2020 оны 7-р сарын 8
8 цаг 00 минут

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ: Энэ жилийн наадам оньсого мэт л байна, хэн яаж барилдахыг хэн ч мэдэхгүй

Дэнж хотойлгон наадах дэлхийд ганцхан монгол наадам эхлэхэд гуравхан хоног үлдээд байна. Энэ жил дэлхий дахинд коронавирус цар тахал гарсан байгаа ч монголчууд бид Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхээр болоод байгаа. Бөхчүүд ч бэлтгэлдээ гарч, эр бяр нь тэгширч буй энэ өдрүүдэд Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний галаар зочлоод ирлээ. Өнгөрсөн ням гарагт “Хантайшир”-ынхан наадмын өмнөх сорилго барилдаанаа зохион байгуулсан юм. Энэхүү барилдаанд Улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ тэргүүтэй улс, аймгийн цолтой болон залуу бөх нийлсэн 80 гаруй хүчтэн зодоглож, Аймгийн арслан Ж.Алтаншагай түрүүлсэн юм. Сорилго барилдааны дараа Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг “VIP ярилцлага” буландаа урьж, ярилцлаа.

Наадам дөхөх тусам л бяр ороод байх шиг болдог

-Энэ жил коронавирусээс болоод бөхчүүд барилдаан хийж ч амжилгүй наадамтайгаа золголоо. Өвөл бэлтгэлээ ямархуу байдлаар базаасан бэ?

-2020 онд Монгол Улс төдийгүй дэлхий дахинд маш их онцлогтой, сорилттой жил болж байна. Монголчууд коронавирусийг дотооддоо алдалгүй, төрт ёсны наадмаа хийхээр болсон. Бөхчүүд бид наадам болж буйд баяртай байгаа. Энэ жил бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт янз бүр л байгаа байх. Тэр бөхийн бэлтгэл сайн байгаа гэж хэлж таахын арга байхгүй. Яагаад гэвэл энэ өвөл заал танхимын барилдаан болсонгүй шүү дээ. Дор бүрнээ л хувийнхаа бэлтгэлийг базаасан байх. Түүнээс гадна, саяхан сонгууль боллоо. Бөхчүүд хөдөө гадаа их явах шиг байна. Миний хувьд өвөл коронавирус гарахаас өмнө бэлтгэлээ тогтмол хийж байсан. Харин хавар бэлтгэл нэлээд тасарсан. Харин наадмын бэлтгэлдээ гараад, 20-иод хонолоо. Өнөөдөр /2020.07.05/ наадмынхаа сорилго барилдаанд оролцоод байж байна.

-Бэлтгэл тасрахаар тамирчин хүн форм алддаг. Эргээд бэлтгэлээ хийгээд эхлэхээр эргээд барилдаандаа орж эхэлж байна уу?

-Жилийн дөрвөн улиралд өдөр болгон бэлтгэлтэй байж л улсын наадамд өндөр амжилт гаргана. Бэлтгэл дутуу амжилттай барилдаж чадахгүй, ядралт, цуцалт ихтэй байна. Өөрийнхөө санасан мэхийг даалгаж хийж чадахгүйгээс авахуулаад бэрхшээл тулгарна.

-Өвөл зааланд хүчний бэлтгэл л хийж байсан гэсэн үг үү?

-Арваннэг, арваноёр, нэгдүгээр сард бөхийн барилдаанууд хэвийн үргэлжилж байсан. Тэр үедээ заал танхимдаа бүхий л төрлийн бэлтгэлээ хийж байлаа.  Харин вирус гарснаас хойш бол бэлтгэлээ бараг хийгээгүй. Хүн эхлээд эрүүл мэндээ бодох ёстой гэдэг утгаараа халдвар хамгааллын дэглэм барьсан.

-Бөхчүүд бэлтгэлдээ гарч, галууд наадмын өмнөх сорилго барилдаанаа хийж байна. Увс аймгийнхны галын барилдаан энэ сарын 4-ний өдөр болсон юм билээ. Та очиж барилдаагүй юу. Өөр галын сорилгод очиж барилдвал бэлтгэл ямар байгааг илүү их шалгах байсан болов уу?

-Увс аймгийн галын сорилго барилдаан болсон гэсэн. Манайхаас хэдэн бөх очиж барилдсан. Б.Соронзонболд заан маань үзүүр, түрүү булаалдсан байсан.  Миний хувьд дэвжээнийхээ барилдаанд оролцохоор төлөвлөсөн учраас очоогүй. Барилдаан гэдэг бөх хүнд илүү ачаалал өгдөг. Зүгээр бэлтгэл хийгээд 10 барилдахаас ямар барилдаанд зодоглох нь илүү ачаалал өгдөг. Тиймээс өдөр дараалж хүч шавхсан барилдаан хийвэл наадам дөхсөн энэ үед тийм ч зөв биш гэж бодсон. Тэгээд л нутгийнхаа дэвжээний сорилго барилдаанд барилдлаа.

