2019 оны 11-р сарын 8
8 цаг 00 минут

С.Соронзонболд: Филармони, дуурийн театр чинь монгол уран бүтээлчид мөнгө хаяхаа больчихсон

 

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзолдыг “VIP Ярилцлага” буландаа урьж, ярилцлаа. “Харанга” хамтлагийнхан бүгд Гавьяат болдог өдөр түүнтэй холбогдсон юм. Тэр үеэр С.Соронзонболд хөгжмийн зохиолч “Харанга”-ын найзуудтайгаа баяр тэмдэглэж байгаа нь утасны цаанаас сонсогдож байлаа. Тэрбээр “Ах нь баярлаад байж байна, орой эргээд залгая” гэсэн ч залгасангүй. Харин маргааш нь өөрөө залгаад, СУИС-д хүрээд ир гэж дуудав. Бидний яриа найзуудтай нь холбоотой дурсамжаар эхэлж....

Цааш үргэлжлэхдээ Монголын хөгжмийн урлаг хаана яваа, хэрхэн дэмжиж байгаа, хөгжмийн зохиолчдын үнэлгээ ямар болсныг онцолж ярьсан юм.  Яг энэ чиглэлээр манай сайт хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Б.Пүрэвсүрэн нартай ярилцлага хийсэн. Ирэх долоо хоногт уншигчиддаа хүргэхээр бэлтгэж бйна. 

Я.Одсүрэн бид хоёр Төмөр замд вагон пүүлэгчээр ажиллаж байлаа 

-“Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар гавьяат боллоо. Ингээд хамтлагаараа гавьяат болж байна. Та энэ хамтлагийнхантай ойр дотно, найзууд явсан. Сэтгэл их хөдөлж байгаа байх?

-Шагнал авахынх нь урд орой найзууд Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш хоёрыг гавьяат болох гэж байгаа талаар хэлсэн. Тэгээд гавьяа шагналаа авахад нь цугларч, баярлалаа. Бид хүүхэд байхаасаа урлагт сонирхолтой болсон. “Улаан бүч” гэдэг пионерийн ордны чуулга байлаа.  Тэр үеэс л “Сэлбэ” пионерын зусланд бид нийлж, хөгжим тоглодог байсан. Тэр үед хөгжим сонирхож, нөхөрлөж байсан нөхдөөс минь маш олон хүн гавьяат авлаа даа. Мэргэжлийн сургуульд сураагүй, өөрийнхөө дуртай ажлыг хийж, авьяасаа өнгөлж явсаар ийм амжилтад хүрч байна. Хамтлаг гэдэг нэг цул. Я.Одсүрэн хамтлагийн цохирлыг нь авч явдаг. Н.Пүрэвдаш хэмнэлийг нь авч явах жишээтэй. Гэхдээ рок хамтлагийн бөмбөрчин гэдэг  их өвөрмөц. Тухайлбал, симфони оркестерийн бөмбөрчин хаа нэг л бөмбөрөө цохино. Социализмын үед нэг матаач хүн "Танай энэ цан цохидог хүн чинь ерөөсөө ажил хийдэггүй юм байна. Энэ хүнээ ажлаас халаач” гэж. Яасан гэж тэр билээ  гэтэл “Удирдаачаа харахаар л цан цохьчихоод байх юм” гэж байсан гэдэг. Гэтэл рок хамтлагийн бөмбөрчин эхнээсээ дуустал тоглоно. Маш их ачаалал өөртөө үүрч байдаг.  Энэ их хөдөлмөрийг нь, нэг хамтлагийн хэсэг гэдэг утгаар нь зөвөөр ойлгож, түүний гавьяаг үнэллээ. Их сайхан байна.

-Таныг Архангайд байхад “Харанга” хамтлагийн Ц.Энхманлай, Я.Одсүрэн хоёр дуудсан юм билээ. “Ногоон гэрэл” гэдэг хамтлаг байгуулаад, хөгжимчнөөр дуудсан. Тэр хамтлагт хөгжим тоглохын тулд та Төмөр замд слесарь хийж байсан гэж уншсан юм байна. “Харанга” хамтлагийн найзуудтайгаа холбоотой тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Оогий бид хоёр хүүхэд ахуйдаа цуг хөгжим тоглодог байлаа. Я.Одсүрэн басс гитарчин, би бөмбөр тоглодог. Хоовон Г.Энхбаяр, Л.Балхжав, Малыш Б.Энхтүвшин, гитарчин н.Батбаяр гээд олон урлагийн томчуудтай хамт уран бүтээл хийж явлаа.  Тэндээс Я.Одсүрэн төмөр замд орчихгүй юу. Тэнд хамтлаг байгуулж байгаа, Манлай байна гэж дуудсан. Тэр хоёрыг дуудахаар нь би очсон юм. Төмөр замд хөгжимчний орон тоо гэж байхгүй.  Тэгэхээр нь пүүний слесариар ажилд орж байгаа юм. Я.Одсүрэн бид хоёр вагон пүүлнэ. Хоёулаа нэг Оросын шавь. Ц.Энхманлай холбогч. н.Эрдэнэ-Очир ивүүрчин. Тус бүрийнхээ ажлыг хийнэ. Хажуугаар нь хөгжмөө тоглоно.  “Улаанбаатар өртөө”-ний дарга Баярмагнай ямар хөгжим, хаана байна хэлээдэх гээд очоод авчихна. Бараг л албан тушаалаа ашиглаад авч байсан байх. Улсын данстай байгууллагуудад олдохгүй байгаа хөгжмийг л бидэнд олж өгнө. Ингэж л бид хүүхэд, залуу үеэсээ  хамт хөгжмөөр холбогдон нөхөрлөж явлаа. Тухайн үед “Ногоон гэрэл” хамтлагт байхад Я.Одсүрэн, Ц.Энхманлай, н.Эрдэнэ-Очир гурав цэрэгт явчихсан. Хамтлагаас гурван гол хүнийг нь цэрэгт татаад аваад явчихаар “Ногоон гэрэл” тарж таарсан даа.

