Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний хийж, бүтээж байгаа зүйлсийг олон нийтэд таниулах зорилготой “Жинхэнэ ЖДҮ” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монгол түүхий эдээр органик гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, салбартаа манлайлж яваа Lhamour брэндийг онцолж байна. Байгуулагдсан даруйдаа маш богино хугацаанд охид, бүсгүйчүүдийн дунд өөрийн гэсэн орон зайг бий болгож, олны сайшаалыг хүртсэн тус брэндийг сонсоогүй, мэдэхгүй хүн тун ховор биз ээ. Магадгүй таны гэрт Lhamour брэндийн шошготой биеийн тос, саван, ванны бөмбөлөг гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд эгнэн байршсан ч байж болох.
Lhamour брэндийг 2014 онд Д.Хулан гэх бүсгүй үүсгэн байгуулж байжээ. Тэрбээр сэргээгдэх эрчим хүч чиглэлээр гадаадад мэргэжил дээшлүүлэн суралцаад, эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллаж байхдаа байнгын арьсны харшилтай, асуудалтай тулгарах болсон нь өөрийн шинэхэн бизнесээ эхлүүлэх сэдэл болж өгсөн аж. Ийнхүү монголчуудыг органик, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж байгаасай, хүн бүр өөрийгөө, бусдыг, байгаль орчноо хайрлаж байгаасай гэсэндээ өөрийн зээ дүү Лхамогийн нэрийг франц хэлний хайр буюу amour гэх үгтэй нэгтгэн, Lhamour хэмээн нэрлэж, органик гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эхлүүлсэн түүхтэй юм байна.
Өөрийн гэрээсээ ганц хоёрхон сандал, ширээ аваачин үйлдвэрлэлээ эхлүүлж байсан энэхүү брэнд зургаан жилийн хугацаанд Монголдоо төдийгүй олон улсад анхдагч патенттай органик гоо сайхны бүтээгдэхүүн болтлоо өсөж дэвжсэн байна. Үйлдвэрийн шатанд ямар ч хаягдалгүйгээр, түүхий эд бүр нь эцсийн бүтээгдэхүүн болж гардаг нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болохыг баталдаг аж. Үйлдвэрлэгдсэн бараа бүрийг нь гоо сайхны бүтээгдэхүүн гэхээсээ эрүүлжүүлэх бүтээгдэхүүн гэж ч ойлгож болох юм.
Ингээд үндэсний үйлдвэрлэгч Д.Хулан гэх энэ бүсгүйн бие биедээ болон байгаль дэлхийдээ анхаарал халамж тавьдаг ирээдүйг бүтээхийн төлөө эхлүүлсэн, хайранд суурилсан LHAMOUR брэндтэй танилцацгаая.
-Танай бүтээгдэхүүнүүдийн давуу тал, онцлог нь юу вэ?
-Бид одоогийн байдлаар 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүх бүтээгдэхүүнээ гар аргаар үйлдвэрлэж хүргэдэг болохоор маш онцлог гэж хэлж болно. Учир нь энэ үйлдвэрлэлийн цаана асар их хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн байдаг. Манай үйлдвэрт дандаа эмэгтэйчүүд ажилладаг. Түүхий эдээ боловсруулахаас авахуулаад эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүх шат дамжлагыг өөрсдөө хийж, гүйцэтгэдэг. Манайх бүтээгдэхүүндээ 40 гаруй нэр төрлийн түүхий эд хэрэглэдэг. Тэдгээр нь Монголд байдаг онцгой түүхий эдүүд юм. Үүнд ямаа, сарлагийн сүү, нохойн хошуу, ганга, халгай гэх мэт яг цэвэр байгалийн гаралтай түүхий эдүүд багтана. Жишээлбэл, сарлагийн сүүтэй саван олон улсад ховор бүтээгдэхүүнд тооцогддог болохоор маш үнэ цэнтэй. Манайх бүтээгдэхүүндээ хуурай сүү хэрэглэдэггүй. Малчдаас авсан сүүгээ бүтээгдэхүүндээ шууд ашигладаг нь тухайн бүтээгдэхүүнийг шинэ барьсан талх мэт шинэхэнээрээ хэрэглэгчдэд хүрдгээрээ давуу талтай. Бидний бүтээгдэхүүн органик гэдэг утгаараа яг л хоол хүнстэй адилхан гэсэн үг. Монголд байгаа хэрэглэгчид маань өглөө хийсэн бүтээгдэхүүнийг оройдоо хэрэглэснээрээ хамгийн чанартай, шинэхэн, баталгаат чанарыг авах боломжтой гэсэн үг юм.
