2018 оны 9-р сарын 25
12 цаг 56 минут

МУУРАН НҮДЭТ “Муу ёрын хүүхэд”

Г.Соёлгэрэл
МУУРАН НҮДЭТ


Мууран нүдэт охин. Энэ хоч түүнийг олон жил дагаж байгаа юм. Түүний нүд бусдаас онцгой, хүн гэхээсээ муурынхтай илүү төстэй гэдэг нь яалт ч үгүй үнэн. Цэхэр саарал өнгөтэй нүднийх нь хүүхэн хараа хүртэл босоо зууван тогтоцтой. Уг нь хүн хонин бор, дугариг хар хүүхэн хараатай төрдөг дөө. Гэтэл Мууран нүдэтийнхэн ах дүү, хамаатан саднаараа ийм онцгой нүдтэй.
Харин энэ нүдний хамаг зовлон бэрхшээлийг охин ганцаараа л үүрсэн юм. Аав нь энэ ёрын нүдний бурууг ээжид нь тохоод салж одсон. Ээж нь энэ бүхэнд гутарч гунисандаа архинд гүн орж, гэр орон, үр хүүхдээ хайхрахаа больсон. Тэр ч бүү хэл, охиноо “муу ёрын хүүхэд” гэж адлах болсон. Ах, эгч нар нь хүртэл түүнд таагүй хандана. Харин хоёрхон насны зөрүүтэй эрэгтэй дүү нь л түүнд ер бусын сайн ханддаг юм. Тэр эгчийг нь элдэвлэсэн хүн бүр рүү хөмсөг зангидаж, нүдээ цэхэлзүүлэн, заримдаа бүр шууд цохиж авах буюу элдвээр хараан зүхэж, гоморхлоо тайлдаг юм.



Этгээд нүднээсээ болоод түүний харц хэтэрхий хүйтэн харагдана. Энэ нь хромосомын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж эмч нар тайлбарладаг юм. Гэвч түүний ээж энэ бүхнийг үл харгалзан охиндоо уянгалаг сайхан нэр хайрлажээ. Өөрөөр хэлбэл, түүний төрсний гэрчилгээн дээр Яргуйжин гэсэн утга төгөлдөр сайхан нэр бичээстэй байдаг. Даанч төрсөн цагаас нь хойш хэн ч түүнийг энэ нэрээр нь дуудаж байсангүй. Муур, үнэг, хялар, чөтгөрийн нүдэт гэх мэтээр хочлуулсаар тэр үнэндээ жинхэнэ нэрээ ч мартаж эхэлсэн. Гэвч тэр энэ бүхэнд бараг л эмзэглэдэггүй юм. Багадаа тэр өөрийгөө бусадтай л адил гэж боддог байлаа. Харин сургуульд орсноосоо хойш бусад хүүхдээс арай өөр гэдгээ мэдэрч эхэлсэн юм. Тэр үед түүнд хэтэрхий гомдолтой санагдсанаас бүтэн өдөржин мэгшсэн. Гэвч чухам яагаад бусдаас өөр төрчихсөнөө ээжээсээ асууж зүрхлээгүй юм. Ер нь түүнд ээжээсээ юм асуух нь бүү хэл, нүдэнд харагдах ч эрх байхгүй л дээ. Учир нь, архинд нэвчсэн тэр эмэгтэй түүнийг харах бүртээ л адгийн муухайгаар харааж, гар хүрвэл цохиж занчиж, хүрэхээргүй хол байвал гарт тааралдсанаа аваад л зүглүүлэн шидэж орхидог.

