Монгол Улс 2020 оны 1 дүгээр сард нийт 116 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 932.3 сая, үүнээс экспорт 459.0 сая, импорт 473.3 сая ам.долларыг эзэлж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 178.9 сая америк доллар буюу 16.1, үүнээс экспорт 148.2сая ам.доллароор буюу 24.4, импорт 30.7 сая ам.доллароор буюу 6.1 хувиар тус тус буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2019 оны 1 дүгээр сард 103.3 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 117.5 сая америк доллароор буурч, 14.3 сая америк долларын алдагдалтай байна.
Манай 2 хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 561.2 сая ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60.2 хувийг, нийт экспортын 95.1 хувийг эзэлж байна. БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 44.2 хувийг чулуун нүүрс, 26.1 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британи Улсад экспортолсон барааны 92.4 хувийг, Сингапур Улсад экспортолсон барааны 87.3 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 90.7 хувийг жоншны экспорт эзэлж байна.
Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2020 оны 1 дүгээр сард, ОХУ 40.3, БНХАУ 26.4, Япон Улс 6.9, ХБНГУ 4.4, АНУ 3.2 хувийг тус тус эзэлж, нийт импортын 81.2 хувийг бүрдүүлж байна. ОХУ-аас импортоор оруулсан барааны 59.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 72.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.2 хувийг цахилгаан эрчим хүч, 2.0 хувийг ачааны тэрэг, үлдсэн хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 148.2 сая америк доллароор буурахад боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт хийгдээгүй, зэсийн баяжмалын экспорт 43.2 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 30.7 сая америк доллароор буурахад суудлын автомашины импорт 15.4 сая америк доллар, ачааны автомашины импорт 10.8 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл бичих