2020 оны 5-р сарын 11
8 цаг 00 минут

Н.Лхагвацэнд: 17 цаг ээлжинд гарахад унтах нь битгий хэл цай ч уух зав гардаггүй  

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний сувилагч Н.Лхагвацэндийг урьж, ярилцлаа. Маргааш сувилагчдын баярын өдөр. Тиймээс хүн ардын эрүүл энхийн төлөө нойр хоолоо умартан, ар гэрээ мартан байж зүтгэж буй зуу зуун сувилагчдын төлөөлөл болгож түүнийг ярилцлагынхаа буланд урьсан нь энэ.

Сувилагч гэхээр тариа хийдэг л хүн гэж ойлгодог нь маш буруу

-Сувилагч мэргэжлээр хэчнээн жил ажиллаж байна вэ?

-Мэргэжлээрээ нийтдээ 7 жил ажиллаж байна. ХӨСҮТ-д ажиллаад нэг жил болж байгаа. Өмнө нь хувийн эмнэлэгт ажиллаж байлаа.

-Хүмүүс сувилагч гэхээсээ илүүтэй эмч болно гэж боддог, мөрөөддөг юм шиг байгаа юм. Сувилагч мэргэжлийг сонгосон түүхийг нь сонирхвол?

-Бурхан хамгийн хайртай биш хамгийн халамжтай хүүхдээ сувилагч болгож илгээсэн байдаг гэсэн. Миний ээж бага эмч мэргэжилтэй. Ээжийн маань чин хүсэл надад өөрийнхөө мэргэжлийн өвлүүлэх байсан. Тиймээс би багаасаа л ээжийнхээ мэргэжлийг өвлөж, эмнэлэгт ажиллана гэж бодож, төсөөлж явсан болохоор сувилагчаар суралцаж, одоо ажиллаж байна.

-Сувилагч болоод, эмнэлэгт очиж ажиллахад ямар санагдаж байсан бэ. Хэцүү юм байна даа ч гэдэг юм уу гэж бодож байсан уу?

-Хэцүү гэж бодож байгаагүй. Маш хариуцлагатай мэргэжил. Бидний үг үйлдэл, алхам бүрээс өвчтөний сэтгэл зүй болон эмчилгээ нөлөөлж байдаг. Тиймээс алхам бүртээ хариуцлагатай ажиллах ёстой. Сувилагч гэхээр ганцхан тариа хийдэг хүн гэж л ойлгоод байдаг. Энэ маш буруу. Эмч эмчилгээ бичлээ, бид тэр дагуу бүх эмчилгээг хийнэ. Данц ганц эмчилгээ хийхгүй, өвчтөнөө асарна, сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ гэх мэт сувилахуйн олон тусламж үйлчилгээг үзүүлдэг.

-Дэлхийн хамгийн хэрэгтэй 100 мэргэжлийн жагсаалт гаргахад, сувилагчийг хоёрдугаарт бичсэн байдаг юм билээ. Энэ утгаараа сувилагч ямар их үнэ хүндтэй хүн бэ гэдэг нь харагдаж байгаа юм. Гэтэл манайд сувилагчийн үнэлэмж, үнэлэлт бага байна уу даа. Та энэ талаар юу боддог вэ?

-Хүмүүс эмч, эмч л гэж ярьдаг. Гэтэл эмчилгээ, үйлчилгээг гардаж хийдэг хүн нь сувилагч. Үнэлэмж ард иргэдийн дунд яагаад муу байдаг гэхээр ажлын ачаалалтай холбоотой гэж боддог. Гэхдээ жил ирэх тусам сувилагчийн ажлыг хүмүүс мэдрээд, үнэлэмж нь арай дээрдэж байгаа гэж бодож байна.

-Эмнэлгийн салбарынхны цалин хөлс их муу юм шиг санагддаг. Угтаа хамгийн өндөр цалин авч байх ёстой хүмүүс. Магадгүй шүүгч нараас ч илүү цалинтай байх ёстой гэж бодогддог юм?

