Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийг ТЭГЛЭХ зэрэг иргэд рүү чиглэсэн эдийн засгийн долоон чухал арга хэмжээг авахаар болсон талаараа мэдээллээ. Үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг хэрхэн шийдэх талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын төсөв одоогоор 275 тэрбум төгрөгөөр дутуу ороод байна. Өнөөдөр танилцуулсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 5.1 их наяд төгрөгийг Засгийн газар Төрийн сангийн мөнгөн хөрөнгийг удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар шийдээд явна.
Өнгөрсөн гурван жилд санхүүгийн сахилга баттай байж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, 8.2 их наяд төгрөгийн өрийг нугалсан. Үүндээ тулгуурлаад одоо байгаа мөнгөн хөрөнгөөр шийдэх боломжтой. Засгийн газар эдийн засагт нэлээд мөнгө хийхээр болж байна. Инфляц, ханшид нөлөөлөх үү гэж санаа зовж байх шиг байна. Өнөөгийн нөхцөлд ард иргэдийнхээ амьдралыг дордуулахгүй байх, бэрхшээлийг нимгэлэх чиглэлээр ийм арга хэмжээг авч байгаа тул өсөлтийн үеийнх шиг инфляцад нөлөөлөхгүй. Засгийн эрх авахад гадаад валютын нөөц 1 тэрбум доллар байсан бол 4.2 тэрбум доллар болж нэмэгдсэн. Ийм үед л ашиглах гэж нөөцтэй байдаг. Тиймээс валютын ханшид нөлөө орохгүй гэдэгт итгэж болно.
Ийм хямралтай үед урьд өмнөх шигээ алдаа гаргах эрх байхгүй. Долоо хэмжиж нэг огтол гэсэн зарчмаар ажиллаж байж үүнийг танилцуулж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл бичих