2020 оны 3-р сарын 23
8 цаг 00 минут

Г.Эрхэмбаяр: Зоригоог одоо үзэн ядаж байгаа хүмүүс “Бүтэн амьдрал” кино дуусахад ѳрѳвдѳнѳ

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаярыг “VIP Ярилцлага” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр “Бүтэн амьдрал” киноны Зоригоогийн дүрээрээ үзэгчдийг уурлуулж, бухимдуулж, бүр үзэн ядагдаж, бас хайрлуулж, ур чадвараа гайхуулж байгаа билээ. 

Батаа гарлаа гээд "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлд нөлөөлөхгүй 

-Он гарснаас хойш “Мөрөөдлийн театр”-ынхан уран бүтээлээ түр засварласан. Онцгой нөхцөл байдалтай ч холбоотой байх. Уран бүтээлээ түр завсарласан ч төлөвлөсөн хийхээр зорьж байгаа ажил их байгаа болов уу?

-Улс орон даяар онцгой байдалд шилжсэн учир бид ч гэсэн иргэнийхээ үүргийг биелүүлээд л байж байна. “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид 2018, 2019 онд яг л манай театрын үндсэн жанр болох шоу драм хоёрыг үзэгчдэд хүргэсэн. Франц, Оросын болон Монголын сор болсон зохиолчдын зохиолыг шоу драм жанрт оруулж, хоёр уран бүтээлийг үзэгчдэд хүргэлээ. Театрын уран бүтээлийг яаж бүтээх ёстой, ямар баг ажилладаг билээ яг л тэр хэв маягаар ажилласан. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатартай хамтарч ажиллаж, “Дундын бүсгүй”, “Галзуу хот" гэсэн хоёр шоу драмыг хүргэлээ. Нэлээд шуугиан тарьсан. Хаагдана, хаагдахгүй гэсэн асуудлыг ч дагуулсан.

Он гаргаад шинэ уран бүтээлдээ оръё гээд төлөвлөж байтал хөл хорио тогтоочихлоо. Тиймээс үүргээ биелүүлээд гэр гэртээ л байцгааж байна. Бид шоу драмын чиглэлээр л уран бүтээл хийхээр төлөвлөсөн байсан.  Хүмүүс шоу драм гэж юу юм, ямар жанр байдаг юм. Драмын жүжиг, хошин шоу тоглолтоос юугаараа ялгаатай юм гэдгийг сайн ялгаж салгаж ойлгохгүй байсан. Тиймээс ойлголт өгөх зорилгоор “Дундын бүсгүй” тоглолтоо  IP телевизээр гаргасан. Үзсэн хүмүүс сэтгэл өндөр байна билээ.

-Хошин шогийг илүү драмлаг болгож, шоу драм гэх жанрыг гаргаж ирсэн гэж та хэд хэдэн ярилцлагадаа дурдсан байсан. Энэ санааг хаанаас олж авав. Театрынхнаараа ярилцаж байгаад гаргаж ирсэн юм уу?

-Хошин шоуг ямар маягаар, яаж тоглодог гэдгийг жүжигчид гэлтгүй үзэгчид ч мэддэг байх. Эхлэлтэй, төгсгөлтэй, 5-6 номертай. 10-15 минутын үзэгдлүүд байдаг гэхэд болно. Драм гэхээр 2-3 цагийн жүжиг байдаг. Энэ хоёрыг нийлүүлээд, шоу драм болгож байгаа юм. Энгийнээр тайлбарлахад, театраас авах аа авна, хошин шогоос бас авчихдаг. Ингээд л “Мөрөөдлийн театр”-ын шинэ урсгал гарч ирсэн юм. 2011 онд анх “Мөрөөдлийн театр”-ыг анх байгуулсны дараа Оросын алдарт зохиолч Ванпиловын “Ууган хүү” зохиолыг өөрчилж, “Миний нууц хүү” жүжгийг тоглож байлаа. Найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Алтаншагай бид гурав анх ярилцаж байгаад энэ жанрыг гаргаж ирсэн. Голчлон Пара ах /Н.Наранбаатар/ санаа өгч, “Миний дүү нар ийм жанр гаргаж ир, ингэж тогло” гэж зөвлөсөн. Ингээд л хоёр, гурван жүжиг шоу драм төрлөөр хийсэн. “Цаг өөр болжээ”, “Хайртай бол эргэж хараарай” гэх мэт.  Дараа нь хошин шоу тоглолтоо нэг хэсэг хийж байгаад эргээд шоу драм руугаа ороод байгаа.

-Шоу драм, хошин шогийг ээлжилж тоглож байгаагийн учрыг асуувал юу гэх бол?

