2020 оны 3-р сарын 24
8 цаг 00 минут

Ц.Оюунгэрэл: С.Эрдэнэ даргынхаа өмнөөс уучлал гуйя

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ХҮНСНИЙ НОГООНЫ ХАЯГДЛАА ЭСГЭЖ, ДАГТАРШУУЛЖ, БОРДОО ХИЙХ АЖИЛ ТУРШИЖ БАЙНА-

-Та сүүлийн үед юу хийж байна вэ. Сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Сүүлийн үед “Жорлонгоо өөрчилье” баг дотроо гэрээсээ ажиллах горимд шилжих шилжилтийн ажлуудаа зохион байгуулж байна. Карантинтай байгаа энэ цаг үед аль болох хүмүүсээ бөөгнөрүүлэхгүйгээр гэр гэрээс нь ажлаа хийх боломжийг бүрдүүлж байна. Онлайн оффист шилжээд хоёр долоо хонолоо.  Өдөр бүр хүмүүстээ сургалт зохион байгуулж, онлайнаар хурлаа хийж, шийдвэрүүдээ гаргаж байна. Манай оффисынхон нэлээд дадлагашиж эхэлж байгаа. Онлайн хуралд эхнийхэд нь гурван хүн, дараагийнхад нь тав, сүүлийн хуралд долоо гэх мэтээр багийн гишүүд онлайн оффистоо суралцаад явж байна. Нөгөө талаас нэгэнт улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа.

Дэлхий даяар урьд өмнө үзэгдээгүй том хямрал үүсч байгаатай холбогдуулан нийгмийн соён гэгээрүүлэх ажил бас хийж байна. Нийтийн эрүүл мэндэд чиглэсэн гараа сайн угаах, халдвараас урьдчилан сэргийлэх, гэртээ хувийн бэлтгэл хэрхэн хийх талаар богино хэмжээний нэг минутын видео контентуудыг гаргаж цацаж байгаа.  Бас нэг шинэ ажил байна. Манай “Жорлонгоо өөрчилье” багийнхан органик хог хаягдлыг менежмент хийж сургах тал дээр ажиллаж, өөрсдөө туршилт хийж эхэлсэн. Би гэхэд бокэши гэдэг саванд хүнсний ногооны хаягдлаа хийж эсгэж,  дагтаршуулж бордоо хийх ажлыг гэртээ туршиж байна. Өөрийнхөө оролцоотойгоор хүмүүст заангаа хойд Европт түгээд байгаа гэртээ бордоо бэлтгэх ажлыг хэвшил болгохыг хүсч байна.

-Гэртээ ногооны хальсаа хадгалж бордоо болгоно гэсэн үг үү?

-Тийм. Манайх гэрт ногооны хог хаягдал хийж дагтаршуулж эсгэдэг бокэши гэж савыг зах зээлд нийлүүлж эхэлж байгаа юм. Тэр савыг яаж ашигладаг, хэд хонож дүүрдэг, дүүрэхээр нь яах вэ гэх асуудлуудыг Монголын зах зээлд шууд нэвтрүүлэх гэхээр манайд тийм туршлагатай айлууд цөөхөн байдаг юм байна. Тиймээс манай багийн гишүүд гэр гэртээ туршилт хийж байна. Хийж байгаа зүйлээ нийгмийн сүлжээнд тавьж, хүмүүст мэдлэг мэдээлэл түгээж эхэлж байна.

-ЯМАР АЗААР ЭМЭГТЭЙ САЙДТАЙ ҮЕД БИД ЭНЭ СОРИЛТЫГ ДАВАН ТУУЛЖ БАЙНА ВЭ-

-Коронавирусийн дэгдэлт дэлхийн ихэнх улсад тархлаа. Манай улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг та ямархуу байна гэж дүгнэж байна вэ?

