2019 оны 11-р сарын 20
16 цаг 46 минут

“Алтан намар 2019” наадмын эргэн тойронд

Жил бүр манай хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийн маань өөрсдийн ололт амжилт, онгод хийморийн батламж болгож туурвисан шинэхэн бүтээлийнхээ уяа сойлгыг тааруулж, түмэн олонтойгоо эгшгэн цэнхэр хадгаа дэлгэн, уулзан золгохыг хүсэн хүлээж байдаг нэгэн сайхан арга хэмжээ бол эдүгээ бараг 40 дэх жилийнхээ босгыг давах гэж байгаа “Алтан намар” хөгжмийн наадам билээ. Энэхүү наадам нь мэргэжлийн хөгжмийн сүүлийн үеийн чиг хандлага, хөгжмийн зохиолчдын бүтээлч эрэл хайгуул, хөгжмийн хэлбэр болоод гүйцэтгэлийн өвөрмөц шийдлийг бид бүхэнд таниулж байдаг.

Наадмын талаар мэдээж олон зүйлийг ярьж болно. Ямар байх ёстой, юу байх ёсгүй, ямар хөгжим, ямар санаа байх ёстой талаар ч хэлэхэд амархан. Хөгжим хэмээх урлагийн хүний сэтгэл зүй, ёс суртахуун, гоо зүйн үзэл баримтлалд нөлөөлөх агуу их хүч чадлыг бид хүлээн зөвшөөрч, тэр л утгаар наадмын хүрээнд эгшиглэх тэр л хөгжмөөс онцгой гоо сайхны таашаал, түүний дотоод эвсэл нийцлийн мэдрэмж, хэлбэр, агуулгын төгс байдлыг хүлээж байдаг нь ч үнэн. Гэхдээ хөгжмийн бүтээл заавал ийм байх ёстой юу? гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ.

“Хөгжим зохиох, бичих гэдэг бол зүгээр нэг ажил биш. Бас энэ нь зөвхөн өөрийгөө илэрхийлж байгаа ч зүйл биш. Энэ бол би өөрөө... " хэмээн тэртээ цагт нэгэн уран бүтээлчийн хэлж байсан үг ой тойнд минь хадгалагдан үлджээ. Хүн бүр өөрийн ертөнцтэй байдгийн адил бүтээл туурвил ч өөрийн амьдралаар амьдарч, өсөж хөгжиж, оргилд гарч, буурч, мартагдан байдаг ертөнцийн жамаар л замнадаг.  Хөгжим бол амьдралын толь, хүн судлалын сурах бичиг юм.Тэгэхээр хөгжмийн зохиолч амьдралын энэ л олон талт тусгалыг сайн муу, сайхан муухайтай нь бичиглэж таниулж байдаг нэгэн тайлбарлагч, зохицуулагч гэж хэлэхэд хилсдэхгүй.

Хөгжмийн зохиолчийн ингэж бүтээсэн туурвилын уран сайхны ойлголтыг үнэлэх чадвар бол бидний мэдрэмж, таашаалын илрэл билээ. Хүн болгон гоё сайхныг үнэлэх өөрийн үнэлэмжтэй. Мэдээж энэ нь нутаг орон, соёл заншил, амьдралын хэв маяг, нийгмийн гарал, мэдлэг боловсрол гээд олон зүйлээс шалтгаална. Мөн хүн бүр хөгжмийн төгс мэдрэмжтэй байдаггүй гэдэг нь ч ойлгомжтой. Гоо сайхныг зааглан ялгах, шүүхийн тулд дадал туршлага ч хэрэгтэй. Хүний хөгжмийн танин мэдэхүйн хэмжээ хязгаарлагдмал учир өөрийн хүрээлэл, соёлын хувьд шинэ, шинэлэг хөгжмийн үзэгдлийг ч зохих хэмжээнд үнэлж, цэгнэж чадахгүй байх нь бий. Тиймээс дуу авианы ертөнц, энэхүү ертөнцийн бичмэл ухагдахуун хоорондын төгс тэнцвэрийг олохыг хичээсэн, зохиомжийн дэвшилтэт техник, арга барилыг чадварлагаар ашиглан хөгжмийн нууцлаг, гүн гүнзгий ертөнцөд нэвтэрсэн тийм л туурвилуудыг “Алтан намар” наадмаас, хөгжмийн зохиолчдоос, тэдний уран бүтээлийн хэзээ ч салгаж болохгүй хамтрагчид болох хөгжимчдөөс, дуучдаас хүсч байдаг билээ. Тийм туурвилууд ч төрөн гардаг, цаашид ч гарсаар байх болно гэдэгт итгэл төгс байдаг.

Саяхныг болтол энэ наадам олон уран бүтээлчдийг хамарсан, хөгжмийн зохиолчид төдийгүй хөгжимчид, дуучдын гүйцэтгэлийн чанар чансааг шалгасан, бүтээлийн төрөл зүйл, хэлбэр бүрэлдлийн хувьд өргөн хүрээтэй тийм л арга хэмжээ байсан нь хэн бүхэнд тодхон санагдаж байгаа. Гэтэл сүүлийн үед “Алтан намар” хөгжмийн наадам маань хөгжмийн зохиолчдын шинэлэг, шилдэг бүтээлийн эргэн тойронд уран бүтээлч болоод энэхүү баярт үйл явдлын бүх оролцогчдыг нэгтгэж, тэдний сэтгэгдэл, санаа бодлоо солилцон, тайлагнадаг талбар болдог байсан гол зорилгоосоо арай өөр тийшээ хазайгаад байна уу даа гэж бодогдох боллоо. 

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” –ын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран “Хөгжмийн том хэлбэрийн бүтээл”-ийг шалгаруулж, шилдэг бүтээлийг улсын санд авах ажлыг “Алтан намар” наадамтай хамтатгасан явдал наадмын хүрээг хумиж, оролцох уран бүтээлч, туурвих бүтээлийн тоо цөөрөхөд ч нөлөөлөөд байна уу даа гэмээр. Энд төсөв санхүүжилт чухал гэдэг нь хэн бүхний хувьд тодорхой. Хэрэв энэ өнцгөөс нь харах юм бол “Алтан намар” наадам ивээн тэтгэгчгүйгээр, хэн нэгний туслалцаа дэмжлэггүйгээр мөнгө хийж сурах хүртлээ хэзээ ч төгс, чанартай болж чадахгүй гэдэг нь ч ойлгомжтой. Ер нь энэ наадам бол цэвэр уран бүтээлчдийн их хүсэл тэмүүлэл,  хөдөлмөр бүтээлээр жигүүрлэн зохион байгуулагддаг.

Энэ жилийн “Алтан намар 2019” наадамд манай шилдэг 8 хөгжмийн зохиолч наадмын журам ёсоор сүүлийн 3 жилд том хэлбэрийн төрлөөр туурвисан бүтээлүүдээсээ дээжлэн сонсогч олондоо толилууллаа.

            Симфонийн төрлөөр:

  • С.Соронзонболд Симфони № 4
  • Ж.Энхбаяр Симфони № 1
  • Б.Мөнхболд “Эрч ба хүч” симфони удиртгал

            Концертын төрлөөр:

  • Ц.Эрдэнэбат “Эвэр бүрээ, симфони найрал хөгжимд зориулсан концерт
  • Х.Алтангэрэл “Их хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт
  • Д.Ариунболд “Икэл, төгөлдөр хуур, цохивор хөгжмийн цөөхүүлд зориулсан концерт
  • Ш.Өлзийбаяр “Морин хуур, симфони найрао хөгжимд зориулсан концерт
  • С.Тараа “Шударга, төгөлдөр хуурт зориулсан концертино

            Зэмсэгт хөгжмийн аяз:

  • Б.Мөнхболд морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан токката

Мэдээж бүтээл болгон зохиогчийнхоо оюун бодол, сэтгэл санааг чилээн төрсөн болохоор үнэтэй цэнэтэй. Бас зохиол болгонд өөрийн гэсэн онцлог шинж, чимэг болсон шигтгээ, бас зохицоогүй юмуу даа гэмээр өнгө аяс, дутуу санагдах зүйлс байсныг ч дурдах хэрэгтэй.

Наадмын санаа нь аливаа бүтээл туурвил бол хөгжмийн зохиолчийн бүтээлч хайлт, туршилт, нээлт, тэр утгаар шинэ бүтээл бүр хэн бүхэнд сонирхолтой байх болно гэдгийг сонсогч, үзэгчдэд харуулах хүсэл эрмэлзэл дээр суурилсан гэж миний хувьд боддог билээ. Наадмын хүрээнд эгшиглэж буй бүтээлүүд хөгжмийн төрөл бүрийн ойлголттой танилцуулж, XX - XXI зууны хөгжмийн зохиолчдын бий болгож бүтээсэн олон аялга, аялгуутай шинэ өвөрмөц хөгжмийн хэлийг бидэнд аажим аажмаар таньж, мэдэх боломжийг олгож байх ёстой.  Тийм ч учраас энэ бүтээлүүд үндэсний хөг аялга, өрнийн дуурьслын ололт амжилтаар эгшиглэсэн эрт эдүгээ, ирээдүй цагийг холбосон гүүр болж , тэр л цаг үед биднийг хөтлөн аваачих хөтөч болсоор, сонсогчдын зүрх сэтгэлд нэгийг бодогдуулан хадагдан үлдэж чадаж гэмээ нь сая үнэ цэнэ нь тодорхойлогдох билээ.

Тухайлаад энэ наадмын тайзнаа эгшиглэсэн концертын төрлийн бүтээлүүд үнэхээр сонирхол татам, эгшиглэнтэй, “амт” - тай, өнгөтэй, басхүү өгөөжтэй байж чадсан гэдэгтэй санал нийлэх байхаа. Концертын төрөл нь гоцлол болоод найрал хөгжмийн хөгжилтэй нягт холбоотой барууны хөгжмийн хамгийн тогтвортой, түүхийн хувьд батжин тогтсон төрлүүдийн нэг юм. Бүтээсэн бүтээлүүдийн тоо чанар, түүний “нийгэмд эзлэх байр суурь”-н (үзэгч сонсогчид, хөгжмийн зохиолчид, мэргэжлийн хөгжимчид дунд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн байдал) хувьд хөгжмийн зэмсгийн концерт нь орчин үеийн бүтээлүүдийн төрөл зүйлийн “чансааны хүснэгт” -д тэргүүн байрыг эзэлсээр байгаа билээ.

Энэ жилийн “Алтан намар” хөгжмийн наадамд сойсон манай хөгжмийн зохиолчдын эвэр бүрээ, их хуур, тавцын хөгтэй икэл хуур /ширэн цартай морин хуур/т зориулсан бүтээлүүд ч үүнийг гэрчилнэ. Туульсын өгүүлэмжит шинж давамгайлж, ардын дуу, бий биелгээ, татлагыг санагдуулсан хөгжмийн зохиомжийн арга барил, үндэсний болоод өрнийн хөгжмийн зэмсгээр хөгжимдөх арга техникийг хэрэглэсэн байдлаараа энэ л бүтээлүүд нь фольклоризм, синкретизм[1]-ыг хослуулан хөгжиж буй манай зэмсэгт хөгжмийн төрөл зүйлийн хувьслын явц, зарим уран сайхны хязгаарыг даван туулах,  хэв загвар, хөгжмийн зохиомжийн техникийн хүрээг өргөжүүлэх гэсэн эрмэлзлийн жишиг болж байна.

