2019 оны 5-р сарын 6
11 цаг 30 минут

СУРВАЛЖИЛГА: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн долоон охин сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байна

Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай дурьдагджээ.

Энэ бол зөвхөн олон нийтэд ил болсон хэргүүдийн тоо. Гэтэл хаалттай хаалганы цаана хэчнээн бяцхан зүрх ийм шаналал амсан уйлж суугааг бид таашгүй. Хуулиндаа бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил хорих ял оноодог хэмээн тусгажээ. Гэвч яг энэ ялаа оноож чаддаг уу. Судалгаанаас хараад байх нь ээ хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийн ял хөнгөдөөд байх шиг. Ялын санкцаа тултал нь оноож чадахгүй байгаа дүр зураг харагдаж байна. Харин үүний цаана гэмт хэргийн хохирогч болсон охид, тэдний ар гэрийнхнийх нь сэтгэлийн гүн шарх 20 жил болсон ч эдгэнэ гэж үү.

Ялангуяа хүчирхийллийн хохирогч болсон насанд хүрээгүй хүүхдүүд насан туршдаа сэтгэлдээ гунигтай амьдардаг.

Харвардын Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, хүүхдийн хүчирхийлэл нь бие махбодь, сэтгэл санаанд хохирол учруулаад зогсохгүй хүний ДНК-д ч арилахааргүй сорви үлдээдэг болох нь нотлогджээ. Тиймээс бэлгийн хүчирхийлэлд өртөн хохирсон хүүхдүүдэд сэтгэл нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлага зүй ёсоор тулгардаг байна.

"Хүүхдүүдийн хамгийн сайн хадгалдаг нууц бол бэлгийн хүчирхийлэл"

Гэтэл манай улсад яг энэ чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулдаг ганцхан байгууллага байдаг юм байна. Тэр нь өнгөрсөн онд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тиймээс бид тус төвийг зорьж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Мөн бид энэ удаагийнхаа сурвалжлагаар дамжуулж өдөр болгон шахуу БАГА НАСНЫ ХҮҮХЭД ААВДАА, ӨВӨӨДӨӨ, АХДАА хүчиндүүлжээ гэх аймшигт мэдээ чих дэлсэж байгаа энэ цаг үед энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ганц биш бүр олон байх ёстой гэдгийг харуулахыг зорьлоо.

-БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ДОЛООН ОХИН УРТ ХУГАЦААНЫ СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА-

 Бидний зорин очсон газар бол Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх, "Үжин" төв юм. Тус төвийн үүдээр ороход аль нэг албан байгууллагын үүдээр орж байгаа юм шиг мэдрэмж огт төрсөнгүй. Яг л шинэхэн өрх тусгайрласан залуухан айлд орж байгаа юм шиг халуун дулаан, тав тухтай мэдрэмж төрж байв. 

Биднийг тус төвийн зохицуулагч С.Буянхишиг үүднээс угтаж, төвийнхөө үйл ажиллагааг танилцууллаа. Тэрбээр, "Манай төв бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хийж эхэлснээс хойш нийт 13 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. Зургаа нь эмчилгээ нь дуусаад гарсан. Өнөөдрийн байдлаар манайд 7-17 насны долоон хүүхэд урт хугацааны сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байна. Манай охидуудын гурав нь байхгүй хичээлдээ явчихсан. Дөрөв нь байна" гээд охидуудаа танилцуулсан юм.  Охидууд С.Буянхишигт яг л ээждээ эрхэлж байгаа юм шиг элгэмсэг дотноор эрхэлж, хацраа өгөн үнсүүлж байсан бөгөөд бүгдээрээ "ЭЭЖЭЭ" гэж дуудаж байв. Тэдний хамгийн бага нь болох 12 настай охин бидэнд ээждээ зориулж бичсэн шүлгээ уншиж өгсөн юм.

"Ээж"

Эх хүн гэдэг эгэл бус эмэгтэй

Эрж хайгаад олдошгүй энэ хорвоогийн амьд бурхан

Аз жаргалын тэнгэр, алсыг харах ухаантай

Аялгуу зөөлөн хоолтой, уран гартай, ухаан төгс

Уужуу бодолтой ургаж буй цэцэг юм

Хийж бүтээхдээ хэрсүү, миний л ээж, миний ганц нар билээ

Түүнийг шүлгээ уншиж байхад С.Буянхишиг "Энэ шүлгийг надад зориулж бичсэн юм. Үнэхээр хөөрхөн байгаа биз дээ манай охидууд" хэмээн хоолой зангируулан хэлсэн юм.

