2020 оны 6-р сарын 10
8 цаг 30 минут

П.Батхуяг:  Өнгөрсөн хугацаанд бид авьяасгүй хүмүүст  их том ангархай гаргаад өгчихөж

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт “Номын хавчуурга” утга зохиолын подкастынхаа хоёр дахь дугаарыг уншигч, сонсогч та бүхэнд толилуулж байна. Энэ удаагийн зочин зохиолч, яруу найрагч, СУИС-ийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуяг. 1990-ээд оны яруу найрагч, зохиолчдын дотроос 2000 оны дундуур гарч ирсэн утга зохиолд дуртай залуустай хамгийн ойр дотно байж, зөвлөж, багшилж ирсэн хүн.  Манай үеийнхний шүлгийг эмхэтгэж, ном хүртэл гаргаж байлаа.  Тиймдээ ч бид түүнийг бараг л бүгдээрээ багш хэмээн хүндэлдэг юм. 

“Алтан-Өд”, “Гэгээн муза” гээд утга зохиолын ертөнцтэй холбогддог олон шагнал түүнд хэд хэдээрээ бий. Үргэлжилсэн үгийн зохиолчдын чанар чансааг тодорхойлох нэг шалгуур болдог “Утгын чимэг” наадамд үргэлж айргийн тавд “хурдалдаг”. Дөрвөн удаа хоёрдугаар байрт шалгарч байсан чансаатай уран бүтээлч. Яагаад ч юм энэ наадамд түүнийг түрүүлүүлээгүй юм. 

Түүнийг утга зохиолын хүрээнийхэн, яруу найраг, богино өгүүллэг сонирхож уншдаг хүмүүс бүгд танина. Бүр танихгүй юм гэхэд “Эм загас” гэдэг шүлгийг нь сонсоод, “Аан, энэ шүлгийг бичсэн яруу найрагч юм уу” гэж уулга алдах байх. "Бас л завгүй-2" яруу найргийн цомогт орсон гэдэг утгаараа хүмүүс сайн мэддэг юм билээ. 

Салхи л үгүй сайхан үдшээр

Сар туссан цөөрмийн уснаа

Сэлж яваа загас жараахайг

Сэм сууж баахан ажиглалаа

Өнгө зүс нь ижилхэн гэлбэлзсэн

Өөд уруугаа сүлжилдэх тэдний

Эр, эмийг ялгахын аргагүй ч

Сэлүүрээ арай урлагтай хөдөлгөх нь

Сэтгэвээс эм загас болой гэдэг шүлэг байдаггүй юу. 

Зохиолч, судлаач П.Батхуягийн оролцсон подкастын онцлох ишлэлүүд

-“Нохой далайн зомгол” нэртэй тууж, өгүүллэгийн шинэ ном хэвлүүлэх гэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бичсэн 20-иод өгүүллэг, хоёр туужаас бүтсэн ном байх юм.

 

-Яруу найрагч О.Содномпил ахаар 300 шүлгээс сонголт хийлгэж, 75-ыг нь оруулсан “Хотын шүлгүүд” нэртэй яруу найргийн ном гаргахаар бэлтгээд тавьчихсан байгаа. Мөн “Хаврын өртөө” гэдэг нэртэй жүжгийн шинэ түүвэр гаргана. 

 2019 оны "Утгын чимэг" наадамд дэд байрт шалгарсан "Цаггүй газар" өгүүллэг

-Чамгүй удаан хугацаанд олон ч өгүүллэг бичлээ. Бодоод байхад би эхэн үедээ үйл явдал их хөөдөг байж. Аль болохоор зөрчилтэй байлгах гээд. Дунд үед нь би ер бусын зүйлийг өгүүллэгүүдээрээ дамжуулж илэрхийлэхийг хүссэн. Сүнс ч юм уу, эсвэл байж боломгүй зүйл, нисдэг нохой гэх мэтийг зохиолдоо дүрслэхийг их боддог байсан. “Нохой далайн зомгол” номонд орж буй 20-иод өгүүллэгийн тухайд хүний амьдралын анзаарагддаггүй зүйлүүдийг илэрхийлье гэж бичсэн зохиолууд. Хүн хэвтэхдээ, ус уухдаа, инээхдээ, уйлахдаа, өлсөхдөө яадгийг. Бид анзаарахаа байсан, жижигхэн юм шиг мөртлөө хүний амьдралын чухал ойлголтууд байдаг. Хүн анзаарч харах ёстой зүйлсийн дэргэдүүр нүдээ аниад өнгөрчихөж магадгүй болсон юм уу даа гэж санадаг. Тиймдээ ч нэлээд чимхлүүр өгүүллэгүүд бичиж байгаа.