-Нэлээд удаан зодог, шуудаг өмсөөгүй, барилдаагүй гэсэн. Сорилго барилдаанд барилдаж, шөвгийн 6-д үлдлээ. Бэлтгэл ямархуу байх шиг байна?

-Бид чинь олон жил барилдсан учраас зодог шуудаг өмсөхөд түүртэнэ, нэг, хоёр өмсөж байж дасна гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө өвөл бэлтгэлээ тодорхой хэмжээнд хийж байсан болохоор гайгүй байна. Олон жил янз бүрээр бэлтгэл хийчихсэн болохоор бэрхшээл гарахгүй байна аа. Зодог, шуудгаа өмсөөд л барилдахад их сайхан  байна. Өнгөрсөн жилийн наадмаас хойш бүтэн жилийн хугацаанд ямар нэг барилдаанд оролцож, барилдаагүй байсан. Дэвжээнийхээ сорилго барилдаанд барилдлаа.  Их сайхан байна. Хүч ч гайгүй байгаа бололтой санагдлаа.

-Олон жил уралдсан морь наадам дөхөхөөр өөрийгөө сойдог гэдэг дээ. Түүнтэй адил олон жил барилдахаар наадам дөхөхөөр сэтгэл их гэгэлзэнэ биз?

-Гайгүй дээ. Олон жил барилдчихсан, шинээр цол горилж байгаа залуу бөх биш шүү дээ. Өндөр цолонд хүрчихсэн учраас нэг их сэтгэл гэгэлзээд, тэгчих вий, ингэчих вий гэж бодоод байдаггүй. Наадам дөхөх тусам л бяр ороод байх шиг болдог. Эхлээд бэлтгэл гарахад хүнтэй барилдахаар унаад л, сулхан байгаад байх шиг байдаг. 14 хоног бэлтгэл хийгээд ирэхээр яагаад ч юм унамааргүй санагдаад, хүч орчихсон ч юм шиг бодогдоод, сэтгэл зүй их сайхан болчихдог.

Энэ жилийн наадам оньсого мэт л байна

-“Хантайшир” дэвжээ шинэчлэгдээд, тэргүүнээ солиод, үйл ажиллагаа нь нэлээд эрчимжиж байх шиг байна. Дэвжээний шинэчлэлийг ямархуу байдлаар хийж байна?

-Манай дэвжээ 2001 онд үүсгэн байгуулагдаж, 15 жилийнхээ ойг саяхан хийсэн. Монгол бөхийн ууган дэвжээ. Бөхийн дэвжээдийн дунд болдог барилдаанд их амжилттай оролцож байлаа. Хоёр ч удаа түрүүлж, тэргүүн дэвжээ болж байсан.  Манайх энэ жил шинэ бүтэц, зохион байгуулалтад орсон. Дэвжээг нэг хүнд хариуцуулаад, их ачаалал өгөөд байх нь буруу юм байна. Тиймээс тодорхой хүмүүс хамтраад ажиллах нь зөв юм байна гэж үзсэн. Удирдах зөвлөл гэж байгуулах ёстой. Хэдэн хүнтэй байх, яаж ажиллахыг бөхчүүд бид хоорондоо ярилцаж, шийдээд “Хантайшир” дэвжээний анхдугаар бүгд хурлыг өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр хийсэн. Дэвжээ үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл авч явсан бүх хүмүүс оролцоод, хурлаа хийсэн. Хурлаараа Удирдах зөвлөлийнхөө 15 хүнийг сонгосон. Тэр хүмүүс дотроосоо тэргүүнээ сонгосон. Тэр тэргүү нь гурван жилийн хугацаатай ажиллана.

Удирдах зөвлөлийн гишүүд ч гэсэн 2-3 жилийн хугацаанд солигдоод, шинэчлэгдээд ажиллах юм. Дэвжээний тэргүүнээр мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж ажиллахаар болсон.  Удирдах зөвлөлийн гишүүнээр миний бие, Н.Ганбаатар гарьд, Д.Лхагвадорж начин зэрэг бөхчүүд ажиллаж байна. Түүнээс гадна, нутаг орноо гэсэн сэтгэлтэй бизнесмэнүүд маань Удирдах зөвлөлд орж ажиллаж байна. Дэвжээний шинэ тэргүүнээ сонгоод, Удирдах зөвлөлөө байгуулснаас хойш анхны барилдаанаа хийж байгаа нь энэ. Дэвжээний тэргүүн маань одоо Японд байгаа.  Есдүгээр сараас ирэх байх.  Тэгэхээр нь ажлыг нь хүлээлгэж өгөөд, ажлын албаа байгуулна. Цаашид ямар үйл ажиллагаа явуулах уу, яаж шинэчлэх үү, юу хийх вэ гэдгээ ярилцана. Залуу хүмүүс арай өөрөөр ажиллая, эрч хүчтэй урагшилъя гэж ярилцаж байгаа.

