2020 оны 6-р сарын 18
8 цаг 10 минут

Ц.Амарбаясгалан: Спортын хүн ч улсынхаа төлөө амжилттай ажиллаж болдгийн жишээ нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд

2020 оны УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Ц.Амарбаясгалантай ярилцлаа. “Хар салхи” хочит тэрбээр Мэргэжлийн кик бокс, муай тай боксын дэлхийн аварга, холимог тулааны тамирчин, бизнесийн удирдлагын магистр, “Шинобү” ХХК-ийн Ерөнхий захирал билээ.

Амьдралынх нь хором мөч бүхэнд тэмцэл шингэсэн Ц.Амарбаясгалан дөч эргэх насандаа төрөө түшилцэж, түмнээ төлөөлье хэмээн зориг шулуудаж, 2020 оны УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог, Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж байна. Түүний мандаж, амжилт гаргах болгонд ард нь Монголын нэр давхар мандаж, арлын Японд эх газрын Монгол Улсыг таниулах, ард түмнийхээ тэсвэр тэвчээр, оюун ухааны чадавхыг өөрөөрөө дамжуулан гайхуулж, нотлоод ирсэн.

“Шинобү” Амараа япон хүний өндөр ёс зүй, нарийн чанад төлөвлөлттэй зан чанарыг өөртөө нэвт шингээсэн нэгэн. Түүнд тамирчин хүний тэсвэр хатуужил, стратегич байдал, шударга зан төлөв, алсын хараа бүгд бий. Өөрийгөө ялан дийлж дэвжээн дээр мандаж явахдаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг эзэмшсэн.

Юм үзэж нүд тайлсан хүний элдэв хор гарч дуусдаг. Эдийн шунал, эрх мэдлийн хэнээ бүрэн арилдаг. Ц.Амарбаясгалан яг л ийм үе дээрээ эх орныхоо ирээдүйд хувь нэмэр оруулахаар шийджээ.Тамирчин хүн яагаад улс төрд орохоор шийдсэн, улс төрд орж  юу хийхийг хүссэн талаарх түүний яриаг сонирхон уншина уу.

-Тулааны спортын тамирчин хүн гэнэт улс төр сонирхож,  хүч үзэхээр шийдсэн шалтгаан юу байв. Олон нийт их гайхаж хүлээж авсан?

-Хүмүүс тэр бүр их гайхаж хүлээж аваагүй ээ. Би тулааны спортын тамирчин гэдгээсээ илүү Монгол Улсын иргэн, эдийн засгийн магистр хүний хувьд одоогийн нийгмийн байдал бол улс төрөөс хол байхад тэвчихээргүйд хүргэж байна. Залуу хүний хувьд төрж өссөн нутгийнхаа хөгжлийн түүчээ болъё гэж шийдсэн.

-Спортынхноо төлөөлж, тэдний дуу хоолой болж байна гэж ойлгож болох уу?

-Миний хувьд тамирчин хүн гэхээсээ илүү Монгол Улсын иргэн хүний хувьд иргэний үүргээ биелүүлэн нэр дэвшиж байна гэж ойлгож болно.

-Намаас биш бие дааж нэр дэвших болсон шалтгаан?

-Намаас биш бие даан нэр дэвших шалтгаан бол миний үзэл бодол намынхтай нийлэхгүй. Бие даагчийн давуу тал бол намаас хараат бус өөрийнхөө үзэл бодол, өөрийн нутгийнхаа төлөө мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн залуучуудаа уриалан, залуучуудыгаа идэвхтэй байлгаж, тэднийхээ төлөө үзэл бодол, хүсэл сонирхол, асуудлыг нь шийдвэрлэхэд нийцсэн үйл ажиллагаа явуулахад илүү дөхөм гэж үзсэн учраас бие дааж нэр дэвшихийг хүссэн.

-Тамирчин, бөхчүүд, дуучид улс төрд ороод яадаг юм гэх хандлага бий. Үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Спорт, урлагийнхан ч бас бусад гишүүдтэй адилхан өндөр боловсрол мэргэжилтэй хүмүүс байгаа. Спорт, урлагийнхан энгийн гишүүдээс ч илүү сэтгэж чадна гэдэгт би итгэлтэй байдаг. Жишээ нь, манай улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар спортлог хүмүүс. Тэд спортын хүн ч төр улсынхаа төлөө амжилттай ажиллаж болдгийн жишээ нь болж байна.