-Манай арга хэмжээ эрт эхэлсэн. Эрт эхэлнэ гэдэг маш сайн. Хамгийн их халдвар гарч байсан Хятад улстай шууд хил залгаа нөхцөлд эрт урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн нь маш зөв. ЭМЯ-нд сэтгэл маш ханамжтай байгаа. Ямар азаар эмэгтэй сайдтай үед энэ сорилтыг бид даван туулж байна вэ гэж дотроо бодож, Д.Сарангэрэл сайдад талархаж байгаа. ЭМЯ-ны фронтод явж байгаа бүсгүйчүүд, эмч, сувилагчид, эрдэмтэд, шинжилгээ хийж байгаа хүмүүс, ЭМЯ-ны албаныхан энэ нөхцөл байдалд дотоод итгэл, дотоод тайван байдлаа маш сайн хадгалж чадаж байгаа нь гайхалтай. Хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж дутах, эмнэлгийн орны хүрэлцээг ярихгүйгээр манлайллыг нь ярихад,  ЭМЯ-ны манлайлал маш зөв байна.

-Манай иргэд айж сандрахгүйгээр, маш тайван байгаа. Энэ ЭМЯ-ныхны манлайллын үр дүн мөн үү?

-Ард иргэдээ маш сайн ухуулан сэнхрүүлж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулж байна. Нөхцөл байдлыг дор дор нь тогтвортой мэдээлж байна. Ил тод байна. Вэбсайт нь маш ойлгомжтой, мэдээлэл сайтай болсон байсан. Дээр нь хамгийн гол нь гарч ирж мэдээлэл хийхдээ маш тайван. Нөхцөл байдлыг удирдаж чадахуйц, итгэл төрүүлэхүйц манлайллыг үзүүлж чадаж байна.

Энэ мэт хямралт нөхцөл байдал нэг, хоёрхон хоног үргэлжлээд өнгөрөхөд онцгой байдлынхан, цагдаагийнхныг магтаад, алга ташаад өнгөрч байсан. Удаан хугацаанд үргэлжилсэн, олон хүнийг хамарсан, цаашид хэрхэх нь мэдэгдэхгүй ийм нөхцөл байдалд хямралын менежмент хийнэ гэдэг бол маш их мэдлэг шаарддаг. Урт хугацааны манлайлал шаарддаг ажил юм байна гэдгийг ЭМЯ-ны ажлаас хараад байна. Мэдлэг чадвартай хүмүүс байна шүү. Тэдгээр хүмүүст талархал илэрхийлмээр байна.

-ОДОО НАМААР ТАЛЦДАГ ЦАГ ҮНЭНДЭЭ БИШ-

-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг мэргэжлийн бус гээд өмнө нь маш их шүүмжилдэг байсан. Гэтэл одоо хамгийн сайн хүн болж, салбараа мундаг удирдаж байна гэцгээх боллоо. Заавал салбарынх нь хүн салбараа удирдана гэдэг нь өрөөсгөл юм уу даа?

-Ер нь сайд гэдэг улс төрийн удирдлага. Улстөрийн удирдлага гэдэг бол манлайлал. Тэгэхээр манлайллыг хэрэгжүүлж байгаа хүн мэргэжлийнх байсан ч болж байна. Мэргэжлийн бус мөртлөө мэргэжлийн хүмүүсээ яс ажиллуулаад хийж ч болж байна. Ямар манлайлал муу байдаг вэ гэхээр өөрөө мэргэжлийн бус мөртлөө мэргэжлийн хүмүүсээ сонсож чаддаггүй манлайлал буруу. Ийм зүйл дампууралд хүргэдэг. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсээ сонсож, мэргэжлийнх нь дагуу сайн ажиллуулж чаддаг байвал улстөрийн манлайлагч заавал нарийн мэргэжлийнх байх албагүй. Харин тэгж чадахгүй мөртлөө мэргэжлийн хүмүүсээ цүнхчингүүдээрээ орлуулчихаад явж байвал ёстой дампуурна. Аливаа салбар мэргэжлийн хүмүүсийнхээ бат бэх өмөг түшигт нь тулгуурлаж өндийж байх ёстой гэж л хэлмээр байна.

-Танай намын дарга С.Эрдэнэ коронавирустэй хүмүүсийг зөөж авчирсан нь буруу гэх утгатай мэдэгдэл хийчихсэн?