-Мэдээж тодорхой зорилго тавьсан байгаа байх. Залуу халаагаа илүү сайн бэлтгэе, олон улсын цолтон төрүүлье ч гэдэг юм уу?

-Зорилго тодорхой. Бид өнгөрсөн жилээс эхлээд “Түмний манлай” гэдэг хөтөлбөрийг Говь-Алтай аймагтаа хэрэгжүүлээд эхэлчихсэн.  Манай нутгийн бөхчүүд сум, сум руугаа очоод, 2, 3 насны ангиллаар хүүхдүүдийн дунд барилдаан зохион байгуулсан. 18 суманд барилдаан зохион байгуулж, эхний 3 байр эзлэсэн хүүхдүүдийг аймгийн төвд авчраад, 200-гаад хүүхдийн дунд шигшээ барилдаан зохион байгуулсан.  Энэ жил уг нь явах ёстой байсан юм. Гэвч ковид-19 халдвараас болоод амжсангүй. 

Бидний зорилго бол их спортоор олимп, дэлхийн аварга төрүүлэх. Чөлөөт, жүдогоор олимп, дэлхийд барилдахаар хэмжээний тамирчин бэлтгэж гаргая. Түүний хажуугаар мэдээж улсын наадмын түрүү бөхийг бэлтгэхийг зорьж байгаа.

-Алдарт Ш.Батсуурь аварга улсын наадамд түрүүлж байснаас хойш Говь-Алтай аймгаас түрүү бөх тодроогүй байгаа байх аа?

-Алдарт Ш.Батсуурь аваргаас хойш Говь-Алтай аймгаас улсын наадмын түрүү бөх тодроогүй л байна. Н.Ганбаатар гарьд маань 2008 онд улсын наадамд үзүүрлэсэн. Одоо залгамж халаагаа бэлтгэж, түрүү наадмын түрүүг хүртэхийн тулд үйл дэвжээнийхээ үйл ажиллагааг шинэчлээд ажиллаж байна даа.

-Нэг үеэ бодвол Говь-Алтай аймгаас олон бөх төрөн гарч байна, ундарга сайтай байгаа гэж бөх сонирхогчийн хувьд боддог. Энэ нь багш, дасгалжуулагчид сайн ажиллаж, өндөр цолтнууд ч төрөн гарсантай холбоотой байх?

-Манай “Хантайшир” бөхийн дэвжээнээс 2004, 2005, 2006 оны үед олон сайхан залуучууд төрөн гарсан.  18 аймгийн барилдаанд очиж барилдахад 6-7-д нь манай дэвжээний бөхчүүд түрүүлэх жишээтэй. Жил дараалаад 6-7 аймгийн арслан төрж гарсан.  Өндөр цолтой бөхчүүд гараад ирэхээр залгамж халаа нь ч их бэлтгэгдэг юм байна. Нутгийнхан ч бөхөд их дуртай болж, энэ спортоор хичээллэх хүмүүс ч нэмэгдэнэ. Энэ мэтээр ундарга нь оргилоод л байна. Одоо сайхан барилдаж байгаа нэлээд хэдэн аймгийн арслан байгаа. Аймгийн заан, харцага цолтой хэдэн сайхан дүү нар биднийг залгаж гарч ирэхээр байна. Мөн бидний эхлүүлсэн “Түмний манлай” хөтөлбөр 5 жилийн дараа үр өгөөжөө өгөөд, олон цолтой бөхчүүд төрөх байх гэж бодож байгаа.

-Тэндээ тусдаа багш, дасгалжуулагчтай байгаа юу. Бодлогоор сайн дасгалжуулагч багш Говь-Алтай аймагт ажиллуулж байна уу гэж асууж байгаа хэрэг?

-Сум болгонд биеийн тамирын багш гэж бий. Тэндээ бөхийн секц, дугуйлан ажиллуулж байна. Заал болгонд л хивс дэвжээтэй. Биеийн тамирын багш нар нь бөхийн А үсгийг зааж байна даа.