-Таны боловсролын талаар сонирхож болох уу?

-Тамирчны амаргүй замналаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ тархиа цэнэглэж, эрдэм номын мөрийг давхар хөөсөн нь өнөөдрийн Ц.Амарбаясгаланг бүтээсэн гэхэд болно. Би 2001-2003 онд Япон улсын Жосай Олон улсын их сургуулийн хэлний сургуулийг дүүргэсэн. 2003-2007 онд Япон улсын Жосай Олон улсын их сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр, 2007-2009 онд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан.

-Сонгуулийн сурталчилгаа хийж яваа. Дарханчууд таныг хэрхэн хүлээж авч байна. Тэдэнд юу хэрэгтэй гэж байна вэ?

-Мэдээж төрж өссөн нутаг минь учраас багын найзууд, хамаатан садан, сургуулийн найзууд гээд маш олон хүн дэмжиж буйгаа илэрхийлж байна. Маш олон асуудлууд байна. Хүүхэд залуучуудын эрүүл аюулгүй, чөлөөт цагаа өнгөрөөх газар, ажлын байр, эрүүл мэндийн тогтолцоо, баригдаж дуусаагүй замын асуудал гээд. Хамгийн чухал асуудал нь дарханчуудын маань амьжиргаа муу байгаа асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг иргэд маань хүссээр байгаа.

-Та өмнө нь жирийн иргэний хувиар сонгуульд санал өгч явахдаа улс төрийн талаар, нэр дэвшигчдийн талаар ямар бодолтой явдаг байсан бэ?

-Бид өнөөдрийг хүртэл сонголтгүй сонгууль өгч ирсэн. Тийм болохоор ч залуучууд саналаа өгдөггүй байсан. Үр дүн нь харин өнөөдрийн нийгмийг буй болгожээ. Тиймд энэ удаагийн сонгууль залуучууд, бие даагчиддаа саналаа өгсөн түүхэн сонгууль болох байх гэж бодож байна.

-Мэдээж нэр дэвшигчдийн хувьд хамгийн чухал зүйл бол мөрийн хөтөлбөр. Таны хувьд юу амлаж байна вэ?

-Хамгийн түрүүнд боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх, ажлын байрыг ихээр бий болгож иргэддээ ээлтэй ажлыг хийхийг зорьж байна.

-Түүнээс гадна сонгуульд өрсөлдөнө гэдэг бол маш их мөнгө зарцуулах ажил. Таны хувьд бие даагч урчаас бүр ч илүү зардал гарч байгаа байх. Энэ асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ?

-Мэдээж өөрөөсөө хөрөнгө зарцуулж, мөн маш олон хүмүүсийн хандиваар оролцож байна. Маш олон боловсролтой мундаг залуучууд санхүүгийн боломжгүйгээс болоод нэр дэвшиж өрсөлдөж чаддаггүйг ойлгож байна. Маш харамсалтай байна.

-Та хэрвээ УИХ-д сонгогдвол ямар хуулийн төслүүд санаачлах вэ?

-Авлигын асуудлыг шийдвэрлэх хуулийг хамгийн эхэнд санаачилна гэж боддог. Бид шудрага байх ёстой.

-Бие даагчид хүчгүйдээд, дөрвөн жил шал дэмий үрдэг гэдэг. Санал нийлэх үү?

-Нийлэхгүй байна.

-Таны баримталж явдаг зарчим юу вэ?

-Шудрага ёс, ариун цагаан хөдөлмөр.

-Та цаашид тулааны спортоороо хичээллэж, тэмцээн уралдаандаа оролцсоор байх уу?

-Хичээллэсээр байна. Гэхдээ тэмцээн уралдаанд оролцохгүй ээ.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

​​​​​​​СОНГУУЛИЙН ХУУЛЬ: 78 гишүүн сонгох тойргийн том, жижиг мажоритар хувилбарыг 2024 онд шийдэж, хаалттай жагсаалтад багтах 48 нэрсийг ил зарлана гэж батлахаар бэлтгэж байна6 сар 7. 11:37СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20Д.Ангар: Монголын Эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк2022, 12 сар 17. 17:03Шадар сайд С.Амарсайхан “Ипотекийн зээлийн хүүг бууруулах” асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна2022, 12 сар 13. 22:40"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа2022, 12 сар 5. 20:33
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.