөгжлийн алхамууд гэж харагддаг.

Монголчууд маркетинг мэдрэмж сайтай санагддаг

-Монголчууд тухайн бүтээгдэхүүний талаар ерөнхий ойлголттой байж гадаадын иргэнд онцлогийг нь хэлж өгдөг байх хэрэгтэй байх нь тийм үү?

-Тийм. Би МҮХАҮТанхимын “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөл”-д тэргүүлэгч гишүүдийн нэг л дээ. МҮХАҮТ-н санаачлан, зохион байгуулж буй 21 аймаг дахь “Бизнесийн санаачлагыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зөвлөлөө төлөөлөн, өнгөрсөн жилээс хэд хэдэн аймгуудаар явсан. Тэгэхэд зарим аймгууд өөрсдийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй, зарим нь нэрийн бүтээгдэхүүнтэй болох гэж зорьж байгаа харагдсан. Улс маань алхам алхамаар хөгжиж буйн жишээг тэндээс харсан. Энэ мэтчилэн улсынхаа онцлог бүхий бараа бүтээгдэхүүнээ тодорхойлон, бусдад таниулах түвшинд хүрч чадвал эхний алхам гэж хараад байгаа.

Манай бизнес эрхлэгчид хурдацтай хөгжиж байгаа. Ялангуяа, залуучууд маань  шинэ зүйл суралцах эрмэлзлэл тэмүүлэлтэй, бизнесийг уламжлалт биш орчин үеийн системтэйгээр явуулах хүсэлтэй ажиглагддаг. Бас Монголчуудын хувьд маркетинг мэдрэмж сайтай санагддаг. Эдгээрүүд нь маш эерэг чиг хандлага.

Мишээл Экспо дээр жил бүр болдог ЖДҮ-ийн үзэсгэлэн худалдаанд очиход, жилээс жилд манай бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол сайжирч байгаа нь анзаарагддаг. Гэхдээ одоо бизнес эрхлэгчид маань стратеги менежмент дээр илүү анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүст энэ бүхэн онол л гэж бодогддог. Онол чинь он удаан жилийн практик судалгаанаас гарсан зүйл. Танай  компанийг хөгжүүлэх, бусдаас хэрхэн онцлог давуу байхыг орчин үеийн менежментээр зохицуулж өгөх зүйл.

-Тухайлбал?

-Жишээ нь маркетинг гэдгийг зөвхөн зар сурталчилгаа биш, компанийн үндсэн бодлогыг тодорхойлдог гэдгээр нь ойлгож эхэлмээр байна. Стратеги боловсруулахад маркетингийн мэдээлэл том суурь болж өгдөг. Тэгээд л хүний нөөц, санхүүгийн төлөвлөлт, үнэлгээ хяналт гэх мэт ажлуудыг хийн, дараа дараагийн төлөвлөлтөө сайжруулах хэрэгтэй. Манай жижиг, дунд бизнес эрхлэгчид энэ түвшинд хүрэх хэрэгтэй байна.

Компани бүрт өөрийн гэсэн характер буюу дотоод соёл байдаг

-Манайд гар урлал, талх нарийн боовны жижиг цехтэй хүмүүсийг нь ЖДҮ гэж нэрлээд байгаа. Энэ байдлаараа дэлхийд бараа бүтээгдэхүүнээ гаргах нь асуудалтай. Илүү томоор сэтгэх шаардлагатай болоод байгаа. Шийдвэр гаргагчдын зүгээс ямар ажил хийвэл ЖДҮ-чид томоохон цар хүрээгээр ажиллах боломжтой вэ?

-Наадах чинь хоёр талтай асуудал санагддаг. Мэдээж бодлого эрхлэгчдийн зүгээс ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж буй бэрхшээлүүдийг ойлгож, эрх зүйн таатай орчинг бий болгоход дэмжих хэрэгтэй. Нөгөө талаас бизнес эрхлэгчид өөрсдийгөө илүүтэй хөгжүүлж, суралцах хэрэгтэй. Тэгж байж энэ өрсөлдөөнт зах зээлд оршин тогтоно.