Яргуйжин ийнхүү цаг үргэлж айдас хүйдсээр хоолойгоо боомилуулж, гар хөлөө дөнгөлүүлэн өсчээ. Бусдын яриад байдаг “хайр” гэдэг сайхан зүйлийн талаарх төсөөлөл түүнд огт төрдөггүй. Архичин ээж нь хааяахан тохиох сайхан зантай үедээ хошуугаа цорвойлгон, бага дүүг нь эрхлүүлж, хэлээ зажилан, духыг нь илж, хацар дээр нь энхрийлэн үнсэхийг тэр тун цөөхөн удаа харсан. Гэвч иймэрхүү нялуун зүйлс надад огт хүртээлгүй гэж боддог аж.
Тэр гэр доторх бүх хүний гар хөлийн үзүүрт зарцлагдах боловч өөрт оногдох ганц хоёр зүсэм талхнаас илүү зүйл хэзээ ч идэж байсангүй.
Ийнхүү гэгээн өнгөөр хэтэрхий дутмаг он жилүүд хөвөрсөөр охин дунд сургуулиа төгсөж, ахлах ангид дэвшин суралцлаа. Тэр өсөх тусмаа л үеийнхнээсээ онцгой болж байлаа. Хунгийнх шиг урт нарийхан хүзүү, тугалынх шиг гүн тод давхраа, тогорууных шиг урт нарийхан хөл, хэтэрхий гэмээр нарийхан ширхэгтэй намирсан урт үс, өөгүй цэвэрхэн цагаан царай… Түүний бүх зүйл гоо үзэсгэлэнгийн алтан дундаж байлаа. Гэвч мөнөөх хүн бүрийн зэвүүцлийг төрүүлсэн нүд л өөрчлөгдсөнгүй. Мэдээж тэр цэхэр саарал нүд түүний гоо үзэсгэлэнгийн хүчийг сааруулж чадаагүй л дээ. Тиймээс л түүний хар бараан амьдралд гэнэт нүд гялбам хурц гэгээ тусаж эхэлсэн юм. Хүмүүс түүнийг огт өөр нүдээр харж, эрчүүд нь харц унагаж, эмэгтэйчүүд нь атаархсандаа байж ядаж эхлэв. Даанч төрсөн цагаасаа л хэн бүхэнд ад үзэгдэж эхэлсэн тэр охины сэтгэл зүрх эгээ л тэр хараалт хүмүүсийн хүйтэн үгс шиг царцаж хөлдөөд, хэдэн жил халуун нараар ээлгээд ч гэсэхээргүй зузаан хатуу мөс болон хувирсан байлаа.
Тэр гэрэл гэгээг, сайн сайхныг, гоо үзэсгэлэнг, хайрыг хүртэл үзэн ядна. Ах, эгч хоёр нь өрх тусгаарлаж, Яргуйжин ээж дүү хоёртойгоо амьдрах болов. Ээж нь өтөл насны сүүдэрт хучуулж, архи ч ууж чадахаа больтолоо тамирдаж туйлдсан байлаа. Олон жил биеийг нь дотроос нь сэм идсэн өвчин эмгэгүүд илэрч, түүнийг улам л туйлдуулж байлаа. Гэвч Яргуйжин түүнийг хайрлаж халамжлахыг огт мэдэхгүй. Угаас хэн нэгэнд санаа тавьж, халамжлах тухай төсөөлөл ч түүнд байхгүй.
Харин тэр өөрийгөө хэрхэн зугаацуулах аргаа аль хэдийнэ олсон байлаа. Тэр бүр дунд ангид байхдаа л хөвгүүдтэй дотно нөхөрлөж, үсээ хусуулан тамхи татаж эхэлсэн юм. Тэр ч бүү хэл, ахлах ангийн хөвгүүдтэй янаг амрагийн явдал үүсгэж, “буруу замаар будаа тээж” эхэлсэн байлаа. “Энэ бол буруу зам” гэдгийг түүнд хэлж ойлгуулах хэн ч байсангүй. Угаасаа түүнийг хаана, юу хийж яваа талаар санаа тавьдаг хэн ч байхгүй л дээ. Ээж нь түүнийг орон гэртээ ч үзэгдэхгүй болсныг анзаарч эхэлсэн ч хэлэх тэнхэлгүй болтлоо доройтсон байлаа. Яргуйжингийн дүү л ээжийгээ харж ханддаг байв.


