Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголд цорын ганц байдаг резинэн үйлдвэр болох “Резин эдлэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Зол-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай үйлдвэр Монголд цор ганц байдаг резинэн үйлдвэр гэдэг нь их анхаарал татаж байна. Та үйлдвэрийнхээ онцлог болон үйлдвэрлэл эхлүүлж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Манай үйлдвэр бүх төрлийн техникийн резинэн эдлэлийг үйлдвэрлэдэг. Үйл ажиллагаагаа 2001 оноос хойш явуулж байна. Энэхүү үйлдвэр нь социализмын үеийн авто техникийн завод байх үеийн үйлдвэрийн үргэлжлэл юм. Тэр үед авто техникийн заводын хажууд нь дугуй засвар, резинэн эдлэлийн үйлдвэр байсан. Үйлдвэр хувьчлагдсаны дараа тэнд ажиллаж байсан аав, ээж маань хуваараа энэ үйлдвэрийг 2001 онд байгуулан одоог хүртэл зөвлөх инженерээр ажиллаж байна.
-Танайх зах зээлд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг вэ. Резинэн эдлэлийн үйлдвэрлэл нь хог хаягдлыг дахин боловсруулдаг болов уу?
-Манай нэрийн бүтээгдэхүүнүүд цахилгаан станц, уул уурхай, автомашин руу чиглэсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Бид маш өндөр техникийн шаардлага хангасан түүхий эдийг шаарддаг. Тиймээс түүхий эдийг заавал гаднаас оруулж ирдэг. Учир нь монголд боловсруулах үйлдвэр байхгүй шүү дээ. Гаднаас түүхий эд болох натурал каучук, синтетик каучук зэргийг авдаг. Эдгээрийг ашиглаж ус, тосонд тэсвэртэй, элэгдэхгүй нарийн шинж чанартай резинэн сальник, манжетак зэргийг хийдэг. Манай үйлдвэр 2014 онд хаягдал дугуй дахин боловсруулах шугамыг оруулж ирсэн. Учир нь нийслэл хотод биднийг дэмжиж ажиллах резин боловсруулах өөр үйлдвэр байхгүй байна. Резин болон хаягдал дугуй нь агаарын бохирдлын 30-40 хувийг үйлдвэрлэдэг гэж үздэг. Учир нь гэр хорооллын иргэд өвлийн улиралд хаягдал дугуйг түлэх хандлага их байдаг. Хаягдал дугуйг түлснээр түүхий нүүрснээс хэд дахин илүү хортой утаа ялгардаг. Энэ асуудлыг зогсоохын тулд бид “Жайка” байгууллагатай хамтран тодорхой хөрөнгө оруулалтын тусламжтай хаягдал дугуй дахин боловсруулах үйлдвэрийн автомат иж бүрэн шугам оруулж ирсэн юм. Сүүлийн таван жилийн хугацаанд хаягдал дугуйг дахин боловсруулж байна. Боловсруулж буй хаягдал дугуйнаас гарсан түүхий эдийг нарийн техник шаарддаггүй усны тэрэг, автомашины дугуй, сул дэвсгэр гэх мэт техникийн өндөр шаардлагагүй бүтээгдэхүүнүүдийг гаргадаг. Харин дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг дулааны станц, уул уурхайн тоног төхөөрөмжийн нарийн резинэн эдлэлд хэрэглэж болохгүй. Учир нь хаягдлаас гаргаж байгаа учраас техникийн шаардлага хангадаггүй юм.
-Резинэн эдлэлийн эрэлт нийлүүлэлт хэр байдаг вэ. Борлуулалтын хүндрэл бэрхшээл тулгардаг уу?