-Сүүлийн үед онлайн зар сурталчилгаа, худалдаа нэлээд газар авч байна. Ихэнх компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ фэйсбүүк, твиттерээр рекламддаг болчихжээ. Энэ нь нэг талаасаа зар сурталчилгааны хэлбэр боловч нөгөө талаас хэрэглэгчийг залхаах байдал ажиглагддаг. Тэгэхээр энэ ажлыг хэрхэн зөв хийх ёстой вэ?

-Энд контент маркетинг буюу агуулгын маркетинг гэсэн чиглэл орж ирнэ. Энэ чиглэлээр манайд маш сайн мэргэшээд явж буй зөвлөхүүд бий. Тэдний блог цахим хаягийг дагавал нэлээд юм сурна. Миний хувьд сошиал маркетинг 2010-2011 онд л хийж байсан. Түүнээс хойш хийгээгүй.

Маркетинг нь өөрөө хүний тархинд ямар мэдээллийг байршуулах вэ гэдгийг тодорхойлдог учир өөрийн бараа бүтээгдэхүүний характерийг харуулсан байх ёстой. Компани бүрт өөрийн гэсэн характер буюу дотоод соёл байдаг. Энэ болгоныгоо маркетингийн бодлоготой уялдуулах нь зүйтэй байх. Түүнээс биш хувийнхаа аккаунтыг байгууллагынхаа аккаунттай хольж, өөрийн тухайн өдрийн сэтгэл хөдлөлийг бараа бүтээгдэхүүнтэйгээ тавиад явж болохгүй л гэж боддог.

Сошиал медиа маркетинг харилцааны сайхан суваг мэт

 боловч томоохон сорил авчирсан

-Тухайн байгууллагын нэр хүндийн асуудал энд бас хөндөгдөнө биз?

-Тийм. Бизнесийн хувьд маш гоё мэдээлэл өгөх бүрэн боломжтой байсан ч компаний пэйж хуудас, группээрээ хаа хамаагүй инээдмийн бичлэг, марзан зураг тавиад байвал онцгүй. Энд тухайн компанийн имидж тэр чигээрээ харагдаж, хүмүүст мэдрэмж төрүүлж байгаа. Хэдийгээр сошиал медиа маркетинг харилцааны сайхан суваг мэт боловч нөгөө талаар бизнес эрхлэгч нар төдийгүй энгийн иргэнд томоохон сорил авчирсан гэхэд болно.

-Монголчууд бид нэг хэсэг гадныхныг шүтэх үзэлтэй байсан. Тэр утгаараа гадны бараа бүтээгдэхүүнийг чанартай, дотоод бараа бүтээгдэхүүнийг өнгө үзэмж муутай хэмээн ялгаж ангиллах тохиолдол байсан. Энэ байдал танд хэр анзаарагддаг вэ?

-Нэлээд хэдэн жилийн өмнө гадаад хүн, гадаадад сургууль төгссөн гэхээр л чухам мундаг гэж харилцдаг байсан бол одоо харьцангуй гайгүй болжээ. Үүнийг би эерэг зүйл гэж хардаг. Улс орон хөгжиж, мэдээ мэдээллийн эрин зуунд манайхан өөрсдөө хөгжиж буйтай холбоотой гэж боддог.

Сүүлийн жилүүдэд харьцангуй дотоод үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ авах чиг хандлага харагдаж байгаа ч дотоодын бүтээгдэхүүнүүд үнэнхээр чанар, хэрэглээн дээр сайжрах хэрэгтэй байна.