-Дэлхийн жишиг гэж байна. Нэг сувилагчид 5-8 өвчтөн ногддог. Гэтэл манай улсад нэг сувилагчид 20-60 хүртэлх өвчтөн ногдох жишээтэй. Ажлынхаа ачаалалтай харьцуулалбал, цалин бага. Гэхдээ цаашид илүү нэмэгдэж, сайжрах байх гэж бодож байна.

-Хувийн эмнэлэгт ажиллаж байсан гэсэн. Цалин үнэлэмж нь арай илүү биш үү. Яагаад улсын эмнэлэгт ажиллаж эхэлсэн юм бэ?

-Цалингийн хувьд хувийн эмнэлэг арай илүү л дээ. Харин улсын эмнэлэгт сурч боловсрох, хөгжих боломж нь хамаагүй илүү байдаг. Хувийн эмнэлэгт хийх ажлаа л хийнэ, өөр зүйлд цаг зав зарцуулах боломж муутай. ХӨСҮТ бол Монгол Улсад байгаа халдвар өвчин судлалаараа тэргүүлдэг ганц төв. Бүх халдварт өвчтэй хүмүүсийг ХӨСҮТ хүлээж авч, оношлож, эмчилдэг. Тэр бүх хүмүүст үйлчилж, ажиллана гэдэг илүү туршлагатай, чадвартай болно гэсэн үг.

Дэлхийн жишигт хүргэхээ байг гэхэд сувилагчдын ажлын ачааллыг бага ч болов бууруулаасай

-Сувилагчдын баяр маргааш болно. Сувилагч нар баярынхаа өдрөөр баярлаж чаддаг юм болов уу. Зав чөлөө гардаг уу?

-Дэлхий нийтээрээ тавдугаар сарын 12-ны өдрийг сувилагчдын баяр болгон тэмдэглэдэг ч хэрвээ ээлжтэй байвал баяр тэмдэглэх боломжгүй. Цар тахалтай энэ үед бид бүгд ажил үүргээ гүйцэтгээд л явна. Түүнээс биш тэр өдөр бүх сувилагчид амраад, баярлаад байна гэж байхгүй. Сувилагчид байхгүй бол юу болох билээ, төсөөлөгдөхгүй шүү дээ. Тиймээс зориудаар зав гаргаад, баяр тэмдэглэнэ гэж байхгүй.

-Баярын өдрөөр нь сувилагчдад илүү өсөж дэвжих боломж олгох, сургалт зохион байгуулах, эрхийг нь хамгаалах чиглэлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг бол зүгээр юм шиг санагддаг?

-Баярын өдрөөр нь сувилагчдын өмнө тулгамдаж байгаа асуудал юу байна. Цаашид юу юу шаардлагатай байна гэх мэтээр дуу хоолойг нь сонсох. Сувилагчид ч гэсэн асуудлаа ярьж, шийдэх зүйлээ хэлэлцэж байгаасай. Баярлахаасаа илүү асуудлаа ярьж байвал илүү хүртээмжтэй юм болов уу гэж боддог. 

-Нийт сувилагчдын дунд хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь юу вэ?

-Ажлын ачааллыг л жаахан багасгамаар байна. Нэг сувилагчид ногдох өвчтөний тоо бага байвал ачаалал буурна. Дэлхийн жишигт хүргэхээ байг гэхэд одоо байгаагаас арай багасгавал эмчилгээ үйлчилгээний хүртээмж сайжирч, чанартай болно.

-Сувилагчаар суралцаж байгаа хүний тоо цөөн байна уу. Эсвэл эмнэлгүүд сувилагчдынхаа орон тоог нэмэхгүй байгаа юм уу. Манайх чинь харьцангуй цөөн хүн амтай улс биз дээ?