-Дуу, хөгжимд үнэхээр сонирхолтой, дуртай хүн л төмөр замд ажилд ороод, түүнийхээ хажуугаар хамтлагт тоглож таараа. Яаж ч бодсон?

-Улаанбаатар өртөөний тухайн үеийн дарга н.Баярмагнай гэдэг хүн залуучуудыг, хамт олныг нэг чигт харуулж, нягтаршуулж ажиллуулахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг байж. Түүний нэг нь дуу, хөгжим. Бас овсгоотой, сэргэлэн ч хүн байсан. Би нэг түүх ярья. Улаанбаатар өртөөний ажлыг шалгах гээд Оросоос дарга ирж байгаа юм. Орос даргыг орж ирэхэд л бид хөгжим тоглодог. Өнөөх дарга нь “Юу вэ, хөгжим дуугараад байна уу даа” гэхээр нь “Манайх ийм хамтлаг байгуулсан” гэхээр л биднийг үзэхээр ороод ирсэн. Ороод ирэхээр нь бид 2, 3 орос дуу тоглоно. Өөр дуу байна уу гээд биднийг тоглолтыг үзсээр байгаа нөгөө даргын үзлэг хийх ёстой цаг дуусчихна. Уг нь бүхий л үйл ажиллагааг нь шалгах ёстой байхгүй юу. Гэтэл зөвхөн “Ногоон гэрэл”-ийн тоглолтыг үзэж, дуу сонсч сууж, бидэнтэй ярьсаар байгаад цаг нь дуусчихна. Улаанбаатар өртөөний ажил онц дүн авна. Тийм л овсгоотой хүн байлаа. Тиймдээ ч биднийг өөр орон тоонд ажилтнаар авчихаад, хөгжим тоглуулдаг байсан хэрэг. Бид ч дуртай ажлаа хийж байгаа хойно хажуугаар жаахан вагон пүүлэх асуудал биш.

-Та гагнуурчин, кранчин, слесарь хийхээс гадна циркт хөгжимчин байсан юм билээ.  Бас л сонирхолтой түүхтэй юм, та?

-Анх кранистын үнэмлэх авч байлаа. Нэгдүгээр цахилгаан станц гэж байхад. Түүнийхээ дараа гагнуур хийж сурсан. Цахилгаан станцид гагнуур сайн хийдэг хүн чухалд тооцогдоно. Гагнуур сайн хийгээд сурчихвал өндөр зэрэглэлтэй. Станцын гагнуурчин гэхээр бүр ч зэрэглэл өндөр. Чи түрүүнд Архангайгаас таныг дуудаж, “Ногоон гэрэл”-д оруулсан гэж уншсан гэсэн.  Станцид  ажиллаж байхад л Оогий дуудаж, “Ногоон гэрэл”-д оруулсан юм.  Мөнгө  гайгүй олдог байлаа. Циркт хөгжимчин байсан гэдэг чинь бүр дунд сургуулийн сурагч байх үеийн юм. Цалинтай байлаа шүү дээ. Өвлийн амралтаар хүүхдүүд цирк үзэх гээд очиж байхад би тэнд хөгжимчин болчихсон ажиллаж байлаа. Цирк өөрөө хөгжимчинтэй байсан. Хааяа эзгүй үед нь би очиж бөмбөр тоглодог байсан хэрэг. Сүүлд Улаанбаатар өртөөнөөс гараад Төмөр замын соёлын ордонд ажилд орсон. Дараа нь циркт жинхэнэ ажилтнаар орсон. Тэр үедээ Я.Одсүрэн, Ц.Энхманлай, Н.Пүрэвдаш гурвыг уруу татаад.

-Яаж уруу татсан байх нь уу?

-Цирк рүү  оруулахгүй юу. Тэнд бүгдээрээ цуглараад, уран бүтээл хийнэ. Тухайн үед рок дууг хамаагүй тоглуулахгүй.  Уралдаанд оролцохоор гоё байна гэдэг мөртлөө барууны үзэл бодол нь давамгайлж гэж үздэг. Улс төрийн хандлагуудыг нь дэмждэг. Тийм л хандлагатай үе.

Төр хутгалдаж эхэлснээс хойш манай наадам нэг л биш болсон 

 -Станцид ажиллаж, “Ногоон гэрэл”-д хөгжим тоглож байсан хүн хэзээнээс эхэлж том хэлбэрийн хөгжмийн бүтээл туурвиж эхэлсэн юм бэ?

-Манлай нэг өдөр намайг хамтдаа дуурь оръё гээд дагуулаад явсан юм. Өөрөө ороод, алга болчихлоо. Би дор хүлээгээд байж байтал хэсэг хугацааны дараа нэг хүн дагуулаад гараад ирлээ. Тэр нь хөгжмийн зохиолч Б.Шарав агсан. 1984 он байсан юм. Б.Шарав багш намайг таньдаг, би анхнаа дуугаа бичүүлэхэд нь хөгжмийг нь тоглож өгч байлаа. Намайг хараад мэнд мэдээд, хаана ажиллаж байна гээд асууж байна. Би ч циркт ажиллаж байгаагаа хэллээ. Гэтэл Б.Шарав багш “Чи зохиол оролдож байна уу” гэж асуулаа. Би ч “Оролдож байгаа багш аа. Хүнд үзүүлэхээс ичээд байгаа” гэтэл аваад ир гэж байна. Тэгээд л Б.Шарав багш өөрийнхөө хажууд авч, намайг бэлтгэсээр байгаад хойшоо сургуульд явуулж өгсөн. Тэгэхээр хойшоо сургуульд явахад анх хөл залгуулсан хүн нь Ц.Энхманлай байсан юм.