-Би “Зохиомж” дээд сургуулийг төгсөж, жүжигчин мэргэжлийг эзэмшсэн.  Урлагийн сургуульд хошин шогийн, драмын, кино жүжигчний анги гэж байдаггүй. Театр, киноны жүжигчний анги л гэж байдаг юм. Тиймээс уран бүтээлчид, тэр тусмаа “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид шоу драм, драмын жүжиг, хошин шогт ч тоглож, олон талын чадвартай гэдгээ харуулахыг зорьсон. Кинонд ч бас тоглоно. Бид зөвхөн хошин шог, эсвэл драмд л тоглодог жүжигчид биш шүү гэдгээ харуулахыг хичээсэн.

-“Галзуу хот”, “Дундын бүсгүй” шоу драмууд насанд хүрэгчдэд зориулсан байсан. Тэр дундаа эмэгтэй жүжигчид тайзан дээр илүү зоримог үзэгдлүүдийг  тоглож байна. Насанд хүрэгчдэд зориулсан шоу драм хийх санааг хэн гаргав. Нэг талаараа үзэгчдийг татах гэсэн менежмент юм уу?

-Хоёр, гурван талтай. Хошин урлаг хөгжөөд 30-аад жил болж байна. Анх л “Элдэв зураг”, “Туйлшрал” гэж эхэлсэн. Түүнээс хойш хошин урлагийг “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид нэг шат ахиулсан гэж боддог. Алийн болгон л 30-аад жил тоглосон хошин шогийг давтах ёстой гэж. Арай өөр зүйл сэтгэх цаг болсон.  Тиймдээ ч зоригтой алхмуудыг хийж байгаа. Нөгөө талаар манай уран бүтээлүүд зохиолчтой, найруулагчтай, зураачтай байж гэмээнэ бид өөрсдөө мэргэжлийн түвшнээ ахиулж байгаа юм.  4, 5 номер тоглоод л өнгөрөхгүйгээр зохиолтой “юм” хийе. Дүр гаргах гэж хичээе. Тэгвэл бид өөрсдөө ахиж дэвшинэ.  Үүний хажуугаар мэдээж хүн татах зорилго ч бас байгаа.

-“Мөрөөдөл театр” гэхээр Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай, Д.Баттөмөр гэсэн гурван жүжигчин санаанд ордог. Тэгвэл Д.Баттөмөр “Мөрөөдлийн театр”-аас гарсан. Нэг гол жүжигчин нь гарчихаар театрын уран бүтээлд нөлөөлж байна уу?

-Шагай бид хоёр ч гэсэн театраас гарсан шүү дээ. Хошин урлагийн продакшнуудаас ч жүжигчид гарч, ороод явж л байна. Үүнийг би буруу гэж боддоггүй. Батаа маань өөрийнхөө уран бүтээлийг хийе, кино урлагаар дагнана, чөлөөт уран бүтээлч баймаар байна гээд гарсан.  Тэг л гэсэн. Энэ нь “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлд нөлөөлөхгүй. Батаа гарснаас хойш хоёр, гурван том шоу драм хийлээ.

Түүнээс гадна, “Мөрөөдлийн театр” маань 2, 3 жилийн өмнөөс л шинэ бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа.  Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Л.Сөрөлт, Ц.Ганбаяр гэсэн дөрвөн “толгой”-той. Тэгээд Ц.Алдармаа, Ч.Баярмаа гээд ахмад жүжигчид нь гэх юм уу даа, зургаан хүн байна. Бусад нь дандаа залуучууд. 

 Нэг шоунд оролцоод, ялагч болчихоороо дуучин болдог юм биш 

-УДЭТ-т та 8 жил ажилласан. Драмын театраас гараад дахиад 10-аад жил болжээ. Энэ хугацаанд драмын театрын тайзаа санах, сонгодог жүжгүүдэд тоглох хүсэл төрж, адгах үе байсан уу?

-Би дөнгөж сургуулиа төгсөх жил буюу дөрөвдүгээр курстээ найруулагч, УГЗ Б.Баатар гэдэг хүний урилгаар УДЭТ-т орж ажилласан. Дагалдан жүжигчнээр ажилласан хугацаагаа оруулбал бараг 10-аад жил болсон. Одоо хийж чадаж байгаа бүх зүйлээ би Драмын театраас сурсан. Тайзан дээр яаж үг хэлдэг, ямар байх ёстой гэдгээс авахуулаад маш их зүйлийг сурч, туршлага хуримтлуулсан. УДЭТ-т ажиллаж байхдаа Шагайтайгаа танилцаад, хоёулаа хамтлаг байгуулъя гэж зориг шулуудаад, мөрөөдлөө биелүүлэх ажил руугаа ханцуй шамлаж орсон доо.