-Сувилагч маш их дутагдалтай байгаа. Ээлжинд гараад, 17 цаг ажиллаад хоноход нэг сувилагчид 40-50 өвчтөн ногддог. Маш их ачаалалтай. Ээлжинд гарахад тэр хүн унтах, хоол цайгаа ууж, идэх ч зав байдаггүй.  Тиймээс сувилагчдыг чанартай бэлтгэж, тоог нь ихэсгэвэл зүгээр гэж боддог. Уг нь сувилагч хамгийн их эрэлттэй мэргэжил. Хаана ч очсон авдаг. Гол нь цалин багатай учраас сувилагчаар төгссөн залуучууд мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй байгаатай л холбоотой байх.

Хэд хоног эмчлэх нь чухал биш өвчтөн эдгээд гарах нь л хамгийн том баяр

-Саяхан “Алтан гарт сувилагч” шагнал хүртсэн гэсэн. Энэ ямар утга учиртай шагнал вэ?

-Монголын Сувилагчдын нийгэмлэгээс тодорхойлж өгдөг “Алтан гарт сувилагч” гэдэг хүндэт тэмдэг байдаг юм. Тэр тэмдгээр шагнууллаа. Коронавирусийн халдвар дэлхий нийтээр тархаад байгаа энэ үед голомтод орж ажилласан гэдэг утгаараа манай байгууллагаас тодорхойлж өгсөн шагнал гэж бодож байгаа. Өнөөдийг хүртэл 10 сувилагч голомтод орж ажилласан. Голомтод орох багт нэг сувилагч, эмч, ариутгагч зэрэг хүмүүс багтаж ажилладаг. Одоо 3-4 баг бэлтгэгдээд, голомтод орж ажиллахад бэлэн байгаа.

-Та халдвар авсан хүмүүсийн хэвтэж эмчлүүлж байгаа тасагт буюу голомтод орж ажилласан юм байна. Хэд хоног ажилласан бэ?

-14 хоног тусгаарлагдаж, голомтод орж ажиллана. Гарч ирээд дахиад 14 хоног тусгаарлагдаж, эмнэлэгтээ хяналтад байна. Нийтдээ 28 хоног гэртээ харихгүйгээр эмнэлэгтээ байна гэсэн үг. Хэцүү зүйл мэдээж их. Бид чинь тангараг өргөж ажилладаг хүмүүс. Ийм л үед бэлэн байх ёстой. Ажлаа хийх нь бидний үүрэг учраас ар гэрийн амьдралаа зохицуулаад л явна.

-ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, ажилчид ямархуу чадвартай вэ гэдгээ дэлхий нийтэд харуулж байх шиг байна. Франц хүнээс анх вирусийн халдвар илэрсэн, эдгээд буцлаа.  Олон ч хүн эдгэж байна. Дотор ажиллахад нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Дотор ороод ажиллахад маш их хариуцлагатай байх хэрэгтэй. Алхам тутамдаа л өндөр хариуцлагатай байхгүй бол болохгүй. Нэг л хүн хувцсаа буруу өмсөж, тайлснаас болж халдвар авах маш өндөр эрсдэлтэй. Жишээлбэл, би халдвар авчихвал манай багийнхан авна. Тийм учраас бид багаараа маш сайн хамтарч ажиллах ёстой. Зөвхөн эмч, сувилагч, асрагч, ариутгагчийн ажил биш. Багаараа л гар нийлж ажиллаж байж эмчилгээ үйлчилгээ цаашаа явна. Дотор ажиллахад бүх орчин нөхцөл вирустэй, халдвартай байгаа шүү дээ. Тиймээс хувцас хунараа өмсөхдөө ч халдвар хамгааллын дэглэмийг сахиад л ажиллана. Тэгж ажиллаад л гарч ирсэн.

-Хүн л юм чинь яана даа гэх айдас байсан уу. 14 хоног ажиллахад хэр хэцүү байв. Сэтгэл санаа ямархуу байв даа?