-Рок хамтлагт хөгжим тоглож, циркт бөмбөр цохиж явахдаа л та дан хөгжмийн бүтээлүүдээ хийгээд эхэлчихсэн байж. Б.Шарав гуайд анх үзүүлэхэд ямар үнэлгээ өгч байв?

-Б.Шарав багш надад чиг өгсөн юм. “Шинэ хөгжмийн чиглэлээр яваарай” гэж. Сүүлд нь болохоор “Шавиа зөв юмаар явуулчихав уу, буруу зүйл хэлчихэв үү. Чи багшийнхаа хэлснээр л явчихлаа. Би буруу тийш нь явуулчихаагүй байгаа гэж заримдаа бодох юм” гэж хэлж байсан. Би ч багшийн хэлснээр л явчихсан даа.

-Нэг үеэ бодвол төр засгаас хөгжмийн зохиолчдоо бага ч болов дэмждэг болж. “Алтан намар” наадам зохион байгуулаад, хөгжмийн бүтээлийг шалгаруулж, төр худалдаж авдаг болсон. 2017 онд таны бүтээлийг шалгаруулаад, төр авч байсан санагдах юм. Таны хэдэн бүтээлийг авсан бэ?

-Овоо хэдэн юм байгаа. Гэхдээ төр хутгалдсанаас хойш манай энэ наадам тийм сайхангүй болчихсон. 1993 оноос хойш төр хөгжмийн бүтээлийг худалдаж авч эхэлсэн. Тэр үед хөгжмийн зохиолчид, ахмадууд бөөнөөрөө цуглаад, “Тэр их аятайхан авьяастай хүүхэд гараад ирж. Тийм бүтээл нь тун сайн болж. Үүнийг нь дэмжээд, төрд худалдаж авъя” гэдэг байлаа. Үндсэндээ ахмад хөгжмийн зохиолчид өөрсдөө шалгаруулдаг байсан. Төрөөс мөнгө нь гарч байгаа гэдэг утгаараа бага зэрэг оролцоотой байсан байх. Гэтэл сүүлийн 8, 9 жил төрийн оролцоо хэтэрхий ихсээд, бодлогоор будилуулж, төөрүүлдэг болгочихлоо. Нэг л биш ээ. Энэ жилээс арай дээр болж байна уу даа гэж харж байна. Юу болох нь уу. Гэхдээ манай төр болохгүй байгаа. Хөгжмийн зохиолчид өөрсдөө л шийддэг байвал уг нь зүгээр. Тэд чинь өөрсдөө юмаа мэднэ. Хоорондоо ярилцаад, тэрний бүтээл илүү байна гээд л шийдчихнэ. Гэтэл төр хэтэрхий оролцохоор нэг л биш.

Наадам болохоосоо өмнө хэний бүтээлийг төрд авах нь тодорчихсон. Ийм л байдалтай яваад байна. Бүтээл нь шалгарах хүний нэр тодорчихоор түүний хөгжмийг л сургуулилна. Угаасаа бүх зүйл тодорхой юм чинь. Төр шалгаруулж авахгүй гэсэн хөгжмийн зохиолчдын бүтээлийг бараг л тоохгүй шахуу байна. Ганц хоёрхон уншаад  орхичихно. Нэг, хоёр хүний бүтээлд анхаарал тавьдаг. Дээрээс үүрэг өгдөг юм уу, яадаг юм, бүү мэд. Тэр хүнийхээ юмыг хийсээр байгаад л хамаг цагаа дуусгадаг. “Тэнгэрийн хишиг”-ийг үмхэж чадахгүй хэд нь тэгээд орхигдоно. Сүүлийн 8, 9 жил ийм маягтай болчихлоо. Гэхдээ дахиад хэлэхэд, энэ жилээс зохион байгуулалт арай өөрчлөгдөж байгаа шүү.

Мэргэжлийн урлагт нийтийн дуунд хандаж байгаа юм шиг хандаад байна 

 -Сүүлийн 8, 9 жилийн хугацаанд тэр хөгжмийн зохиолчийн ийм л бүтээлийг төр худалдаж авах байсан юм даа гэж бодож явдаг зүйл бий юу?

-Мэргэжлийн хөгжмийн бүтээлийг шууд хараад л үнэлчихдэг юм гэж энэ дэлхийд байхгүй. Жишээлбэл, Иоханн Себастиан Бахын бүтээлийг 200 жилийн дараа дэлхий хүлээж зөвшөөрсөн биз дээ. Энэ чинь агуу бүтээлийг шууд ойлгоод, үнэлэх боломж байхгүйг илэрхийлж байгаа юм. Дэлхий нийтийн ийм жишээ байхад манайхан том бүтээлийг шууд л үнэлчихдэг, хаашаа ч юм бэ дээ. Дэлхийн практикт байхгүй зүйл. Тийм болохоор би тэрний бүтээл сайн байсан гэж шууд хэлж чадахгүй нь.