Эхэн үедээ, жилийн дотор хэцүү байсан. Драмын театрынхаа тайзыг санадаг ч гэдэг юм уу. Харин “Мөрөөдлийн театр”-аа байгуулаад, өөрсдийн гэсэн үзэгчтэй болоод ирэхээр юм өөр шүү дээ. Бид хоёр өөрсдийн гэсэн театраа байгуулчихсан учраас, энэ театрынхаа төлөө ажиллаж, хичээж, зүтгэж яваа учраас өөр зүйл санах, санагалзахгүй болсон. Тэр тусмаа өөрсдийнхөө мөрөөдлийн уран бүтээлүүдийг хийгээд явж байгаа болохоор үнэхээр гайхалтай. Драмын театрт ажиллаж байхдаа би хүмүүсийн мөрөөдөөд ч тоглож чаддаггүй дүрүүдэд тоглож байсан. Сонгодог болон сонгодог инээдмийн том том жүжгүүдийн гол дүрд  тоглож байсан учраас театраас гарсандаа харамсдаггүй.

-Драмын театрт ажиллаж байсан хүн цэвэр драмын жүжигт тоглохыг хүсдэг л байлгүй дээ?

-“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлийн төлөвлөгөөнд драмын жүжиг багтаагаад явж байгаа. Бид хамгийн анхны уран бүтээлийн “Миний нууц хүү” гэдэг цэвэр драмын жүжгээр эхэлсэн шүү дээ. Тийм учраас драмын жүжиг дахиад тавина. Олон улсын фестивалиудад оролцохоор хүсэлтээ өгчихсөн байгаа. Бид аль хэмжээнд яваа вэ гэдгээ үзье л дээ.

-Энэ миний үзэгчийн хувиар боддог бодол. Би таныг хошин шогоос илүү драмын жүжигт тогловол тохирдог юм байна гэж боддог. УДЭТ Красногоров-7” төслийг хэрэгжүүлж байхад та “Солиотой жүжиг”-т тоглож байсан.  Тэр жүжгээр Г.Эрхэмбаяр гэдэг жүжигчний ур чадвар ямар вэ гэдгийг харуулж чадсан гэж боддог юм. Яг л тийм уран бүтээлд тогловол зохих байх. Миний энэ бодолд та юу гэсэн хариулт өгөх бол?

-Миний найзууд, намайг дэмждэг хүмүүсийн 60-70 хувь нь драм нь чамд илүү их зохидог гэдэг. Зарим хүмүүс нь болохоор хошин шогт тоглохдоо сайн ч гэдэг л юм. Би хүмүүсийн энэ үнэлгээнд баярлаж явдаг, ний нуугүй хэлэхэд. Жүжигчин хүн хошин мэдрэмжтэй байна гэдэг маш сайн. Драмыг бүр илүү мэдэрч байна гэдэг нь азаар би  хоёр төрлийн чадвартай жүжигчин болж чадаж байгаа юм байна. Багш нар маань тэгж сургаж гэж баярлаж явдаг. 

-Жүжигчин хүн олон жил нэг хэвийн дүрд тоглохоор түүнээс гарч чаддаггүй, үзэгчдийг уйдааж эхэлдэг гэж би боддог. “Энэ хүн угаасаа л ийм дүрд тоглодог, одоо өөрчлөгдөхгүй юм байх даа” гэх нь ч бий. Олон жүжигчин яг ийм нөхцөл байдалтай тулдаг байх. Та энэ байдлаас яаж тойрч гарахыг хичээдэг вэ?

-Ний нуугүй л ярья. Монголд сайн жүжигчин ч байна, дунд зэргийнх нь ч байгаа. Үгээ яаж хэлж, юу тоглоод байгаа юм бэ гэж өмнөөс ичихээр жүжигчид ч байна. Энэ үнэн, би маш хатуу хэлнэ. Түрүүнд хоёулаа ярьсан шиг хоёр чиглэлээр сайн тоглож чаддаг жүжигчин ч олон бий. Гэтэл ганцхан драмд л тоглоод, хошин урлагт тоглож чадахгүй жүжигчин ч байна. Эсвэл хошин шогоо тоглоод байгаа мөртлөө драмд тохирдоггүй, тоглож чаддаггүй жүжигчин ч байгаа. 

Уг нь бүгд адилхан дөрвөн жил сураад төгссөн, ижилхэн дипломтой. Гагцхүү өөрсдийнх нь унших, мэдэх, чармайх, хичээхээс л болдог. Мөн өөрсдийнх нь зан араншин, хандлагатай ч холбоотой. Болчихлоо, ханалаа гэж боддог.  Нэг хэвийн болчихдог, өөр ямар ч хувирал гарахгүй тулчихдаг. Хэрвээ тийм болох шинж илэрвэл жүжигчин хүн эргээд нэгдүгээр курсдээ очиж, бүх сурсан зүйлээ, багш нарынхаа заасныг сэргээх ёстой. Тэгж байж дахиж шинээр эхэлдэг. Харин нэгэнт нэг хэвийн болоод, баригдчихсан жүжигчин бол насгүй шүү дээ. Жүжигчний замналыг 100-1000 метрийн гүйлттэй зүйрлэе. 100 метрт маш хурдан гүйж болно. Цаашлаад 400, 500 метрт очихоороо хурд нь саарчихдаг. Жүжигчний замналын эцсийн цэгийг 1000 метр гэж бодъё. 1000 метрт гүйхийн тулд хүчээ нөөх хэрэгтэй биз дээ.  Тэгэхээр хувь жүжигчнээс л бүх зүйл шалтгаална.