-Манайхан байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа. Хэн ч голомт руу орж ажиллах магадлалтай. Би ч гэсэн яваандаа орох байхдаа гэсэн бодолтой байсан учраас сэтгэл санаагаа эртнээс бэлтгэж байсан. Тийм учраас гайгүй байсан гэхэд болно. Ороод ажиллаад л гарч ирсэн.

-Коронавирусийн халдвар авсан хүмүүс эдгээд гарахад сувилагч хүнд ямар сэтгэгдэл төрдөг юм бол?

-Өвчтөн эдгээд гарна гэдэг сувилагч хүнд хамгийн том баяр. Өвчтэй хүн ирлээ, хэд хоног эмчилгээ, үйлчилгээ авах нь сонин биш. Гол нь эдгэрээд гарч байна гэдэг л хамгийн том баяр. Өвчтөнөө эдгээгээд гаргахдаа манай багийнхан маш их баяртай байж, нулимс хүртэл унагана шүү дээ.

-Дахиад голомт руу орж ажиллах ээлж болж байгаа юу. Эсвэл дахиж орохгүй юу?

-ХӨСҮТ-д 200 гаруй сувилагч ажилладаг. Үүнээс өнөөдрийг хүртэл 10 сувилагч л голомтод орж ажилласан. Дараа дараагийн багууд бэлтгэгдээд, ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан захирлын тушаалаар багууд бэлтгэлээ хангадаг. Одоохондоо миний ээлж болоогүй л дээ. Энэ хэвээрээ нөхцөл байдал гайгүй байвал дахиж орохгүй байх.

Би сувилагч нарыг харилцаа, хандлага талаасаа дээд зэргийн байгаасай гэж боддог

-Онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг тодорхой хэмжээнд нэмж байх шиг байна.  Тус нэмэр болж л байгаа байх. Гэхдээ л илүү их нэмэгдүүлэх шаардлагатай. Амьдрал ахуй, нийгмийн асуудлаа шийдэх гээд асуудал их л байгаа шүү дээ?

-Цалин нэмэгдвэл хэрэгтэй, ахуй амьдрал арай дээшилнэ шүү дээ. Одоо зээлгүй хүн гэж Монголд алга. Залуу, хөгшин гэлтгүй бүх л хүн цалин, тэтгэврийн зээлтэй байна. Цалин маань хангалттай хүрэлцдэггүй. Гэхдээ авсан цалингаа хүргээд сурчихсан гэх юм уу даа. Ер нь цалинг нэмээсэй л гэж боддог.

-Ажлаасаа авдаг хамгийн гоё мэдрэмж юу вэ. Хэзээ хамгийн гоё мэдрэмжийг авдаг вэ?

-Манай эрчимт эмчилгээний тасагт бүхий л халдвар өвчин нь хүндэрсэн өвчтөн хэвтэж эмчлүүлдэг. Эрчимт эмчилгээний тасаг гэдэг утгаараа хүнд өвчтөн ирнэ шүү дээ. Өвчтөний зовиур шаналгаа өдөр тусам багасаад, эдгэрэх хамгийн сайхан мэдрэмж.

-Эсрэгээрээ хэцүү зүйл мэдээж байгаа. Өвчтөн эмчилгээ авахгүй байх, ямар нэгэн зүйл тохиолдоход эмч, сувилагчид өөрсдийгөө буруутгадаг юм шиг санагддаг. Тийм зүйлтэй олон тулгарч байсан байх?

-Хамгийн хэцүү нь өвчтөн эдгэрэхгүй, хүндрэх, таалал төгсөх үе л байдаг. Монголчууд эрүүл мэндийн боловсрол муутайгаас болж өвчнөө эрт илрүүлдэггүй. Хожуу шатанд оруулчихсан, хүндрүүлчихээд ирдэг. Хэчнээн эмчилгээ хийж байгаа ч үр дүнгүй болдог. Өвчин нь эдгэхгүй гарах ч үе бий. Тэр үед л маш хэцүү байдаг даа.

