2019 оны 10-р сарын 8
14 цаг 30 минут

Е.Даваасүрэн: Түгшүүрт, аймшгийн төрлийн “МАМ”кино үйлийн үрээс зугтах аргагүйг харуулна

“Событ” продакшн, “Рояль мюзик”, “Хамба” фильм, “Номадиа” пикчерсийн уран бүтээл “МАМ” кино аравдугаар сарын 11-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Түгшүүрт аймшгийн төрөл жанрын энэхүү киноны гол дүр дээр  ажилласан  Е.Даваасүрэнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Монголын кино урлагт шинэ залуу гарч ирж байгаа жүжигчдийн нэг нь Та. Энэ дүр таны анхны дүр үү?
-“МАМ” кино миний тав дахь уран бүтээлийн дүр. “Анги” телевизийн олон ангит кинонд анхны дүр дээрээ ажиллаж байсан. Дараа нь “Ноход”, “Хүний цаана” зэрэг уран бүтээлд тоглосон.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон бэ?
-Би Эрдэнэт хотод төрж өссөн. Сурагч байхаасаа л урлагийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог байлаа. Манай үеийнхэн сайн мэднэ. Найзуудаараа хамтлаг хүртэл байгуулж байлаа. Ер нь урлагт дуртай хүүхэд байсан. Жүжигчин болох нь миний багын мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж явна. КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд одоо найзуудтай хамтран “Событ фильм” студийг байгуулаад кино урлагийн салбарт ажиллаж байна.

-Яг тэр жүжигчин шиг болно гэж бодож байв уу?
-Анх жүжигчин л болно гэсэн гэнэн дэврүүн мөрөөдөл л байсан. Харин сургуулиа төгсөөд жүжигчин болсноос хойш тийм бодол төрж эхэлсэн. УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ахыг олон сайхан дүр бүтээсэн гайхалтай уран бүтээлч гэж боддог.

-Яагаад “МАМ” гэж нэрлэх болсон юм бол?
-Киноны нэрийг ерөнхий найруулагч Б.Ганболд өгсөн. “МАМ” гэдэг нь үлгэр домгийн шуламс гэсэн утгатай. Энд нэг хөгжилтэй зүйл хэлэхэд нэг үзэгч маань “Ээж минь намайг загнахаараа яадаг мам бэ гэдэг байсан, одоо мам гэж юу байдгийг энэ киноноос л харъя даа” гэсэн байсан. Энэ бол монгол үг. Маам, мама гэх мэтээр уншиж ойлгоод байгаа хүмүүс “Монгол хэлний хуучин үгийн толь” номоос харах боломжтой.

-Киноныхоо талаар товчхон ярьж болох уу?
-“Номадиа” пикчерс, “Хамба” фильмстуди, “Событ” фильм, “Рояаль” мюзик хамтын уран бүтээл “МАМ” УСК долоодугаар сараас эхлэн зураг авалт хийгээд одоо эвлүүлэг дуусч, 10-р сарын 11-нд нээлтээ хийх гэж байна.

Кино үйлийн үрийн тухай. “Чи энэ насандаа хэрхэн яаж амьдарна, тэр үйлийн үр чинь хэзээ нэгэн цагт өөрт юм биш гэхэд үр удамд чинь ирнэ. Сайн ч бай, муу ч бай үйлийн үрээс зугтаах аргагүй” гэсэн агуулгыг харуулсан.

-Киноны дууг реппер Гинжин дуулсан нь анхаарал татсан?
-Гинжин бол энэ цаг үеийн сайн уран бүтээлчдийн нэг. Дуу уран бүтээлийг нь сонсдог бүхэл бүтэн үе байна. Киноны дуун дээр хамтран ажиллах болсон шалтгаан нь Гинжингийн уран бүтээлчийн характер, онцлог нь манай кинотой тохирохоор санагдсан тул хамтран ажиллах санал тависан. Манай саналыг сайхан хүлээн авч “Үхэл төгсгөл үү?” нэртэй дуугаа хийсэн. Дууны нэр, үг агуулга нь яг л “МАМ” киноны гол санаа болох үйлийн үрийн тухай юм. Хэн нэгэн үхлээ гээд бүх юм дуусчихгүй, хийсэн үйлийн үрээ өөрөө эдлээд зогсохгүй үе удамд нь хүртэл дамждаг гэсэн санаатай. Үг нь энгийн, хийц хэлбэр нь орчин үеийн сонсогчдын сонирхдог хэв маягтай дуу болсон. Клипний зураг авалтыг киноныхоо уур амьсгалтай ойртуулж хийсэн.

-Таны ажилласан дүрийн онцлог юу байв, Өөр ямар жүжигчид кинонд оролцсон бэ. Дүр сонголтын тухайд?
-Дүр сонголт дээр “Хамба фильм” студийн продюсер Д.Золзаяа ажилласан. Би “Событ фильм” студид харьяалагддаг. Дүрийн хувьд гэвэл өмнөх ажиллаж байсан дүрүүдээс ялгаатай. Түгшүүрт, аймшгийн төрлийн хувьд ч гэсэн анх удаа ажиллаж байна. Миний дүр сэтгэлзүйн дарамттай, түгшүүрт далдын айдастай, түүнийгээ бусдад илэрхийлэхэд зөрчилтэй учраас олон зүйлийг дотроо бодож тоглох хэрэгтэй байсан. Энэ дүр надаас жүжигчний хувьд сэтгэлзүй, бие махбодын аль аль талаасаа өндөр шалгууртай, ур чадвар шаардсан сорилт болсон. Найруулагч Тука ах надад маш их зүйлийг зааж зөвлөж, сургуулилт хийж, шаардлагаа ч өндөр тавьж хамтран ажилласан.
Төрийн соёрхолт МУ-ын Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар,СТА Л.Эрдэнэ-Очир, УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж, мөн манай “Событ фильм” студийн жүжигчин Б.Пүрэвдорж, залуу жүжигчин О.Золжаргал, ВГИК-ийн жүжигчний ангийн оюутан Т.Дашсурмаа гээд ахмад дунд шинэ залуу үе үеийн уран бүтээлчидтэй хамтдаа ажиллалаа.