Охины зах замбараагүй үйлдлүүд даамжирсаар есдүгээр ангиасаа сургуулиа орхилоо. Харамсалтай нь, түүний энэ үйлдлийг хэн ч анзаарсангүй, ганц хоёр хүн анзаарсан ч төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Яргуйжин сургуулиа орхисныхоо дараа мөнгө олж, хүссэнээ авах хэрэгцээ хүний амьдралд байнга гардагийг ойлгосон юм. Түүнд мөнгө олох ганц л арга бий мэт санагдав. Тиймээс тэрбээр үүлэн борооны ажил хийж, бие, сэтгэлээ цэнгүүлдэг байсан бол одоо энэ л ажлаар мөнгө олж, шуналаа дардаг болжээ. Тэгтэл нэгэн танил бүсгүй нь “Гадаад хүнтэй учир ургуулвал чи бүр илүүг олно” гэж түүнд шивнэж амжжээ. Бүсгүйд ч энэ санал таалагдсан юм. Ингээд тэр 18-хан насандаа гадаад эрчүүдийг ангуучилж эхлэв. Мөнгө олох тусам л түүний шунал улам ихсээд байлаа. Ийнхүү мөнгөнд шунаж дурласаар нэг л мэдэх нь ээ, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн болж хувирсан байв. Ажилдаа улам гаршихын хэрээр гадаад хэл ч сурч эхлэв. Тэрбээр гэр хорооллын дунд орших харанхуй умгар гэртээ амьдрахаа больж, тансаг зочид буудалд хоног төөрүүлж, үнэтэй машин унаж, дээд зэрэглэлийн дэлгүүрүүдээр өдөржин хэсч сэтгэлээ цэнгүүлдэг болжээ. Тэр хааяахан л дүүгээ санадаг учир хэд гурван төгрөг аваачиж өгөөд л гарч оддог байв.
Нэгэн өглөө түүнийг дуг нойрондоо дугжирч байтал хаалгыг нь хүчтэй балбах чимээ сонсогдов. Яргуйжин хоёр нүдээ арайхийн нээгээд, хөдөлж ядсаар гэрийн халатаа шүүрч аван нөмрөөд хаалгаа онгойлголоо. Тэгтэл дүрэмт хувцастай эрс нэлээд албаны байдалтай зогсож байх нь тэр.
-Нэр чинь хэн билээ?
– Яргуйжин.
-Бид хууль бусаар биеэ үнэлэгчдийг баривчилж байна. Чи ингэхэд хэдэн настай вэ?
-Миний нас тийм чухал юм уу?
-Харваас 20 ч хүрээгүй биз. Яагаад ийм жаахнаараа биеэ үнэлдэг болчихдог байна аа?
-Миний амьдрал та нарт огтхон ч падгүй.
-За тийм байж… гэхдээ хууль бус үйлдэл бүхэн төрийн цагдаад хамаатай байдаг юм шүү дээ. За шөнийн эрвээхэй минь, хурдхан хувцасаа өмсөөд биднийг дагаад явна даа.
Дүрэмт хувцастай эр ингэж хэлээд, бүсгүйг мөрлөн өрөө рүү нь ороод үнэр сэнхийхийн зэрэгцээ дэвсгэр даавуу нь эмх замбараагүй хуниралдаж, ундуй сундуй болсон орон дээр нь очиж суув. Бусад нь хаалга түшин зогсоод хүлээнэ. Яргуйжинг хувцаслах зуур мөнөөх цагдаа ч ам хуурай байсангүй.
– Чамайг ингэж тэнэж явахад аав, ээж чинь санаа зовдоггүй хэрэг үү?
– Энэ байцаалт уу?
– Яг тийм, байцаалт эхэллээ гэж бод.
-Салчихсан хүмүүсийг би яалтай билээ. Ээж минь бие муутай. Хэн нэг хүүхэд нь тэжээх хэрэгтэй биз дээ?
-Чи өөр ажил хийж болно шүү дээ. Ингэж ч ач хариулдаггүй байх аа.
Яргуйжинд хувцаслахад ядаж цөхөөд байх зүйл байсангүй. Торон цамц, оготор банзал, өндөр өсгийтэй сандаалаа халь мульт углав. Түүний бэлэн болсныг хараад цагдаа эр босож, баруун гараа хаалга руу сунган “явж болно” хэмээн дохилоо. Яргуйжин тэдний өмнө гараад тоомжиргүйхэн гунхав.
Гэвч тэд түүнийг Цагдаагийн хэсэгт бус сонгодог маягаар тохижуулсан албан тасалгаанд авч ирсэн юм. Яргуйжин энэ бүхнийг гайхаж байсан ч угаасаа тэр баярлаж гомдох сэтгэл хөдлөлөө аль эрт гээсэн учир энэ бүхэн хаашаа эргэхийг харж, түүнтэй хэн уулзахыг хүлээж байлаа. Тэрбээр байцаалт аваад байсан цагдаагийн хамт нэгэн том цэлгэр өрөөнд оров. Тэд өрөөнд ороод хэн нэгнийг хүлээх мэт арваад минут суулаа. Энэ зуурт цагдаа эр түүнтэй юу ч ярьсангүй.