-Эмнэлгийн байгууллагын нэр хүнд унаад л байна. Мэдээж сайн эмч, сайхан харилцаатай сувилагчид, ажилчид байдаг. Уулын мод  урттай, богинотой гэдэг шиг зарим нэг муу, муухай ааш гаргадаг хүмүүс ч байдаг юм билээ. Түүнээс нь болоод эмнэлгийн байгууллагын нэр хүнд унасан. Энэ талаар та юу бодож явдаг вэ?

-Эмнэлгийн байгууллагын нэр хүнд унаж байгаа нь харилцаа хандлагаас болоод байна уу даа гэж хувьдаа боддог. Эмч, эмнэлгийн ажилтан гэдэг ёс зүй, харилцаа хандлага маш өндөр байх ёстой. Сувилагч гэхэд дөрөв, эмч зургаан жил суралцаж, харилцаа хандлагаа бэлтгэж гарч ирдэг шүү дээ. Ажлын байгууллагад очихоор хүн бүр л өөр өөр байдаг. Янз бүрийн л харилцаатай. Гэхдээ л харилцаа, хандлага муутай зарим нэгнээс болоод эмнэлгийн байгууллагын нэр хүнд унадаг гэж боддог.

-Өвчтэй, зовлонтой хүмүүс тэвдсэн, яарсан, сандарсан, бухимдсан л байж таарна. Тийм хүмүүсийн өөдөөс инээсэн, зөвлөсөн, найрсаг, тайвшруулсан харилцаа байвал эмчилгээний 50 хувь нь тэнд байх шиг санагддаг?

-Эмчилгээ 20, 80 хувь нь сувилагчаас шалтгаалж өвчтөн 100 хувь эдгэж, эмнэлгээс гардаг. Харилцаа, хандлага талаасаа өвчтөний сэтгэл санааг засах ёстой. Өвчтэй хүнд мэдээж хэцүү байгаа. Сэтгэл нь түгшсэн, гутарсан байдаг. Тэр үед нь ойлгоод, мэдрээд, сэтгэл зүйн талаас нь тусламж үзүүлэх хэрэгтэй. Эмчилгээ гэхээр л зөвхөн тариа тарих биш. Сэтгэл зүйн зөвлөмж, тусламж өгч байж эмчилгээ үр дүнтэй болно.

-Сувилагч нар сэтгэл зүйн чиглэлээр мэдлэг, боловсрол эзэмшдэг биз дээ. Сургуульд энэ чиглэлийн хичээл орно биз?

-Сувилахуйн сургуульд сэтгэл судлал гэдэг хичээл ордог. Нэг талаасаа сувилагч гэдэг сэтгэл зүйч. Сэтгэл зүйн тусламж дэмжлэгийг үзүүлэх туслагч. Бидний үг болгон өвчтөнд эрүүл мэндийн боловсрол болж очих ёстой. Өвчтэй хүний өрөөнд инээгээд орох нэг өөр. Ажлын ачааллаасаа болоод жаахан уурлаад орох бас өөр. Гэхдээ ямар ч ажлын ачаалалтай байсан өвчтөнийхөө өрөөнд инээгээд орж байх ёстой. Хандлага талаасаа эерэг сэтгэгдэл төрүүлнэ шүү дээ. Би сувилагч нарыг харилцаа, хандлага талаасаа дээд зэргийн байгаасай гэж боддог. Манай ХӨСҮТ-ийг сувилагч нар миний л хувьд харилцаа, хандлага талаасаа өндөр боловсорсон гэж боддог.

-Ар гэрийнхэн чинь маш сайн ойлгож байж ажлаа сэтгэл амар хийдэг байх?