-Манай хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлийг тоглож, сонсогчдод хүргэх урлагийн байгууллага маш цөөхөн. Ганц, хоёроос хэтэрдэггүй. Тийм учраас үзэгч, сонсогчдол дан хөгжмийн бүтээлийг хүргэх “гүүр”-ийг нэмэх хэрэгтэй юм биш үү. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-“Алтан намар”-ын зохион байгуулалтыг арай өөрчилмөөр санагддаг. 8, 9 бүтээлийг аваад, нэг дор тоглуулах гээд байдаг. Гэтэл нэг томоохон бүтээлийг сайн тоглоё гэвэл симфони оркестр сар сургуулилт хийж, ажиллах ёстой. Хөгжимчид хүртэл тэр бүтээлийн утга санааг нь ойлгож аваад, тоглох хэрэгтэй. Гэвч тэгдэггүй, нэг дор бөөндчихдөг. 9 сар сургуулилалт хийх ёстой юмыг шууд өгчихдөг. Ингэхээр хөгжимчид, удирдаачдад ч хэцүү.  Мэргэжлийн урлагт хандах хандлага нь яг л нийтийн дуунд хандаж байгаа юм шиг болчихсон. Ингэж болохгүй. Нэгдүгээр сард нэгийг нь бэлтгээд, тоглуулаад, бичүүлчих хэрэгтэй. Хоёрдугаар сард дахиад нэгийг нь. Гэх мэтээр хариуцлагатай хандах ёстой юм. Дээрээс нь, судлаач хүн тухайн бүтээлийг хамгийн багадаа 10-20 удаа сонсох хэрэгтэй. Киног нэг удаа үзээд, бүх утга санааг нь ойлгочихдог хүн одоохондоо төрөөгүй л байна. Судлаачид хүртэл дахин дахин үзэж, утга санааг нь ойлгодог. Үүнтэй л адил. Харин манайхан бүгдийг нь нэг дор шавуулж хаяад байгаа нь зохимжгүй.

-Үзэгчдийн хөгжмийн бүтээлийг ойлгох боловсрол бага байна гэдэг шүүмжлэл ч бас байдаг?

-Тэр буруу биш ээ. Би түрүүнд хэлсэн, Бахыг ерөөсөө ойлгохгүй байсан, эхэндээ. Нас бараад 200 жил болсных нь дараа л бүтээлийг нь ойлгож байна шүү дээ. Хөгжмийн бүтээлийг ойлгоно гэдэг маш хэцүү. Тиймээс үзэгч, сонсогчдод ямар ч буруу байхгүй. Хөгжмийн бүтээл шууд ойлгогдохгүй. Тухайлбал, Б.Шарав багшийн нэгдүгээр симфони нь морин хуур, уртын дуутай. Тухайн үеийн үзэгчид хүлээж авахгүй байсан. З.Хангал багшийн бүтээлийг ч тухайн үеийн үзэгчид ерөөсөө хүлээж авдаггүй байлаа. Одоо хачин сайхан хүлээж аваад байгаа биз дээ. Цаг үе өөрчлөгддөг. Өнөөдөр их сайхан гэж байгаа юм хэдэн жилийн муудчихдаг. Өнөөдөр муу байсан юм хэдэн жилийн дараа сайн болдог. Үзэгчид байнга хөгжиж явдаг. Цаг хугацаа л хэрэгтэй дээ.

Хаа байсан Орос, Италийн хүний бүтээлд мөнгө өгч байхаар Монголынхоо уран бүтээлчдийг дэмжээч ээ 

 -Таны зохисон хөгжмийн бүтээлийг олж сонсох гээд хайгаад олсонгүй. Бид тэр болгон театр, чуулга ороод, үзээд байж чадахгүй юм. Томоохон хэмжээний хөгжмийн бүтээлийн хүртээмж их бага байна уу даа?

-Филармони, дуурийн театр чинь монгол хүн, уран бүтээлчид мөнгө хаяхаа больчихсон.  Сүүлийн үед дуурь, симфони ч бичиж байгаа  хүн алга.  Тэд гадаадын хүний бүтээлийг л Монголд тоглодог. Тэгвэл улс мөнгө гаргаад өгчихдөг. Монгол хүнд гэхээр бүгдээрээ хавчийгаад суучихдаг. Эхлээд Монгол хүнийхээ хийсэн бүтээлд төр засаг нь мөнгө өгч сурах хэрэгтэй. Хаа байсан Оросын, Италийн хүнд мөнгө өгч, бүтээлийг тоглуулах гэж байхаар Монголынхоо уран бүтээлчдийг дэмжээч ээ. Хамгийн сүүлд хэн дуурь бичив. Байхгүй. “Алтан намар” наадмынхаа үеэр хэдэн ядарсан  хөгжмийн зохиолчид нь шавалдаад л өнгөрдөг.

Дээрээс нь Монголын хөгжмийн бүтээлийг байнга тоглож байх хэрэгтэй. Сардаа хэдэн удаа ч юм уу. Ядаж урын сангийн 50 хувь нь Монголын уран бүтээлчдийн бүтээл байх ёстой юм. Гэтэл 90 хувь нь гадаад. 10 хувьд нь л, насны ойгоор ч юм уу Монголын уран бүтээлчдийн бүтээлийг тоглоод байна. Энэ чинь уг нь Монгол Улс биз дээ. Гадаадын хүний бүтээлийг үргэлж тоглож, орчуулаад дуулж байгаа нь сайн биш. Уртын дууг Германаар дуулах гэж байгаатай үл адилхан. Тиймээс монгол бүтээлээ л дэмжмээр байна. Төр үндэсний уран бүтээлчид, уран бүтээлд анхаарал тавих цаг болсон. Социализмын үеийнх шиг олон уран бүтээл төлөвлөдөг байх ёстой. Гэвч Монголынхоо уран бүтээлчдэд л юу ч өгөхөө байчихсан. Гялтайх ч юм алга. 