 -Тэгэхээр байнга л өөрийнхөө хэв маягийг эвдэж, өөр өөр дүрд, уран бүтээлүүдэд тоглож байх хэрэгтэй юм байна?

-Яг зөв. Гэхдээ өдөр болгон шинэ зохиол орж ирээд, өөр өөр уран бүтээл хийгээд байх боломж хомс шүү дээ. Тиймээс өөрөө өдөр болгон шинэ байх ёстой. Өдөр болгон дурлаж, амьдралыг өөрөөр харах хэрэгтэй. Нэг өдөр амьдралыг гутранги байдалтай хар л даа. Нөгөө өдөр нь баяр баясгалантайгаар хар. Жүжигчин гэдэг чинь маш гайхалтай мэргэжил. Нэг өдөр галзуу мэт амьдар. 

-“Мөрөөдлийн театр”-ынхан байнга хувьсаж, өөрчлөгдөхийг хичээж байгаа жүжигчид гэж хардаг. Дуу хүртэл дуулдаг. Та гурав хамтраад “Ээжийн дайсан” киноны хип хоп дууг дуулсан.  “Позови меня” гэдэг дууг ч дууллаа.  Дууны уран бүтээл хийвэл зүгээр юм шиг санагддаг?

-Зарим дуучид энд тэнд таарахаараа “Битгий дуулаад бай” гээд наргидаг юм. Жүжигчин мэргэжилтэй хүн тал талын уран бүтээл хийх хэрэгтэй гэж би боддог. Дуулж үз, бүжиглэж үзэх хэрэгтэй, яадаг юм. Драм, хошин урлаг, кинонд тоглох хэрэгтэй. Тал болгоныг хослуулж үзэх нь зөв гэж би үздэг.  Манай “Мөрөөдлийн театр”-ынхан гоё дуулна. Ганбаа, Шагай гоё дуулна. Л.Сөрөлт ямар дуулдаг билээ. Дуулах нь зөв.

Дуучид, загварынхан кинонд тоглох хэрэгтэй. Жүжиглэж үз. Гэхдээ киноны эхэнд, төгсгөлд титр тавиулахдаа ийм дүрд загвар өмсөгч тэр гэж бичүүлэх ёстой. Тэгэхгүй нэг кинонд тоглочихоод жүжигчин тэр гэж бичүүлээд байдаг.  Одоо их олон шоу нэвтрүүлэг гардаг болж. “Авьяаслаг монголчууд”, “Voice” гэх мэт. Дэлхийн шоу юу гэвэл тийм. Гэхдээ тэд “Voice” шоуны шилдэг оролцогч гэж зарлуулах ёстой. Нэг шоунд оролцоод, ялагч болчихоороо дуучин болдог юм биш. Дуучин болохоор 4, 5 жил суралцсан хүмүүс нь тэгээд яах юм. Кино найруулна аа. Би Г.Эрхэмбаяр кино найруулчихлаа. Тэгэхэд “Zaluu.com” киног найруулсан Г.Эрхэмбаяр гэж бичих ёстой. Түүнээс биш найруулагч Г.Эрхэмбаяр гэж бичиж болохгүй байгүй. Үүнээс болоод л урлаг соёлынхныг үнэлэх ард түмний үнэлэмж багасаад байгаа юм. Хүн болгон дуучин, найруулагч, жүжигчин болчихоод байна.

Миний ганц эмзэглэж явдаг зүйл гэр бүл салалт 

-Үзэгчдийн дунд багагүй дуулиан тарьж, тренд болж байгаа “Бүтэн амьдрал” киноны хамгийн голлох дүрүүдийн нэгд тоглосон. Энэ киноны талаар ярилцъя. Найруулагч Сувидын Баттулга киноныхоо тухай ярихдаа Зоригоогийн дүрд Г.Эрхэмбаяр л тохирно гэж бодож, санал тавьсан гэсэн. Та өөрөө дүрээ юу гэж илэрхийлэх вэ?

-“Бүтэн амьдрал” киноны зураг авалтыг бараг 7 сарын хугацаанд аваад саяхан дууслаа.  Долоон сарын турш гэртээ зарцуулах цаг заваа хумьж байгаад зураг авалтын талбайд Зоригоогийн дүрээр амьдарлаа.  “Бүтэн амьдрал” гэдэг киног би Монголын бүх хүн үзээсэй гэж бодож байна. Миний ганц эмзэглэж явдаг зүйл гэр бүл салалт.  Би өөрөө амьдралдаа ч бас үзсэн. Энэ кино яагаад олон үзэгчтэй байна. Яагаад Зоригоо гэдэг дүрийг үзэн ядаад, Номингийн дүрийг өрөвдөөд байгаа юм. Монголд хосуудын бараг 70, 80 хувь нь энэ амьдралыг туулаад ирчихсэн. Салж нийлээгүй ч гэсэн заавал нууц амрагтай холбоотой асуудал байдаг. Эсвэл байсан, тэр үеэ өнгөрөөсөн. Тийм болохоор илүү хүрч байгаа юм болов уу гэж би бодож байгаа.