-Би эцсийн эцэст юу хийж, юунд хүрсэн байх ёстой юм. Миний үлдээж байгаа, хийж буй зүйлүүд үнэ цэнтэй юм уу. Би сайн юм хийж байна уу, муу юм хийж байна уу. Хожим миний үлдээсэн өвүүдээс юуг нь илүү анзаарч харах юм. Юу нь илүү үнэ цэнтэй байх юм гэдэг бодол сүүлийн үед нэлээд төрж байгаа. Тиймээс аль болохоор хөнгөн шийдчихгүй, бодож, бясалгаж, хүнд хүргэж, цаг хугацааг давуулж шидэж бичихийг бодож, оролдоод байна.

 

 

-Өмнөх бичсэн шүлгээ давтчихгүй юмсан гэж бодож байна. Яг үнэндээ би яруу найрагчийн хувьд өөрийгөө өөрчилж чадахгүй байна. Их оролдоод, хичээгээд, бодоод байхад шүү дээ. Бүр бодох, хичээх тусмаа ч болохгүй байгаа юм шиг. Тэгэхээр яруу найраг нэг их бодох, хичээх ч хэрэггүй урлаг юм даа гэж сүүлийн үед ухаараад байна.

 

-Ний нуугүй хэлэхэд, Монголын өнөөдрийн уншигчдын роман гэдэг хүүрнэл зохиолын том төрлийг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг, сонирхдог түвшин нь хүн төрөлхтний таашал сонирхлоос 300 жилээр хоцорч явж байна. Одоо л манайхан түүхэн үйл явдлынхаа он дарааллыг хэлхсэн бичвэрийг сонирхож уншиж эхэлж байна. Юун сэтгэл зүйн, орчин цагийн адал явдалт роман унших. Ирээдүй цагт л зориулж тийм романыг бичихгүй бол өнөөдрийн уншигчдын таашаал сонирхол хүн төрөлхтний сонирхлоос хэдэн зуун жилээр хоцорсон.

-Бичиж, туурвиж байгаа хүмүүс манлайлагч, хөтөч баймаар байгаа юм. Гэтэл манай зохиолчдын цөөнгүй хувь нь. Тэр тусмаа орчин цагт, хөнгөн шаавай зохиол бичиж буй олон хүн хөтөч байх зарчмаа алдсан. Уншигчиддаа зориулж, тэдэнд хөтлөгдөж бичээд байна. Уншигчдад зориулж, бестселлер болох ном бичнэ гэдэг нь яг үнэндээ номын цаашдын үнэ цэн, мөн чанарыг биш өнөөдөр ашиг олохыг нэгдүгээрт тавьчихаад байна. Тиймээс хөнгөн хялбар, хүн дуу алдахаар, хоёр хөгшин дундаа данхтай цай тавьчихаад, хавь ойрын хамаг хов жив ярьж байгаа юм шиг ном бичээд, түүнийг нь уншсан уншигчид сайн зохиол болж гэсэн үнэлэлтэд өөрөө цадаад, яг тэр байрандаа байгаад байна.

-Тулга тойрсон олон зохиолын үер манайд болоод байна. Тугчлаад авч явах утга зохиолын бүтээл цөөхөн байгаа.

 

-Ямарваа нэг салбарт монгол хүн нэгдүгээрт  гэж боддог хүн ховор болчихсон. Бид хоёр юм уу гуравдугаар түвшинд өөрөө өөрсдийгөө үнэлдэг болчихсон. Тэр нь уран зохиолд тодорхой харагддаг. Номын тавиур дээр үндэсний зохиолч, гадны зохиолч хоёрын роман байхад залуу уншигчид гадаадынхыг нь шүүрч авдаг. Гэтэл гадаадын зохиолчийн бичсэн роман манай зохиолчдын бичсэн романаас бичлэг, уран сайхнаараа илүү гарахааргүй, сул зохиол байдаг.  

-Бид орших, оршихгүй юу, хоолойд хутга тавьж ч болохоор үзэгдэл бол гадныхныг шүтэх. Тиймээс бид өөрөө өөрсдийгөө үнэлэх хэрэгтэй. 

-Зохиолчид ядуу байна. Ядуу гэдэг нь материаллаг ертөнцийн хувьд шүү. Харин оюун сэтгэлгээний хувьд хамгийн баян хүмүүс бол зохиолчид.

