Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 1/16 шигшээн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английн төлөөлөл "Манчестер Юнайтед" клуб хариу тоглолтоо талбайдаа Бельгийн "Брюгге"-г хүлээж авч хийж, 5:0-ээр "бут ниргэлээ". Эхний тоглолт 1:1-ээр дууссан.
Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр "Улаан чөтгөрүүд" 6:1-ээр хожиж, шөвгийн 16-д шалгарч байна. Энэ удаагийн тоглолтын 27 дахь минутад Бруна Фернандеш торгуулийн цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн. Түүний араас өөр нэг "шинэ цэрэг" Игало 34 дэх минутад гоол оруулсан юм. Улмаар Мактомини 41 дэх минутад багийнхаа гурав дахь гоолыг оруулсан бол Фред 82, 90 дэх минутад дубль толилуулав. Ийнхүү "Улаан чөтгөрүүд" Европа лигийн аялалаа үргэлжлүүлэх "тийз"-ээ авлаа.
Сэтгэгдэл бичих