Хоёрдугаарт, энэ киног үзээд шүүмжлэхээсээ илүүтэйгээр ойлгож, ухаараасай. Солонгосын ахуй байна л гэх юм. Бухимдмаар кино байна гээд ярих юм. Үүнээс илүүтэй та нарын амьдралд тохиолдох гээд байгаа зүйлийг дэлгэцээр үзүүлж байна. Ийм юм болдог байх нь гэж нэг ч гэсэн хүн сургамж аваад, амьдралдаа алдахгүй байгаасай. Хэрвээ нууц амрагтай бол утсыг нь устгаад, харилцаагаа таслаад, гэр бүлдээ зарцуулах цагаа нэмж, үр хүүхэд, хань ижлээ хайрлаасай. Ийм л сургамж нэг ч болов хүн авч байвал миний, бидний, баг хамт олны зорилго биелэх гээд байна.

-Солонгос киноных нь хэв маягийг шууд дуурайлаа, монгол ахуйд хувиргасангүй гэсэн шүүмжлэл маш их гарч байгаа. Та ч гэсэн сая хэлсэн. Үнэхээр монгол ахуйд хангалттай сайн буулгаж чадаагүй болоод тэгээд байна уу. Монгол эр хүн ийм тохиолдолд тийм үйлдэл гаргах уу гэдэг асуулт ч ар араасаа гарч ирж байна?

-“Бүтэн амьдрал” гэдэг киноны зохиолыг KBS телевизээс албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевиз худалдаж авсан юм билээ.  Ийм кино төслүүд дэлхий даяар байгаа. Хонгконгийн хийсэн киног холливуудынхан хийчихдэг. Хонгконгдоо аль хэдийнэ гарчихсан байхад эрхийг нь аваад, дахиж холливууддаа хийдэг. Яг л ийм зарчмаар хийсэн. Солонгосын зохиол.  Түүнийг нь монгол хөрсөнд буулгаж, монгол жүжигчид тоглож, монгол найруулагч найруулж байгаа юм. Зөвхөн зохиолыг нь авсан.  Үг хэллэгийг нь нэлээд өөрчилж, ажилласан. Солонгосчууд чинь тэрний аав аа гэх мэтээр ярьдаг даа. Тэр болгоныг нь засаж залруулсан. 

Монгол эмэгтэй ийм доожоогүй байдаггүй гээд л байна. Хүний л амьдрал болсон хойно яг ийм зүйл байгаа. Яг л ийм байдаг. Нууц амрагтай эрэгтэй хүн толгой нь эргэхээрээ ийм л үйлдэл гаргадаг.  Тэр эмэгтэй яагаад салахгүй байгаа юм, Номин. “Чи салаад өгөөч” гээд байхад салахгүй байна. Хайртай байхгүй юу. Хайр гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Зоригоодоо хайртай учраас салж өгөхгүй зууралдаад байгаа юм. Хүний амьдралд л байгаа зүйл.

-Энэ киноны гол дүрд тоглох санал тавихад та яаж хүлээж авсан бэ. Үзэгчдийн зүгээс маш их сөрөг хандлага ирнэ гэдгийг тооцож байсан байх?

-Санал тавихад мэдээж баярласан. Зохиолоо авч уншихад маш зузаан байсан. 24 ангийн зохиол юм чинь аргагүй шүү дээ. Зохиолоо 7 хоног уншсан. Тэгээд энэ кинонд  тоглох ёстой юм байна гэж бодсон, маш их сэтгэл хөдөлсөн. Үнэхээр миний сэтгэлийг зохиол хөдөлгөж чадсан.  Номин гэдэг дүрийг маш их өрөвдсөн. Зоригоогийн дүр 1-24 дүгээр анги хүртэл ямар их мэргэжлийн ур чадвар шаардсан юм бэ гэдгийг зохиолоо уншихдаа мэдэрсэн. Тиймээс өөрийгөө туршиж үзье гэж бодсон юм. Би чадах болов уу гэж ч өөрөөсөө асуусан. Тэгээд “Хэрвээ би жүжигчин л юм бол ийм дүрд одоо тоглохгүй бол хэзээ тоглох юм” гэж бодож, зөвшөөрсөн. Энэ дүрд дурлаж киноныхоо зураг авалтад орсон.

 Би алдсан нь үнэн, надаас болсон. Би тэр бүсгүйчүүдийг гомдоож байсан

 

-Эсрэг гэж хэлж болохоор дүрд үзэгчдэд үзэн ядагдахаар хэмжээнд тоглохын тулд маш их судалгаа хэрэгтэй.  Ийм дүрд тоглохын тулд хэр их судалгаа хийв. Эсвэл байгаа тоглолтоороо л гаргасан нь энэ үү?