-Нийгэм өөрөө гажуудал үнэлэмжтэй болчихсон. Хуруундаа алтан бөгж зүүсэн бол баян, мундаг хүн. Бөгжгүй бол муу гээд үнэлчихсэн. Харин чамайг ухаантай, авьяастай гэдгийг чинь үнэлэх үнэлэмж бага болчихлоо. Бид өнгөнд, шохоорхол татсан зүйлд сатаарч явж байгаад цаана нь үнэ цэнтэй зүйлсээ орхигдуулаад байна.

 

-Нийтийн боловсролын түвшин их доройтсон юм уу гэж санадаг. Гайхаад байхааргүй зүйлийг дуу алдаж хүлээж авдаг. Тэр нь байдаг л зүйл. Бие биедээ хий мэдээлэл их дамжуулдаг.  Нэг зохиолыг гайхалтай гээд шуурчихдаг. Гэтэл нэг залуу өнөөх номыг нь авч уншаад “Хөөх, ийм бүтээлийг гайхалтай гэж байгаа бол би биччихэж болмоор юм байна” гэж боддог. 

-Аливаа юмны ангархай дундуур дандаа авьясагүйнүүд нь “гүйдэг”. Авьяасгүй хүмүүст бид өнгөрсөн хугацаанд их том ангархай гаргаад өгчихөж. Тэр ангархайн дундуур чинь асар олон авьасгүй “юм”-нууд хувцсанд шингэсэн бөөс, хуурс шиг шигчихээд, тэр ангархайг аниулж оёулахыг хүсэхгүй байна.

 

 

"Нохой далайн зомгол" нэртэй тууж, үгүүллэгийн шинэ номонд багтаж буй өгүүллэг 

ГАНЦААРДЛЫН ПЯНЗ 

Ерөөсөө голын усанд үйж үхнэ. Нүв нүцгэнээрээ үсэрч ороод л... хүзүүндээ хүндхэн чулуу зүүчихнэ. Загас жараахай хооллоно доо. Тэр загаснуудыг нэг муу гол сахисан загасчин бариад зах дээр худалдана. Загасыг ч намайг ч идэцгээнэ биз. Угаасаа л бүгд л бие биенээ идэж амьдардаг шүү дээ. Ингэж бодоод өчигдөр үс толгой, дээд доод бүх үсээ хусчихлаа. Ямар байна. Түнжин толгойд минь нарны гэрэл ойгоод янзын байна уу? Хоол идэлгүй гурав хонож байна. Зөвхөн хүйтэн ус л уусан даа. Хоёр цаг болоод усанд орж биеэ цэвэрлэж байна. Би шийдчихсэн. За баяртай. Хойд төрөл гэж байдаг бол тэнд уулзъя. Байхгүй бол үүрд баяртай. 

Бүсгүй захидлыг уншаад ширээний араас босож, цонхоор харж зогсоод тайван инээмсэглэв. Цахим шуудангаар энэ үл таних залуу ийм захидал бичих болсоор нэг жил өнгөрчээ. Үл таних ч юу байхав дээ, бараа түгээлтийн газар ажилладаг, хуучны пянз цуглуулдаг залуу. Хэдийгээр нүүр нүүрээ харан уулзаж байгаагүй ч царай зүсийг нь сайн мэднэ. Хачин хачин байдлаар авахуулсан зургуудыг нь инстиграмаас нь өдөр бүхэн л хардаг юм. Эхэндээ үхнэ гэдэгт нь итгээд тайвшруулах гэж хариу бичдэг байжээ. Одоо бол бүр тоохоо больчихжээ. Бүр инээд хүрнэ. Бүсгүйн инээмсэглэлийг сарниулж хаалганы хонх хэдэнтээ дин дон хийв. Ийм өглөөгүүр хэн ирдэг билээ. Айл андуурсан л байх гэж бодоод цонхны дэргэд зогссон хэвээр гадагшаа харсаар байлаа. Хэдэн өдрийн өмнө орсон их цасыг овоолоод оройд нь модон хүрз зоочихсон харагдана. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс түүнийг үл анзаарна. Ийм гоё овоо босчихоод байхад харж баясахгүй яасан ч харалган юм бэ дээ, хувцаслаад гарч дэргэд нь зургаа даръя. Ажлыг ял биш зугаа гэж бодож хийцгээе гэж бичээд твиттертээ тавих юм шүү.