Төдөлгүй хаалга нээгдэн, үсээ толийтол самнаж, үнэтэй хослол өмсөж, гялалзсан хар гутал угласан, маш цэмцгэр залуу орж ирэв. Тэрбээр цагдаа болон Яргуйжинтай толгой дохин мэндлээд өрөөний хойморт очиж суулаа. Үүнтэй зэрэгцээд цагдаа эр ч гарч одов.
– Сайн байна уу? Намайг Архад гэдэг. Би бол Хууль зүйн яамны төрийн нарийн бичиг.
– Танд надтай уулзаж ярилцах ямар хэрэг байгаа билээ?
– Бид чамайг удаан ажиглаж, сайтар судалсан.
– Хэн?
– Манай тагнуулынхан.
– Яах гэж?
– Бидэнд биеэ үнэлэгч-тагнуулч хэрэгтэй байгаа юм.
-Тийм зүйл байдаг хэрэг үү? Би хэнд ч хэрэггүй амьтан гэж боддог, үүндээ ч бат итгэдэг хүн. Энэ бүхэн яг л тоглоом шиг сонсогдож байна. Хэрэв төрийн томоохон албаны хүнд биеэ үнэлэгч хүүхэн хэрэг болдог бол боловсрол мэдлэгтэй, энгийн нэгэн бүсгүйг сонгож болох шүү дээ.
-Бид өөрсдийгөө зугаацуулах хүүхнээ хэнээр ч олуулахгүй. Харин тусгай бэлтгэгдсэн тагнуулч хүүхэн олоход тун хэцүү. Хэрэв чи зөвшөөрвөл бид чамайг тусгайлан бэлтгэмээр байна.
-Надад миний ажил таалагддаг. Та нарыг би ажил олоод өг гэж гуйгаагүй санагдах юм. Гэв гэнэт гарч ирээд хүний ажил заагаад байдаг чинь ямар учиртай юм бэ? Би энэ саналаас чинь шууд татгалзаж байна.
-Бид чамайг сонгосон. Энэ бол чи татгалзах боломжгүй гэсэн үг. Учир нь, би бол энэ улсын иргэн. Би иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой.
-Би огт ойлгохгүй байна, яагаад заавал би гэж?
-Иймэрхүү ажилд өвөрмөц төрхтэй хүмүүс хамгийн сайн тохирдог юм. Тэдэнд ер бусын чадвар нуугдаж байдаг. Энэ бол байгалийн шалгарал.
-Бас л нөгөө мууран нүд гэж үү? Би юу хийх ёстойгоо мэдэж болох уу?
-Бид чамайг гадаадад тагнуулаар илгээнэ. Шулуухан хэлэхэд, чи гадаадад амьдарна. Чамайг хэнтэй холбогдож, ямар мэдээлэл олж авах талаарх даалгаврыг бид эндээс цаг тухайд нь өгч байх болно. Тэр чухал мэдээллүүдийг олж авахад чиний эрчүүдэд сурамгай сээтэн хаяж, өвөртөө хялбархан оруулдаг чадвар чинь тусална.
-Яагаад заавал тэдний өвөрт орох ёстой гэж? Хүчээр булаагаад ч юм уу, бүр болохгүй бол алаад ч хамаагүй тэр мэдээллээ авчихаж болдоггүй юм уу?
-Болно л доо. Гэвч энэ аргууд маш эрсдэлтэй. Хэрэв хэрэг илэрвэл хоёр орны харилцаанд сэв сууна. Цаашлаад дайн байлдаан ч болж магад. Тиймээс тачаангуй биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн тусламжтайгаар хэрэгтэй мэдээллээ цуглуулах л хамгийн нууцлаг бөгөөд найдвартай арга юм.
-Намайг гэмт хэрэг үйлдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа хэрэг үү?
-Чи биеэ үнэлж чадна шүү дээ. Энэ чинь л хангалттай.
-Тэгээд яагаад заавал би гэж? Надаас илүү жүжиглэж, хулгай хийж чадах биеэ үнэлэгчид олон бий.
-Тэд бол тагнуулч биш. Чиний дотоод сэтгэлийг ч бид сэтгэл зүйчийн тусламжтай судалсан. Тэр чиний бусдад ханддаг бүх хандлагыг чинь олон өдөр ажигласны дүнд чамайг зүрх сэтгэлгүй, ганцаардмал нэгэн гэж дүгнэсэн. Гэхдээ бид чиний аюулгүй байдлыг бүрэн хангана гэдгийг хэлэхээ мартсан байна.
-За тэр ч юу л бол доо? Хэрэгцээт бүх материалаа цуглуулж, ажиллагаа дуусмагц “улсын нууц” гээд намайг хороочих байлгүй.
-Үгүй ээ, бид хэнийг ч хороодоггүй юм. Харин чи зөвшөөрч байна уу?
-Би зөвшөөрөхгүй. Гэхдээ би зөвшөөрөхгүй байсан ч та нар арга мухардахгүй, өөр нэгнийг олоод л авна биз дээ?
-Үгүй ээ, бид сонгосон нэгнээ л зөвшөөрүүлдэг юм.
-Яаж?