-Мэдээж ийм дүрд тоглохын тулд судалгаа хийлгүй яах вэ. Би Хүүхэд,  залуучууд, гэр бүлийн хөгжлийн төвд очиж, судалгаа, статистик тоог авч үзсэн. Тэгэхэд залуу гэр бүлийн 70, 80 хувьд нь салалт байна. Тиймээс гэр бүл салалтын талаар дуугарах ёстой гэж бодсон.  Солонгос хувилбарын Зоригоо байгаа даа. Тэр дүрд тоглосон жүжигчнийх нь зургийг л би харсан.  Киног нь үзээгүй. Мэдрэмжийг нь авчихаж магадгүй гэж бодохгүй юу. Өөрийнхөө мэдрэмжээр тоглох ёстой учраас тэр. Харин киноныхоо зураг авалтыг дууссаны Солонгос хувилбарын нэг ангийг үзсэн. 

Тэр жүжигчний жүжиглэлт таалагдсан. Минийхээс арай өөрөөр дүрээ гаргасан байна билээ. Одоо Зоригоо үзэн ядагдаад байгаа биз дээ.  16 дугаар ангиас хойш Зоригоог өрөвдөж дуусна. Энэ миний жүжиглэлтийн арга барил байхгүй юу. Эхлээд би үзэн ядагдах ёстой. Дараа нь “Хохь чинь муу Зоригоо” гэсэн мэдрэмжийг үзэгчдэд өгнө. Тэгээд би өрөвдүүлээд төгсөнө. 

-Та түрүүнд өөрөө ярилцлагынхаа дунд би ч гэсэн гэр бүл салалтыг үзсэн гэсэн. Энэ кинонд тоглох санал ирэхэд өөрийнхөө амьдралтай жишиж бодоод, эвгүй санагдаагүй юу?

-Сайтуудаар маш муухай мэдээллүүд гарсан.Tac.mn гэдэг сайтад аймаар мэдээлэл гарч байсан. Би амьдралыг Намуунаатай шинээр эхэлж байгаа. Би алдаж явсан, үнэн. Надаас болсон. Би тэр бүсгүйчүүдийг гомдоож байсан. Гэхдээ одоо бүгд сайхан амьдарч байгаа. Миний хоёр хүүхэд хоёулаа надтай хамт амьдарч байгаа. Эхнэрээ жирэмсэн байхад нь, нялх биетэй үед нь хаяад явсан гэх мэт мэдээлэл гарч байсан. Надад тэгж байсан удаа байхгүй.  Би салалт гэдгийг мэдэрсэн, туулсан.  Гэхдээ энэ кино миний амьдралтай ямар ч хамаагүй, холбоогүй.

Хүмүүс амьдралаасаа сэдэвчилсэн, өөрийнхөө амьдралаар хийсэн гээд байгаа. Миний амьдралтай ямар ч хамаагүй, ганц ч текст нь ойрхон биш. Миний амьдрал огт өөр шүү.

-Жүжигчин Г.Эрхэмбаяр “Бүтэн амьдрал”-ын Зоригоотой харьцуулшгүй байх.  Та амьдралд илүү ухаалгаар хандаж байсан биз дээ?

-Хүмүүс Зоригоо гэдэг дүрээр л намайг төсөөлөөд байна. Энэ хоёрын нэг л зүйл холбоотой. Би амьдралдаа алдсан гэдгээрээ. Намайг ямар хүн бэ гэдгийг манай театрынхан, найзууд, дүү нар хэлэх байх. Би өөрийгөө дүгнэх нь юу юм. Ний нуугүй хэлэхэд,  зарим нь “Аавын энтэй ах” гэдэг. Эр хүн шүү гэж хэлдэг нь ч байгаа. Би эмэгтэй хүнийг дэндүү их хүндэлдэг дээ. Гэхдээ л би тэр хүнтэй нэг гэрт байж болохгүй л байсан хэрэг.  Асуудал үүсэхээр би дув дуугүй болоод л гараад явчихдаг.

Гэтэл сайтуудад намайг эхнэрээ зодсон гэх мэтээр, хүний ой тоонд багтахааргүй юм бичсэн байсан. Хүний амьдралыг сайн мэдэхгүй байж тэгж болохгүй биз дээ. Цаана нь Г.Эрхэмбаяр гэдэг хүний амьдрал байгаа. Хань ижил нь, ээж, үр хүүхдүүд нь байгаа гэдгийг мэдэх ёстой. Гэхдээ би энэ асуудалд нэг их эмзэглээд байдаггүй л дээ. Тэр сайтынхан миний талаар янз бүрийн юм бичээд, хандалт авдаг л байх. Гол нь цензуртай байх хэрэгтэй. Би тэдэнтэй хөөцөлдөөд, яриад, шүүх цагдаа болохыг хүсдэггүй. Хаячихдаг юм.