Яаралгүйхэн гутлаа углаж, зузаан нэхий хүрэм, ноосон малгайгаа өмслөө. Хаалганыхаа бариулыг зөөлхөн дараад түлхэн онгойлговол үүдэнд нь боодолтой илгээмж хэвтэж байх нь тэр. Бичгийн цагаан цаасаар их л нямбай боосон зүйл байв. Гадашгаа гаралгүй буцаж гэртээ ороод яаран задаллаа. Тоглуулагчийн зүүнд бишгүй сараачигдсан хуучин пянз байв. Голын дугуй улаан цаасан дээр Freddie Mercury “living on my Оwn” хэмээн бичсэн байлаа. Хэн түүнд ийм илгээмж явуулсныг гадарлав. Өнөөх залуу.

Гэнэт тэр пянзыг сонсохыг хачин ихээр хүссэн ч түүнд тоглуулагч байсангүй. Хий дэмий л нэг гар дээрээ тавиад нөгөө гараараа эргүүлэв. Гитарын амь тэмцсэн аялгуу цангинаж, хөгжим нүргэлж эхэллээ. Итгэж чадсангүй. Пянз эгшиглэж байлаа. Айсандаа хөдөлж ч чадсангүй. Ийм байх боломжгүй, хэзээ ч ийм зүйл байхгүй гэж бодоод пянзаа ширээн дээр тавилаа. Өвлийн нарны сулхан илч гарыг нь төөнөнө. Сарын өмнө явуулсан захидалдаа “миний хувьд пянз та хоёр л амьдралын минь хамаг утга учир” гэж бичсэн байсныг санав. Ухаан солиотой, яавч эрүүл хүн бус. Садист, мазохист хэн ч байж мэднэ. Гэвч түүнээс ирэх хэрхэн яаж амиа хорлох тухай захидлуудыг уншсаар байжээ. 

Би хамгийн өндөр байшин дээрээс үсрэхээр шийдлээ. Хатуу газар мөргөөд няц үсэрч ч мэднэ. Эсвэл зүгээр л дээшээгээ хөөрнө. Хязгааргүй сансар огторгуйд дүүлэн ниснэ. Тэгээд шинэхэн пянз шиг гялалзсан хар од болно. Чамайг шөнө бүхэн дээрээс чинь тольдоно. Цонхныхоо хөшгийг битгий хааж байгаарай. Хүсэх юм зөвхөн энэ л байна. Өөр бас нэг зүйл бий. Би энэ хорвоо дээр цор ганцаараа, ах дүү амраг садан байвч тэдэнтэй уулзалгүй бараг мянган жил болжээ. Харилцаа холбоогоо таслаад удаж байна. Тэгэхээр пянзнуудынхаа цуглуулгыг чамд гэрээсэлж байна. Бас пянз тоглуулагчаа... Би шийдчихсэн. Үүрд баяртай. 

Бүсгүй цонхны тавцан гараараа тохойлдон зогсоод гадагшаа харлаа. Цасан овоон дээр модон хүрз ёрдойсоор байна. Удахгүй хавар болж цас хайлахаар энэ модон хүрз л үлдэнэ дээ. Ирэх өвөл хүртэл хашааны буланд ганцаардана. Зуны бороонд норно. Хаврын халуун салхинд гандана. Өрөвдмөөр юм. Бүтэн нэг жил үхэх тухайгаа огт танихгүй эмэгтэйд бичихийг бодоход тэр залуу жинхэнэ эргүү тэнэг байхаас зайлахгүй. Ямар эрүүл хүн дан ганц үхэх тухай л янз янзаар бичээд байхав дээ. Түүний бодлыг тасалж нэг бөөвгөр саарал тагтаа цонхны гадна тавцан дээр ирж буугаад тув тунгалаг гялгар нүдээ эргэлдүүлэн хөдлөх төдийд л нисэн одохоор биеэ хураав. Шилний наана цаанаас тэд хоёр биенээ ширтсээр байлаа.

Ингэтлээ айж сандарч үргэж нисэхээр сандрах юм бол яах гэж манай цонхны тавцан дээр намайг харсаар байж ирж буув. Энэ тагтаа ч яахав, нисээд аюулгүй гэж бодсон газраа буучихсан. Гэтэл өнөө тэнэг үнэхээр байшингийн оройгоос үсэрчихвэл хатуу газар мөргөөд няц бяц үсэрнэ дээ. Ер нь тэр муу тэнэг ингэхэд хэний төлөө үхэх гээд байгаа юм бол. Өөрийнхөө төлөө бол үхвэл үхнэ л биз. Надад ямар хамаа байна. Амьдарна уу, үхнэ үү? надад хамаагүй. Гэтэл надаас болж, миний төлөө үхэх гээд байгаа бол яах вэ? Дэмий балай юм. Хэзээ хэн бусдын төлөө үхэж байлаа. 

