Генетик бидний насжилтад тодорхой хэмжээнд нөлөөлдөг ч, жинхэнэ УРТ НАСНЫ НУУЦ нь бидний өдөр тутмын дадал зуршилд оршдог. Сүүлийн жилүүдэд хийсэн ихэнх судалгаагаар амьдралын хэв маяг, хооллолт, стрессийн түвшин, хөдөлгөөн зэрэг нь өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгийн хүчтэй “эм” болдог нь батлагдсан.
Миний нэг танил хоёр ихэр ах дүүтэй бөгөөд тэдний нэг нь архи, тамхинаас хол байсан бол нөгөө нь тогтмол татдаг байлаа. Хэдийгээр ген нэг байсан ч тэдний эрүүл мэндийн ялгаа тодорхой болж, хорт зуршилтай нь илүү эрт өвчлөмтгий болсон нь энэ онолын жишээ байв.
Сайн бодлын хүч
Бидний дотоод СЭТГЭЛГЭЭ эрүүл мэндэд асар их нөлөөтэй. Хэдхэн минут уурлаж, бухимдахад л стрессийн даавар болох кортизол огцом нэмэгддэг бөгөөд хэвийн түвшинд буцахад 4–5 цаг шаардлагатай. Харин өөдрөг бодол, эерэг үгс нь дархлааг бэхжүүлж, биеийн хамгаалалтын системийг идэвхжүүлдэг.
Та мэдэх үү?
Сэтгэл санааны өөдрөг байдал нь хорт хавдар болон архаг өвчний явцыг удаашруулахад дэмжлэг үзүүлдэгийг АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэн онцолдог.
Сэтгэл, биеийн тэнцвэр
Хүний бие махбодь, сэтгэл оюун хоёр салшгүй холбоотой. Сэтгэл санаа дорой үед дархлаа суларч, өвчин амархан “суудаг” бол, оюун санааны хувьд хүчтэй үед бид аливаа халдвараас илүү хурдан хамгаалалттай байдаг. Иймээс БИЕ СЭТГЭЛИЙН ХОЛБООг хадгалах нь урт удаан амьдралын үндэс болдог.
Сүнслэг эрч хүчийн ач тус
Сүнслэг амьдрал гэдэг нь зөвхөн шашны зан үйл бус, харин амьдралдаа УТГА УЧИР олохыг хэлнэ. Өөрөөсөө “Юу намайг жаргалтай болгодог вэ? Юунд цаг зарах нь миний сэтгэлийг амраадаг вэ?” гэж асуух нь чухал. Энэ асуултуудад хариулж чадсан хүн илүү хүчтэй дархлаатай, тэнцвэртэй байдаг.
Миний танил өндөр настай эмэгтэй өдөр бүр цэцэрлэгтээ ажиллаж, мод тарьж, ном уншиж цагийг өнгөрөөдөг. Түүний хувьд энэ нь “сүнслэг амьдралын” хэлбэр бөгөөд эрүүл мэндийнх нь баталгаа болж байна.
Өөртөө үнэнч байх зориг
Эрүүл амьдрал гэдэг нь зөвхөн дасгал хөдөлгөөн, зөв хооллолт бус. Нийгмийн хүлээлтэд нийцүүлэх гэж бус, харин өөртөө тохирсон амьдралын хэв маягийг сонгох зориг чухал. ЭРҮҮЛ МЭНД бол бидний хамгийн үнэт капитал бөгөөд түүнийг хадгалахын тулд өөрийн хүсэл мөрөөдлийг дагаж, сэтгэлээ амар тайван байлгах нь нэн тэргүүний зорилт байх ёстой.
Эцэст нь хэлэхэд, хөгшрөхөөс айх хэрэггүй. Харин түүнийг зөв дадал, өөдрөг сэтгэл, амьдралдаа утга учир өгөх замаар эрүүл бас утга төгөлдөр өнгөрүүлэх бүрэн боломж бидний гарт байна.