2020 оны 6-р сарын 22
8 цаг 00 минут

Г.Амгаланбаатар:  "Парисын дарь эхийн сүм"-д тоглож байхдаа сар хагасын дотор 13 кг хасаж байлаа

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Амгаланбаатарыг урьж, ярилцлаа.  2020 онд тэрбээр уран бүтээлийн олз омог ихтэй байгаа.  “Түүх мартахгүй” уран сайхны кинонд Ю.Цэдэнбал агсны дүрийг бүтээсэн. Мөн өнгөрсөн баасан гарагт цахимаар нээлтээ хийсэн “Social man” уран сайхны кинонд тоглосон юм.

 

Манай цомог Д.Болдын "Хайрын хүч"-ийг бут цохиж байлаа 

-Ярилцлагаа их сонин сэдвээс эхлүүлмээр байна. Драмын дөрөв хамтлаг болж, дуулж байсан. Миний дурладаг хамтлагийн нэг. Клипээ бусад хамтлагуудад үлгэр үзүүлэхээр хэмжээнд хийдэг байсан. Хамгийн сүүлд “Чингис хаан” дууг дуулснаас хойш уран бүтээл хийсэнгүй. Танай хамтлаг дууныхаа уран бүтээлийг яагаад хойш нь тавьчихав?

-Бид 2005 онд анхны цомгоо гаргаж байлаа. Хоёр ч цомог гаргалаа. Хоёр том тоглолт хийсэн. Жүжигчид гэдэг утгаараа мюзикл маягтай тоглолт хийж байлаа. Залуу байхдаа сонирхлоороо, хүсэл мөрөөдлөөрөө л дууны уран бүтээл хийж байсан. Сүүлийн үед зав багатай болсон. Пара бид хоёр драмын театртаа ажиллахын хажуугаар СУИС-д багшилж байна. Эби киноны уран бүтээл рүү ороод, найруулагчаар ажиллаж эхэлсэн. Боогий ч гэсэн киноны уран бүтээлээ түлхүү хийж байгаа. Мөн драмын театрын бүхий л уран бүтээлд тоглож байна. Гэх мэт шалтгаанаар л дуу бичүүлж чадахгүй юм. Аранзаад гэхэд 2, 3 дууны фонограмм бэлэн болчихсон байна. Дуугаа дуулаад гаргавал жинхэнэ хага авахаар, шуугиан тарихаар, фэйсбүүкээр бүгд хуваалцахаар уран бүтээл болно. Хийж амжихгүй л явна.

-Шинэ дуу гаргахыг чинь хүлээж байгаа шүү. Надтай адил хүлээж байгаа хүмүүс зөндөө байгаа байх?

-Дотроо бодсон зүйл их байна. Хувьсгалын тохироо бүрдсэн үед л гаргана гэж бодож байгаа.

-Анх яагаад хамтлаг болж дуулахаар шийдсэн юм бэ?

-Драмын мэргэжлийн жүжигчдийн төв гэж бий. Өмнө нь Ардын жүжигчин С.Сарантуяа тэргүүлдэг байсан. Одоо манай Б.Отгонбат тэргүүлж байгаа. Сүүлд нь “Гэгээн муза” академ болсон. Энэ төвөөс  жүжигчдэд зориулсан дүрийн болоод дууны уралдааныг  хийдэг байлаа. 2003 онд энэ уралдаанд бид дөрөв хамтраад оролцсон. Социализмыг магтан дуулсан улс төрийн дуунуудын попури дуулаад түрүүлсэн юм.  Манай өндөр Түвшин тав дахь гишүүн нь болоод, дуулахгүй ч гэсэн ард туг бариад зогсдог байсан. Түрүүлээд 500 мянган төгрөгөөр шагнуулж, их урам авсан. Дөнгөж л театрт ороод, хөлөө олох гээд л зүтгэж явсан залуучууд. Тэр үед л дөрвүүлээ хамтлаг болоод дуулж болох юм байна гэсэн ойлголт авсан.