-Би АН-ын гишүүний хувьд С.Эрдэнэ даргынхаа өмнөөс уучлалт гуйя. Тэгэх эрх надад байгаа гэж бодож байна. С.Эрдэнэ даргад хэлэх гэсэн үгээ цагаа олж, зөв томъёолох ур чадвар дутлаа л гэж хэлэх байна. Санаа зовж байгаа асуудлыг нь ойлголгүй яахав. Харин түүнийгээ илэрхийлэхдээ дайрч давшилсан, иргэдээ ялгаварлан гадуурхсан, ялангуяа эрсдэлд байгаа иргэдийнхээ сэтгэлд юм хийх хэмжээнд хэлсэн  нь харамсалтай зүйл болсон гэж бодож байна.

-АН-ын хувьд МАН-ын эсрэг  болж,  юу ч хэлж, ярьж, сэтгэж байсан хамаагүй гэсэн ойлголтой байгаад байна уу?

-Би тэгж намаар талцуулмааргүй байна. Одоо намаар талцдаг цаг үнэндээ биш. Дэлхий нийтээрээ онцгой хямралтай нүүр тулаад байхад аль болох тайван, мэдлэгтэй, вирусээс хурдан мэдлэг мэдээллээ түгээж баймаар байна. Бие биедээ мэдлэг, мэдээлэл, зөвлөмж, хүч өгч байдаг хурдаа нам улс төрийн улстөржсөн саад тотгороор сааруулах ёсгүй. Бид бие биенийгээ асар их дэмжих ёстой. Монгол хүн бүрийн дархлаа бол бидний зэвсэг. Хаа нэгэн газар, хэн нэгэн хүн ядарлаа зүдэрлээ, дулаан хувцас өгөөч, ус өгөөч гэсний төлөө битгий загна. Харин дархлааг нь дэмж. Дулаан хувцасыг нь өг. Хайр халамжаа тавь. Бие биедээ жаахан сэтгэл гаргаад, хайр халамж тавихад монгол хүний дархлаа энэ вирусыг устгана. Ямар ч тогтоол шийдвэр гаргаад,  тамга дараад тэр вирусыг утсгаж чадахгүй. Бид нэг нэгэндээ хайр найргүйгээр сэтгэлийн дэм өгч байх ёстой.

-КОРОНАВИРУС БИДЭНД ТҮРГЭВЧИЛСЭН СОЁЛЫН ХУВЬСГАЛ ӨГЧ БАЙНА-

-Монгол хүмүүс бусад улс орнуудын хүмүүсийг бодоход бие биедээ хайр, энэрэлтэй хандаж байгаа гэж ажиглагдаж байгаа?

-Тэр чинь л хүнийг эдгээнэ. Хайр халамж тавьж байгааг анзаарч байгаа. Эмч нарыг дахин дахин шүтэж байна гэдгээ хэлье. Маш олон хүнд сэтгэл гаргана гэдэг хүнээс асар их энерги шаарддаг.   Цалин пүнлүү нь ямар байгаа билээ. Тийм байхад өөрсдийн ар гэрээ орхиж, маш олон хүнд хайр халамж тавиад, сэтгэлзүйн тайван байдал үүсгээд налайгаад байж байна гэдэг өөрөө үнэндээ дээдийн буян юм. Бид буянтай л баймаар байна. Одоо л нэг нэгэндээ буянаа өгдөг цаг.

-Манай иргэд маш хариуцлагатай байгаа санагдаж байгаа. Та санал нийлэх үү?

-Үнэхээр гоё байна. Би өдөр бүр гэрээсээ алхдаг. Өдөрт 10 км алхаж байна. Өмнө нь алхаж байхад зам дээр бөөлжсөн, шүлс, нусаа хаячихсан, тэр байтугай өтгөнөөр бие зассан байх нь ч тааралддаг байсан. Гэтэл сүүлийн үед шүлс, нус байтугай тамхины иш ч харагдахгүй  байна. Шалаа угаачихсан юм шиг гудамжаар явах ямар сайхан юм бэ. Сайхан мэдрэмж авч байгаа. Хүмүүс  хүртэл хоорондоо зөрөхдөө зайгаа бариад зөрдөг болчихож. Хаана ч очсон гар угаах саван, гар ариутгагч спирт байдаг болж. Энэ бол үнэхээр соёл, дэвшил юм.