-Гэр бүл салалт ямар хэмжээнд хүрснийг тоо баримт харуулж байгаа. Хамгийн эмзэглэмээр сэдэв болчихоод байна. Та өөрөө энэ амьдралыг туулаад гарсан хүний хувьд. Хүмүүст эерэг сэдэл өгье гэж зорьж “Бүтэн амьдрал” кинонд тоглож байгаагийн хувьд залуучуудад юу хэлэх вэ?

-Ганцхан гэр бүл гэлтгүй мэргэжил сонгохдоо ч хүртэл хариуцлагатай байх хэрэгтэй байна, залуучууд. Яагаад гэвэл, тэр мэргэжлийг насан туршийнхаа хоолыг гэж бодох хэрэгтэй. Мэргэжлээ зөв сонгож, түүндээ үнэнч ажиллах хэрэгтэй. Тэгээд гэр бүлээ зөв сонгосноор хүний сайхан амьдрал эхэлдэг гэж би боддог.  Гэхдээ би одоо залуучуудад эхнэртээ үнэнч бай, мэргэжлээ зөв сонгоорой гэж хэлэхгүй. Харин өөрөө өөртөө үнэнч байгаарай л гэж хэлье.  Хүн хэзээ ч өөрийгөө хуурдаггүй. Хүнийг хуурч болно, худлаа хэлж болно. Харин ганцаараа байхдаа өөртөө үнэнчээр ярьж эхэлдэг. Өөрийгөө л хуураад эхэлбэл хүнээ байна.

Өөрөө өөртөө үнэнч байвал бүх зүйл дэс дарааллын дагуу зөв явдаг юм байна гэж би ойлгосон.  Амьдралаасаа. Би бүр задлаад ярья. Өглөө заавал 08:00 цагт босож байя гэж өөртөө хэлчихээд 10:00 хүртэл унтаж болохгүй. 08:00 цагт босно л гэж өөртөө хэлсэн бол түүнийгээ биелүүл. Энэ чинь өөртөө үнэнч байгаагийн шинж.  Өдөрт нэг хүн заавал баярлуулж байя гэж бодсон л бол түүндээ хүр. Энэ дадал чамайг зөв зам руу аваачина.

Айл болгон бүтэн амьдралтай байгаасай гэж энэ киног зориулж хийсэн юм шүү 

-Та түрүүнд ярианыхаа дундуур эрчүүд бидэнд буруу их байгаа гэж хэлсэн. Гэр бүл салалтад эрчүүдийн буруу их байна уу. Тэр дундаа нууц амрагтай холбоотой асуудлыг эрчүүд эхэлж үүсгэдэг гэж хэлэх үү?

-“Бүтэн амьдрал”-ын зохиол эрэгтэй хүн нууц амрагтайгаа байгаагаар эхэлдэг. Кино өрнөөд эхлэхээр Зоригоогийн буруу биш ч юм шиг. Эхнэр нь өөрөө арчаагүй байсан ч юм шиг. Дандаа уурлаж яншдаг байсан гэх мэт харилцааны түүх нь хүмүүст ил болж эхэлдэг.  Манай ардын сайхан үг бий. Гээндээ ч бий гоондоо ч бий гэж. Би бүх зүйл эрчүүдээс эхэлдэг. Эсвэл бүх зүйл бүсгүйчүүдийн аашнаас болдог гэж ярих гээгүй. Харилцааг маш их чухалчлах хэрэгтэй, хосууд. Маш гоёор, нээлттэй хоорондоо харилцах хэрэгтэй. Яагаад “Нэгэн биеийн минь нөгөө тал” гэж дуулаад байгаа юм.  Бид хоёр нэг хүн шүү гэж яагаад ярьдаг юм бэ.

Нэг хүн болж байгаа бол миний түрүүний хэлсэн өөрөө өөртөө үнэнч байх ёстой гэдэг зарчмаа дага. Эхнэр, нөхөр хоёр нэг бие. Нэгэн биеийн нөгөө тал, хос багана гээд ярьдаг даа. Тэгэхээр хүн хань ижилдээ үнэнч байх байгаа нь өөрөө өөртөө үнэнч байгаагийн шинж. Тиймээс харилцаандаа маш их анхаарах ёстой.

-Нууц амрагийн харилцаа гэхээр л эргээд сэтгэл зүрхтэй холбогддог.  Тэр эрэгтэй, эмэгтэй анх нэг хүнд үнэхээр хайртай болоод ханилдаг. Тэр хайр хаана хүрч дуусчихаад, дахиад эхлээд байгаа юм бэ.  Энэ хүн бүрийн ойлгох гэж хичээдэг зүйл байх. Та юу хэлэх вэ?

