Үндэсний статистикийн хорооноос өчигдөр 2019 оны нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан билээ. Тэгвэл улсын хилээр 2019 онд гадаадын 636.9 мянган хүн орсон нь өмнөх оноос 38.5 мянга буюу 6.4 хувиар өсжээ. Тэдний 89.4 хувь нь 30 хүртэл, 8.6 хувь нь 90, түүнээс дээш, 2.0 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна.
Хилээр орсон гадаадын зорчигчдын 59.6 мянга нь буюу 9.4 хувь нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор манай улсад ирсэн аж. Харин 577.3 мянга нь буюу 90.6 хувь нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн байна. Аялал жуулчлалын зорилгоор хилээр орж ирсэн гадаадын зорчигчдын тоо өмнөх оноос 47.9 мянга буюу 9.1 хувиар өсчээ. Өмнөх оноос Вьетнам Улсын жуулчид 357 (50.7 хувь), Хонгконг Улсынх 1190 (38.1 хувь), Өмнөд Солонгос Улсынх 17095 (20.3 хувь), Малайз Улсынх 331 (19.1 хувь), Япон Улсынх 3429 (16.3 хувь) хүнээр өссөн бол Турк Улсынх 825, Украйных 308, Австрали Улсынх 481 хүнээр буурчээ.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 605.9 мянга буюу 95.1 хувь нь насанд хүрсэн хүн, байсан аж. Нийт гадаад зорчигчдын 408.3 мянга буюу 64.1 хувь нь эрэгтэйчүүд, 228.5 мянга буюу 35.9 хувь нь эмэгтэйчүүд, 31 мянга нь хүүхэд байжээ. 2019 онд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 61.2 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 32.6 хувь нь Европоос, 4.3 хувь нь Америк тивээс, 1.9 хувь нь Ойрх Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 32.7 хувийг БНХАУ, 23.0 хувийг ОХУ, 16.2 хувийг БНСУ, 4.0 хувийг Япон, 3.1 хувийг АНУ, 2.6 хувийг Казахстан, 18.4 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.
Пунцаг
Сэтгэгдэл бичих