-Бид танай гэрийнхэнд зохиомол хэрэг үүсгэнэ. Чамайг ч бас хэрэгт орооцолдуулж, гишгэх газаргүй болгоно. Магадгүй, чамайг амиа хорлосон мэт харагдуулж ч болох юм… Харин чамайг зөвшөөрсөн тохиолдолд бид чамайг хамгаалж эхэлнэ. Дайсан чам руу буу чиглүүлээд зогсож байсан ч бид түүнээс түрүүлж гох дарна.
-Надад зөвшөөрөхөөс өөр сонголт байхгүй юм шив дээ?
-Чи одоо л ойлгож байна.
-…
– Сайн байна. Чи хоёр хоногийн дараа Орос руу томилолтоор явна шүү.
-Энд нэг зүйл ойлгомжгүй байна. Намайг гадныхан тоож харна гэж үү? Эх нутагт нь сайхан сайхан янханууд зөндөө л байгаа байлгүй.
-Хэнд ч хэрэггүй янхан гэж байдаггүй юм. Тэднийг бүгд л ашигладаг. Чи үүнд санаа зовох хэрэггүй. Бид чамайг байрлуулах Эмсийн хүрээлэнгүүдийг аль хэдийнэ судалчихсан. Чи тэнд байрлаж, бидний зааж өгсөн эрчүүдийг урхидна. Бас нэгэн зүйлийг цохож эхлэхэд, чи очсон газар бүрийнхээ хамгийн үнэтэй, дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч байх болно. Биеэ үнэлэгч гэдэг яг үнэндээ хүн биш эд бараа. Тиймээс эрчүүд хамгийн үнэтэйг нь л сонгодог юм.
-Би тэгээд Оросоос хэнийг уургалах юм бэ?
-Энэ удаа нэгэн эрдэмтнийг уургална. Тэр асар үнэтэй бодис нээсэн. Энэ бол одоогоор дэлхий дээр хамгийн үнэтэй бодис. Бид тэр бодисыг түрүүлж нээх хэрэгтэй. Тэгснээр асар их баялаг манайх руу урсах юм.
-Бид чинь тусгаар тогтносон улсад амьдар байгаа биз дээ? Улсын хэмжээний иймэрхүү асуудлыг яагаад ном журмынх нь дагуу шийдвэрлэж болдоггүй юм бэ? Тэр бодисоо зүгээр л худалдаад авчихаач дээ.
-Тэр бодисыг худалдаж авах хэмжээний эдийн засгийн боломж манай оронд байхгүй.
-Төрийн бодлогод хүртэл ийм муу санаа агуулагдана гэж бодож байсангүй. Төрийн хөшигний цаана хамгийн харгис үйлдлүүд өрнөдөг гэдэг үнэхээр л үнэн бололтой.
-Чиний бодол бидэнд огт чухал биш. Охин минь бид бодож, чи хийнэ.
-Ингэхэд би орос хэл мэдэхгүй шүү дээ?
-Бид бүгдийг тооцоолсон. Бид ямар ч хэлийг шууд орчуулдаг нууц төхөөрөмж чихэнд чинь байршуулна.
-Гайхалтай! Гэвч би тэр хүсээд байгаа зүйлийг чинь гартаа оруулж чадахгүй бол яах вэ?
-Чиний даалгавар маш тодорхой. Чиний даалгавар бол тэр бодисыг хэрхэн гаргаж авдаг нууцыг гартаа оруулах. Чи энэ даалгаврыг биелүүлтэлээ л тэр эрдэмтэнтэй зууралдах болно. Гэхдээ алгуурлаж огт болохгүй шүү. Бид яаравчлахгүй бол өөр нэгэн өрсчихнө.
-Тэр зүйлд санаархаж байгаа хүн надаас өөр байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ, чи тэр зүйлийн төлөө маш олон орны бүсгүйчүүдтэй өрсөлдөх байх.
-Надад таалагдаж байна аа.
-Чи ч бас надад таалагдаж эхэллээ. Тэгэхээр тоглоомоо эхлүүлэх үү дээ? Хэн сайн тоглож чадсан нь ялдаг хорвоо доо.
-Өвчинд барагдсан ээж, арга мухардсан дүү хоёрын минь талаар ч бас та нар аль хэдийнэ судалж амжаа л байлгүй. Тэдэнд би л мөнгө төгрөг өгч хоолыг нь залгуулдаг юм. Тэд намайг эзгүйд зутрах л байх даа.
-Бид чамайг хамгаална гэж хэлсэн. Энэ бол гэр бүлийг чинь ч бас хамгаална гэсэн үг юм шүү. Чи ээж, дүү хоёртоо санаа зовох хэрэггүй. Бид санаа тавьчихна. Өөр хэлэх зүйл байна уу?
-Алга даа. Би одоо явж болох уу? Би та нарыг яв гэсэн цагт чинь явах юм байна гэдгээ ойлголоо. Тиймээс хувийн бага сага ажлуудаа амжуулчихмаар байна.
-Энэ хоёр хоногт чи тусгай сургалтанд суух ёстой. Тэр сургалтаар чамд тагнуулын арга техникүүдийг зааж өгнө. Яг одоо эхлэх хэрэгтэй.
-Ойлголоо.