-Яг надтай адилхан хэзээ ээлжтэй, хэдэн цагт ирэхийг маш нарийн сайн мэдэж, ойлгодог. Заримдаа шаардлагатай үед ээлжинд гарах тохиолдол байна. Ажил бол ажил. Ар гэрийнхэн, хань ижил, үр хүүхдүүд нь ажлаа зохицуулаад л сурчихсан байдаг. Эрэгтэй сувилагчид ч байна. Эхнэр нь арыг нь даагаад явдаг. Эмэгтэй сувилагч байхад нөхөр нь ар гэрийг нь хариуцаад, үр хүүхдээ хараад л явж байдаг юм. Цаанаасаа л зохицоод амьдраад сурчихсан.

-28 хоночихоод гэртээ харахад ямар байв?

-Бага маань жаахан байсан. Хөхүүл байсан юм. Нэг өглөө ажилдаа явах гээд босоод байж байтал утас дуугарч, голомтод орж ажиллана, бэлтгэлээ хангаарай гэж удирдлагууд хэлсэн. Нөхөртөө хэлсэн, маргааш голомт руу орохоор боллоо гэж. Маргааш нь цүнхээ үүрээд л орсон. 28 хоноод ирэхэд хүүхэд маань маш их санасан мөртлөө над руу харахгүй, аав руугаа дайраад, гомдсон байсан. Ар гэрийнхэн маань хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлаад, эрүүл гарч ирээрэй. Хэд хонох нь ч яахав, гол нь эрүүл гарч ирээрэй л гэж хэлсэн.

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.100Zochin   • 2021, 1 сарын 24. 11 цаг 32 минут

Manaid 1 subilagchid 65 hun noogdoj bn arai l achaalaltai shunjin bichig tsaastai zuuraldana haraa muudaj hool noirgui uursdiiguu ubdsun ch ubduugui met ybdag humuus subilagch nar l bn da

202.9.40.5Зочин   • 2020, 5 сарын 12. 12 цаг 13 минут

sheeh ch zav gardaggui shuu

117.111.15.155Зочин   • 2020, 5 сарын 11. 20 цаг 45 минут

Эмч сувилагч 2 бол хамтын зүтгэлээр хүний эрүүл мэндийг хамгаалдаг эмчгүй сувилагч юу хийж чадах вэ сувилагчгүй эмч ч мөн хэцүүднэ

202.179.26.196Зочин   • 2020, 5 сарын 12. 14 цаг 55 минут

Тм шүүдээ. Хамтын хөдөлмөр . Гэтэл энэ сувилагч энэ сайхан ярилцлага дундаа - эмч эмч л гэдэг. сувилагч эмчилгээ үйлчилгээ бүхнийг гарздан хийдэг гэж ёс зүйн алдаа гаргалаа . Зорилго нэгт хамтын хөдөлмөр гэдгийг ухамсартайгаар ойлгож ажиллах шүү дээ

124.158.109.232Зочин   • 2020, 5 сарын 11. 17 цаг 55 минут

сувилагч алдвал хариуцлагыг эмч хүлээдэг эмч 10 жил сурдаг хөсүтийнЧинбаяр эмчдээ харин баярлалаа

202.21.105.186Зочин   • 2020, 5 сарын 11. 17 цаг 10 минут

Сэтгэл сайтай нь ярианаас нь шууд л мэдрэгдэж байна, амжилт хүсье. Гэр бүлд нь аз жаргал хүсье

202.55.188.44Лхагвацэнд   • 2020, 5 сарын 12. 7 цаг 05 минут

Баярлалаа таньд

103.140.11.251Зочин   • 2020, 5 сарын 11. 15 цаг 41 минут

мундаг.өөр юу ч гэхэв дээ

124.158.95.138Зочин   • 2020, 5 сарын 11. 14 цаг 12 минут

Үлгэр жишээ мундаг сувилагч байнаа. Үнэхээр өвчтөн өвчин хоёртой гардан тулдаг ачтанууд чинь сувилагчид юм билээ. Сайхан гэр бүлд нь аз жаргал хүсье.