Гар тохой нь чилээд бүсгүй жаахан хөдөлсөнд тагтаа дэрхийн нисэн одов. Хоёр байшин даван цааш бараа нь харагдахгүй болов. Ширээний ард суугаад компьютерээ асааж, залуугийн явуулсан цахим шууданг дахин уншив. Загас хооллоод, бие биенээ идэж амьдардаг биз дээ гэсэн үгүүлбэрийг нь хэсэг бодов. Би тэр залууг яаж идсэн юм бол харин тэр намайг сэтгэлээр минь идэж байна. Яршиг зүгээр олон хүнтэй газар нэг уулзаад салдаг ч юм уу? Бүр нойтон хамуу шиг салахаа байх юм болов уу? Ямар ч байсан энэ тэнэгээс салах минь гэж бодоод захидалд нь хариу бичихээр шийдлээ. 
Чи ийм сайхан залуу насандаа үхэх тухай битгий бодож бай. Урт удаан сайхан амьдрах тухай л бодож бай. Хүн бие биенээ барьж иддэг тухайд бол харин чи намайг айлгаж, зовоож сэтгэлийг минь идэж байна. Би тайван ганцаардмал амьдралдаа хайртай. Гэтэл чи амьдралд минь дур мэдэн орж ирээд үхнэ гэж айлгах юм. Дахиж надад ийм захидал битгий явуулаарай. Би тэвчихгүй. Тэгээд ч чиний үхэх надад ямар хамаатай юм. Ямар ч хамаагүй биз дээ. 

Захидлыг бичиж дуусаад илгээх товчин дээр хуруугаараа зөөлхөн товшиж хэсэг бодолхийлэв. Төсгөлд нь Freddie Mercury-гийн пянз явуулсанд баярлалаа гэж бичих үү? яах вэ? Дэмий ч юм уу? Нэг их юм бодоод улам даврах ч юм болов уу? Энэ үед цонхны тавцан дээр нь өнөөх бөөвгөр саарал тагтаа дахин ирж сүр сархийн буулаа. Өө, чи дахиад хүрээд ирэв үү? Би чамаас асууя, өөр асуух ч хүн алга. /Хүн байх даа яах дээ? хэмээн бүсгүй бодоод инээмсэглэв/ Би нэг тэнэг залууд захидал бичиж байгаа юм. Тэгээд түүнд пянз явуулсанд нь “баярлалаа” гэж бичих үү, яах вэ? Тагтаахан минь чи юу гэж бодож байна. 

-Баярлалаа гэдэг үг хүмүүс та нарын амьдралд хэзээ ч илүүддэггүй. Харин ч дутагдсаар л байдаг” хэмээн тагтаа гүвтнэв. Бүсгүй чихэндээ ч итгэсэнгүй. Ширээнээсээ огло харайн босов. Тагтаа цочсондоо дэрхийн нисээд алга боллоо. Энэ чинь одоо юу болоод байна вэ? Би дөнгөж сая тагтаатай ярьчихлаа шүү дээ? Арай солиорч байгаа юм биш биз дээ? гэж бодоод илгээж амжаагүй байсан захидлаа устгаж орхилоо. Нар хэдийнээ баруунтаа ташаад гэрт нь бүдэг цагаан сүүдэр ноёлжээ. Сав суулга, хана туурга бүхэнд нь шингэсэн тийм нэг эзгүйрлийн үнэр өрөөгөөр нь ханхална. Тэр яаралгүй босож гартаа барьсан хуучин пянзыг түгшүүртэй ширтсээр цонхны дэргэд ирж зогсоод гадагшаа харав. Цасан овоолгоны оройд хатгасан хүрз ёрдойж харагдана. Энэ хүрз надтай адилхан ч юм уу, ганцаараа ёрдойгоод л... түүний оронд аймшигтай ч гэсэн пянзаа эргэлдүүлж, Freddie Mercury-гийн хашхирахыг сонсдог ч юм уу. Цонхноос холдож хөргөгчнийхөө хаалгыг онгойлгон час улаан алим авч хазаад шүүсийг нь соров. Хэдхэн хазахад л энэ алимнаас гол л үлдэнэ. Тэгээд хогийн саванд үлдэнэ. Болсон алим шиг улаахан залуу насаа амьдралд хазуулаад, шим шүүсээ соруулаад би ганцаараа... хэн ч байсан яадаг юм. Тэр тэнэгт захидал бичих минь. Юу ч бичсэн яадаг юм. Уулзъя, учиръя гэж бичнэ. 