-Энэ жилийн наадмаар залуучуудаа хэрхэн барилдана гэж харж байна. Сорилго барилдаанаас харахад, сайхан барилдахаар ур чадвартай, бие хаатай залуучууд зөндөө байх шиг?

-Энэ жилийн наадам ёстой л оньсого мэт байна. Хэн яаж барилдахыг хэн ч мэдэхгүй. Бид бусад аймгийн залуучууд ямархуу бэлтгэлтэй, барилдаантай байгааг мэдэхгүй. Манайхныг ч бусад галын бөхчүүд мэдэхгүй шүү дээ. Битүү харанхуй л байна. Энэ жилийн наадамд заавал том цолтой бөх гэлтгүй хэн ч түрүүлж магадгүй байх. Хувийн бэлтгэлээ сайн хангасан бөх л илүү барилдана. Коронавирусийн хөл хорионы үеэр хэн нэг залуу хувийн бэлтгэлээ урьд жилүүдийнхээс илүү хийгээд, бэлгэчихсэн байхыг ч таашгүй. Наадмаар л гарч ирэх байх. Зарим том цолтой бөхчүүд нь жаахан амраад авъя гээд бэлтгэлээ сулруулчихсан ч байгаа. Гэх мэтээр янз бүр л байгаа. Тиймээс тэр хүний тухайн өдрийн өнгө, наадмын од, зурсан зураг л шийдэх байх. 

Уран сайхан барилдаж, ард түмнээ цэнгүүлэх чинь С.Жавхлангийн хэлдгээр тавилан юм даа

-2008 оны наадмыг эргээд нэг дурсмаар байна. Тэр жил Говь-Алтайн бөхчүүд үнэхээр сайхан наадсан. Нэг начин, Б.Соронзонболд заан аймгийн арслан цолноос шууд 7 давсан. Н.Ганбаатар гарьд үзүүрлэж байлаа. Тэр наадмын дурсамжийг эргээд нэг яриач. Та өөрөө Төв цэнгэлдэхэд барилдаад, бас үзээд сууж байсан байх?

-Нутаг орноороо, гарьд, заан, начин болсон гурваараа бахархаад, огшоод л, хоолойгоо сөөтөл орилоод, дэвхцээд л зогсож байсан. Би өөрөө барилдаад, дөрөв даваад, тавын даваанд уначихсан.  Тэгээд Ш.Тогтохбаяр, Б.Соронзонболд, Н.Ганбаатар ах нарынхаа дээлийн захыг мушгиад л сууж байлаа. Шөвгийн дөрөвт хоёр нь ороод ирсэн. Хоёулаа дээшээ яваад, үзүүр түрүүнд ороод ирээсэй. Цаашлаад нэг нь түрүүлчихээсэй гэж залбираад сууж байлаа. Хоёулаа л сайхан өндөр цолонд хүрсэн дээ. Тэр үед “Энэ хэд шигээ өндөр цолонд хүрээд, нутаг орныхоо хүмүүсийг баярлуулах юмсан. Төв цэнгэлдэхэд суугаа үзэгчдээ босож иртэл нь сайхан барилдаж, өндөр цол авах юмсан” гэж бодож байсан. Хүмүүс уухайлаад, манай хэдийг дэмжээд ирэхээр дотроо омогшоод, “Ингээд нэг зогсож байх юмсан” гэдэг бодол төрөөд, нутгийнхаа ах нарыг дэмжээд л зогсож байсан даа.

-Тэр жил бэлтгэлээ сайн хийгээд, илүү их амжилт гаргахын төлөө хичээх ёстойг ухааруулсан байх?

-Тэгэлгүй яахав. Бэлтгэлээ өдөр болгон цуг хийдэг ах, найзууд маань өндөр даваанд барилдаад ирэхээр бидэнд ч боломж байгаа юм байна гэж бодсон. Бид чинь бие биеийнхээ барилдааныг маш сайн мэднэ. Нэг нь ингээд өндөр цол хүртэж байхад дараа жил би сайн барилдаж, илүү амжилт үзүүлэх ёстой юм байна гэдэг бодол сэтгэл, тархинд сууж өгсөн.

-Би их сонин тохиолдол гэж бодож явдаг. Б.Соронзонболд заан 7-гийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг давсан. Та бас Г.Өсөхбаяр аваргаар 8 давж гарьд цол хүртсэн. Мөн Х.Мөнхбаатар арсланг хоёулаа давж байсан санагдаж байна. Энэ маш сонирхолтой давхцал. Та өөрөө анзаарч байсан уу?