2004 онд сонгууль болсон. Сонгуулиар дөрвүүлээ явж дуулсан. Маш амжилттай байж, бидний очиж дэмжиж, дуу хуураа өргөсөн бүх хүн бараг гишүүн болсон. Тэр үед чинь урлаг соёл чөлөөтэй байсан үе. Тэгэхэд 2, 3 дуу бичүүлээд, дуулсан, амжилт олсон. Тэгээд л 2005 онд цомог гаргахаар шийдсэн. Шинэ дуу зохиох биш бидний багадаа орцонд дуулдаг байсан дуунуудаа дуулбал илүү хүнд хүрэх байх. Хүмүүсийн дурсамжийг сэдрээе гэж төлөвлөсөн. Тэгээд  Солонгосын хөрөнгө оруулалттай компанийн менежерт хандаж, цомог гаргах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн. Тэр хүн бидний уран бүтээлд их дуртай гэдэг байсан болохоор дэмжсэн. Ингэж л анхны “Хайрын дурсамж” цомог маань гарсан. Цомгоо 5000 хувь хэвлүүлсэн. “Уучил хайрт минь”, “Дөрвөн улирал” дуундаа клип хийлгэсэн. Мөн “Санаандгүй учрал” дуундаа “Херо”-гоор клип хийлгэж байлаа.  Гэтэл санаанд оромгүй амжилт үзүүлсэн. Тэр үед “Камертон”-ы Д.Болд  “Хайрын хүч” цомгоо зургадугаар сард гаргаад, бяц авсан. Манай цомог есдүгээр сард гараад, “Хайрын хүч”-ийг бут цохьсон. Дөрвөн жүжигчин залуу дуулахаар хүмүүс соргогоор хүлээж авсан.

Тэгээд 2016 оны хоёрдугаар сард “Хайрын дурсамж” цомгоороо нэрлэсэн тоглолтоо хийсэн. Тэр үедээ мюзикл гэж хэлж арай зүрхлээгүй ч тийм хэмжээний тоглолт болсон. Н.Ононбат ах найруулаад, янзын гоё тоглолт болж байлаа. Зарим дуучид хүртэл “Ээ та нар битгий хоолноос булаацалдаад бай” гэж хүртэл ярьж байлаа шүү дээ. 

Найруулагчийн чиглэлээр хүчээ сорино, тэгэхдээ чанартай уран бүтээл хийнэ

 -Драмын дөрвөл жүжигчин, найруулагчийнхаа чадвараар цензур тогтоочихлоо. Гурав нь найруулагч талаасаа ажиллаж, хүчээ сорьж байна. Н.Наранбаатар найруулагчтай юу ярих билээ. Жүжигчин Э.Эрдэнэбилэг ямархуу найруулагч вэ гэдгээ хоёр, гурван киногоороо батлаад харуулчихлаа. Одоо та л найруулагчаар авьяас чадвараа сорих дутуу байна. Нэг ярилцлагадаа кино найруулах гээд ажиллаж байгаа гэсэн байсан. Тэр талаараа яриач?

-Намайг бусадтай маань харьцуулж ярьдгаас нь болоод ч тэр юм биш. Уран бүтээлч учраас өөрийгөө сорих бодол байдаг. Тэр ч утгаараа солонгосчуудтай хамтарч нэг уран бүтээл хийх гээд өнгөрсөн жил ажлыг нь эхлүүлсэн. Гэтэл Ю.Цэдэнбал даргын дүрд тоглохоор тэнцээд, уран бүтээлээ хойш нь тавьсан. “Түүх мартахгүй” киноны ажил бүтэн жил үргэлжилсэн. Тавдугаар сард зураг нь эхлээд арванхоёрдугаар сард дууссан. Өөрийнхөө найруулах киноны ажлыг энэ хавраас эхлэхээр төлөвлөж байтал айхтар цар тахал гараад, хоригдчихоод байж байна. Ерөнхийдөө төлөвлөсөн ажлууд байгаа. Нэг их зарлаад яахав гэж бодоод чимээгүй байдаг. Уран бүтээлээ хийх нь хийнэ. Хийхдээ чанартай сайн уран бүтээл хийнэ, багаа сайхан бүрдүүлнэ.

-Олон сайхан уран бүтээлчид кино урлагт зүтгэж, хөгжүүлж байна. Тэр дунд драмын дөрвөл ч багтаж байгаа. Найруулагчийн талаасаа ч жишиг болохоор чанартай уран бүтээлүүдийг хийж байна. Г.Амгаланбаатар гэдэг найруулагч ч гэсэн тийм хэмжээний бүтээл хийх болов уу гэсэн хүлээлт байна л даа?

