УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танхимд зайтай суусан ч амны хаалт зүүгээгүй гишүүн олон байна. Мөн хамраа ил гарган буруу зүүсэн байгаа тул нэгдсэн ойлголт өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүссэн.
Дараа нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлэхдээ “Юуны өмнө амны хаалт зүүгээгүй гээд шүүмжлэх вий. Би амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн байгаа шүү” хэмээн энгэртээ зүүсэн зүйлээ үзүүлсэн юм.
Харин энэ байдалд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариулт өглөө.
Тэрбээр “ЭМЯ төсвөөрөө нэлээд амны хаалт авч хэрэглэж байгаа. Эрүүл мэндийн салбар гамнаж хэмнэх зүйл хомсхон байна. Маскны хэрэглэж, гараа тогтмол угааж, олон хүн бөөгнөрөхгүй байгаагийн давуу тал байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, халдварт өвчин 3-3.5 дахин буурлаа. Гар хөл, амны өвчин буурсан. Бидний эрүүл мэнд ахуйн хэвшлээс маш их хамаардаг нь харагдаж байна.
Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нь онц чухал ач холбогдолтой байна. Манай гишүүд энгэртээ вирус хамгаалагч зүүчихээр хамгаалчих юм шиг юм ярьж байна. Тэгж болохгүй. Хүн бүр амны хаалт зүүх хэрэгтэй. Мэргэжлийн хүний үгийг би та бүхэнд дахин дахин уламжлаад байгаа. Маск зүүж байсан учраас Франц иргэнээс нэг ч монгол хүн халдвар аваагүй.
Тиймээс УИХ-ын танхимд амны хаалтыг өөр зүйлээр орлуулах гэдэг юм уу хэн нэг нь зүүхгүй, бусад нь зүүх гэдэг зүйлийг огт хэлж, ярьж болохгүй. Хүн болгоныг амны хаалт зүүлгэхэд уриалах хэрэгтэй. ДЭМБ-аас коронавирусийн оргил үе 4, 5 дугаар сар байна гэдгийг хэлсэн” хэмээлээ.