-Гадаад хүмүүс танай монголчууд аливаа ажлыг ганцаараа хийхээрээ ёстой мундаг гэдэг. Таны хувьд өчнөөн олон улс орны маркетингын тухай ном хэвлэл уншиж судалсан байх. Ганцаараа явсан улс хөгжиж байна уу, бөөнөөрөө бүлэгээрээ явсан улс орон илүү хөгжиж байна уу?

-Хүн ямар ч мундаг байсан багийн тоглолтыг хэзээ ч гүйцэхгүй шүү дээ. Бизнесийн салбарт багийн тоглолт хийж байгаа нь амжилт олдог. Ядаж л өөр өөр орчинд өссөн, өөр өөр үзэл санаатай хүмүүс нэг юмыг өөр өөр өнцгөөс харж, илүү үр дүнтэй шийдэлд хүрэх боломжтой.

Одоогоос 10-д жилийн өмнөөс АНУ-н компаниуд багтаа олон үндэстний төлөөлөл оруулахыг чухалчилж эхэлсэн. Энэ нь яг л саяны хэлсэн зорилго буюу өөр өөр өнцгийг харах, үр дүнд хүрэхтэй холбоотой.

Эндээс харахад, багийн тоглолт ямар чухал вэ гэдэг харагдаж байна. Гэхдээ хэн ямар түвшинд ямар эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй вэ гэдгийг багийн ажилтай хольж ойлгож болохгүй шүү.

-Манай монголчууд хэр үнэнч тууштай харилцагч байж чадаж байна вэ?

-Энэ асуудалд дасан зохицох гэж сүүлийн хэдэн жил нэлээд “хөдөлмөрлөж” байна /инээв.сур/. Эдийн засгийн тогтворгүй байдал нь богино хугацааны ашгийг чухалчлахад хүргэдэг тул нэг талаас баталгааг хангахад хэцүү нөхцлийг бий болгоно л доо. Тэгэхээр тэднийг 100% буруутгаж болохгүй, гадаад орчны нөлөөлөл байгааг ойлгохыг хичээдэг.

Миний хувьд өөрийн компанийн стратегийг өнөө маргаашийн ашгийн төлөө бус, ирэх он жилүүдэд үнэт зүйл бий болгохыг эрмэлзлэж тодорхойлдог. Зөвлөгөө авдаг компаниуддаа ч үүнийг зөвлөдөг. Ямартаа ч эхний ээлжинд Монголынхоо оюуны зах зээлд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулахыг хичээж байна. Манай компаний хувьд харилцагч компаниудаа дараагийнх нь түвшинд гаргахын тулд хичээл зүтгэл гаргаж ажилладаг.

Ойрын хэдэн жилдээ ашиг гэхээс илүү үнэ цэнэ бий болгохоор хичээж байгаа гэхүү дээ. Тиймээс ч бид үйлчилгээнийхээ хөлсийг харьцангүй боломжийн үнээр тогтоож, чадварлаг багаар үнэ цэнийг бий болгож ажилладаг. Харин маш чадварлаг зөвлөхийн багтай гэдгээрээ бахархадаг шүү.

-Компани байгуулж буй хүн яг л тань шиг ашиг харахаасаа илүү өөрийн хүсэл сонирхолоороо явбал илүү амжилттай явах байх?

-Компани байгуулахаасаа өмнө хүн ер нь өөрийгөө сайн таньж, чадвар, хүсэл сонирхолоо сайн бодолцох хэрэгтэй. Би хэн бэ, ямар чадвартай вэ, ямар хүсэл сонирхолтой вэ, энэ бизнесийг эрхэлснээр юунд хүрэх хүсэлтэй вэ гэдгээ бодолцоно гэсэн үг. Цаашилбал, энэ бизнесээ ямар түвшинд аваачихаар төсөөлж байна, томруулаад үр хүүхэддээ өвлүүлэх үү, эсхүл зарах уу гэх мэт алсын зорилгоо тодорхойлон эхлэхийг зөвлөмөөр байдаг.