-Муу уран бүтээл хийх эрхгүй л болчихсон. Угаасаа бид дөрөв урлагт, тэр дундаа драмын урлагт хоёргүй сэтгэлээр 20 жил зүтгэж байна. 2000 онд театрт орсноосоо хойш. Түүнийхээ хажуугаар кино урлагт ч гэсэн жүжиглэх, найруулах зэргээр хүчээ сориод явж байна. Гэхдээ дандаа чанартай, хамгийн сайн уран бүтээлийг хийж, хүмүүст хүргэхийг хүсдэг. Муу зүйл хийх эрх байхгүй гэж өөрсдийгөө ирлэж, хурцалж явдаг хүмүүс дээ.

-Та өмнө нь найруулагчаар ямар нэг уран бүтээлд ажилласан биз дээ. Эсвэл одооноос л энэ төрлөөр хүчээ сорих гээд байна уу?

-Оюутан байхдаа өөрөө кино зохиолоо бичээд, найруулаад, гол дүрд нь тоглоод явж байсан ч тохиолдол бий.  Ярьвал бараг л онигоо шиг.  Одоо тийм хөнгөн гоомой биш, нэлээд буурьтай суурьтай бүтээл хийхгүй бол болохгүй шүү дээ.

-Зохиолоо өөрөө оролдох бодол байгаа юу, мэргэжлийн зохиолчдод хандах уу?

-Зохиолчдоор л бичүүлнэ. Өөрөө санааг нь гаргаж өгөөд, зохиолчдоор бичүүлэхээр төлөвлөж байгаа. Манайд кино зохиолчдын орон зай хоосон, учир дутагдалтай л байна.

Түүхэн хүний дүрд тоглоно гэдэг чинь тэр болгон жүжигчинд олдоод байдаггүй хувь тавилан

“Түүх  мартахгүй” уран сайхны кино нээлтээ хийж, IPTV-гээр гарсан. Хүмүүст ч нэлээд хүрэх шиг боллоо. Удахгүй хоёрдугаар анги нь гарна гэсэн үү?

-Ганцхан “Юнивишн”-ээр гарсан. “Look Tv”, “DDSH” хоёр чинь бас “Юнившн” мэдлийнх юм билээ. “Скай мдеиа”-гаар нь гараагүй. Нэгдүгээр анги нь гараад, IPTV-д байгаа. Гэхдээ энэ учир дутагдалтай юм байна. Уг нь кино театртаа нээгээд, үзэгчдэд хүргэсэн бол хэчнээн сайхан байх билээ. Тиймээс хоёрдугаар ангийнхаа нээлтийг цаг тайван болж, өвчин тахал намдсан үед нээе гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Хоёрдугаар анги нь их гоё болсон. Монголын төрийг 44 жил удирдсан хүний түүхийг ганц ангид багтаахын аргагүй юм билээ. Хоёрдугаар анги бэлэн болчихсон, цар тахал хэзээ намдах бол гээд л хүлээж байна даа.

-Энэ кинонд тоглосноор та нэг түвшин ахиж, илүү төлөвшиж, эх орныхоо тухай бодох бодролууд нь ч өөрчлөгдсөн байх?

-Тэгэлгүй яах вэ. Энэ агуу хүний идэр насных нь дүрд тоглохоор болоод, тэнцлээ гээд л уншлагаа эхэлж, давтаж байхдаа үнэхээр шүншиглэж байсан. Энэ бол хувь тавилан юм. Түүхэн хүний дүрд тоглоно гэдэг чинь тэр болгон жүжигчинд олдоод байдаггүй хувь тавилан байхгүй юу. Энэ дүрд тэнцэхдээ маш их баярлаж, сүсэглэж, сүрдэж хүлээж авсан. Ямар ч байсан ард нь гарчихсан, сайн, муу хэлүүлээд л явж байна. Гэхдээ муугаасаа сайн нь илүү байна билээ. Ид адилхан харагдаж байсан, хүн талаас нь харуулах гэж оролдсон байна гэдэг үнэлгээг олон хүн өгсөн. Хоёрдугаар анги дээрээ улам илүүг харуулна. Нэгдүгээр анги тайлал маягийн хэсэг. Хоёрдугаар ангидаа Ю.Цэдэнбал дарга хувь хүн талаасаа хэн байсан, амьдрал, тэмцэл, зөрчилдөөн гээд бүх сайхан зүйлс нь гарна.

