Өнөөдөр Үндэсний түүхийн музейд Сарьдагийн хийдийн олдворын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ дахь МАН бүлгийн даргын дарга Д.Тогтохсүрэн нарын албаны хүмүүс оролцсон.
Сарьдагийн хийд Халхын Түшээтхан аймгийн Дархан Чин вангийн хошуу буюу Одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутаг Сарьдаг хайрхан уулнаа оршдог. Энэ хийд тухайн цагтаа Халхын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байжээ.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 оны хооронд зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийсэн. Энэхүү судалгааныхаа үр дүнг өнөөдөр олон нийтэд таницуулж буй нь энэ. Үзэсгэлэн энэ оны 12 дугаар сарын 20 хүртэл олон нийтэд нээлттэй байх бөгөөд Сарьдагийн хийдээс олдсон түүхэн олдворуудыг дэлгэн үзүүлжээ.
Сарьдагийн хийдийг анх 1654 оны гал барс жил эхэлж 1686 он буюу 32 жилийн турш байрьж байгуулжээ. Харамсалтай энэ хийд 1688 онд эхэлсэн Халх-Ойрадын самууны үеэр шатаж нуржээ. Өөрөөр хэлбэл бүрэн баригдаж дууссанаасаа хойш ердөө хоёр жилийн нүүр үзсэн байна.
Судалгаа малтлагын үеэр Цагийн гурван бурхан буюу Гэрэл сахигч/Одсүрэн/, Бурхан багш /Шагжамуни/, Асралт /Майдар/ бурхан болон Язгуурын таван бурхны маш олон шавар баримал олджээ. Язгуурын таван бурхан гэдэг нь Цаглашгүй гэрэлт /Амитба/, Тус бүтээгч /Амогадди/, Машид гийгүүлэгч, Эрдэнэ үүсгэгч бурхны 1000 гаруй шавар баримал олджээ.
Эдгээр олдворыг ШУА-ийн түүх, угсаатны хүрээлэнгийнхэн засч, сэргээж уг үзэсгэлэнд залсан байна билээ.
Түүнчлэн малтлагын үеэр нарны цаг, буу зэрэг Европт үйлдвэрлэсэн эд өдгийн зүйл олдсон нь Монголын анхдугаар Богд гэгээн гадаад харилцаанд онцгой анхаарч байсныг илэрхийлнэ. Тухайлбал тэрхүү нарны цагийг гэхэд 1650-иад оны үед Германы Нюрнбург хотод үйлдвэрлэсэн байх магадлалтай гэжээ.
Сарьдагийн хийд нь Хэнтий нурууны Сарьдаг хайрханы өвөрт битүү модон дунд уул өөд өгсүүлэн барьсан бөгөөд нийтдээ 12 барилга, 3 суварга болон чулуу, шороон хэрэмний туурь байгаа аж. Хийдийг Түвэдийн уран барилгыг үндэслэн барихдаа монгол хийц сэтгэлгээ, шийдлйг оруулж урлажээ.
Түүхэн эх сурвалжид Өндөр гэгээн Занабазар Түвэдээс эргэж ирээд гал барс жил Хэнтий ханы өвөрт шажинг бадраагч Рибогэжайганданшоддублин хийдийг байгуулсан тухай өгүүлсэн байдаг бөгөөд тэр нь энэхүү Сарьдагийн хийд ажгуу.
Г.Тулга
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Халх түмний минь заяа буянгаар тодорсон Халхын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар