100 жилд нэг удаа тохиох азын тоотой 2020 оноо монгол түмэн амар амгалан угтлаа. Олон хоног үргэлжилсэн баярын уур амьсгалаас монголчууд бид баярлаж сурчээ гэсэн дүгнэлт хийж болохоор байлаа. Үүнийг мэргэжлийн байгууллагуудын дуудлага, мэдээлэлийн тоо ч гэрчилж байна.
Тухайлбал, онцгой байдлын газарт л гэхэд улсын хэмжээнд хүний амь нас үрэгдсэн том хэмжээний дуудлага ирээгүй бөгөөд харьцангуй тайван өнгөрчээ.
-СОГТУУ ЖОЛООЧ ЦӨӨРЧЭЭ-
Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэдэг шинэ жилийн баярын өдөр буюу 12 дугаар сарын 31-ний өдөр тээврийн цагдаагийн албанд нийт 353 дуудлага мэдээлэл хүлээн авсанаас 301 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.
Ослын улмаас нэг хүн нас барж хоёр хүн гэмтсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчлийг илрүүлэн цаашид гарч болзошгүй хор уршигаас урьдчилан сэргийлж ажилласан байна.
-ЭРҮҮЛЖҮҮЛЭГДСЭН ХҮНИЙ ТОО БУУРЧЭЭ-
Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 12 дугаар сарын 31-ний өдөр нийт 1203 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь энгийн өдрүүдээс буурсан үзүүлэлт аж. Үүнээс согтуугийн 484, гэмт хэргийн 63 дуудлага тус тус бүртгэгджээ.
Мөн шинэ жилийн баярын үеэр эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурсан гэдгийг албаныхан онцолж байна. Тодруулбал, 12 дугаар сарын 31-ний өдөр нийт 189 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Энэ нь мөн л адил энгийн өдрүүдийнхээс буурсан үзүүлэлт аж.
-ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮНИЙ ҮЕЭР ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЭЭГҮЙ-
Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл олон мянган хүн нэг дор цугладаг тус цэнгүүний үеэр халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй гэдгийг цагдаагийн байгууллагынхан онцолж байна.
Мэргэжлийн байгууллагын албан мэдээлэл ийм байна. Үүнээс харахад, нэгэн үеийг бодвол монголчууд бид архи дарсыг тохируулан хэрэглэж, зөв зохиостой баярлаж, дуудлагын жолооч дуудах соёлд хүртэл суралцжээ.
Т.ГЭРЭЛ
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ бол цаашид улс орорн маань мандан бадрах, хөгжих эхлэл Одоо улс төрд шударга, ноен нуруутай хүмүүсийг бид сонгох л үлдлээ