Нэгдүгээр ангийг нь баримтат кино шиг маягтай болчихсон гэж шүүмжилж байгаа хүмүүс харагдсан. Хэрвээ тийм бодолтой хүмүүс энэ ярилцлагыг үзэж, уншиж байгаа бол хоёдугаар анги нь бүр гоё болсон гэж хэлмээр байна. Миний хувьд тэр хүний хийсэн зүйл, намтрыг нь уншаад, мэдээд бахархахгүй байхын аргагүй байсан. Тийм хүнийхээ дүрд тоглосон болохоор туйлаас их баяртай байгаа.

-Манайх “Скай медиа”-тай болохоор “Түүх мартахгүй” киног үзэж чадаагүй л явна. Триллерийг нь үзэж байхад зураг авалт, өнгө дүрс илүү мэргэжлийн түвшинд хүрчээ гэж харсан?

-Маш гайхалтай чадварлаг, том групп, баг хамт олон ажилласан. Байнгын 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй л явж байлаа. Жаахан хөрөнгө хаяад өгчихөд манай кино урлаг хөгжихөөр байна. Сая ам.доллартай бол чанартай уран бүтээл хийж болохоор байна. Энэ кинонд тийм хэмжээний мөнгө зарцуулсан.

-Орост гаргаж чадсан уу?

-Уг нь тэнд нээлт хийнэ гэж төлөвлөж байсан ч цар тахлаас болоод чадсангүй. Оросын маш олон сайхан уран бүтээлчид тоглосон. Ардын жүжигчин, гавьяатууд нь ч тоглосон шүү дээ. Сайхан залуу жүжигчид ч оролцсон байгаа. Зураг авалт хийсэн Эрхүүгийн театруудаар нээхээр яригдаж байсан юм билээ.

-Орос жүжигчинтэй харилцаж тоглоход ямар мэдрэмж төрүүлдэг юм байна. Сонирхолтой санагдсан уу?

-Манай СУИС, Багшийн дээдийн кино драмын анги төгссөн хүмүүс чинь бүгдээрээ л Орос дэг сургуультай. Жүжигчний ур чадварыг Монголд Станиславский гэдэг хүний арга барилаар заадаг. Тиймээс бидэнд ямар ч ур чадварын, ойлголтын зөрүү гарах зовлон байгаагүй. Хэлээ л ойлголцож байвал болно. Нарийн хэл нэвтрэлцэхгүй ч гэсэн текстээ зөв хэлээд байхад болж л байгаа юм. Катя бид хоёр сүүлдээ нүдээрээ ойлголцоод л явдаг болсон. Би орос хэлдээ тийм сайн биш. Дөрөвдүгээр ангиас эхлээд “Радуга” сурах бичгийг үзсэн. Тэр жаахан суурин дээрээ тулгуурлаад л үгээ бэлтгэж, тоглосон. Сүүлдээ маш сайхан ойлголцдог болсон. Жүжигчний ур чадвар, тоглолт, ойлголт нь зөрөлдөхгүй юм чинь, ямар ч асуудал байхгүй.

Би Катятай харилцаж тоглохоосоо өмнө Оросын зарим жүжигчидтэй зураг авалтад ороход нэлээд сандарч байсан. Анх Сталинтай уулздаг хэсгийн зураг авалтыг хийж байхад. Тэгээд сүүлдээ сандрал арилсан. Оросууд ч гэсэн “Чи мундаг жүжигчин байна. Хэл ч гэсэн асуудал алга. Гадаадын хүн манай хэлээр ярьж байна гэхэд хэллэг ямар ч асуулдалгүй байна” гэж байсан.

-Энэ  таны урлагт хөл тавиад 20 жил болоход тоглосон хамгийн том дүр байсан гэж ойлгож болох уу?

-Болно. Хамгийн их хүч шавхсан, сэтгэл зүрхээ зориулсан, олон шалгуурыг давж гарсан, үүрэг хариуцлага оногдуулсан дүр байсан. Үг хэлээр их ч дайруулсан. Түүнээсээ илүү магтаалыг ч хүлээлээ.

-Киногоо анх үзчихээд ямар сэтгэгдэл төрж байв. Би л таны оронд өөрийгөө тавиад бодоход их огшсон болов уу гэж санагдах юм?

-Уран бүтээлчид чинь өөрийнхөө тоглосон киног үзээд алдаа, оноогоо хардаг. Түүнээс биш айхтар сэтгэл хөдлөөд, огшоод байхгүй. Хор нь гарчихсан хүмүүс шүү дээ бид чинь. Залуу уран бүтээлчид бол би сайн тоглож. Эсвэл ямар муу тоглоо вэ гэдэг талаасаа харж, баярлаж, гуних л байх. Бидний үеийнхэн чинь сайн, муу хэлүүлээд сурчихсан. Найруулагч нартаа нухлуулаад, үг сонсоод сурчихсан, хор нь гарсан хүмүүс. Тийм болохоор энэ хэсэгт нь жаахан ингэхгүй яав даа гэж л үздэг. Түүнээс биш нэг их айхтар огшоод байдаггүй.