Бүсгүй ширээнийхээ ард сууж, жижигхэн бөгтөр гэрлийн ягаахан товчийг дарлаа. Гэрэл манасхийхэд амьдралд нь гэрт нь сайхан зүйл нэмэгдэх шиг санагдав. Санаанд нь орсон бүхнээ л бичиж орхилоо. Илгээх товчийг зоригтой нь аргагүй, бүр хүчтэй гэгч нь дарлаа. Дотор нь байсан бөөрөнхий хар зүйл бага багаар бутарсаар ходоодонд нь уусан шингэх шиг түүнд санагдав. Гэнэт хаалганы хонх дин дон дуугарлаа. Цочсондоо суудал дээрээ бондгосхийв. Чимээгүйхэн босож “хэн бэ?” хэмээн айдас дүүрэн асуулаа. 
-Би байна. Би хүрээд ирлээ. 
Бүсгүй юу ч бодсонгүй хаалгаа нээлээ. Нүүр дүүрэн сайхан инээмсэглэсэн бор залуу пянз тоглуулагч тэвэрсээр зогсож байлаа. Тэр үдэш тэдний гэрээс Freddie Mercury хашгирсаар байв. Бас залуусын хөгжилтэй инээд... Гадаа цасан овоолго дээр модон хүрз ёрдойж харагдана. 
2020 он

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Төв аймагт 4 тохиолдол батлагдаж, Зуунмод хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ3 цаг 48 минутын өмнөТусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд6 цаг 56 минутын өмнөЦар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын байнгын хорооны түр хороонд танилцуулав6 цаг 57 минутын өмнөЗасгийн газар вакцин импортлох ААН-үүдийг дэмжинэ6 цаг 59 минутын өмнөМҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатар томилогджээ7 цаг 3 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлал хүслээ7 цаг 7 минутын өмнөЭМЯ: Банкинд ажилладаг нэг хүнээс халдварын шинэ голомт үүссэн7 цаг 10 минутын өмнөУлаанбаатарт 5 хэм хүйтэн байна7 цаг 13 минутын өмнөС.Амарсайхан: Танхимын хичээлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байна3 сар 5. 15:13УОК: Насанд хүрсэн нийслэлийн иргэдийг 3, 4 дүгээр сард багтаан вакцинжуулна3 сар 5. 15:05Л.Бямбасүрэн: Бид багаараа тасралтгүй суралцаж, олон шинэ технологийг нэвтрүүлсэн учраас УНТЭ-ийн “ШИЛДЭГ ТАСАГ” болж чадлаа3 сар 5. 14:39Намын түүхт ойг мартуулсан үзэн ядалт - Н.Багабанди VS Н.Энхбаяр3 сар 5. 14:00Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна3 сар 5. 13:17"Оюутолгой" ХКК татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төлжээ3 сар 5. 12:49ХААН Банк Сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ3 сар 5. 12:08379 иргэнд төрийн үйлчилгээ болон шинжилгээний цэгийн мэдээлэл өгч ажиллалаа3 сар 5. 11:57Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ3 сар 5. 11:55“Moderna”-гийн вакцинаас ГАЖ НӨЛӨӨ илэрчээ3 сар 5. 11:53Б.Буяндорж, Т.Ариунаа нар суултаа түр зогсоосон ч дахин зөвшөөрөл авч, ХЭҮК-т хандана гэв3 сар 5. 11:51УОК-ын Шуурхай штабын даргаар Ж.Чүлтэмсүрэнг томилжээ3 сар 5. 11:43Нэг шинэ голомт үүслээ3 сар 5. 11:30Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна3 сар 5. 11:19ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна3 сар 5. 11:12Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо3 сар 5. 11:00Засгийн газар ээлжит бусаар хуралдана3 сар 5. 10:44Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно3 сар 5. 10:4014 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ3 сар 5. 10:36С.Амарсайхан: Амьдрал хэвийн горимдоо шилжээд удаагүй тул баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриалж байна3 сар 5. 10:33Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна3 сар 5. 10:29Хятад улс хиймэл оюун ухааны талаарх нийтлэлээрээ дэлхийд тэргүүлжээ3 сар 4. 17:00
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.