****
Орост өнгөрүүлсэн өдөр хоногууд Архадын хэлсэн шиг амар хялбар байсангүй. Оросууд Яргуйжинг тагнуул гэдгийг сэжиглэн, ажиллагаанд нь саад учруулах нарийн төлөвлөгөө боловсруулсан байв. Тэд “Танай хүн олж авсан мэдээллээ америкчуудтай наймаалцаж байгаад үйлдэл дээрээ баригдлаа” хэмээн Монгол руу мэдээлэв. Ингээд тэд Яргуйжинг ямар ч өчиггүйгээр баривчлан, торны цаана хийчих нь тэр.
Архад оросуудын зангыг сайн мэдэх учир Яргуйжинг суллах арга замыг хайж эхлэв. Тэр өөрийнхөө алдааг ч ухаарч байлаа. Түүний алдаа бол охиныг хэтэрхий залуу гэдгийг тооцоололгүй, сайтар бэлтгэлгүйгээр чухал ажиллагаанд илгээсэн явдал байсан юм. “Ингээд л ялагдчих юм гэж үү?” гэсэн бодол оюун бодлыг нь багалзуурдан тарчилгаж байсан ч тэрбээр “бууж өгч болохгүй” гэж өөртөө тангараг өргөв. Учир нь, тэр ямар ч тоглоомонд хожигдол хүлээх дургүй нэгэн билээ.
Архад шинэхэн тагнуулчийнхаа араас өөрийн биеэр очихоор шийджээ. Ингээд тэрбээр жуулчин залуугийн дүрээр Орост газардав. Дунд зэргийн урттай, нарийхан ширхэгтэй шингэн үсэндээ буржгар хими хийлгэж, биеийн тамирын тод өнгөтэй хослол өмсөж, том хар үүргэвч үүрэн, бөөрөнхий хар шил зүүсэн түүнийг Яргуйжин ч хараад танихааргүй болжээ.
Оросууд Архад төдийгүй Монголын төрийн зарим өндөрлөгүүд, тэдний гар хөл бологсдын талаарх дээд зэрэглэлийн нууцлалтай мэдээллүүдийг ч цуглуулж амжсан байлаа. Учир нь, Монгол шиг өрийн сүлжээнд хэрэгдсэн оронд асар их мөнгөний урсгал зайлшгүй хэрэгтэй байгааг тэд ч бас хэдэн жилийн өмнөөс л гадарлан, тандаж эхэлсэн байв. Гэвч тэдний нууц тагнуулыг тийм хялбархан барьчихаж чадсандаа сэтгэл нь тайвширан, нулимсаа гартал инээж, бах таваа хангасан билээ.
Яргуйжин тэдэнд баригдахаасаа нэлээд хэдэн хоногийн өмнө цөмийн физикч эртэй учир ургуулж амжсан байлаа. Түүнийг монгол бүсгүйгээс салж хагацахаа больсон талаарх мэдэээлэл л үнэндээ тагнуулынханд сэжиг авахуулчихсан хэрэг л дээ. Улсын аюулгүй байдлыг хамгаалах газраас түүнд гадаадын ямар ч хүүхнийг ойртуулж болохгүй гэх үүрэг өгсөн байсан юм. Тиймээс ч цаг тутамд ажиглаад байсан хэрнээ л ямар сиймхийгээр нь Яргуйжин хэмээх мууран нүдтэй монгол хүүхэн шургалчихсаныг бодоод бодоод олохгүй байлаа. Ингээд шуурхай арга хэмжээ авахаар шийдэж, архинд нэвчсэн эрдэмтэн эрээс байцаалт авсан боловч түүнд энэ бүхнийг эрүүлээр харах ухаан байсангүй. Оросын тагнуулынхан ч ажлаа шуурхай гүйцэтгэн, Яргуйжинг настай эмэгтэйн дүрээр Монгол руу нисэх гэж байхад нь амжиж баривчилсан юм.
Архадад энэ бүх мэдээлэл очсон бөгөөд тэрбээр Яргуйжинг Орост байх хугацаандаа хийсэн үйлдлүүдийг нь санах бүртээ л муухай мушааж “Чамд ч ирээдүй бий шүү, охин минь” хэмээн өөртөө шивнэдэг байлаа.
ОХУ-ын хуулийн байгууллага “Улсын аюулгүй байдалд ноцтойгоор халдсан. Нууцын зэрэглэлтэй зүйлийг хулгайлсан” гэх зүйл ангиар бүсгүйд маш хүнд ял төлөвлөжээ. Тагнуулчийг өршөөж байсан түүх ч энэ улсад байхгүй билээ.
Архадад ч бас энэ бүхний эсрэг боловсруулсан нарийн төлөвлөгөө бий. Тэрбээр энэхүү төлөвлөгөөгөө биелүүлэхэд мөнгөний төлөө улс орноо худалдахаас ч буцахгүй хүмүүс аль ч оронд байдгийг нарийн бодож тооцоолсон юм. Ингээд тэрбээр Монголын тагнуулын алба болон төрийн зарим өндөрлөгүүдээс нууцын зэрэглэлтэй зөвшөөрөл аван, нэгэн бүсгүйг дагуулан Оросын хилээр нэвтэрсэн билээ. Тэрбээр энэ бүсгүйгээр Яргуйжинг сольж авахаар төлөвлөж буй. Түүнтэй хамт яваа бүсгүйн хувьд хүн амины хэргийн удаа дараагийн хэрцгий үйлдлүүдээрээ бүх насаараа хоригдох ялын тогтоол уншуулсан нэгэн байлаа.
Архад Орост газардмагцаа тэндхийн хамгийн увайгүй үйлдлүүдийг хийж мөнгө олдог мафийн нэгэн бүлэглэлтэй холбогдож, их хэмжээний мөнгөөр тохиролцоо хийв. Тэд мөнөөх бүсгүй Яргуйжинтай солих ажиллагааг гүйцэтгэх юм. Мөн тэрбээр Яргуйжинг суллаж авмагцаа нутгийн иргэдийн тусламжтайгаар газраар Оросын хилийг даврахаар төлөвлөжээ.
Гэвч Яргуйжинг хэн нэгнээр сольж, оргуулна гэдэг хамгийн төвөгтэй зүйл байлаа. Учир нь, тэр хүнд хэзээ ч давтагдахгүй мууран нүдтэй. Архад энэ бүхнийг ч нарийн тооцоолон ялтан бүсгүйд Яргуйжингийн нүдтэй яг адилхан линз олж зүүлгэсэн юм. Тэд бусад зүйлээрээ ч ялгарах зүйл байсангүй. Биеийн өндөр, харьцаа дууны өнгө ч ялгарах зүйл н үгүй. Олон жилийн ял авсан бүсгүйг Энхмаа гэдэг. Бүсгүй ар гэрийнхэндээ нэмэр болох үүднээс тэдний амласан олон зуун сая төгрөгөөс татгалзаж чадалгүй энд ирээд буй. Хамгийн гол нь, Яргуйжин тэр хоёрын ялын хэмжээнд нэг их зөрүү байгаагүй юм. Тиймээс ч Энхмаа үүнийг өөрт маш ашигтай наймаа боллоо гэж тооцоолж байлаа.