Левин их ичимхий, би тийм биш, хайртай бол хайртайгаа шууд хэлнэ, түүгээрээ надаас ялгаатай дүр

-УДЭТ алдарт “Ана Каренина” жүжгийг нээх гээд бэлтгэж байтал коронавирусийн улмаас хойшилчихлоо. Утга, уран зохиол, драмын жүжигт дуртай хүмүүсийн хүсэн хүлээж байсан жүжиг энэ байлаа. Та энэ жүжигт Левинд тоглож байгаа юм билээ. Сургуулилтаа хийгээд, бэлэн болчихсон байсан уу?

-Жүжгээ бэлдээд, бэлэн боллоо гэж үзвэл найруулагчийн зөвлөлд үзүүлдэг. Дараа нь уран сайхны зөвлөлд үзүүлээд, тэгээд нээлтээ хийдэг юм. Бид найруулагчийнхаа зөвлөлд үзүүлээд зогсоочихсон байсан. Цар тахал улам нэмэгдсэн учраас зогсоохоос өөр аргагүй байсан л даа. Бараг бэлэн болчихсон байсан гэсэн үг шүү. Жаахан засвар ороод, уран сайхны зөвлөлд үзүүллээ. Тэндээс зөвлөгөө гараад, засах юм байвал засаад л нээх байсан юм. Энэ агуу зохиолыг Пүрэвдагва ах маань жүжгийн зохиол болгосон. Эмэгтэй талаасаа Аннагаар овоглосон зохиол учраас Анна гол байх ёстой. Түүнийг дагаад Вронский  голлох хэрэгтэй. Мөн Кити, Левин хоёр байх ёстой гэж оруулж ирсэн байна билээ.  Левинд С.Болд-Эрдэнэ бид хоёр ээлжилж тоглож байгаа.

Би хар багаасаа л Аннаг уншиж өссөн. Кинонуудыг нь ч харьцуулж үздэг. Жишээлбэл, сүүлд оросууд хийсэн кинонд Левинийг бараг л гаргахгүй байна билээ. Романдаа бол Левин маш том дүр. Судлаачид Левин бол Лев Толстой өөрөө юмаа. Өөрийгөө бичсэн гэдэг юм билээ. Тийм учраас би энэ дүрд нэлээд судалгаатай ажилласан. Харамсалтай нь нээж чадсангүй. Есдүгээр сард Аннагаараа нээлтээ хийнэ дээ.

-Левин таны баримталдаг зарчим, чиг шугамтай чинь ойрхон уу. Би энэ жүжигчид дундаас таныг хамгийн их зарчимтай, чиг шугамаа барьдаг, хэл аманд нэг их орооцолдоггүй хүн гэж боддог. Левин ч гэсэн чиг шугамтай, Китиг хоёргүй сэтгэлээр хайрласан, хөдөлмөрч хүн. Ер нь тантай ойролцоо дүр гэж бодогдсон уу?

-Үгүй, харин ч ялгаатай. Левин чинь ичимхий, хайртай гэж хэлж чаддаггүй. Би ичимхий биш, хайртай бол хайртайгаа шууд хэлнэ. Уурлах юм бол шууд уурлана, зодолдвол ч шууд л зодолдоно. Тэр утгаараа өөр.

-Чиг шугам гэдэг талаасаа адилхан уу л гэж байхгүй юу?

-Тэр талаасаа байж болно. Мэдээж бид сайн багш нарын шавь. Олон сайн найруулагчаас үг сонссон, төрийн байгууллагын ажилтнууд. Тэр утгаараа цагт баригддаг, цалингаа хүлээдэг хүмүүсийн хувьд чиг шугамтай л байдаг. Бүр анхнаасаа гэр бүлийн хүмүүжил ч тийм учраас нэг баримталсан зарчимдаа үнэнч явдаг юм.

-Маш өргөн цар хүрээтэй, олон хүний амьдралын талаар өгүүлэх том роман. Жүжиг бол 2-3 цаг орчим л байх болов уу. Тэр хугацаанд олон зүйлийг багтаана. Монгол хүн зохиолыг нь бичээд, монгол найруулагч найруулахаар ямархуу жүжиг болж байгаа бол загатнаад байна л даа. Та бага сага ярьж болох уу?