-Яг нарийн анзаарч, бодож байгаагүй юм байна. Би чинь тэгвэл Б.Соронзонболдоо л дагаад яваад байгаа юм биш үү. Соронз надаас 2 насаар ах.  Соронзон өсвөр үе, залуучуудад сайн барилддаг байсан. Би Б.Соронзонболдоо дагаад, бэлтгэл хийхдээ давахгүй унаад л явдаг байлаа. Өдөр, шөнөгүй цуг бэлтгэл хийнэ. Түүний л үр шим байж болох юм.

-Бас “булган сүүл”-тэй ч гэж хэлж болох юм байна даа?

-Тэгэлгүй яахав. Соронз аймгийн арслан болоод, би дараа нь аймгийн арслан цол хүртсэн. Төрийн наадамд түрүүлсэн хоёр хүчтэнг Б.Соронзонболд давж, заан цол хүртсэн. Би бас дагаад л тэр хоёр бөхийг давж, гарьд цолонд хүрсэн гэхээр зааныхаа “булган сүүл”-ээс чирэгдээд яваад байгаа юм уу даа.

-Үнэн хүчээрээ цолонд хүрнэ гэдэг сайхан байх. Та яах аргагүй үнэн хүчээр цолонд хүрсэн бөхчүүдийн нэг. Ид барилдаж байсан Улсын арслан, аваргыг давж, гарьд цолонд хүрнэ гэдэг яах аргагүй үнэн хүчээ гаргасан гэсэн үг. Үнэн хүчээрээ цолонд хүрэх, ард түмэнд хайрлагдаж явна гэдэг их сайхан мэдрэмж байх?

-Бөх хүн болж төрнө гэдэг их сайхан хувь заяа. Ард түмний цэнгүүлээд, хэдэн мянган хүмүүсийн дунд барилдана гэдэг сайхан. Давах, унахдаа гол нь биш, зүлэг ногоон дэвжээндээ гараад барилдах, дэвээ шаваа хийх, ард түмнээ цэнгүүлэх чинь С.Жавхлангийн хэлдгээр тавилан юм даа. 

Жингээ нэмчихээд, унадаггүй, давдаггүй уяа бөх болж яах юм, тэгсэн дор бол сайхан барилдаад уначихсан нь дээр 

-Жаахан яарч барилдаад байна уу даа гэж би бөх сонирхогчийн хувьд бодож явдаг. Тэр жил Г.Өсөхбаяр аваргыг давсны дараа С.Мөнхбат аваргатай тунасан. Их яарч барилдсан санагддаг юм. Уг нь сайхан тогтуухан барилдсан бол дахиад ч даваа авах боломж байсан. Тэр жил С.Мөнхбат аваргын од нь гийсэн байсан байх. Гэхдээ л яарч барилдаагүй бол арай өөр байж болох байсан болов уу?

-С.Мөнхбат аваргатай барилдсан барилдаан бас учиртай. Хавар бэлтгэл хийхдээ мэх давтаад байсан юм. Тэр мэхээ наадмын бэлтгэлийн үеэр хийхэд залуучуудаа ихэнхийг нь унагчихаад байсан. Болоод байсан гэсэн үг. Энэ мэхийг л хийх юм байна гэж бодож явсан. Гэтэл улсын наадмаар золгоон дээр очилгүй байсаар 8 давчихсан. 9-ийн даваанд С.Мөнхбатттай барилдахдаа золгосон. Нөгөө мэхээ хиймээр санагдаад л хийсэн. Ардаа алдаад л уначихсан. Гишгээгүй байхад нь дутуу л хийчихсэн юм билээ. Өөрийнхөө санасанаар барилдаад, санасан мэхээ хийгээд л унасан. Ямар хальтираад унасан биш. Санасан мэхээ дутуу хийгээд унасан, тэрэнд харамсаад байгаа юм алга.  Сайхан өндөр цолонд хүрсэн. С.Мөнхбат цаашаа сайхан барилдаад, аварга цолонд хүрсэн дээ.

-2008-2011 оны хооронд Говь-Алтай аймгийн бөхчүүд сайхан барилдаж, өндөр цолонд хүрсэн. Түүнээс хойш хэд хэдэн бөхийг нэлээд дээгүүр барилдах байх гэж Говь-Алтайнхан ч хүлээж байсан байх. Монголчууд ч гэсэн нийтээрээ өндөр цолонд хүрсэн бөхчүүдээ сайхан барилдаасай гэж хүлээж, дэмждэг. Түрүүлэх болов уу ч гэж хүлээж байсан. Гэвч санасанаар болсонгүй. Үүнийг та юу гэж дүгнэх үү?