-Найруулагчийн тухайд юу хэлэх вэ?
-Найруулагч Тука ахын уран бүтээл кинонуудыг өмнө нь мэддэг, өөрийн гэсэн өнгө төрхтэй, драм киног сайн хийдэг найруулагч гэж бодож явдаг. “Улаан дөрвөлжин”, “Орхидос”, “Хоёр амь” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн киног найруулсан. Тэр мундаг найруулагчийн уран бүтээлд тоглоно гэдэг нэг талаасаа асар их үүрэг хариуцлага тул сандарч байсан. Нөгөө талаасаа их урам авсан. Тука ахыг асар туршлагатай уран бүтээлч юмаа гэдгийг нь өдөр бүр зургийн талбайд мэдэрдэг байсан. Жүжигчидтэйгээ маш их тулж ажилладаг. Зохиол задлахаас эхлээд ширээний уншлага, зааварчилгаа өгөх, зарим тохиолдолд өөрөө тоглож үзүүлэх гээд ур чадвар, туршлагаар нь үнэхээр бахархсан.

-Киног багийн ажиллагаа гэж хардаг. Та бүхний хамтарсан баг хэр гар нийлж ажилласан бол. Энэ бүхэн нь мэдээж уран бүтээлийн чанарт нөлөөлдөг байж таарна?
-Тэр мэдээж хэрэг. Манай хамтрагчид болох “Номадиа пикчерс”, “Хамба фильм” студи, “Событ фильм” студи, “Роял мюзик” продакшн бүгд бүх уран бүтээлчид, арын албаныхан сэтгэл зүрхээ нэгтгэн ажиллаж чадсан. Одоо ч ажиллаж л байна. Кино бэлэн болмогц дуусчихдаг ажил биш.

Бид газар нутгийн онцлог, зураг авалтын талбайн хувьд тохирч байсан учраас Булган аймгийн Хялгант тосгонд очиж зураг авалтаа хийсэн. Киноны нэг л хэсгийг авахад кино багийнхнаас гадна мэргэжлийн байгууллагууд, жирийн ард иргэдийн туслалцаа хөдөлмөр ч бас шингэдэг. Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн засаг дарга Б.Ууганбаяр, Гал түймэр унтраах 50-р анги, Цагдаагийн хэлтэс, дунд сургуулийн захиргаа, багш, ажилчид гээд олон хүн өөрсдийн нөөц боломжоороо тусалж оролцсон. Тэр бүгдэд маш их баярлалаа гэдгийг одоо ч бас хэлье.
Хэдийгээр хамтын хөдөлмөр ч гэсэн ял гавьяаны аль аль нь найруулагч үүрч явдаг, бүтэн багийг удирдан толгойлж явна гэдэг маш том хариуцлага байдаг. Найруулагч Тука ах энэ үүргээ үнэхээр сайн мэддэг бас сайн гүйцэтгэж чаддаг юм билээ.

-Түгшүүрт аймшгийн киноны төрлөөр Монголд гарсан уран бүтээл цөөн байх?
-Миний мэдэхийн цөөхөн. Бид уран бүтээлчдийнхээ хувьд кино урлагийн бүхий л төрөл жанараар уран бүтээл хийж өөрсдийгөө сорьж, нөгөө талаас үзэгчдэд сайн бүтээл үзүүлэхийг хичээж явах учиртай. Тиймээс бид “МАМ” гэдэг киног түгшүүрт аймшгийн төрлийг сонгож хийсэн нь бас нэгэн алхам урагшилж, алдаж онож, суралцаж яваагийн илэрхийлэл боллоо гэж бодож байна.

-Уран бүтээлчдийн хувьд нэг бүтээлээр хязгаарлагддаггүй. Дараагийн уран бүтээл мэдээж бий байх?
-Тийм ээ. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гаргаад явж байгаа. Зохиол нь гараад дууссан. “МАМ” киноны дараа ирэх хавраас зураг авалт нь эхлэх болов уу.

-Монголын кино урлагийн салбар олон бүтээл нээлтээ хийж байна. Үүнийгээ дагаад өрсөлдөөн бий болох байх. Жүжигчин, хувь хүний хувьд кино урлаг манайд хэр хөгжиж байна вэ?
-Энэ бол кино урлагийн салбарын өөрийнх нь хөгжил явж л байгаа асуудал. Олон кино гарч байна. Зарим нь үүнийг зөв гэдэг. Өөр нэг хэсэг нь буруу гэдэг. Миний хувьд зөв. Олон киноны өрсөлдөөн дундаас чанаржина. Үзэгчид шилж үздэг болж байна. Алдсан нь алдаан дээрээ суралцаад явах байх. Тэгэхээр хувь хүнийхээ хувьд хэлэхэд олон уран бүтээл гарч байгаа нь сайн хэрэг. Зарим хүнд энэ нь таалагдахгүй байж магадгүй.
-Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
-Танд бас баярлалаа. Үзэгчдэдээ хандан хэлэхэд үндэсний контент, монгол уран бүтээлээ дэмжиж байдагт чинь талархаж явдаг. Та бүгд бидэнд урам өгдөг, дүн тавьдаг хамгийн том хүч шүү. Баярлалаа.

Эх сурвалж: УДЭТ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.