Манайхан сурталчилгаанд бодлогын чанартай

орж ажиллаж чадахгүй байна

-Маркетинг бол зар сурталчилгаа гэж хэлсэн. Хүмүүст хамгийн эерэгээр нөлөөлж буй ямар маркетинг байна вэ. Сүүлийн үеийн зар сурталчилгааг ажиглахад ихэнхдээ хошин шогийнхон яг нэг хэв загвараар тоглосон байдаг. Та энэ тал дээр хэлж зөвлөмөөр зүйл байдаг уу?

-Бачуурсаар байгаад тийм сурталчилгаа үзэхээ больсон /инээв.сур/. Өнгөрсөн зуунд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэж хэлж болно.

Өнгөрсөн жил нэг шампуны реклам баахан л явсан. Алтан үстэй гүнжийн үсээ тэр шампуниар угаагаагүйгээс болж ханхүүг яг гүнжид хүрэхийнхээ алдад гүнжийн үс нь тасраад, ханхүү үхэж дууссан. Бүтээгдэхүүн нь яг ямар хэрэглэгчид  зориулсан нь тодорхой бус, хүүхдүүдэд бол ханхүүг үхэж дуусгаж, стресс нэмэх шаардлага байна уу.

Иймэрхүү логикгүй рекламууд их гардаг санагддаг. Манайхан сурталчилгаа хийхдээ техник талаас нь хийгээд байгаа боловч бодлогын түвшинд хийж чадахгүй байна. Маркетинг харилцаа холбоог бодлого гэж харахгүй зөвхөн зар сурталчилгаа  гэж хараад байгаатай холбоотой болов уу.

Маркетинг харилцаа холбоонд судалгаа, сэтгэл судлал бүгд багтаж байгаа. Хүн юунд баярлаж, юунаас таашаал авч, юуг эрхэмлэж байна гэдгээс өгсүүлээд хаанаас мэдээллээ авч байна, хэрэгцээ нь юу вэ зэргийг маш сайн судлаж, маркетингийн суурь мэдээлэл болгох хэрэгтэй. Манай рекламуудыг үзэж байхад тулгасан шаардсан, “зөвхөн энэ сайн, энийг ав”  гэсэн хандлагатай.

АНУ бол зар сурталчилгааны тал дээр үнэнхээр үлгэр жишээ авууштай. Тэдний зар сурталчилгааг үзэхэд үйл явдалтай, өгүүлэмжтэй, яг тэр гэж хэлэхгүй ч тэр нь тодорхой гэдэг мэдрэмжийг  эцсийн хэрэглэгч нарт төрүүлж чаддаг.

-Стратеги боловсруулахад юу чухал вэ?

-Манай компанийн хувьд харилцагчийн бараа бүтээгдэхүүний борлуулалт, зах зээлийн судалгаа мэдээлэл зэрэг тоон болон баримтат мэдээллийг чухалчилдаг. Гадаад, дотоод орчны өнөөгийн ба өнгөрсөн нөхцөл байдлыг судалснаар ирээдүйн боломжийг нь тодорхойлно гэсэн үг. Мэдээж тухайн бизнес эрхлэгчийн туршлага, мэдрэмж бас чухал л даа. Тэгэхээр, туршлага, мэдрэмж, дата гэдэг бол стратеги болосвруулалтын тулгын гурван чулуу гэж боддог.

Стратегийн талаар одоо л ач холбогдлыг нь ойлгож эхэлж байгаа санагддаг

-Компанийхаа талаар?

-Манай компанид дөрвөн хүн оролцоотой байдаг. Зөвлөх компани ер нь онцлогтой шүү дээ. Хэдийн 3, 4 хүн цөөхөн мэт сонсогдовч, тухайн зөвлөх үнэнхээр ур чадвартай байвал ганцаараа ч компани байгуулаад, зөвлөхөөр ажиллаж болно.

Түрүүнд дурьдсан, миний хувьд чадварлаг багаараа үнэнхээр бахархаж, хамтран ажилладагт нь маш их баярладаг.