-Бид том цол авсан бол дараа жил нь түүнийгээ батална, илүү дээшээ явж барилдана л гэж зорино. Миний хувьд ч гэсэн 2012-2014 оны үед дээшээ явж барилдчих юмсан, ядахдаа дөрөвт үлдчихсэн гэсэн бодолтой, бэлтгэлээ ч сайн хийж байсан. Яагаад ч юм болоогүй. Төрийн наадам гэдэг чинь хэцүү. Аймгийн начинг ч дийлэхгүй үе байна шүү дээ.  Тэр өдрийн биеийн байдал, нойр, хоол гээд олон зүйл нөлөөлнө.  Өнөөдөр нь сайн байлаа гээд маргааш сайн барилдана гэсэн үг биш.

-Айхтар бэртэл авсан. Бэртэл чинь хэр илааршсан бэ?

-Бэртэл одоо зүгээр болсон. Бэртэл аваад жил гаруйн хугацаанд бэлтгэлээ хийлгүй өнжсөн. Эргээд формдоо орох гэж нэлээд хугацаа алдсан. Залуугийнх шигээ эргээд формдоо яс орж чадахгүй явж байна л даа. Заримдаа бэлтгэлээ хийхгүй хойрго хандсан ч тал бий. Сүүлийн 3, 4 жил тэгсгээд өнгөрчихлөө. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадам болно. Тиймээс 2021 онд бүтэн жил бэлтгэлээ хийж байгаад санасандаа хүртэл барилдчихъя гэж бодож байна.

-Өөрийгөө жаахан жижигдэж байна даа гэж бодох үе байх уу?

-Би улсын цолтой бөхчүүд дотроо жижигхэндээ орно. Телевизээр яаж харагддаг юм мэдэхгүй. Яг тулбал би нуруу намтай. Нуруу намтай учраас бэлтгэл сайтай байж л барилдахгүй бол хэцүү. Чацаар бага учраас бэлтгэл дутуу л байвал хэцүү. Маш сайн ажиллаж л давж чадахгүй бол нуруу, жингээрээ багадаад л явчихна. Бусдаас хоёр дахин илүү бэлтгэл хийж байж л өөрөөсөө том хүнийг давах ёстой.  Нэг талаараа жаахан хэцүү. Илүү хөдөлмөрлөж байж л амжилтад хүрнэ. Зарим үед яах ч аргагүй нуруу, жингээр ааглуулаад унадаг тохиолдол байдаг.

-Барьц сонгооны дүрэм гэж байна. Цаг нь болохоор яах аргагүй барьц сонгох болчихоод байдаг. Дүрмээ дагаад бөхчүүд сүүлийн жилүүдэд жин нэмэх хандлагатай болж. Таныг хараад байхад жингээ бариад байх шиг. Жингээ жаахан нэмэх талаар бодож үзэж байв уу?

-Би жин нэмэхийн эсрэг зогсдог. Жин нэмснээр хүний хурд багасна, тэсвэр тэвчээр муудна. Унахгүй зогсоё гэвэл зогсож байж болно. Би ч гэсэн 130 кг-тай болчихоод, хэнтэй ч барилдсан хөдлөхгүй зогсож л байна. Хамгийн гол нь өрсөлдөгчөө давж чадахаа больчихно.

-Унадаг ч үгүй, давдаг ч үгүй л болох нь?

-Тийм байвал барилдаад яах юм бэ. Ард түмэн үзнэ, баясана, цэнгэнэ гээд ирдэг, нэгийн даваанд хоёр цаг ноцолдоод давалцдаггүй. Барьц сонгоод хаялцдаггүй, тэгж зогсоод яах юм бэ. Тэгсэн дор бол гараад гоё барилдаад уначихсан нь дээр. Би дотроо тэгж л боддог хүн. Жингээ нэмнэ гэвэл нэмэгдчих гээд л байдаг. Би жингээ барьдаг юм.  Аль болохоор ард түмнээ цэнгүүлээд, ажиллаж, явж барилдаж, үзэгчиддээ сэтгэлийн цэнгэл эдлүүлье. Барилдаж байх хугацаандаа сайхан барилдаан гаргая л гэж боддог. Би чинь чөлөөт суурьтай. Багадаа олон жил чөлөөтөөр барилдсан учраас яагаад ч юм урагшаа дайраад л барилддаг. Багаасаа л бэлтгэлийн ачаалал аваад, ажиллах чадвар илүү суучихсан болохоор гараад л түргэн шуурхай барилдчихдаг.

100 жилээрээ барьц сонгоог  халаад, 7 хоног сайхан наадсан ч яадаг юм

-Сүүлийн жилүүдэд монгол бөхийн нэр хүнд жаахан унах маягтай л байна. Та олон жил барилдсан, өндөр цолонд хүрсэн хүний хувьд юу бодож явдаг вэ?