-Чи яг энэ сэтгэгдлээрээ л очиж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй би чамд зарим нэг зүйлийг хэлээд өгчихвөл болохгүй. Оюунлаг, утга зохиол сонирхдог, романыг нь уншсан хүмүүс үзвэл зарим нь уг нь ингэчихсэн бол гэж бодох байх. Зарим нь ингэж хийхээс өөр яах билээ ч гэж бодох болов уу.  Чи дотроо ямар жүжиг болсон бол гэж загатнасан чигээрээ л очиж үзсэн нь дээр. Гэхдээ чамд энэ дүрийг нь ингэчихгүй яав гэх юм гарах л байх. Романыг нь уншаад судалчихсан хүнд яг тийм бодол төрдөг юм билээ. Энэ хэсгийг нь оруулчихмаар ч юм шиг.  Надад хүртэл тэгж санагдсан. Тухайлбал, нугасны ан хийдэг хэсгийг хасуулж байгаа байхгүй.  Облонскийтой нугасны анд явдаг даа. Тэр их гоё хэсэг байсан. Хасаж таарсан. Уртдаад байгаа юм чинь. Надад тэгж санагдсан зүйлс бий. Чи ч бас үзээд, өө ингэчихгүй дээ гэж бодох л байх.

-Та “Анна Каренина” романыг уншаад, эмэгтэй хүний тухай юу гэж бодсон бэ. Тэр надад сонирхолтой санагдаж байна?

-Би бүр эсрэгээр нь бодсон. Энэ “Анна Каренина” гэдэг роман боловч түүний нөхөр Каренин гэдэг хүний тухай зохиол юм биш үү гэж бодож үзсэн. Анна Каренина гэдэг эмэгтэйгээр зохиолоо нэрлэсэн боловч Каренин гэдэг агуу хүн байна шүү дээ. Түүний өнцөг талаас бодож үзвэл маш сонирхолтой.

-Эр хүнээс яг тийм тэсвэр тэвчээр, уучлал, хайр гарах уу гэдэг сонин?

-Чи бод доо, бүх зүйлийг нь мэдэж байгаа мөртлөө салахгүй, хүлээн зөвшөөрнө гээд. Аймар биз дээ. Тэр талаас нь бодох юм бол сонин. Мэдээж эмэгтэй хүн талаас нь харвал эмэгтэй хүн ийм тэнэг, эсвэл хайр дурлалдаа үнэн ч гэж бодож болохоор. Хүмүүс ч янз янзаар л ойлгодог. Хайр дурлалын хамгийн сонирхолтой хэлбэр ч гэдэг. Тэгэхэд би огт өөр талаас нь буюу Алексей Каренин гэж хэн юм бэ. Энэ чинь Анна Каренина биш Алексей Каринен гэдэг зохиол юм биш үү. Эсвэл бүр Левиний тухай зохиол юм биш үү ч гэж бодож үзсэн. Агуу зохиол. Уншаад ухах тоолонд л ундармал баялаг шиг олон зүйл гарч ирээд л байдаг.

Хүмүүс бусдын мууд яасан их дурлаж, сэвдэг вэ гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ

 

-цахим ертөнцөд нэг кино нэлээд хүчээ аваад байна. Өчигдөр /2020.06.19/ нээлтээ хийлээ. “Social Man” гэдэг кино. Энэ кинонд та их сонирхолтой дүрд тоглож. Би таныг ийм дүрд тоглож байсныг чинь санахгүй байна. Голдуул л төлөв түвшин дүрд тоглож байсан санагдах юм. Өөрийгөө эвдэж тоглох шиг боллоо?