Манай үндсэн зөвлөхүүдийн нэг нь С. Уянга гэдэг эмэгтэй байдаг. Тэрээр манай компанийн Ахлах дата аналист гэж явдаг, миний ярих дуртай хүн. Хэдий нас залуу ч мэргэжлийнхээ болон хувь хүний чадавхиараа үнэнхээр харьцуулашгүй. Монголд ирээд, компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлсэн цагаас хойш буюу сүүлийн 4-н жилд түшиг тулгуур минь болж яваа даа.

Манай нөгөө хоёр маань зөвлөх гэхээсээ илүү дотоод ажлуудад оролцоотой байдаг. Хамтран эзэмшигч маань олон улсын үнэт цаасны арилжаа, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, математик, IT-н суурь боловсролтой залуу. Дөрөв дэх хүн маань санхүүгийн анализ, тайлан тооцоо зэрэгт компани дотроо зөвлөөд явдаг.

Мөн, харилцагчийн мэдээлэл, хэрэгцээнээс шалтгаалаад бусад хамтардаг зөвлөхүүдтэйгээ ажилладаг.

Монголчууд ямар ямар салбар дээр зөвлөгөө авъя гэдэг вэ?

-Ер нь менежментийн үндсэн чиглэл болох маркетинг/борлуулалт, хүний нөөц, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө авах нь элбэг. Стратегийн талаар одоо л ач холбогдлийг нь ойлгож, харж эхэлж байгаа санагддаг. Яваандаа стратегиа тодорхойлсоноор ажил эхэлнэ гэдгийг ухаарах бизээ.

Таньд яриандаа орхигдуулсан, өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Миний зүгээс энэ боломжийг ашиглаад, манай компанийг сонгон үйлчлүүлсэн бүх харилцагчиддаа, намайг дэмжин ажилладаг баг, хамтрагч зөвлөхүүддээ, үргэлж итгэж явдаг найз нөхөддөө, мөн хамгийн чухал нь сурах хөгжих боломжийг минь бүрдүүлсэн гэр бүлдээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Бизнес эрхлэгчдийгээ манай компанийн вебсайтын блог (www.ordbconsulting.com/blog), Фэйсбүүк (www.facebook.com/ORDBConsulting) хуудсаар зочлон, стратеги, маркетинг, менежменттэй холбоотой мэдээлэл авахыг урьж байна. Та бүхэндээ бизнесийн өндөр амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

П.Нарандэлгэр

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.113.238Зочин   • 2018, 2 сарын 12. 11 цаг 14 минут

Мундаг бүсгүйдээ амжилт хүсье. олон хүнд буянаа өгсөн сайхан ажил эрхэлдэг бүсгүй шүү

202.179.26.94Р. Оюун, ORDB Consulting LLC   • 2018, 2 сарын 13. 20 цаг 42 минут

Сэтгэгдэлд нь маш их баярлалаа. Таньд амжилт, сайн сайхныг хүсье.

202.9.43.91Бат   • 2018, 2 сарын 12. 10 цаг 01 минут

Оюуны үзүүлэлтээр дэлхийд гарах боломжууд монголчуудад бий бид чинь адаглаад 4 улиралын цаг агаартай дулаан оронд 2 улиарлын тухай боддог бол бид 4 харина одоо дүү нартаа түмэн олондоо дайх гуйх нэг үг бол хятад гүрэн биднийг малгай гэдэг хувьцасгүй болголоо учир нь бидний цамцанд хүртэл малгайтай өмсөхөд хэцүү одоо 40 хүрсэн хүн амын 50% толгой өвддөг толгой даарч судас нарийсана энэ л аюул боллоо Намайг багад Толгой нүцгэн гэрээс гардаггүй тогой нүцгэн хүнтэй золгодоггүй энэ бүгд л малгайн суртачилгаа шүү дээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.