-Бөхийн холбооны хоёр хуваагдал, хагарал гээд 2, 3 жилийн өмнө үүссэн. Бөхийн өргөөгөө ч хаалгаад, байнгын хэрүүл тэмцэлтэй болсон. Заал, танхимын барилдаан зохион байгуулагдахгүй болоод ирэхээр бөхийн нэр хүнд жаахан унасан. Дээрээс нь сэргээшийн асуудлаас болоод сүүлийн хэдэн жил бөхийн нэр хүнд бүр ч их уналаа. Зүлэг ногоон дэвжээ маань ариун, бөхчүүд нь жудагтай байгаасай гэж бөх хүн болгон бодож явдаг байх. Би ч гэсэн тэгж л боддог. Сэргээшийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Үүнтэй яагаад ч эвлэрч болохгүй. Уг нь хоёр жилийн өмнөөс заал, танхимын барилдааны дундуур шинжилгээ аваад эхэлсэн. Тэр маш оновчтой шийдэл.

Хэнээс ч авч магадгүй, танаас, надаас, сумын заанаас ч сэргээшийн шинжилгээ авах магадлалтай гэсэн үг. Гэтэл бөх хүн бэлтгэл хийж, зааланд барилдаж байж л амжилтад хүрнэ. Наадмаар амжилттай барилдана. Сэргээш хэрэглэчихээд, хөдөө мал хариулж байгаад наадамд ирж барилдаад, түрүүлчихнэ гэж байхгүй. Барилдаан болгоноос л нэг, хоёр хүнээс сэргээшийн шинжилгээ аваад ирэхээр хэн ч хэрэглэхгүй.  Хэрэглэдэг хүн байвал зогсооно, болино.  Ингээд нэг, хоёр жил явахад сэргээшээс сална. Яг ингээд л ажиллаж эхэлж байтал Бөхийн холбоо нь хоёр хуваагдаж, маргаан гараад л зогсоочихсон. Одоо сүүлдээ Төрийн наадмын түрүү бөхөөс нь сэргээш илэрлээ л гэнэ. Шүүх, цагдаа болоод л яваад байх юм. Яг ямар үйл явц болоод байгааг нь би сайн ойлгохгүй юм. Би хоёр, гурван удаа шинжилгээ өгч байсан. Дараа нь юм ярьдаггүй, чимээгүй л болчихоор нь зүгээр л юм байлгүй гэж бодоод л өнгөрдөг.

Олон хүнээс сэргээш илэрсэн гээд л ярих юм. Үнэхээр тийм юм бол зарлаад, дэлбэлээд, нэг мөр шийдчих хэрэгтэй. Хэдэн оноос эхэлж хэрэглэсэн хэчнээн хүн байгаа юм, тэр бүгдийн нэрийг зарлах хэрэгтэй шүү дээ. Нэг хэсэг л шаагилдаад өнгөрнө биз. Тэгж цэвэрлэсэн нь дээр. Би тэгж л бодож байна.

-Дүрмийн өөрчлөлт хийх цаг болсон гэж боддог уу. Барьц сонгоо тэргүүтэй дүрэм нэг цаг үед үүргээ биелүүлчихлээ. Дүрэм шинэчлэгдэж, сайжирч, спортын хөгжилд нөлөөлж байх ёстой. Жүдогийн дүрэм гэхэд маш ойрхон солигдож байна. Гэтэл Үндэсний бөхөд барьц сонгооны дүрэм хэрэглээд 10 гаруй жил болчихлоо?

-Барьц сонгооны дүрмийг өөрчлөх, өөрчлөхгүй гэдэгт олон жил талцаж явлаа. Зарим бөхчүүд нь барьц сонгох ёстой гэдэг. Зарим нь өөр гаргалгаа хайгаад, хөл авч үзлээ. Давхар шуудагнаас мөргөж үзлээ. Тэгээд барьц сонгоо нь дээр юм байна гэж үзээд, өөрчлөлгүй үлдээсэн. Гэхдээ барьц сонгодог болсноос хойш бөхчүүд жин нэмдэг, хүчний бэлтгэл их хийдэг болсон. Сүүлийн 7, 8 жилийн хугацаанд бөхчүүдийн жин замаа алдсан. Хэрвээ барьц сонгодоггүй болчихвол бөхчүүд жингээ багасгаад, явж барилддаг болно. Түүнийгээ дагаад үзэгчдийн тоо нэмэгдэх магадлалтай.