-Монголынхоо уран бүтээлчдийг дэмжихгүй байгаагийн шалтгаан нь юу гэж та хардаг вэ?

-Удирдлагатай л холбоотой. Театрууд, яамны удирдлагуудтай холбоотой. Гадаадын хүнд мөнгө өгөх үү, Монголынхоо уран бүтээлчдийг дэмжих үү гэдгийг тэд сонгож байна. Гадаадын бэлэн бүтээлийг тоглоход амар. Дэлхийн бүх театрууд тоглочихсон. Хөгжимчид тоглоход, удирдаач удирдахад, найруулагч найруулахад ч амар. Нэгэнт л “Хунт нуур”-ыг тэнд тоглочихсон байхад энд шууд хуулаад л тавьчихна. Шинээр хийгээд юм байхгүй. Яах вэ, дэлхийд алдартай бүтээлийг Монголдоо тоглож байгаа нь нэг талаараа зөв. Гэхдээ яагаад Монголын “Хунт нуур” байж болохгүй гэж. Цоо шинэ “Хөх тогоруут нуур” гэдэг бүтээл байж яагаад болохгүй гэж. Монгол хүнээрээ шинэ уран бүтээл хийлгэе гэж бодохгүй л байна гэсэн үг.

-Та Ардчилсан хувьсгалтай холбоотой дуурь бичих гэж байгаа гэж хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа дурьдсан байсан. Тэр бүтээлээ хийж чадсан уу. Бас л дэмжлэг байхгүй гээд орхисон уу?

-Ардчилсан хувьсгал гарснаас хойш Монголын хөгжмийн урлагт маш их өөрчлөлт гарсан. Жишээлбэл, Чингис хааны тухай дуурь гарчихлаа. Гүюг, Өгөдэй хаан, Хархорин гээд хаад, хатдын сэдвээр дуулалт жүжиг, дуурь, бүжгэн жүжиг ч хийсэн. “Бөртэ чоно” гээд л хийсэн. Хэрвээ социалимзын үед “Бөртэ чоно” гэдэг балет  хийсэн бол манай Х.Билэгжаргал аягүй бол баригдаад, Завханы театрт л хэвтэж байх байлаа шүү дээ. Шашин, бөө мөргөлтэй холбоотой хөгжмүүдийг ч маш их бичлээ. Монголд ерөөсөө байгаагүй шинэ төрөл зүйл хөгжмийн урлагт бий болсон. Тийм учраас Ардчилсан хувьсгал монголчуудын үндэсний үзэл сэргэн мандахад маш их үүрэг гүйцэтгэлээ. Хүмүүс дотор нь байгаа болохоор ажиглахгүй, мэдэхгүй байна. Ерөөсөө л ийм байсан юм шиг бодоод байгаа. Гэвч бидний сэтгэлгээнд гарсан маш том өөрчлөлт гарсан.  Тиймээс л би энэ талаар бүтээл хийхээр хичээсэн юм.

Театр, чуулгынхан хөгжмийн зохиолчийн бүтээлээр л амьдардаг гэдгээ ойлгохгүй байна

 -Хөгжмийн зохиолчдыг үнэлэх үнэлэмж үнэхээр муу байна. Та түрүүнд Монголынхоо уран бүтээлчдийг дэмжихгүй байна гэдгээрээ ч бас үүнийг хэлчихлээ?

-Театр, чуулгынхан хөгжмийн зохиолчийн бүтээлээр л амьдардаг гэдгээ огт ойлгохгүй байна. Хөгжмийн зохиолч бүтээл туурвихгүй бол тэд хэнийхээ юуг тоглох юм. Хамгийн гол нь хөгжмийн зохиолч. Аль ч улсад очиход хөгжмийн сургууль, театрын захирлууд нь бүгд хөгжмийн зохиолч, судлаач байдаг. Гэтэл манайд болохоор хөгжимддөг, хэрэглэдэг хүмүүс нь дарга болчихсон. Дууг нь дуулаад гавьяат авчихдаг. Зохисон хүнд нь өгдөггүй. Бүр хожуу өгвөл өгдөгтэй л ялгаагүй. Манайд хөл нь толгойд гарч, толгой нь хөл болчихоод л байна. Үүнийгээ өөрчилж, толгой руугаа хандахгүй бол болохгүй байна. Дуучид нь баяжаад байдаг, хөгжмийн зохиолчид нь байрандаа л байдаг.

-Та хэд хэдэн удаа гадаадын чуулга, театртай хамтарч ажиллаж байсан санагдана. Үнэлэмж өндөртэй газар очиж, сайхан уран бүтээл туурвих бодол  төрдөг  л биз дээ?

-Гадаад руу нэлээд явдаг байсан. Сүүлдээ санаа зовоод байх юм. Хөгжим зохиож өгөөч гэсэн урилга ирдэг. Заримыг нь хийгээд өгдөг, тэд тоглоод сайхан л байдаг. Харин яагаад санаа зовоод байна гэхээр, гадаадын хөгжмийн зохиолчид чинь над шиг биш шүү дээ. Мөнгөө төлөөд, дуртай газар руугаа яваад, зочид буудалд буучихна. Тэд хувиасаа төлнө. Би чинь дэлхийн том хөгжмийн зохиолчид шиг хөрөнгөлөг, чинээлэг биш. Нутгийн зөвлөл, найз нөхөд дэмжиж, мөнгө төгрөг өгч байж гадагшаа явдаг. Тэгээд үргэлж хүнээс гуйгаад яваад байх бас муухай. Би тийшээ явмаар байна, зардал өгөөч гээд л гуйна. Бараг “Өдий насалчихаад үлийгээ хийж амьдарсан юм бэ” гэж хүн хэлэхээр л байгаа шүү дээ. Их сургуулийн доктор, профессор хүн байж зардлын мөнгө гуйгаад явахаар санаа зовоод байх юм.