-Энэ кинотойгоор холбоотойгоор фэйсбүүк хуудсандаа лайв гэдэг зүйлийг нь чинь оруулж үзлээ. Хүмүүс бусдын мууд яасан их дуртай, цааш нь хурдтай түгээж, сэвдэг вэ гэдгийг өөрийнхөө биеэр мэдэрлээ. Сүүлдээ бүр айсан. Энэ бол Пүрэвхүү гэдэг залуугийн дүр. Цахим орчин гэж юу байдгийг мэддэггүй нөхөр. Д.Лхагвын тоглосон дүр болохоор цахим ертөнцийн “од” байхгүй юу. Хоол идэж байхдаа л live хийхэд 10, 20 мянган хүн үздэг ч гэдэг юм уу. Тэр хүнд би шавь ороод, яаж шууд дамжуулалт хийхийг заалгачихсан. Түүнийгээ буруу ашиглаад, онигоонд орж байгаа хүний л дүр. Надаас огт өөр, хол зөрүүтэй дүр. Тэр кинондоо би согтуу лайв хийгээд, Сүхбаатарын хөшөөн дээр авирч гараад, цагдаад баригдаад, өглөө нь эрүүлжүүлэхээс гарч ирээд, туслахтайгаа яана аа гээд сууж байгаа тухай гардаг. Бас нэг жижиг компанийн захирал.   

Газар ухаж байгаад ганц бух олоод ёндоорчихсон л нөхөр байхгүй юу.  Тэгсэн мөртлөө цахим ертөнцийн ямар ч ойлголтгүй учраас л эвгүй байдалд орж байгаа юм л даа. Энэ лайв гэдгийг чинь яг тэр үедээ л шууд дамжуулна гэсэн ойлголт байхгүй. Өмнө нь зураг аваад, эвлүүлчихсэн байсан хэсгийг өөрийнхөө фэйсбүүк хуудаснаас лайв хийж байгаа юм шиг оруулж болдог юм байна. Лайв маягаар оруулчихаад, хүмүүс сэтгэгдэл бичихийг нь хараад, бид хэд инээлдээд сууж байсан.  Гэтэл миний утас дуугараад л эхэлсэн. Манай театрын Ерөнхий менежерээс авахуулаад олон хүн залгасан. “Энэ Амгаа ах яаж байгаа юм бол” гэж бодсон юм шиг байгаа юм. Кино багийнхан утсаа авч болохгүй, жаахан байж байгаад унтраа гэсэн. Тэр дагуу хэсэг хугацаа өнгөрсний дараа утсаа унтраасан. Шөнийн 11:30 цагт лайв эхлүүлсэн юм. Түүнээс хойш нэг их удалгүй утсаа унтраачихсан. Өглөө 06:30 цагт утсаа асаасан. Гэтэл утсанд 100 гаруй дуудлага, мессеж ирчихсэн. Дандаа л танил тал, найз нөхөд, ойр дотны голдуу хүмүүс л санаа зовоод залгаж, мессеж бичсэн байгаа юм.

Эхнэр маань бүр ойр дотны, ах, дүү нартаа киноны хэсэг шүү гээд хэлчихсэн байсан юм билээ. Өглөө 06:30-д босоод лайваа устгаарай гэсэн юм. Тэгвэл хүмүүс яг итгэнэ гэж тооцсон. Тэр дагуу л өглөө устгасан. Би зарим нэг сайтад өөрөө гуйж тавиулсан. Бусад нь өөрсдөө тэр бичлэгийг оруулаад, мэдээлээд, хүмүүс ч хуваалцаад явчихсан.  70, 80 мянган хүн үзсэн ч байх шиг. Сэтгэгдлүүд нь аймар.

-Хэлэх хэлэхгүй үгээр хэлж байна билээ шүү.  Энэ дүр чинь их өөр талаасаа таныг харуулсан байсан?

-Д.Лхагва өөрөө зохиолыг нь бичсэн. Тэгээд надад санал тавиад, уншуулсан. Үнэхээр таалагдсан. Яадаг юм, ийм дүрд тоглоход гэж бодсон. Жил гаруйн хугацаанд Ю.Цэдэнбал даргын дүрд тоглоод, киноны нээлт дөрөвдүгээр сард болоод, саяхныг болтол түүгээр “амьсгалсан”. Хүмүүс ийм Бал дарга байдаггүй, байсан гээд л талцаад л муулж, сайлсан. Хөөрхөн л булуулсан. Нөгөө талаар жүжигчин хүн ямар ч дүрд хувирч байх ёстой. Гэдэг утгаар нь олзуурхаж хүлээж аваад, өөрийгөө жаахан эвдэж, өөр өнцгөөс харуулъя гэж бодож тоглосон.

-Би таныг бодохоор л “Үл таних эмэгтэй” кинонд тэр бүсгүйд дурласан, төлөв түвшин залуугийн дүр л буугаад байдаг, ихэвчлэн. Гэтэл энэ кинонд маш гоё өөрчлөгдсөн байсан?