Хэрвээ барьц сонгохгүй болчихвол бэлтгэл дутуу хүн юунд найдах юм. Найдах юмгүй болно. Барилдаж байгаад хялайна. Эсвэл хялайгаад унахаасаа өмнө нүдээ аниад, нэг мэх хийгээд л унана гэж бодно. Гэтэл одоо барьц сонгоо байгаа учраас жингээ нэмнэ, зугтаана, цаг авах бүхий л зүйлийг хийнэ. Би барьц сонгохгүй байж болно гэж боддог. Эргээд барьц сонгоогүй болгоод нэг үзэх хэрэгтэй.  100 жилээрээ ч юм уу барьц сонгохгүй болгоод, 7 хоног сайхан наадсан ч яах вэ дээ. Барилдаж л байна биз.   Бэлтгэл муутай нь унаад, бэлтгэлтэй нь даваад явна биз. Заавал хоёр хоногт багтаадаг нь ямар учир юм. Өвөрмонголчууд чинь 7 хоног нааддаг гээ биз дээ. Нэг өдөр нэгийн даваа болж байсан ч яах вэ дээ. Муужраад унах нь унаад, давах нь даваад барилдана биз.

-Хэдийгээр дэлхий нийтээрээ коронавирус гэх аюулт цар тахалтай тэмцэж байгаа ч монгол түмэн баяр наадмаа хийхээр болсон. Тун удахгүй наадам болох гэж байна. Та монгол түмэндээ хандаж наадмын мэндчилгээ дэвшүүлбэл?

-Дэлхий нийтээрээ хэцүү хүнд үеийг туулж байгаа ч гэсэн Төр ёсныхоо уламжлалт их баяр, эрийн гурван наадмаа хийж байгаа Монголынхоо ард түмэнд Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Та бүхэн минь дор бүрнээ сайхан наадацгаагаарай.   

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.186Энэ бөхчүүдийн байг хас аа .   • 2020, 7 сарын 8. 16 цаг 16 минут

Энэ муусайн бөхчүүд улсад түрүүлнэ үзүүрлэнэ Нутгаас нь компаниас нь нэг нэг жийп машин 1 1 байр өгнө . 2 машинтай 2 байртай болох юм . Улсад тав давсан начинд л гэхэд ланд 200 машин , 5 өрөө байр өгч байна өмнөговьд . Харин манай бөхчүүд маань нийгмийн сайн сайхны төлөө үйл ажилгаанд аварга арслан гарьд заан начин нар оролцоод бөх бүр тусдаа 200 мянган төгрөг өгч онигоо болсон доо . Авдаг шигээ бас өгч сурмаар байнаа .

192.82.66.151Зочин   • 2020, 7 сарын 8. 15 цаг 12 минут

HOLDUU TOMSNUUDIIG YUGN UZDIIN

92.184.124.120Зочин   • 2020, 7 сарын 8. 15 цаг 07 минут

Sh. aaldaa

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 8. 13 цаг 26 минут

Hujaa bayar

203.91.115.49зочин   • 2020, 7 сарын 8. 13 цаг 18 минут

Алтайн эрхэм бөхчүүддээ амжилт хүсье, та нар Засаг Ханы хөх харчуул шүү дээ нэг бөх түрүүлнэ байгаа, Засагт Ханы хөх харчуул хэцүү шүү хэцүү хэнд ч бууж өгдөггүй л хүмүүс дээ уул нь

66.181.178.15Зочин   • 2020, 7 сарын 8. 10 цаг 46 минут

Цэрэндаш начнаас хойш Алтайгаас наадмаар цол аваад баталсан бөх байна уу Бүгд л наадмаар байтугай заалны барилдаанд 3 давдаг бөх байхгүй???????

59.153.87.171Зочин   • 2020, 7 сарын 8. 10 цаг 25 минут

ДЭЭРЭЛХҮҮ САГСУУ ӨМХИЙ ЖОРЛОНГУУДЫГ ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА

64.119.27.40Иргэн   • 2020, 7 сарын 8. 9 цаг 47 минут

Нойр нь хүрэхгүй хэцүү байгаам байна .

64.119.27.40Зочин   • 2020, 7 сарын 8. 9 цаг 44 минут

Наадам үзэх сонирхол даан ч алга бүгд худлаа барилддаг

66.181.177.68Зочин   • 2020, 7 сарын 8. 22 цаг 19 минут

6

73.39.102.84Зочин   • 2020, 7 сарын 8. 9 цаг 34 минут

Барьц сонголт дээр Цол багатай нь түрүүлж сонгох, ижил цолтой бол жин багатай нь сонгох гэх мэт хувилбар байж болох уу?

64.119.19.64зочин   • 2020, 7 сарын 8. 9 цаг 13 минут

оньсого гэж үү ханш гарчихсан

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.