-Борлуулалт үйлдвэрлэлийн явцад ямар ч хүндрэл гардаггүй. Бизнесийн зарчмын дагуу явагддаг. Харин манай үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнд тохирсон стандарт байдаггүй нь хүндрэл учруулдаг. 2001 оноос өнөөдрийг хүртэл резинэн үйлдвэр ХХААХҮЯ эсвэл УУХҮЯ-ны алинд нь харьяалагдах нь тодорхойгүй байна. Эрхзүйн зохицуулалт байдаггүй. Манайх Монголд ганцхан байдаг үйлдвэр. Бид бичиг баримт, өргөдлийг бүрдүүлэн харьяа байгууллагад очиход үйлдвэрийн стандартыг өөрсдөө боловсруулж батлуул гэдэг тайлбарыг өгдөг. Мөн эдийн засгийн хүрээгээр бол ХХААХҮЯ, хийж буй бүтээгдэхүүний цар хүрээгээр бол зайлшгүй УУХҮЯ-нд орох юм байна гэдэг. Энэ асуудлыг өнөөдрийн хүртэл шийдвэрлэж чадаагүй байна. Монголчууд үйлдвэрлэл гэдгийг эсгий таавчиг, гутал, гурил будаа хийдэг газар гэж ойлгодог. Манайд техник хэрэгслийн үйлдвэр маш ховор байдаг. Механик хэрэгсэл, резинэн бүтээгдэхүүн, уул уурхайн зөөлөн холбоосуудыг үйлдвэрлэдэг гэдэгт хүн бүр гайхдаг. Дотооддоо үйлдвэрлэдэгт итгэдэггүй. Учир нь бид одоог хүртэл харьяалагдах газаргүй байгаа учраас өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн дээр Монголд үйлдвэрлэв гэдэг шошго тавих эрхгүй ажиллаж байна. Манайх одоогоор ганцаараа резинэн үйлдвэрлэл явуулж буй учраас дотоодын зах зээлийг бүрэн хангаж чаддаг. Жилд төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу бүх ажил зогсолтгүй явагддаг. Энэ жил коронавирусийн халдвараас болж хоёр удаа үйл ажиллагаа зогссон.
-Танай гол нэрийн бүтээгдэхүүн юу вэ. Резинэн үйлдвэрлэлийн ач холбогдол, хэрэглээнд нэвтрүүлсэн үр дүнг бид хэрхэн мэдэх боломжтой вэ. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?
-Бидний хамгийн сайн харилцдаг байгууллага бол 4 дүгээр дулааны станц юм. Сүүлийн 7 жил турш тус үйлдвэрт хэрэг болдог резинийг нийлүүлж байна. Манайх жил болгон станцын бүх цахилгаан трансформатор томоохон техникүүдийн резинэн жийрэг, дэвсгэр гэх мэт олон бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Тэдгээр нь цахилгаан, дулааны өндөр температур, уур, даралт, элэгдэлт, тос, маслонд тэсвэртэй байх нарийн техникийн шаардлагуудыг тавьдаг. Эдгээрийг манайх үйлдвэрлэхгүй л бол гаднаас импортолж авахаас өөр ямар ч сонголт байхгүй. Импортоор авахад захиалга удаж ирэх, 4 дүгээр станцын стандартад нийцсэн тоноглолуудад таарах резинэн бүтээгдэхүүнүүдийг захиалах боломжгүй байх тохиолдол гарна. Учир нь станцын тоног төхөөрөмжүүдийн насжилт өндөр шүү дээ. Тиймээс шууд захиалах боломжгүй учраас заавал үйлдвэрт захиалгаар хийлгэдэг. Энэхүү захиалга нь ирэх гэж маш их уддаг. Харин манай үйлдвэртэй хамтарч ажилласнаар ТЭЦ-4 цахилгаан станцад гэмтэл гарсан тохиолдолд захиалгад шууд оруулдаг. Бид захиалгыг ажлын гурван хоногийн хугацаанд үйлдвэрлэх, нийлүүлэх гэрээтэй ажилладаг. Тиймээс монголд стратегийн зориулалтаар резинэн үйлдвэр зайлшгүй байх шаардлагатай юм. Энэ нь манай үйлдвэрийн давуу тал болдог. Мөн Монголын алтны уурхай, Оюу толгойн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг шаардлагатай бүх резинээр хангадаг. Хөдөө орон нутагт албан ёсны борлуулах дэлгүүрүүд ч байдаг. Бидний бизнес ихэвчлэн байгууллагын хооронд явагддаг. Учир нь ахуйн хэрэглээний резинийг дотоодод үйлдвэрлэх боломжгүй учраас уул уурхай, цахилгаан станц тоног төхөөрөмж хэрэглэдэг компаниудтай харилцдаг юм.
-Танай үйлдвэр хэчнээн ажилтантай вэ. Үйлдвэрлэлийн оргил ачаалалтай үе гэж байдаг уу?
-Резинен эдлэлийн технологич гэдэг мэргэжлийг Монголд бэлтгэдэггүй. Харин ОХУ-д мэргэжил эзэмшүүлдэг. Энэ чиглэлээр төгссөн хүн Монголд ганцхан бий. Тэр нь манай үйлдвэрийн захирал Баяраа гэдэг эмэгтэй юм. Энэ хүн 20 гаруй жил энэ үйлдвэрт ажилласан учраас бусад ажилчдыг дадлагажуулан сургаж мэргэжлийн 10 ажилчинтай болсон. Харин ачаалалтай үед нэмэлтээр туслахаар 20 гаруй хүн ажилладаг. Хамгийн ачаалалтай үе нь хавар, зун, намрын улирал байдаг. Харин өвлийн улиралд ачаалал хамгийн бага байдаг. Энэ нь техникийн шинэчлэл, засварыг дулааны улиралд хийдэгтэй холбоотой юм. Гэвч ямар ч үед үйлдвэрлэл зогсох ёсгүй байдаг.