-Анхны хайр гээд л ярьдаг.  Миний хань, хайр гэдэг. Гэтэл салчихдаг. Хайр нь хэзээ дуусчихсан юм, хаана байгаа юм бэ. Хайр нэг л байдаг. Харилцаа гээд би түрүүнд хэлсэн. Харилцаа хайрыг үгүйсгэж, далдуур амьдралыг бий болгодог байх нь. Өдөр болгон хайрттайгаа харилцаагаа шинэчилж, шинээр дурлаад, улам л өнгөлөөд байвал хосууд амьдраад л байна.  Түүнээс биш мөнгө төгрөг, баян, ядуу, гоё сайхан хүний амьдралд чухал биш. Г.Эрхэмбаяр нэг бүсгүйтэй амьдарч байхад тэндээс нэг их сайхан, машинтай, баян эмэгтэй ороод ирэхээр “Чамд хайртай байхаа болилоо” гээд явчихгүй.

Харин хажууд байгаа хүнтэйгээ харилцаа нь хүйтрээд ирвэл хэцүү болно. Би тэгж л боддог. Түүнээс биш нэг дэх хайр нь дуусчихлаа, одоо хоёр дахь хайр гэж байхгүй ээ. Хүмүүсийн хэлдгээр сэтгэл хөрчихвөл хэцүү. Энэ чинь харилцаа байхгүй болсноос үүдэлтэй.

-Та эхнэртэйгээ одоо харилцаагаа маш сайхнаар авч явахын тулд үргэлж өнгөлж, зүлгэж, хичээдэг биз?

-Миний хувьд одоо “Бүтэн амьдрал” болсон. Намуунааг ч гэсэн хүмүүс мэдэх байх. Манай “Мөрөөдлийн театр”-т байсан.  Нөхрөөсөө салаад 7, 8 жил болсон байсан үед бид хоёр учирсан.  Хоёр талаасаа бид хоёр хоёр хүүхдээ дагуулаад л нийлсэн. Одоо ам бүл зургаа болоод, бүтэн сайхан амьдарч байна. Бид ханилаад зургаан жил өнгөрч, багагүй хугацааг туулжээ.

-Гэр бүл салалтаас хамгийн их хохирдог нь хүүхдүүд. Эмэгтэйчүүд нөхрөөсөө салаад, өөр хүнтэй гэрлэдэг. Гэрлэсэн хүн нь хүүхдийг нь дутуу хайрладаг, цаашлаад янз бүрийн асуудал үүсдэг.  Та одоо бас л хойд аав болсон. Хүний, өөрийн гэхгүй хүүхдүүдээ хайрлах ухаан хангалттай суусан байх гэж бодож байна. Яг ийм амьдрал туулж байгаа залуучуудад хэрэгтэй зүйл хэлэх байх?

-Хүүхдүүдийг нээлттэй болгож өсгөх хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцдаг байх ёстой гэж би боддог.  Эцэг, эхчүүд нь өөрсдөө ухаан гаргачихвал хүүхдүүд аав, ээжийнхээ ухаанаар л өсдөг. Манай дөрвөн хүүхэд ямар ч асуудалгүй, ойр дотно. Нэг эхийн хэвлийгээс гарсан юм шиг л байдаг. Бүгдээрээ жаахан байна даа.  Гол нь л томчууд нь ухаан гаргах хэрэгтэй. Яг тэгэх ёстой гэж заачихаар сурах бичиг байхгүй.  Намуунаа бид хоёр хоорондоо нэлээд ярилцдаг. Ингэх ёстой шүү, тэгэхэд нь өмөөрчихвөл болохгүй гэдэг ч юм уу. Бид хоорондоо сайн ярилцаж, ухаан зарж амьдарч байгаа.

-“Бүтэн амьдрал” киног бүтэн үзсэний дараа хүмүүс юу ойлгох бол. Та юу ойлгоосой гэж бодож байна?

-Хүмүүс олон янзаар л хүлээж авах байх. “Ашгүй минь, бухимдал төрүүлдэг кино дууслаа” гэх нь ч байх болов уу. Зарим нь ухаарал авах байх. Манай киноны найруулагчийн хэлэх гэсэн санаа, жүжигчдийн хөдөлмөр нэн түрүүнд нийгэм рүүгээ хандах байсан. Гэр бүл гэж байхгүй бол улс гэж байхгүй. Тиймээс гэр бүл гэдэг хамгийн том зүйл. Монголын айл бүр, гэр бүл болгон, хосууд, залуучууд хоёр дахь амьдралыг битгий зохиогоосой. Бүгд л бүтэн амьдралтай байгаасай гэж бид энэ киног зориулж хийсэн юм шүү.

-Бидний урилгыг хүлээн авч VIP ярилцлагын буланд маань өнгө нэмж, чин сэтгэлээсээ ярилцсан танд их баярлалаа. Уншигчид болон хамт олныхоо зүгээс таны цаашдын уран бүтээл өндрөөс өндөр амжилт хүсье.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.23Зочин   • 2020, 4 сарын 19. 0 цаг 46 минут

Good

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.