Италийн "Ювентус" клубын довтлогч Криштиано Роналдо энэ улиралд замналынхаа туршид 1 тэрбум еврогийн орлого олсон анхны хөлбөмбөгч болно хэмээн Forbes мэдээллээ. Энэ жил 35 настай Португал эр коронавирусийн халдварын улмаас цалингийнхаа тодорхой хувиас татгалзсан ч гэсэн энэ улиралд дуусахад тэрбум еврогийн орлогод хүрэх нь тодорхой аж.
Мөн тэрбээр зодог тайлахаасаа өмнө тэрбум еврогийн орлого олсон гурван тамирчны нэг болж байна. Түүнээс өмнө Тайгер Вудс (2009), боксчин Флойд Мейвезер (2015) тэрбум еврогийн орлого олжээ. Харин Майкл Жордан карьераа дуусгасны дараа 2015 онд ийм хэмжээний орлого олсон тамирчдын эгнээнд багтжээ.
Италийн Сери А лиг түр хугацаанд хойшилж, тамирчдын цалинг 30 хувиар бууруулж байгаа. Ингэснээр Роналдогийн цалин 20 гаруй сая еврогоор буурч байгаа юм. Гэхдээ тэрбээр цалин урамшууллаас жилдээ 46 сая ам.долларын орлого олж, дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчдын нэг хэвээрээ. Түүнээс гадна, Nike компанитай байгуулсан сурталчилгааны гэрээнээс 45 сая ам.доллар олох бөгөөд нийтдээ 91 саяын олно. Тиймээс түүний орлого тэрбумыг давах нь тодорхой ажээ.
Сэтгэгдэл бичих