-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-45 нэр төрлийн түүхий эд хэрэглэдэг. Жишээлбэл, малын гаралтай өөхөн тос, адууны болон хонины сүүл тос, ямаа, сарлагийн сүү хэрэглэдэг. Түүнээс гадна, халгай, ганга, нохойн хошуу, зөгийн бал гэх мэтчилэн байгалиас заяасан бүхий л түүхий эдүүдийг хэрэглэдэг. Мөн Монголын аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад малчдаас түүхий эдээ шууд авснаараа тэд ч гэсэн нэмэлт орлоготой болох боломж бүрдэж байгаа юм. Харин гадаадаас олон улсын сертификаттай наргил модны тос, олив, наран цэцгийн тос гэх мэт арьсанд шим тэжээл өгөхүйц хүлээн зөвшөөрөгдсөн түүхий эдүүдийг хэрэглэдэг. Тэгэхээр бид нарт түүхий эдийн хувьд маш өргөн цар хүрээ байгаа бөгөөд цаашид ч орцоо нэмэгдүүлэх боломж харагдаж байгаа.
-Бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчиддээ юуг хүргэхийг зорьж ажилладаг вэ?
-Бүтээгдэхүүнүүд маань эрүүл амьдралын хэв маягийг болон байгальд ээлтэй байдлыг эрхэмлэдэг учраас хэрэглэгчиддээ эх дэлхийгээ хайрлах, бусдыг хайрлах философийг хүргэхийг хүсдэг. Иймдээ ч 30 гаруй амьдралын хэв маяг болсон бүтээгдэхүүнүүдтэй. Жишээлбэл, жамц давсан гэрэл, даавуун тор, дахин боловсруулсан цаасаар хийсэн сагс гэх мэт. Ингэснээр гэр бүлийн гишүүд органик гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж бас өөрийн амьдралын хэв маягийг байгальд ээлтэй, орчноо эрүүл байлгах үүднээс нэмэлтээр бүтээгдэхүүнээ авах боломжтой.
-Бүтээгдэхүүнүүдээ гадаад руу экспортолж байгаа гэсэн шүү дээ. Олон улсад Монгол гэх тодотголтой органик бүтээгдэхүүнээ хүргэж байгаа нь хэр үр дүнтэй байгаа вэ?
-Манай брэнд үүсгэн байгуулагдаад хоёр жилийн дараагаас л гадаад руу хамгийн анхны экспортоо хийж чадсан. Одоогоор Австрали, Тайланд, Америк, Тайвань, Сингапур, Кувейт, Хонконг, Канад зэрэг долоон улс руу бүтээгдэхүүнүүдээ гаргаж байна. Бүтээгдэхүүнээ экспортлох нь ямар ч компани, бизнес эрхлэгчдийн хувьд улс орондоо өгч чадах хувь нэмэр маань юм болов уу гэж боддог. Учир нь органик гоо сайхны бүтээгдэхүүн, Lhamour брэнд гэж дэлхий нийт харахаасаа илүүтэй Монгол гэдэг нэрийг илүү мэдэж, тухайн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээрээ дамжуулан эх орноо таниулахад чухал хувь нэмэр оруулж байгаа гэж ойлгодог. Мөн гадаадын валютыг Монголдоо оруулж ирснээр эдийн засагт ч мөн адил чухал нөлөө үзүүлж байгаа гэж ойлгодог.
Ц.Янжиндулам
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Lhamour mash chanartai, mash bolomjiin uneer eh orondoo hudaldaalagddag. Bi uneheer lhamour-g yaj haanaas ni ashigaa olood bainaa l gej boddog. Asar ih jims, urnees zuvhun tosig ni shahaj gargana, malchdaas suu uuhun tos avna, tegeed sav bagla boodol, teged hudaldaalna, turesin tulbur, noat ged l. Iim baital uneheer yaj tiim saihan bolomjiin uneer hudaldaaldag bainaa. Tegeed ortsond ni yamar ch hadgalaltiin hugatsaag urtasgah yum baihgui, zuun huvi baigaliin garaltai. Bi urid ni ganhtsan ordinary-gin unig harad l ingej gaihaj baisan san.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь жижиг дунд үйлдвэрлэлээ эрхэл, бөхчүүд нь зүгээр л бөхөө барилд, тамирчид нь зүгээр л спортдоо хүчин зүтгэ, дуучид нь дуугаа дуул, жүжигчид нь жүжгээ тогло, яруу найрагчид нь яруу найргаа унш, наймаачид нь наймаа арилжаагаа эрхэл, сэтгүүлчид нь сэтгүүлчийн ажлаа эрхэлж олон түмэнд мэдээ мэдээлэл хүргэ, хамгийн гол нь ичих нүүр гэж байгаа бро улс төр сонгуулиас хол байцгаа.
ТЭГЭЭД ХОЛ БАЙ ГЭЭД ЧИМЭЭГҮЙ БАЙ ГЭХГЭЭД БАЙНУУ ҮГҮЙШҮҮ ГЭРЭЭ ЗАССАН БОЛ ТӨРӨӨ ЗАСАХГЭЭД ХАНЦУЙГАА ШАМЛААД УРАГШАА