Гадаадад очоод хөгжим бичих Монголдоо зохиох хоёр бас ялгаатай.  Л.Мөрдорж гуай ярьж байсан юм. “Алтан өргөө” киноны хөгжмийг Германд очоод бичих гэсэн ерөөсөө онгод нь ордоггүй. Архи ууж болохгүй гээд мөнгө өгөөгүй гэж байгаа. Хоол нь үнэгүй. Хоол идчихээд, ганц хундага архи ч байдаггүй. Хэл нэвтрэлцдэг хүн ганц ч үгүй. Яана даа гээд л суугаад байж. Бодоод сууж байтал Алтайн уулсаа санасан гэж байгаа. Алтайгаа санасан чинь хөгжим ороод ирсэн. Нутгаа сэтгэл зүрхэндээ харж, хөгжмөө дор нь бичсэн гэдэг юм. Хөгжмийн зохиолчийн онгод хаанаас хөглөгдөөд байна гэхээр монгол хүн энэ газар нутаг, ард түмнээсээ л эрчим авдаг гэсэн үг.

-Гадаадынхан захиалга өгч хөгжим бичүүлэхээрээ арай дөнгүүр үнэлнэ биз?

-Гэрээ хийдэг юм. Гэхдээ хэл сайн мэдэхгүй учраас алдаатай гэрээ хийх ч тохиолдол байна. Миний гурван ч бүтээл гадаадын цомогт орсон. ITunes-ээр зарагдаад л байдаг юм. Би гэрээгээ хийхдээ буруу хийчихсэн учраас хувь авч чаддаггүй. Тийм болохоор над шиг биш хэл сайтай байх ёстой. Тэгж байж гэрээ хийх хэрэгтэй юм билээ.

Өрөөлийн соёлыг түгээхэд улс маш их мөнгө зарцуулдаг 

 -Сонгодог гэхээр л гадаадын хөгжим, зохиол, кино хамгийн түрүүнд санаанд ордог. Монголчууд ч тэгж дүгнэдэг. Гэтэл манай уран бүтээлчид сонгодог бүтээлүүдийг туурвиж л байгаа шүү дээ?

-Энэ их сонин. 1930-аад онд мундаг хэлмэгдүүлэлт болсон доо. Оюуны ертөнцийг нь тасалсан. Алтан ургийнхныг байхгүй болгосон. Энэ чинь газраа хагалж байна л гэсэн үг. Дараа нь монголчуудын толгойд орос үрээ тарьсан. Хуучин гэсэн болгоныг нь хуучирсан гэж устгаж хаясан. Тэгээд балет, симфони, дуурь, янз бүрийн театруудыг байгуулж, өөрсдийнхөө урлагийг оруулаад ирсэн. Яг л Монголын үндэсний урлаг л байсан мэт ойлгуулсан. Түүнийгээ дагаад Багшийн их сургууль, хөгжим, бүжгээр мэргэжилтэн бэлтгэдэг болсон. Орост бас маш олон мэргэжилтэн бэлтгэдэг. Соёлын хувьд маш ашигтай мөртлөө цаад утгаараа энэ чинь бизнес. Өөрийнхөө юмыг Монголд оруулж ирдэг. Дуурийг дагаад театртай болно. Балетыг дагаад балетын бүжигчдийг бэлтгэж өгнө, мөнгө авна. Монголчуудаас л мөнгө авна шүү дээ. Ингээд ирэхээр манайхан өөрийнхөө соёлыг, сонгодог урлагийг мартчихсан. Морин хуур, уртын дуу, хөөмий, тууль гээд бүх том урлаг дарагдсан. Өөрийн биш соёлыг түгээхэд улс маш их мөнгө зарцуулдаг.  Хөгжмийн зэмсэг гэхэд л маш үнэтэй. Тэдний хөгжмийн зэмсгийг худалдаж авна. Цаагуураа маш том бодлого явдаг.

-Ийм байхад сонгодог гэхээр л гадаадынх гэж төсөөлөхөөс өөр ямар ч аргагүй юм байна?