****
Оросын мафийнхан Энхмааг машинд суулган Яргуйжинг хорьж буй Хорих газар руу хөдлөхөд Архад дэн буудлын давчуухан өрөөнд сэтгэл түгшсээр ганцаар хоцорлоо. Тэр энд ирснээсээ хойш Монгол руу холбоо барих нь бүү хэл, ганц ч монгол хүнтэй холбогдоогүй. Тэр ажиллагаа дуустал ийм л зожиг байдалтай байхаар төлөвлөсөн билээ.
Хэдий үлгэр домог мэт яригдаж ирсэн алдартай хүчирхэг мафи бүгдийг гүйцэтгэж байгаа ч гэлээ ажиллагаа бүтэлгүйтчих вий гэж далд түгшүүр амар заяаг нь үзүүлэхгүй байлаа. Сайн тагнуулч гэдэг улс орны хувь заяаг нэг талаар шийдвэрлэж ирсэн гавьяатай хүмүүс байдаг тал бий. Гэхдээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийнэ гэдэг тухайн хүмүүсийн өөрсдийн ашиг сонирхлоос үүдэлтэй байх нь ч олонтаа. Тэдгээр хэсэг бүлэг хүмүүсийн төлөө тагнуулчид амиа золих нь бий. Гэвч тагнуулчийн зүрх зөвхөн эх орныхоо төлөө цохилдог юм. Гайхалтай тагнуулч хүмүүс аль ч үед байсан. Байсаар ч ирсэн. Архад Яргуйжинг тэдний л нэг болгон бэлтгэнэ гэж боддог юм.
…Хоёр цагийн дараа буудлын хаалгыг аяархан тогших чимээ гарав. Архадыг хаалга онгойлгоход мафийнхан биш буу зэвсэг агссан дүрэмт хувцастнууд зогсож байх нь тэр. Тэд өрөөнд дайран ороод залуугийн хоёр гарыг ард нь зөрүүлэн гавлаад, газарт сөхрүүлэн суулгав.