Аливаа юманд заавал сайн тал байдаг шиг коронавирус гэгч өвчин бидэнд түргэвчилсэн соёлын хувьсгал өгч байна. Тэгэхэээр гарын, хоол ундны, гудамж талбайн ариун цэврээ бид үнэхээр сайн сахиж байна. Одоо бидэнд сахих ёстой нэг ариун цэвэр байгаа. Энэ нь жорлонгоо өөрчлөх. Хүмүүсийг жорлонгоо өөрчилье гэсэн хүсэл зориг нь дэврээд ирэх үед жорлонгоор яаж таслахгүй байх вэ гээд бид зээл хүртэл хөөцөлдөж байна. Санхүүгийн хувьд эргэн тойрондоо бүгд хямарчихаад байгаа цаг үед иргэдээ яаж жорлонгоор таслахгүй байх вэ гээд багаараа ажиллаж байна.

-Та бүхний ажлыг мэдрээд, жорлонгоо өөрчлөхөөр шийдэж хандаж байгаа хүмүүс нэмэгдэж байна уу?

-Нэмэгдэж байна. Жорлон асууж утасдах нь эрс ихэссэн. Өвөлдөө газар хөлдүү байдаг учраас нэг, хоёрдугаар сард борлуулалт цөөхөн байсан. Одоо бол захиалга нэмэгдсэн. Коронавирусээс хойш хүмүүс жорлонгийн талаар маш их зөвлөгөө авч байгаа. Манай борлуулагчид биднээс жорлонгийн хангалтаа нэмэгдүүлээч гэж шаардаж байна.  Авч байгаа хүмүүс нь манай жорлонг маш сайн судалж. “Жорлонгоо өөрчилье” фэйсбүүк групп  рүү ороод бүх видеонуудыг үзчихсэн байна. Тэгээд залгаад жорлонг маань гэрт хүргээд ирвэл би өөрөө угсарчихаж чадна гэж байгаа юм. Үнэхээр сэтгэл хөдлөм. Хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө, байгаль орчныхоо төлөө маш хариуцлагатай болж байна. Жорлонгоо яаж шаардлага хангасан болгох вэ гэдэгт маш их санаа зовдог болсон байна.

-2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙГ СОНИРХОХГҮЙ-

-Сонгууль дөхөж байна. Таны хувьд 2020 оны сонгуульд нэр дэвших үү?

-Миний хувьд “Жорлонгоо өөрчилье” гэдэг ажлаа л үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Энэ ажлыг орон нутгийн түвшинд хийхээр хуулинд заасан байдаг. Би тэр хуулийг өргөн барьсан хүн л дээ. Ер нь орон нутгийн түвшинд жорлонгоо өөрчлөхгүй бол нийгмийнхээ суурь том том асуудлуудыг шийдэж чадахгүй гэж боддог. Тиймээс энэ жилийн хувьд УИХ-ын сонгуулийг сонирхохгүй.

-Эмэгтэй гишүүдийн квотын асуудлаар та нэлээд дуугардаг гишүүн байсан. Саяхан эмэгтэй гишүүд квотоо 30 хувь болгоё гэтэл чуулганаар хэлэлцээд унагаачихсан?

-Ер нь эмэгтэй хүмүүсийг дэмжихэд нийгэмд ямар өөрчлөлт авч ирж болдог юм бэ гэдгийг бид бага багаар харуулаад яваад байгаа гэж боддог. УИХ-д 2012 онд сууж байсан эмэгтэй гишүүдийг хүмүүс одоо болтол ярьдаг. Эмэгтэй гишүүд нь Тамхины хууль өөрчлүүлсэн. Хог хаягдлын хууль өөрчлөгдсөн. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зүйлүүд хийсэн. Харин энэ удаагийн парламентийн гишүүд нэгдээд бид ийм юм хийчихлээ гэдэг тайлангаа гаргаагүй байна. Гаргаад ирвэл сонирхолтой зүйл гарч ирэх байх. Эмэгтэйчүүдийг олноор нь харж байгаа хамгийн сүүлийн үеийн баг бол ЭМЯ-ны онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа багийг хэлмээр байна. Үнэхээр мундаг байна.