-Танай үйлдвэрээс гаргадаг резинэн эдлэлүүдээс уншигчдын гарт хүрсэн бидний эргэн тойронд хамгийн ойр ямар нэгэн бүтээгдэхүүн байгаа болов уу?
-Манай үйлдвэр 20 жилийн турш хийж байгаа ганцхан бүтээгдэхүүн бий. Тэр бол усны тэрэгний дугуй. Хөдөө орон нутаг, нийслэл гээд хаана ч явсан манайд үйлдвэрлэсэн дугуйнууд таардаг. Зах худалдааны төвүүдээр зарагддаг усны тэрэгнүүдийг хийдэг 17-18 гэр бүл байдаг. Энэ хүмүүс манай үйлдвэртэй 20 жил хамтдаа урагшилж байна. Эхний хэдэн жил усны тэрэг хийж борлуулах маш ашигтай байсан. Харин сүүлийн 2-3 жилийн хугацаанд бусад бүтээгдэхүүний хажууд ашиг багатай болсон ч бид усны тэрэг хийдэг олон гэр бүлийн өмнө хариуцлагаа ухамсарлаж одоог хүртэл усны тэрэгний дугуй үйлдвэрлэсэн хэвээр байгаа.
21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Олигарх гээд өөрсдийгөө нэрлэцэн хэдэн дээрэмчид энэ ярилцлагыг уншаасай. Сүүлийн 20 жилд ганц ч үйлдвэр байгуулсангүй
tegeesei ene uildwerin haana hariyalgdah asuudlig odoo boltokl shiddeegui bn hamgin hergete hyma toodoggui hachin ymaaaa
YCsJKaoxr6I
BAHARHAJ BNA SAIN BNA AJLIN AMJILT HUSEY SHINE ONI MEND ENE ERCHEE ALDALGUI URAGSHLAARAI
Shine onii mend hurgie!! Ene rezinen edleliin uildver chini BNMAU-iin anhnii uugan uildveruudiin neg Avtozasvariin zavodiin avtomashinii duguin kabital zasvariin tseh baina shuudee!!! ta buhend amjilt husie.tsaashid ulam urgujuulj olon ner turuliin buteegdehiin uildverleerei!! bayar hurgie.amjilt husie!!
Энэ хамт олны хүчээр цахилгаан станцууд олдоц ховор резин эдлэлээр хангагдаж нуруу тэнийсэн шүү. Хэцүү үе байсан шүү. Олдохгүй. Амжилт хүсье
ганц ч бишээ. сийлжэт гэж сальникын үйлдвэр бас л 20д жил ажиллаж байгаа
ёстой сайхан мэдээ байлаа.шинэ оны мэнд хүргэеэ
Сайн байна, та бүхэнд амжилт хүсье. Бүгдээдээ дэмжицгээе Монголчууд аа.
Сайн байна.
Ждү гэхээ болио. Бдү гэж хэвшье. Бага эсвэл бичил дунд үйлдвэрлэл.
Зөв БДҮ бичил дунд үйлдвэрлэл гэвэл том бизнесийнх авахгүй болно.
хаягдал дугуйг аюултай хог хаягдалд оруулсан байналээ шинэ хуулиар,Иимэрхүү үндэсний үйлдвэртээ үнэгүй өгч дэмжихсэн. Масло тосонд тэсвэртэй байх чанарыг гол нь анхаарах хэрэгтэй.
өргөжүүлэх ,мэргэжлийн ажилтантай болж сайн ажиллаарай амжилт,,танайд ирээдүй бн,амжилт
Өөрсдийн зах зээлийг бүрэн хангадаг борлуулалтын бэрхшээлгүй гэдэг нь маш их таалагдлаа ...
Холбогдох утас хяагыг тавьчихмаар юм
машиний тулк резинүүдийг үйдвэрлэх хэрэгтэй ***** тулкийг шахах хэрэгтэй амжилт
Та бүхэнд амжилт хүсэе,үүн шиг хэдэн зуун үйлдвэртэй болмоор байна
хурай хурай амжилт
Овоо доо, ийм сайхан үйлдвэр байдгийг одоо л мэдэж байна, амжилт хүсье
Монголоо дэмжье