202.55.188.44Лхагвацэнд   • 2020, 5 сарын 12. 7 цаг 06 минут

Маш их баярлалаа

202.21.124.19Зочин   • 2020, 5 сарын 11. 12 цаг 56 минут

сайн охин байнаа ,баяр хүргэе,,амжилт хүсье,аз жаргал хүсье эзэн хичээвэл заяа дагна аа ,чамд ирээдүй байна, сувлагчиддаа баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг ерөөе,,бахархаж байна.

202.55.188.44Лхагвацэнд   • 2020, 5 сарын 12. 7 цаг 06 минут

Маш их баярлалаа

185.242.5.99Зочин   • 2020, 5 сарын 11. 11 цаг 12 минут

Клиникт бол 40-50 хүний дунд 1 сувилагч үйлчилдэг эмчийн заалтын дагуу хийх юмаа гүйцэтгээд л явдаг бол Өрхийн эмнэлэгт 1 сувилагчид маш их ачаалалтай ажилладаг, тэдэнд хийхгүй ч юм байхгүй, иргэний бүртгэлийн ,ЭМ-ийн даатгалын ажилтаны ажил ч хийнэ,дархлаажуулалт, эрт илрүүлэг, жирэмсний дуудлага гээд л хөвөрч өгнө , нүсэр дээ.

192.82.66.139эмч   • 2020, 5 сарын 11. 10 цаг 16 минут

Дарга бол алдаа гарвал эмч сувилагчруу гаа чихчихнэ, харин гавьяаны сураг өөрсөд дээрээ наагаад зурагтаар гараад эхлэнэ.

192.82.66.139эмч   • 2020, 5 сарын 11. 10 цаг 12 минут

Ковид 19 г дарга нар биш энэ хүмүүс л дарж байгаа шүү . Эд нар бол дарга нар шиг зурагтаар гарахгүй өөрсдийгөө сурталчилахгүй чимээгүй л ажлаа хийдэг хүмүүс. Харин зурагтаар их гардаг дарга нар нь шагнуулна. Эд нар нь юу ч хэлэхгүй тийм л байх ёстой юм байх гээд л ажлаа хийдэг. Худлаа гэвэл энэ ажил дууссаны дараа шагнуулах хүмүүсийн нэрсийг хараарай

202.21.109.106монгол эр хүн   • 2020, 5 сарын 11. 9 цаг 56 минут

Эд нар чинь л амьд дарь эх нар шүү дээ хүмүүс минь. Шүтэх дээдлэх юмаа олдог ойлгодог болохсон, зурсан барималдсан зүйлс бус. Энэ эмэгтэйд, гэр бүлд нь хорвоо дэлхийн гэрэл цацарсан бүхнийг хүсэн ерөөе

202.55.188.44Лхагвацэнд   • 2020, 5 сарын 12. 7 цаг 07 минут

Баярлалаа. Таньд сайн сайханг хүсье

124.158.109.232zochin   • 2020, 5 сарын 11. 8 цаг 53 минут

saihan yariltslaga boljee almjilt husei

64.119.20.161Зочин   • 2020, 5 сарын 11. 8 цаг 23 минут

Мундаг бүсгүй бна. Улам их амжилт хүсье. Харилцаа ,хандлага ,ёс зүй гэдгийг мэдэхгүй, тийм шаардлагад нийцэхгүй сувилагч нарыг сургалтад хамруулах хэрэгтэй. Цаг үеийнхээ шаардлага ,хурдыг гүйцэхгүй хоцрогдсон сувилагч (зарим ) байнаа байна.

202.179.26.196Зочин   • 2020, 5 сарын 12. 14 цаг 57 минут

тм шүү . Хов жив хөөцөлдөж хамтран ажиллагсдаа муулж ёс зүйгүй авирладаг сувилагч нар л сувилагчийн нэр хүндийг унагаадаг .

202.55.188.44Лхагвацэнд   • 2020, 5 сарын 12. 7 цаг 07 минут

Баярлалаа. Таньд сайн сайхан бүхнийг хүсье

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.