Харин ХХ – XXI зууны академик хөгжмийн тэргүүн эгнээнд дэвшиж, манай хөгжмийн зохиолчдын практикт хамгийн их сонирхол татахуйц, эрэлттэй байгаа концертын төрөлд энэ цаг үеийн янз бүрийн урсгал чиглэл, хөгжмийн зохиомжийн техник, гоо зүйн үзэл баримтлал, хэв маягийн нарийн төвөгтэй цогцыг бий болгож, хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийн хөгжмийн хэл, хэрэглүүр илүү нарийн төвөгтэй байдалд шилжиж, цомнол, хөг эгшиглэгээ болоод зохиомжийн сэтгэлгээ илүүтэй баяжин, ардын язгуур урлагийн төрөл зүйл, элементүүдийг шууд хуулбарлан хэрэглэхээс зайлсхийх хандлага ажиглагдах болжээ. Мөн зэмсэгт хөгжмийн концертын төрөлд тембрийн спектр, өнгө будгийн шийдэмгий тэлэлт ажиглагдаж байна. Концертын сонгодог хэв загварыг хадгалан, шинэлэг хэлбэрээр илэрхийлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ төрөл зүйлийн хязгаарыг арилган, полижанр буюу нэг дор янз бүрийн төрөл зүйлийг нэгтгэх, гибрид буюу хослуулах нээлттэй хэв маягт шилжин байгаа нь ч сонирхол татаж байна. Энэ нь манай эрин зууны хөгжимд хамаарах төрөл зүйлүүдийг холих ерөнхий чиг хандлагатай үндсэндээ нийцэн байгаа гэдгийг, мөн академик хөгжимтэй мөр зэрэгцэн хөгжих болсон ахуйн хөгжим, жазз, рок – поп гээд олон төрөл зүйлүүд ч концертод тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж болох гэдгийг ч хөгжмийн зохиолчид маань цаашид бодолцох бизээ.

Хувь уран бүтээлчийн онцлог шинж чанар, хэв маягийн илрэл, ардын урлагийн эх сурвалжийн эшлэл, хэлбэр бүтцийн чөлөөт сонголт зэрэг сонирхолтой шийдлүүд ийнхүү манай хөгжмийн зохиолчдын бүтээлд тодоор тусгагдан байгаа ч нөгөөтэйгүүр аливаа төрөл зүйлийн онцлогийг, загварыг тодорхойлох гол чиг шугамыг хэт гээж чухам симфони гэдэг чинь ийм байдаг билүү, энэ концерт мөн гэж үү хэмээн эргэлзэхэд хүргэх, сэтгэлгээний түвшинг орхигдуулан техникт анхаарлаа төвлөрүүлэх, нэг ижил хэв загварт баригдах, хуулбарлан дууриах зэрэг дутагдлууд ч байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй.

Ийнхүү улсын филармонийн тайзнаа 2 өдөр үргэлжилсэн, дараа жилийн шинэ ургацаа хүраах хүртэл ярих сэдэвтэй, бодох зүйлтэй, авах санаатай, хачирхах сонинтой сайхан тоглолт өндөрлөж, улсын хөмрөгт багтан монголын мэргэжлийн хөгжмийн урын санг баяжуулж, уран бүтээлчид хөгжимчдийн ур чадвар, сэтгэлгээний тусгал болон эгшиглэх шилдэг бүтээлүүд тодрох мөч ойртсоор байна. Чухам энэ л бүтээлүүдийн чансааг товойлгон тодруулах шалгуур үзүүлэлт юу байхыг цаг хугацаа харуулах буйзаа.

“Алтан намар” хөгжмийн наадам нь зохиолчдын ертөнцийг үзэх үзлийн огтлолцох цэг, орчин цагийн хөгжмийн чиг хандлагын “уулзвар” байж, хөгжмийн урлагийн газарзүйн болон төрөл зүйлийн хүрээ хязгаарыг тэлж, ирээдүйд манай мэргэжлийн хөгжмийг дэлхийн контекстэд нэгтгэсэн тийм л арга хэмжээ болоосой хэмээн хүсэн ерөөе.

                                  Хөгжим судлаач Х.Ариунаа    2019.11.20

[1] Синкретизм - үзэл бодол, сэтгэлгээний "ялгаатай" аргыг харьцуулах, нэгтгэх

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.