Өнгөрсөн гуравдугаар сард үйлдэгдсэн чартер нислэгээр Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо ирсэн. Тус нислэгээр жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настан, эмчилгээ хийлгэж байгаа зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдээ нэн даруй авч ирнэ гэж байсан ч ийнхүү УОК-ын дарга, Шадар сайдын хүү ирсэн нь ар, өврийн хаалганы хүмүүс ирсэн гэх гомдлыг дагуулсан юм. Харин энэ асуудалд УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин тайлбар өглөө.
Тэрбээр "Өмнөх чартер нислэгээр ирсэн 1000 хүний дунд миний хүү ирсэн. Берлин-Мосвка-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн. АНУ-д сурдаг байсан. Тус онгоцоор 231 иргэн ирсэн. 20 орчим суудал хоосон байсан. Тиймээс ямар нэгэн хүний урдуур очер дараалал дайраагүй. Ном журмынхаа дагуу билетээ бичүүлээд Москвагаар орж ирсэн. Ер нь хэн ч байсан эх орондоо ирье гэхэд "Миний хүү учраас цаашай бай", "Даргын хүү ирэхгүй" гэхчлэн түлхэх боломжгүй. Би лав чадахгүй. Хамгийн гол нь хүний очер дайрах ёсгүй, төлбөрөө төлсөн байх ёстой. Ямар нэгэн ар, өврийн хаалгаар тус онгоцонд суух ёсгүй. Онгоцонд ямар нэг хууль дүрэм зөрчих үйлдэл гаргаж болохгүй. Ийм л шаардлага тавина.
Сошиал дээр хүний өмнөөс ярилцлага хийгээд таьдаг болж. Жишээ нь, Энхтүвшин хүүгээ ирсэнийг мэдээгүй гээд миний өмнөөс худлаа тайлбар зохиогоод гаргасан байна. Би тийм тайлбар өгөөгүй, өгөх ч үгүй" гэв.
Б.Аз