-Ерөөсөө л тийм. Бүх зүйлийг гаднаас авдаг. Оркестрын хөгжим шинэчилнэ гэхээр маш их мөнгө зарцуулна. Гаднаас худалдаж авна. Байнга л гаднаас худалдаж авдаг. Мөн энэ хэдэн театрыг амьдруулахын төлөө төр их, бага хэмжээгээр мөнгө өгдөг. Гэтэл ардын урлагийнхныг тэтгэдэг юу ч алга. Үндэсний  урлагийн их театрыг эс тооцвол. 70, 80 хувь нь өрнө дахины соёл урлагийг дэмжээд. Өөрийнхөө үндэсний урлагт 20 хувийг л хаядаг. Гадаадын уран бүтээлийг тоглох нь буруу биш л дээ. Орж ирэх нь зүйтэй л байх. Хэрэв үнэхээр гадаадын урлагийг оруулж ирэх гээд л байгаа юм Хятадын Ши театрыг оруулж ирээд мөнгө өгөөч дээ. Уг нь монгол хүн өөрийнхөө гэсэн бүхэнд мөнгө өгч, дэмжих ёстой. Тэр гадаадын уран бүтээлчдийн бүтээлтэй Монголын найруулагчид, хөгжмийн зохиолчид, жүжиг, киноны зохиолчид өрсөлдөх ёстой. Яам, тамгын газар, улс нь гадаадын уран бүтээлд хөрөнгө мөнгөнийхөө 51 хувийг өгье гэж бодъё. 49 хувийг нь ядаж Монголынхоо уран бүтээлчдэд өг л дөө. Одоо болохоор 80, 20-той л байна. Арай л зохимжгүй. “Алтан намар” наадам бол дотоодынхоо уран бүтээлчдийнхээ оюун ухааныг дэмжиж байгаа нэг хэлбэр. Бас ч гэж хөрөнгө хаяж байна шүү дээ.  Гэхдээ Драмын театрт гадаадын нэг жүжиг тавихад түүнээс илүү мөнгө өгч байна. 

-Таны бүтээлүүдийн нэрийг харахад,  “Тэнгэрийн дуудлага”, “Эзэн сүлд” гэх мэтээр үндэсний соёл, үүх түүх рүүгээ чиглэсэн хөгжим бичдэг зохиолч юм байна гэж бодлоо. Олж сонсох гээд хайгаад барагтай олдсонгүй. Магадгүй өнгөц дүгнэсэн ч байж болох?

-Сайндаа ч тийм хөгжим бичээд байгаа юм биш. Манай хамгийн анхны дорвитой бүтээл Б.Шарав багшийн нэгдүгээр симфони. Симфони дотор морин хуур, уртын дуу оруулсан. Энэ дэлхийд байхгүй үзэгдэл байсан. Дипломын хамгаалалтад нь сууж байсан багш нар “Амьдралдаа анх удаа ийм сонин симфони сонслоо” гэж ярьж байсан гэдэг. Түүнээс бид их санаа авна. Орост очоод сурч байхдаа хөгжмийн зохиолоо мэргэжлийнхээ багшид үзүүлнэ. Тэгэхээр “Энэ Чайковский байна. Энэ нь Бетховен, тэр нь Моцарт байна. Где Соронзон” гээд л нотыг чинь шидээд, базаж хаяна. Тэнд монгол хөгжим байхгүй. “Чи хаашаа юм, хүн дууриасан” гээд загнана. Тэгээд надад нэг улаан ном өгсөн юм. “Монгол ардын хөгжим” гэдэг ном. Түүнээс нь би монгол хөгжмөө харж, уншсан. Ингээд л би Орсын 15 бүгд найрамдах улсаас ялгарах нь юм нь үндэсний хөгжим юм байна гэж ойлгосон. Хэдийгээр бид Монголоос очсон боловч үзэл санааны хувьд аль хэдийнэ Орос болчихсон байсан байхгүй юу. Багш намайг шахаад байхаар би эхэндээ ойлгохгүй. Залуу байсан учраас тэрсэлдэнэ. Сүүлдээ ойлгосон. Намайг “Монгол хөгжим бич. Тэр хүмүүсийн сонсоогүй бүтээл хий” гэж байна гэдгийг. Сонсоогүй юм гэхээр юу байх вэ. Уртын дуу, хөөмий, морин хуурын татлага, тууль. Би сайндаа биш, багш маань шахаж байсны хүч. Багш яг мэддэг шүү. “Өө энэ чинь тэрний хөгжим байна шүү дээ” гээд л.

-Би таны бүтээлийг хайж байгаад хоёр дан хөгжмийн бүтээл олж сонслоо. Таны бүтээлээс рок хөгжмийн үнэр үнэртэх шиг санагдсан?

-Зөв өө, чи зөв үнэртсэн байна. “The Hu” хамтлаг яагаад гадаадад алдаршаад байна вэ гэдгийг хүмүүс сайн тайлбарлаж чадахгүй байна шүү дээ. Энэ чинь цэвэр Монгол. Морин хуур, товшуур байна. Дуулж байгаа дууны үг нь Эзэн Чингис хаан, их хар сүлд гэж байгаа юм. Нөгөө талаар жаахан шүүмжлэлтэй. Монголчуудыг сэрээж байгаа юм. Сэр сэр гээд байна. Та нар унтаад байна аа, одоо сэр гэж тэд хэллээ. Хэрвээ яг тэндхийн хамтлагийг дууриагаад тогловол Европ, Америк хүлээж авахгүй. Яг Монголоороо мөртлөө цэвэр рок дуугараад байгаа биз дээ. Морин хуур рокийн хөгжим шиг л дуургарч байгаа. Тэгэхээр Монгол рок гэж байна. Бөөгийн хэнгэрэг чинь рок хэмнэл шүү дээ. Давтал байхгүй, нэг хэмнэлийг удаан давтахыг хэлээд байгаа байхгүй юу. Бидний өвөг дээдсээс уламжилсан рок гэж хэлж болно. Жишээлбэл, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэг. Тэр чинь бөөгийн хэнгэргийн хэмнэлээр явдаг.Хэнтий, хангай, соёны, өндөр сайхан нуруунууд гээд хэнгэргийн хэмнэлээр уншаад үзээрэй. Яг л хэмнэл мэдрэгдэнэ. Монгол хүний дотор ийм нэг рок байгаад байгаа юм. Чи зөв ажигласан байна.