Бид эмэгтэйчүүдийгээ шийдвэр гаргах түвшинд 30 байтугай хувиар дэмжмээр байгаа юм. Ядахдаа 30 хувь хүргэнэ гэдэг амлалтаа бид НҮБ-д өгчихсөн. 2000 оноос хойш л тийм амлалт өгөөд байгаа. 2015 онд дахиад амлалт өгсөн. Энэ амлалтдаа 2030 оноос өмнө хүрэх ёстой. Бидэнд одоо 2020, 2024, 2028 оны сонгууль гээд гурван сонгууль байна. Энэ гурван сонгуульд багтаж эмэгтэйчүүинхээ квотыг 30 хувиар батлах ёстой. Энэ жил батлах байх гээд хартал баталсангүй. Гэхдээ дараагийн сонгуулийн өмнө үүнийг ярих ёстой.

-Одоо байгаа эмэгтэй гишүүд ажлаа хэр сайн хийж байна вэ?

-Манай эмэгтэй гишүүд нийлж тайлангаа гаргах хэрэгтэй. Тэгэх юм бол хийсэн ажлыг нь харна. Ирцийн хувьд УИХ-д хамгийн их ирцтэй, өндөр оролцоотой байдаг нь эмэгтэй гишүүд л байдаг. Өөрийнхөө намаас нэр дэвшээд, УИХ-д сууж байгаа З.Нарантуяа гишүүнийг онцлох дуртай. З.Нарантуяа ганц дайчин ганцаардахгүй гэгчээр төсвийн хуулинд хяналт тавих асуудлаар эмэгтэй хүний хувьд эрчүүдийн олж хардаггүй нарийн нарийн зүйлсийг олж хардаг. Төсвийн асуудлыг жинхэнэ утгаар нь парламентад гаргаж ирж чаддаг. Төсвийн анализ маш сан хийдэг. Төсвийн анализ хийх хэмжээний эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс л сангийн сайдыг зөв ажиллаж байна уу, буруу ажиллаж байна уу гэдгийг мэдэрч,  Засгийн газрыг хянах чиглүүлэх үүргээ зөв биелүүлнэ гэсэн үг. Тийм хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа парламентын гишүүд бараг харагддаггүй шүү. З.Нарантуяа гишүүн үлгэр дуурайлал болж байна.

-Одоо УИХ-д яруу найрагч, дуучин, бөхчүүд олон байна. Энэ сонгуулиар ч олноороо нэр дэвшихээр зэхсэн сурагтай. Энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм бол?

-Энэ  тэр хүмүүсийн буруу биш л дээ. Сонгуулийн мажоритар системийн гажуудал. Үндсэн хуулиндаа мажоритар систем оруулчихсан, пропорциональ системээ болохгүй гээд хорьчихсон. Тиймээс хамгийн их танигдсан,  хамгийн түрүүнд дугуйлчих боломжтой нэрийг олохын тулд намууд олны танил хүмүүийг хайдагтай л холбоотой. Олны танил хүмүүс гэхээр спорт, урлагт ихэвчлэн байна шүү дээ. Рейтинг тогтоогоод ирэхээр тэр хүмүүс гараад ирдэг. Олны танил болсон нь тэдний буруу биш. Харин сонгуулийн системийн л үр дагавар. Намыг ч, нэр дэвшигчийг ч, ард түмнийг ч буруутгаж чадахгүй байна. Тэгэхээр бүх хүний боловсрол өндөр болж байж л сонголтоо зөв хийдэг болох ёстой болж байна. Нийтийн боловсрол гэдэг улс орныг сууриар нь чанаржуулж байдаг.

-Энэ УИХ түүхэндээ хамгийн нэр хүнд муутай гэдэгтэй та санал нийлэх үү?

-Би шүүмжилж байгаа. ЖДҮ, 60 тэрбум л гэнэ. Юу юу ч болоод байгаа юм. Төрийн ордонд хүртэл хүн нас барж байна. Энэ бол үе үеийн парламентаасаа хамгийн нэр хүндгүй парламент болчихлоо  л гэж харж байна.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.