Нийгмийн даатгалын Ерөнхий газар өнөөдөр /2019.09.26/ шилдэг шимтгэл төлөгч болон ажил олгогч нартаа хүндэтгэл үзүүллээ. Хамгийн их шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг ажил олгогч нарын төлөөллийг хүлээн авч тэдэнд өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулсан юм.
Энэ жилийн шилдэг ажил олгогчоор зөвхөн нийслэлийн төдийгүй алс Баян-Өлгий, Өмнөговь аймгийн аж ахуйн нэгжүүд шалгарсан нь онцлогтой.
Шилдэг ажил олгогчоор Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Рэдпафмонгол ХХК, ХААН банк, ТЭСО групп, Болд төмөр ерөө гол ХХК, Саппорт сервисис, Монголиа ХХК, Дархан-Уул аймгийн Улаанбаатар төмөр замын 1-р анги, Цайрт менерал ХХК, Санхүү эдийн засгийн их сургууль, Эрдэм Транс ХХК, Эпирок монголиа ХХК, Алтай трест ХХК, Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар, Хужирт рашаан сувилал зэрэг аж ахуйн нэгжүүд шалгарч, хүндэт өргөмжлөлөө гардан авсан юм.
НДЕГ-ын дэд дарга Г.Саран Шилдэгүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлж өргөмжлөл гардуулах үеэрээ эдгээр аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 10 хувийг дангаараа бүрдүүлж байгааг онцолсон юм.
2018 оны санхүүгийн жилд Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж нийгмийн даатгалд бүрэн хамруулсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд нь илгээж, өр үүсгэлгүй, хамгийн их шимтгэл төлөн нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 15 ажил олгогч ийнхүү өргөмжлөлөө гардан авлаа.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 45,6 мянган ажил олгогчоос шилдгээр нэрлэгдсэн эдгээр байгууллагуудын тугийг жилийн турш нийгмийн даатгалын ерөнхий газрын өмнө мандуулан алдаршуулахаас гадна цаашид тухайн байгууллагаас томилогдсон бие төлөөлөгчөөр дамжуулан нийгмийн даатгалын байгууллага хүлээгдэлгүй шуурхай үйлчилж, хамтран ажиллах юм.
Эдүгээ улсын хэмжээгээр 45,6 мянган ажил олгогч байгаа бөгөөд тэд Нийгмийн даатгалын сангийн орлогын 60 хувийг бүрдүүлж байна.
Энэ үеэр НДЕГ-ын дэд дарга Г.Саран тус байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Хөгжлийн шаардлагйн дагуу Нийгмийн даатгалын багц хуулиудыг шинэчлэх гэж байгааг тэрбээр дуулгаад өндөр настны тэтгэврийн зээлийн хүү ирэх 2020 онд 24 сарын хугацаатай, 13 хувийн хүүтэй болно гэдгийг онцлов.
Эдүгээ ахмад настны тэтгэврийн дундаж хэмжээ 372,5 мянган төгрөг байгаа юм. Засгийн газрын тэргүүн саяхан ирэх онд тэтгэврийг нэмнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Г.Хан
Сэтгэгдэл бичих