-АМИА ХОРЛОХ ТАЛААР ЯРЬЖ БАЙСАН ХҮҮХЭД 74 ХОНОГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРАА ӨӨРИЙН ГЭСЭН МӨРӨӨДӨЛ ЗОРИЛГОТОЙ БОЛЖЭЭ-

"Үжин" төв гурван ээлжийн нийгмийн ажилтан, нэг зохицуулагчтай бөгөөд СЭМҮТ-ийн эмч, сэтгэл засалч болон хоёр хуульчтай гэрээгээр хамтран ажилладаг юм байна. Тэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг гурван сараас нэг жил хүртэл хугацаагаар байрлуулан сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын эмчилгээ, боловсролын үйлчилгээг тасралтгүйгээр хангах сургууль, цэцэрлэгт хамруулж, цаашид эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй, амьдрах ухааны чадвар чадамжтай болгох талаас нь анхаарч ажилладаг аж. Үүний үр дүнд анх ирэхдээ амьдрах хүсэлгүй болоод амиа хорлох сэдэлтэй болчихсон байсан хүүхдүүд өнөөдөр өөр зорилго мөрөөдөлтэй болсон гэдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар  онцлов.

Мөн тэрбээр, "2018 оны арваннэгдүгээр сард тус төвд ирсэн нэгэн охинд дээрх мэргэжилтнүүд эхний ээлжинд 90 хоногийн эмчилгээ шаардлагатай хэмээн үзэж байсан. Гэтэл амиа хорлох талаар ярьж байсан хүүхэд 74 хоногийн эмчилгээний дараа охин өөрийнхөө ирээдүйг сайхнаар төсөөлж, том байшин зураад тэндээ асрамж, халамжийн төв ажиллуулах хүсэлтэй байгаа, өөртэйгөө адил асуудалтай тулгарсан хүүхдүүдэд туслах ажил хийхийг хүсч байгаагаа ярьсан. Энэ бол ердөө ганцхан жишээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн улмаас шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдол гэхэд л 1000 гаруй байгаа. Тэр хүүхдүүдэд бүгдэд нь ийм эмчилгээ, үйлчилгээ хүрэх ёстой. Тиймээс энэ чиглэлийн үйлчилгээг өргөжүүлэх чиглэлд зорьж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд бүрд хүрч, чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна" гэв.

-ОХИДУУД ӨӨРТ НЬ ТОХИОЛДСОН АЙМШИГТ ЯВДАЛ ӨӨР ХҮҮХДЭД БИТГИЙ ТОХИОЛДООСОЙ ГЭЖ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЧ БАЙНА ГЭВ-

Бид охидууд ярихыг хүсэхгүй байх гэж бодоод охидуудаас яриа авалгүйгээр сурвалжлагаа дуусгаад гарах гэтэл тус төвд байсан хоёр охин өөрт нь тохиолдсон аймшигт явдал дахин өөр хүүхдүүдэд битгий тохиолдоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байгаагаа илэрхийлээд, "Бид бусад хүүхдүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс бас бидэн шиг хохирсон хүүхдүүдэд ийм газар байдаг шүү гэдгийг хэлмээр байна. Бид нэрээ нууцлаад яриа өгч болох уу" гэсэн юм. 

17 настай охин: Хүүхдүүдээ аав, ээжээсээ юу ч битгий нуугаарай

-108 утасны дэргэдэх Түр хамгаалах байранд очоод, тэндхийн багшаас "Үжин" төвийн талаар мэдээлэл аваад ирсэн. Энд ирэх үедээ амьдрах хүсэлгүй, цаашдаа юу хийх талаар хүсэл тэмүүлэлгүй болсон байсан. "Үжин" төвд ирээд зургаан сар болж байна. Хамгийн түрүүнд эндхийн багш, ажилчдад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Миний эрхийн төлөө надад хэрэгтэй бүхнийг хийж өгч байгаа. Энэ төв шиг олон байгууллага ажиллаж, бидэн шиг, биднээс ч хүнд асуудалтай олон хүүхдийн замыг гэрэлтүүлэхийн төлөө ажиллаасай гэж хүсч байна.

