Испанийн Ла лигийн 30 дугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө "Реал Мадрид" клуб "Реал Сосьедад"-ын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 65 оноотой болж, энэ тойрогт тэнцсэн "Барса"-гийн алдааг ашиглаж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Хоёр баг оноо тэнцсэн, гоолын зөрүү адилхан +38. Харин "Реал" арай цөөн хожигдсон гэдгээрээ хүснэгтийн тэргүүнд гарлаа.
Тоглолтын 50 дахь минутад Рамос гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Бензема 70 дахь минутад энэ улирлын 17 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтад Мессигээс 4 гоолын дутуу хоёрдугаарт бичигдэж байна. Тэгвэл эзэн багаас 83 дахь минутад Мерино нэр төрийн ганц гоол оруулжээ.