Баруунд тэднийг дууриаж хөгжим бичвэл "Манай нэг дууриамал жийнс байна" л гэнэ 

-Хүн хийсэн, бүтээснээ ялгаж, тэр нь муу, энэ нь сайн гэх хэцүү байх. Гэхдээ л та аль бүтээлийнхээ дараа “Би үнэхээр сайн хөгжим бичиж чадлаа даа” гэж бодсон бэ. Яг л “Где Соронзон” гэдэг хайлтад хариу хэлж чадсан бүтээлээ нэрлэ гэвэл?

-Чи бид хоёрын “Алтан намар”-аар эхэлсэн ярилцлага энэ асуултаар эргээд холбогдож байна. Жишээлбэл, Чайковскийн хамгийн сайн бүтээлийг VI дугаар симфони гэдэг. Тэр олон бүтээлээс сонгож авч, үнэлж байна гэсэн үг. Нөгөө “Хунт нуур” энэ тэр биш, зөвхөн зургадугаар симфоныг л хамгийн сайн гэдэг. Гэхдээ монголчууд зургадугаар симфоныг сонсоогүй. Мэргэжлийн хөгжим болохоор үргэлж тоглодогүй, зөвхөн мэргэжилтнүүд л үнэлж байгаа хэрэг. Бетховеноос 5, 9 дүгээр симфоныг нь бүтээлийнх нь оргил гэдэг. Чайковскийд нэг, Бетховенд хоёр сайн бүтээл байна гэхээр мөн хэцүү байгаа биз. Тийм болохоо үргэлж сайн бүтээл хийнэ гэж байхгүй. Тухайн үеийнхээ хүмүүсийн анхаарал татсан бүтээл хийх л болохоос. Сайн бүтээлийг шалгаруулна гэдэг үнэхээр хэцүү. Манай хэдэн судлаачид “Алтан намар” наадмын бүтээлийг шалгаруулахдаа маш хэцүү ажлыг хийдэг гэсэн үг.

-Тэгэхээр та надад сайн бүтээл байгаа гэж хэлэх хэцүү гэх гээд байна уу?

-Сургууль төгсөхдөө би монгол бүтээл хийе гэж бодсон. Симфони гэхээр л бид дандаа барууны хэлбэрээр зохиодог. Дуурийг ч гэсэн барууныхыг л дууриадаг. Тэгэхгүй болохоор театр, чуулга хүлээж авдаггүй. Бүх зүйлээ л барууны хэлбэрээр хийдэг, тэгвэл л таалагдана. Монголоороо хийчихвэл тэд тоох ч үгүй. Харин баруунд Монголоороо хийвэл үнэлэгддэг.  Тэднийг дууриавал тэд тоохгүй. Манай нэг дууриамл жийнс байна шүү дээ гэнэ. Хятадууд бүх зүйлийг дууриагаад хийчихдэг гэдэгтэй адилхан. Тэгж дууриавал тэд андахгүй. Тийм учраас би нэгдүгээр симфонио хийхдээ монгол гэрийн бүтцийг хэлбэр болгож бичсэн. Монгол гэр нэг хэлбэртэй байгаа даа. Хана, унь, тооно, хоёр багана байна. Монгол гэрийнхээ хэлбэрийг аваад, түүн дээрээ зангидаж симфони бичсэн. Хэлбэрийн хувьд монгол гэрийг оруулж хийсэн анхны бөгөөд сүүлийн бүтээл байх. Түүнийгээ л би гайгүй болсон болов уу гэж боддог.  

  

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

178.162.215.45Зочин   • 2019, 11 сарын 8. 12 цаг 55 минут

vxsen noxoin baasnuud tomriin oodsond xuurtagdaxaa xezee bolix yum be/ vxer mongolchuud aa, sots yees tomriin oodosoor xvn xuurax ni l mongold ami boxtoi vldej dee,chaawaas gej, nogoo vxernvvd ni terend ni durtaigii ni yana aaa,

43.228.131.45Зочин   • 2019, 11 сарын 8. 10 цаг 25 минут

соёл урлагтай холбоотой чухал юм бичсэн юм шиг байна. Гэхдээ эхлээд гарчигаа зөв, алдаагүй биччэх хэрэгтэй байна. ФЛАРМОНИ биш ФИЛАРМОНИ гээд бичвэл зөв болно.

202.179.24.109Зочин   • 2019, 11 сарын 8. 8 цаг 55 минут

odoo tegvel hurdihan gaviyagaa avna bizde

124.158.109.140Чагнаа   • 2019, 11 сарын 8. 8 цаг 45 минут

Ер нь үнэн д дээ. Монголын гэсэн бүх юм үнэгүй болсон. Манайхин өөрсдөө доор дээргүй үүнд нь хүчин зүтгэсэн. Өөрийнхөө юмыг өөлж, харийн юм гайхамшиг гэх үзэл социализмын үеэс "үндэсний үзэлтэн" болчихгүйн тулд гаарсан. Одоо тэр эрч хэвээрээ, бас харийн нөлөө хэвээрээ, харин улс нь өөрчлөгдөсөн...

202.179.24.109kkk   • 2019, 11 сарын 8. 9 цаг 26 минут

TEGEED TER SURHII HUGJILTEI ANGLI AMERIKED OCHOOD UNDESNII GEH YUM YER NI BAINA UU??

202.9.44.208Хуульч   • 2019, 11 сарын 8. 8 цаг 44 минут

Тэр гэрээг нь тухайн салбараар мэрэгшсэн хуульч хийдэг. Манайхан хуульчид мөнгө төлж сураагүй учраас тухайлбал насан туршдаа гонораргүй хоцорч байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.