-Жүжигчин хүн нэг хэвийн л байгаад байвал явахаа байна. Тийм учраас аль ч зүйлд хувирч чаддаг байхыг хичээх ёстой. Тийм эрэл хайгуул хийх хэрэгтэй.

-Жүжигчид хүний дотор арзагнаж, үзэн ядмаар эсрэг дүрд ч тоглож үзэх л хэрэгтэй юм шиг санагддаг. Тийм бодол төрдөг л байх?

-Би театрт янз бүрийн л дүр тоглодог. Яваандаа тийм дүрд тоглох байх, болно ш дээ.

-Би жүжигчдээс асуумаар санагддаг. Жүжигчид олны өмнө байнга л байдаг, залуучууд тэднээс үлгэр дуурайлал авдаг. Тэгэхээр бие хаагаа гоё хөгжүүлэх ёстой юм шиг бодогддог. Манай жүжигчид жингийн асуудалтай байх нь их юм. Гадаадын жүжигчдийг харахад, ямар гоё үлгэр дууриалал үзүүлдэг билээ. Энэ хүн шиг биетэй болох юмсан гэж бодож залуучууд дасгал хийнэ шүү дээ?

-Би байнга л дасгал, хөдөлгөөн хийхийг хичээдэг. Гэхдээ дунд нь таслах юм бол фитнесээр хичээллээд хэрэггүй юм билээ. Дасгал хийснийхээ хүчинд жингээ хамаагүй алдчихгүй бариад байгаа. Гэхдээ би яг зориод дасгал хийвэл сарын дотор 13 кг хассан тохиолдол ч бий. Ер нь зуурсан гурил шиг л байх ёстой. Жингээ барих талаар “Хувьсал”-ын Урнаа үнэн дайчин. Бид хамт “Парисын дарь эхийн сүм” жүжигт тоглож байхад би 93 хилээс сар хагасын дотор 80 кг болж байсан.  Тэгж л жүжигтээ орж тоглож байсан. Дараа нь би “Дон Кихот” жүжгийн Санчо Пансад тоглохын тулд 6 кг нэмж байсан ч удаатай.  Би өөрөө багаасаа унаган махтай байсан. Тийм учраас хурдан жин нэмэх гээд байдаг талтай. Харин гүрийгээд дасгал, хөдөлгөөн хийвэл сарын дотор л жингээ хасаад, хэвийн хэмжээнд хүргэчихдэг.

-Жүжигчдийг кино үзэхэд их зав гаргадаг болов уу гэж боддог. Тэр дундаа олон ангит киног их үзэж байгаа байх. Холливудынхан олон ангит киног үнэхээр сайн хийж байна?

-Би “Алхаж буй үхдэлүүд” гэдэг киног үзсэн. Хоёр, гурван цуврал гарсных дараа үзэж эхлээд, нэг хэсэг орсон шүү дээ. Бүр хүлээдэг болсон. Сүүлдээ жаахан залхсан болохоос. “Чернобыль”-ийг үзсэн байна. Мэдээж “Хаадын тоглоом” бол дэлхийн хамгийн шилдэг цуврал. Гэх мэтээр олон кино үздэг. Үзэж дуурайхаасаа илүү суралцдаг. Оросын кинонууд ч мундаг. Оросуудын хийсэн “Чернобыль” гээд кино бий. Хоёр, гурван цувралтай. “Фантастик”-ийн дүү нар сая “37-р точка” гэдэг гоё кино хийлээ. Монголчууд сериалыг хийж болдог юм шүү гэдгийг харуулж байна. Сериал киноны анхдагч нь миний тоглож байсан “Мөрөөдлийн хөлөг онгоц” гэдэг кино.  Тэр үедээ л үзэгчдийг байлдан дагуулж байсан. Харин “37-р точка” киногоор бол “Фантастик”-ийн дүү нар сериалыг ийм хэмжээнд хийж болдог юм шүү гэдгийг харуулж чадлаа. Цаашид улам л хөгжих байх.

-Би танаас ингэж асуусан нь та дөрөв сериал руу ороосой гэж боддог. Өдий хэмжээнд хүрчихсэн жүжигчид, найруулагчид Монголын цуврал киноны хөгжлийг дахиад нэг шинэ түвшинд аваачих байх гэж боддог. Тийм зүйл хоорондоо ярьж байсан уу?

-Хоорондоо ярилцаж үзээгүй. Гэхдээ яагаад болохгүй гэж. Сонирхолтой, сайхан санаа байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.