Миний ирээдүй их гэгээлэг төсөөлөгдөж байгаа. Том болоод маш алдартай сэтгэл засалч болохыг хүсч байна. Сэтгэл засалч гэдэг бол хүний амийг гар дээрээ авч явдаг маш хүнд мэргэжил хэдий ч олон хүний амьдралыг эергээр өөрчилж чаддаг учраас энэ мэргэжлийг сонгосон.

Өсвөр насны хүүхдүүд аав, ээжээсээ маш их юм нуудаг. Тиймээс битгий аав, ээжээсээ юу ч битгий нуугаарай, зориглоод ярилцах гээд хичээвэл аав, ээж чинь ойлгоно гэж үе тэнгийнхэндээ хэлмээр байна. Бас эцэг, эхчүүд хүүхдүүдээ битгий хайраар дутаагаарай, хүүхдээ жоохон юм чинь юу ч ойлгохгүй гэж битгий бодоорой, заавал ярилцаарай. Хүүхдүүд та нарын бодож байгаагаас илүү ухаантай шүү. Тэднийг хайраар битгий дутаагаарай.

15 настай охин: Хэнд ч хэлж чадахгүй ганцаараа шаналаад байхаар үхэхээс өөр юм бодогддоггүй юм байна лээ

-Анх энэ төвд ирснийхээ дараа гэрээ санаад гэртээ харимаар санагддаг байсан бол одоо энд гэр маань байгаа юм шиг санагддаг болсон. Манай багш нар их мундаг. Яг л ээж шиг, эгч шиг санагддаг. Тиймээс би бидэнтэй адил асуудалд орсон хүүхдүүддээ хандаж "Битгий энэ тухайгаа нууж, ганцаараа дотроо шаналаад яваарай. Өөрийнхөө төлөө 108 руу хандаарай, "Үжин" төв дээр ирээрэй" гэж хэлмээр байна.

Хэнд ч хэлж чадахгүй ганцаараа шаналаад яваад байхаар үхэхээс өөр юм бодогддогүй юм байна лээ. Харин энд ирснээсээ хойш би өөрчлөгдсөн. Одоо би ирээдүйгээ илүү сайхнаар төсөөлж байгаа. Өмнө нь би зөвхөн үхэх тухай боддог байсан бол одоо би мундаг цагдаа болохыг хүсч байна. Цагдаа болоод нүднээс далдуур гардаг гэмт хэргүүдийг илрүүлж, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд тусладаг хүн болохыг хүсч байна.

Тэд эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ойр дотно байж, үргэлж ярилцаж байхыг аминчлан захилаа. Тиймээс эцэг эхчүүдээ, Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлдэг болсон энэ цөвүүн цагт бага насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүд илүү ойр дотно байж, сайн сонсож, сайн ярилцаж гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа нэгний үйлдлийг нэн даруй таслан зогсоох нь хамгийн зөв арга юм шүү гэж хэлмээр байна.

Эцэст нь хэлэхэд, Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх 2-7 насны 298 хүүхдэд бүгдэд нь энэ нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Гэтэл өнөөдрийн байдлаар 13-хан хүүхэд энэ үйлчилгээг авсан байна. Тиймээс нэг ч гэсэн хүүхдийн ирээдүйн төлөө төр татвар төлөгчдийн мөнгийг зориулж, цаашид уг үйлчилгээний цар хүрээг улам тэлэх шаардлагатай байна гэдгийг онцолмоор байна.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.180.58darvin   • 2021, 2 сарын 8. 23 цаг 33 минут

hunii erhiin horoo geech yamar muu ajellaj bn be

103.14.38.137Зочин   • 2019, 5 сарын 6. 11 цаг 28 минут

2-7 нас байхдаа яахав дээ ийм жоохон юмнуудыг эмэгтэй хүн гэж хардаг эргүү пяздакууд үхээсэй

192.82.66.22хурдлаач   • 2019, 5 сарын 6. 8 цаг 42 минут

ХҮЭК Бямбадорж пялдага одоо зайлаачээ ,Ажил хийж чадах хүмүүст зайгаа тавьж өг

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.