****
Монголыг зорин давхиж буй жуулчдын бага оврын автобусны хамгийн арын суудалд урт нарийхан хөл, өндөр нуруутай нэгэн зэгзгэр бүсгүй цонхоор ширтэн, дуугүйхэн суух аж. Тэрбээр замын турш суудлаасаа босох нь бүү хэл, ам ч нээсэнгүй. Ийнхүү олноос бишүүрхэн явсан тэрбээр Монголын хилээр нэвтэрмэгцээ л жижигхэн гар цүнхээ бариад буучихав.
Бүсгүй жуулчдын суусан автобусыг жижигхэн толгодын араар далд ортол араас нь нүд салгалгүй ширтэн зогслоо. Төдөлгүй тоос шорооны үзүүр ч хүртээгүй цэмцийсэн цагаан машин давхиж ирэн, түүнийг суулгаад хурдлан давхив.
Хэдхэн цагийн дараа мөнөөх машин Улаанбаатарын захад орших нэгэн буйдхан зочид буудлын гадаа ирж зогслоо. Машины хаалга алгуурхан нээгдэхэд гадсан өсгийтэй час улаан түфль, өөгүй цагаан арьстай нарийхан урт шилбэ цухуйв. Улмаар бариу улаан даашинз, дэгжин бүрх малгайтай Яргуйжин орчин тойрноо нэгбүрчлэн ажсаар буув.
Нүүр дүүрэн гунигтай энэ бүсгүй хэрхэн ямар замыг туулж, эх орондоо буцаж ирснийг хэн ч мэдэхгүй. Тэр өөрөө ч энэ тухай эргэн дурсахыг хүсэхгүй байгаа билээ. Харин хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн хэн бүхэнд адлагдаж шоовдорлогдсон тэр бүсгүйн зүрх яг одоо үзэн ядалт, өс хонзонгоо дааж ядан тэрчилж буйг л хамгаас илүү мэдэрч байлаа.
Нэгэн цагт эх орныхоо төлөө энэхэн бие, өчүүхэн амиа золихоос ч буцахгүй чин зориг тээж Оросын нутагт газардсан энэ бүсгүй одоо эх орныхоо хөрсөнд тэсрэх маш том атомын бөмбөг болон буцаж ирж байгаа билээ. Учир нь, тэр хэтэрхий ээдрээтэй, хумсын толионы чинээ ч гэрэл гэгээгүй тас харанхуй амьдралынхаа гэм бурууг элэг нэгтнүүдээсээ нэхэхээр шийджээ. Өөрөөр хэлбэл, тэр одоо жинхэнэ тагнуулч. Гэхдээ Монголын бус Оросын тагнуулч. Тэр Монголын төрийн нууцыг чандлан хадгалагч эрхмүүдтэй сээтэгнэж, өвөртөө оруулаад, хамгийн бат бөх цоожоор цоожлон, хав дарсан нууцуудыг нь онгичиж төнхөхөөр иржээ. Төрийн нууцыг хэрхэн яаж задалдгийг ч Оросууд түүнд маш нарийн зааж өгсөн билээ.
Гэмт хэрэгтэн гэдэг төрмөл биш олдмол зүйл. Яргуйжин ч бас энэхүү уучилшгүй урвагчийн дүрээ амьдралаас, хүмүүсийн дундаас л олж авсан юм. Гэхдээ тэр энэ бүхний төлөө хэн нэгэн гэмгүй хүнийг золиослохыг хүсээгүй. Тиймээс л Архадыг аюулд оруулахгүйн тулд Оросын мафийнхантай тохиролцон, хулгайлуулаад Монгол руу илгээсэн юм. Гэхдээ түүнийг ийнхүү эх орондоо эргэж ирснийг Архад ч мэдэхгүй. Тэр түүнтэй хэзээ нэгэн цагт хаа нэгтээ тааралдсан ч танихгүй. Архад байтугай, төрүүлсэн ээж нь ч түүнийг танихгүй. Яагаад гэвэл, мөнөөх хэн бүхэнд адлуулсан Мууран нүдэт охин одоо дийлэнхи охидын нэгэн адил гүн бор өнгөтэй, хорголон алаг нүдтэй жирийн нэгэн монгол бүсгүй болсон!

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

78.250.187.133Зочин   • 2018, 9 сарын 30. 16 цаг 55 минут

shaa shaaa

103.10.21.781213   • 2018, 9 сарын 30. 7 цаг 32 минут

Хүүхэд ч итгэхгүй,ухаантан ч ойлгохгүй ийм өчүүхэн зүйлийг бичиж суудаг тэгээд үүнийг нь уншиж байгаа бид ч үгүй ээ мөн тэнэг ээ.

103.57.92.49Зочин   • 2018, 9 сарын 26. 14 цаг 55 минут

zasss ineedmiin kino l hiivel esvel hoshin shogiinhon

103.212.116.66Зочин   • 2018, 9 сарын 25. 14 цаг 59 минут

Хаха холион бантан

202.126.89.174Зочин   • 2018, 9 сарын 25. 14 цаг 18 минут

Enuugeer kino hiigeech kiononiihaan

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.